2013-11-13Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяатай ярилцлаа.
-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар уг хуулийн хэрэгжилт ямар байна вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нийслэл болон улсын хэмжээнд сургалт, сурталчилгаа болон хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг их хийсэн.
Мөн энэ хуулийн хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтран Засгийн газрын тогтоол гаргасан байгаа. Энэ тогтоолоор улсын хэмжээнд тамхийг худалдаалах үйлчилгээнд ямар хяналт тавих юм бэ гэдэгт журам гарган батлуулаад, түүнийгээ мөрдүүлэн ажилласан.
Үүнийг мөрдүүлэхэд цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагыг үүрэгжүүлэн ажиллуулсан байгаа. Манай харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газрууд мэдээллээ cap бүрт нэгтгэн өгдөг.
Ер нь бол нийслэлийн цагдаагийн албан хаагчид энэ ажилд хяналт тавьж, сайн ажиллаж байгаа гэж болно. Тамхины хяналтын тухай хуульд бид сургууль, цэцэрлэгээс 500 метр зайд Газрын албатай хамтран радиус гарган, түүн дотор тамхийг худалдаалахгүй болгож хориглосон.
Түүнчлэн баар, ресторан гэх мэт нийтийн үйлчилгээний газарт тамхи татах болон зарахыг бүрмөсөн хорьсон. Үүнээс үүдээд зарим хүмүүс "Гэр хорооллын утаан дотор явж байснаас бааранд нь сууж байсан нь дээр" гэх мэтээр егөөдөн ярих болсон байна лээ.
Гэхдээ энэ бол үнэн шүү дээ. Өмнө нь нэг ресторанд ч юмуу суугаад хоол идэхээр хувцсанд утаа шингэдэг байсан. Тиймээс нэг удаа өмсөөд л угаахаас өөр аргагүй болдог. Гэтэл өнөөдөр ийм байдал алга боллоо шүү дээ. Тиймээс тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайн байгаа гэж хэлж болно.
-Архины хэрэглээ ИХ болж байгаа тухай яриа ихэслээ. Бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, худалдаалж байгаа байгууллагуудыг цөөрүүлэх талаар ажиллаж байна. Хэд хэдэн удаагийн хяналт шалгалт болон атистатниллын шалгалт хийсэн. Үүний үндсэн дээр худалдаалж байгаа цэгийн тоог өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 604 хүртэл цөөрүүлж чадсан. Энэ бас манай хамт олны тодорхой хийсэн ажлын үр дүн.
-Залуусыг чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүйн улмаас бааранд орж байна энэ нь архины хэрэглээний өсөж байгаа шалтгаан гэлцэх нь бий. Энэ чиглэлээр ямар нэгэн дорвитой ажил хийх үү?
-Залуус чөлөөт цагаа зөв, зохистой өнгөрүүлэх нөхцөл үнэхээр хүнд байна. Тиймээс архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгахын тулд манай байгууллага нийгэм, эдийн засгийн зорилтынхоо хүрээнд, архигүй гэр бүл, залуусыг чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг болгохын тулд "Архигүй цэнгээний журам"-ыг боловсруулж байна.
Уг журмын хүрээнд Туул, Дунд голын хойг дээр 18 байршил дээр архи зарахгүйгээр, чөлөөт цагийг өнгөрүүлэх. боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал, дугуйн зам болон сагсны талбай бүхий газар байна.
Мөн өвлийн улиралд котак ажиллуулах гэх мэт. Ер нь бол журам бэлэн болсон гэж хэлж болно. Тиймээс ойрын хугацаанд батлуулаад ирэх хавраас хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс ирэх онд залуус чөлөөт цагаа өнгөрөөх газартай болох юм.
-Захирагчийн ажлын албаны нээлттэй хаалганы өдрөөр иргэд архи, согтууруулах ундаа худалдаалж байгаа хүнсний дэлгүүрүүдийг цөөлөөч гэсэн хүсэлтийг их тавьж байсан. Тиймээс ямар ажил хийх бол гэсэн иргэдийн хүлээлт их байгаа байх?
-Архины хяналтын тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барихаар Хууль зүйн яам дээр хүлээгдэж байгаа. Ер нь бол ойрын хугацаанд өргөн барина гэсэн. Хэрэв энэ хууль батлагдвал 21 наснаас дээш гурван мянган хүн тутамд нэг архины тусгайлсан цэгээр үйлчлэх юм. Тэгэхээр "Найман нэрийн" гэх архи, согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүд аяндаа хумигдана.
Иргэд аль болох архийг жигшиж байгаа хэдий ч энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн зүгээс асуудал гаргадаг тал бий. Гэхдээ ямар ч байсан цөөрүүлнэ гэсэн чиг үүргээр ажиллаж байгаа. Үнэнийг хэлэхэд тамхины хяналтын тухай хууль шиг хуультай болгооч гэсэн иргэдийн хүсэлт их ирсэн.
-Хүнсний тухай хууль мөн л хэрэгжээд удаж байна. Энэ талаар?
-Хүнсний тухай хуулийн талаар бид холбогдох байгууллагуудад заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Ер нь бол Хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих, шалгах үүрэгтэй байгууллага нь Мэргэжлийн хяналтын газар шүү дээ. Тиймээс энэ тал дээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тодорхой хэмжээний ажлыг зохион байгуулаад, хийж байгаа. Захирагчийн ажлын албаны зүгээс ч мөн адил сургалт, сурталчилгааг зохион байгуулсан.
-Импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим болон найрлага гэх мэтийг Монгол хэл дээр бичиж худалдаалах тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэлж байсан. Үүний хэрэгжилт ямар байна вэ. Харин зарим бүтээгдэхүүн ийм шошгогүй худалдаалагдаж байна гэх юм?
-Үүнийг хуулинд нь заагаад өгчихсөн байдаг. Өнөөдрийн байдлаар Монголоор тайлбар бичин нааж худалдаалж байгаа. Харин монгол тайлбаргүй импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнд Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар шалгаж, хяналт тавих ёстой. Түүнээс биш дүүргүүдийн Үйлдвэр, үйлчилгээний газрууд шалгах эрхгүй байдаг.
-Зарим дэлгүүр хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хааяа цацагддаг. Тухайлбал, дээрх тэмдэглэгээгээр маргаашийн өндөг ирсэн байна гэх мэт. Энэ асуудалд хэн, ямар хариуцлага тооцох вэ?
-Хүнсний тухай хуулинд хариуцлага тооцохыг нь тодорхой заагаад өгчихсөн байдаг. Энэ бол маш ноцтой зөрчил шүү дээ. Хариуцлага тооцох эрх бүхий субьект нь Мэргэжлийн хяналтын байцаагч нар юм.
-Өнгөрсөн бямба гаригт "Нарантуул-2" худалдааны төвийн хэсэг газар шатлаа. Уг нь бол саяхан томоохон зах болон худалдааны төвүүдэд Захирагчийн ажлын албанаас шалгалт хийсэн шүү дээ?
-Шалгалт л хийсэн. Харин саяхан нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Юу гэсэн захирамж вэ гэхээр энэ асуудлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон галын байгууллагуудыг үүрэгжүүлээд шалгалтад хамрагдсан 53 аж ахуйн нэгжид албан шаардлагыг нь өгч ирэх арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн дотор дахин Засаг даргын зөвлөлөөр оруул гэсэн байгаа. Тиймээс Засаг даргын захирамжийн дагуу холбогдох байгууллагууд ажиллана.
-Тус худалдааны төвд гал гарсан анхан шатны дүгнэлт цахилгаанаас үүдэлтэй байж магадгүй гэсэн байгаа. Тэгэхээр шалгалтад эргэлзэх тал гараад байгаа?
-Энэ асуудлыг галын байгууллагынхан л мэдэх байх. Бидэнд шалгах эрх нь байхгүй шүү дээ. Бидний зүгээс vvрэгжvvлээд үйл ажиллагаа явуулдаг. Ер нь хүйтний улирал эхэлж байна. Тиймээс нөхдүүд цахилгаан халаагуур залгаад орхисон ч юмуу гэх мэт хувь хүний хариуцлагагүй үйлдлээс болсон байхыг үгүйсгэхгүй. Мэргэжлийн байгууллага л эцсийн шийдвэрийг гаргах байх.
-Нийслэлийн зүгээс иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ чиглэлийн ямар ажлуудыг хийж байна?
-Нийслэл аль болох иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулахыг зорьж байгаа. Олон ч ажлыг хийсэн. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд нийслэлийн өдрөөр "Их хотын хямдрал" худалдааг зохион байгууллаа. Нийслэлийн төв талбай болон зургаан дүүрэгт 180 мянга орчим иргэдийн хамарсан үйл ажиллагаа болсон.
Тиймээс иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа болж чадсан гэж хэлж болно. Тухайлбал, тус өдөрлөгийн үеэр томоохон үйлдвэрүүд махны үнээ 30 хувиар бууруулж зарсан. Ер нь бол сонирхоод үзвэл энэ худалдааны дараагаар махны үнэ 1000 төгрөгөөр буурсан. Энэ мэтээр үнийг тогтвортой байлгах талын ажлууд хийгдэж байгаа. Цаашид ч хийнэ.
Г.Баярцэцэг
Эх сурвалж: