2013-11-11Энэ удаагийн дугаартаа УДБЭТ-ийн гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянгатай ярилцлаа.
-Хөвсгөл аймгийн унаган охин шvv дээ. Нутагтаа хэр очиж байна?
-Ер нь жил болгон очдог доо. Очихгvй л бол санаа амардаггvй. Зун амрангуутаа шууд Хөвсгөл явдаг.
-Усанд сэлж чаддаггvй гэж сонсч байсан. Vнэн vv?
-Яг vнэнийг хэлэхэд сайн сэлж чадахгvй. Бvр уснаас айдаг хvмvvсийг бодвол арай гайгvй. Хvмvvс гол ус ихтэй газрын хvн юм чинь сайн сэлдэг байх гэж боддог байх.
-Багадаа ямар охин байв. Дуу дуулах авьяас багаас тань тодорсон уу?
-Би гурван настайгаасаа тавдугаар анги төгсөх хvртлээ Хөвсгөлийн Шинэ-Идэр гэж суманд амьдардаг байлаа. Тэр vедээ бvжиглэдэг байсан. Дараа нь ахлах ангидаа ороод Мөрөн хотод нvvж ирсний дараа дуулах дуртай болсон. Хотоос зохион байгуулдаг “Эзэн Чингисийн vр сад” гээд наадамд оролцоод тvрvvлж байлаа. Ер нь сургуулийн урлагийн vзлэг, тэмцээн уралдаануудад оролцдог хvvхэд байсан.
-Гэр бvлийнхэнд нь урлагийн хvн бий юу?
-Манай гэр бvлийнхэн дотор урлагийн хvн байхгvй.
-Дуучин болохыг багаасаа мөрөөдсөн vv. Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
-Наймдугаар ангиасаа эхлээд гvнзгийрvvлсэн сургалттай ангид суралцаж, хөгжим, онолын суурь тавигдаж эхэлсэн. Тэгээд төгсөхдөө л шууд дуулаачийн ангид элсэлтийн шалгалт өгнө гэсэн зорилготой байсан даа.
-Хvний нэр тухайн хvнийхээ хувь заяаг бэлгэдэж байдаг. Таны нэр ч гэсэн таны цээлхэн хоолойг бэлгэдсэн юм шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь хvний нэр их утга учиртай байдаг гэж боддог. Нэрийг минь миний аав өгч байсан гэж ярьдаг. Дотроо уянгалаг сайхан хvн болоосой гэж бэлгэдэж энэ нэрийг хайрласан байх. Тэр сайхан бэлгэдлээр нь би өнөөдөр ингээд дуучин болчихсон явж байгаа ч юм билvv.
-“Классик жем” хамтлагт байх vеэ дурсаач?
-Дандаа сайхан залуучууд байсан болохоор цаг наргvй их хөдөлмөрлөж байсан. Бид дөрвөн жил шахам хугацаанд идэвхитэйгээр уран бvтээл хийж, бие даасан тоглолт, хоёр цомог гаргаж байлаа. Хамтлаг голдуу эх орны сэдэвтэй дуунууд, хvмvvсийн зvрх сэтгэлд байсан хуучны дуунуудыг шинэчилж, орчин vеийн хэлбэр маягт оруулан дуулж байсан.
Vvгээрээ бид vзэгчдэд их хvрч байсан байх. Ялангуяа “Эх орон” гэж дуугаараа хvмvvсийг байлдан дагуулж байсан гэж боддог. Мөн хамтлагаараа зvvн, баруун аймгуудад аялан тоглолт хийсэн. Очсон аймаг бvрийнхээ төв талбай дээр нь задгай шоу тоглолт хийдэг байлаа. Сайхан дурсамжтай vеvдийг хамтлагтайгаа өнгөрvvлсэн.
-Таныг хамтлагаасаа гарсны дараа сонин хэвлэлvvдээр янз бvрээр л бичиж байсан. Яг vнэн шалтгаан нь юу байсан юм бол?
-Яг мэргэжлийнхээ ажлыг хийж эхлэхгvй бол нас минь намайг хvлээхгvй шvv дээ. Урлаг чинь хvнийг хvлээгээд байдаггvй айхтар хуультай. Тэгээд янз бvрийн яриа гараад байхаар нь албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаад, “Цаашдаа би дуурийн дуучин чиглэлээрээ ажиллаж, амьдрах хэрэгтэй боллоо” гэж мэдэгдэл хийгээд хамтлагаасаа гарч байсан.
-Дуулахаас гадна жvжиглэх авьяасаа “Мама миа” мюзиклээр харуулсан. Энэ дэлгэцийн уран бvтээлийн тухай ярья?
-“Мама миа” мюзикл дэлхийн олон оронд кино хэлбэрээр тавигдсан байдаг. UBS телевизийн урилгаар дvрийн пробонд ороод тэнцэж гол дvрд тоглосон. Намайг сонгохдоо рок поп, дуурь гээд аль ч чиглэлээр дуулчихдаг болохоор сонгосон юм шиг байгаа юм. Тэгээд маш богино хугацаанд ABBA хамтлагийн 20 гаран дууг англи хэл дээр дуулж бичvvлж байлаа.
Киноны зураг авалт Тэрэлжид явагдсан. Намаржингаа зураг авалттай, хот Тэрэлж хоёрын хооронд их явсан даа. Би ер нь уран бvтээлч хvн өөрийгөө хөгжvvлэхийн тулд өөр өөр зvйлд хvчээ сорьж байх нь зөв юм болов уу гэж боддог. Гэхдээ дэлгэцийн уран бvтээл хvнд ажил байсан. Энд ажиллаж байхдаа vе тэнгийнхээ олон сайхан жvжигчдээс олон зvйлийг суралцсан. Би өөрөө ч тэр хэмжээгээрээ хөгжсөн гэж боддог.
-Одоо дэлгэцийн уран бvтээлийн санал ирж байна уу. Хэрхэн хvлээн авч байна?
-Хааяа ганц нэг санал ирдэг. Гэхдээ театрын ажил ихтэй байгаа учраас төдийлөн хvлээж авч чадахгvй байна. Гэхдээ миний хvсч явдаг, надад тохирох зvйл таарвал саналыг хvлээж авна гэж боддог.
-Бие даасан тоглолтуудын тухай яръя. “Монгол” төсөл маш амжилттай болсон шvv дээ?
-Бие даасан тоглолтоо жил болгон хийдэг. “Гранд опера”-гийнхаа хvрээнд олон тоглолт хийлээ. Хамгийн сvvлд “Grand opera in the night” тоглолтоо СТӨ-нд тоглосон. “Монгол” бол бvтэн төсөл. Монголын сонгодог урлаг, элит хөгжмvvд, тэр агуу хөгжмvvдийг харуулах гэж, тэдгээрийг дуу хоолойгоороо илэрхийлэх гэж тэр төслийг зохион байгуулсан.
Мөн “Монгол” тоглолтыг цуврал болгож тоглосон. “Монгол-1” тоглолтонд Б.Дамдинсvрэн, Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Б.Бямбабаяр, Ш.Өлзийбаяр гэх зэрэг vе vеийн алдартай хөгжмийн зохиолчдын бvтээлvvдийг эгшиглvvлж байлаа.
Харин “Монгол-2” бол талархал, хvндэтгэлийн тоглолт болсон. Мөн энэ тоглолт ганц уран бvтээлчийн бvтээлvvдээр дагнаснаараа онцлог. Төрийн соёрхолт, УГЗ Б.Шарав гуайн бvтээлvvдээр дагнасан энэ тоглолтоо өнгөрсөн есдvгээр сард тоглосон.
-“Реголлета”, “Норма”, “Увидаст лимбэ” гээд дэлхийн алдартай дууриудын аринуудыг дуулсан. Та өөрөө ямар ари дуулах дуртай вэ. Алинд нь их хайртай вэ?
-“Евгений Онегин”, “Траветта”, “Реголетта” “Увидаст лимбэ” гээд сайхан сайхан дууриуд байна л даа. Гэхдээ яагаад ч юм их романтик хөгжимтэй “Богем” дуурьт их дуртай. Гэхдээ хараад байхад өөрийнхөө хамгийн зовж гаргасан дvрvvдэд л хvн их хайртай байдаг юм шиг. “Увидаст лимбэ” гэхэд л vлгэрийн сэдэвтэй, “Реголетта” “ тvvхэн, “Траветта” ордны амьдралыг өгvvлж байх жишээтэй.
Их дээд өнгө авдаг болохоор Шөнийн хатны дvрд vзэгчид дуртай байдаг. Харин би өөрөө “Траветта” дуурийн Веолетагийн аридаа л их хайртай. Дуучнаас их техник шаарддаг, бас миний хоолойн өнгийг их сайн гаргаж өгдөг. Харин “Норма” дуурь бол манайд тавигдаж байгаагvй. Зvгээр тоглолтонд зориулж ариг нь дуулж байлаа. Энэ ари бас хvмvvст их таалагдсан байсан.
-“Торго” салонтай хамтарч ажилладаг байсан. Одоо аль салонаар vйлчлvvлж байна?
-Одоо ч “Торго” салонтой хамтарч ажиллаж байгаа. Vндэсний хувцсыг орчин цаг vетэй нийлvvлж гайхамшигтайгаар урладаг хамт олон. Ямар нэгэн тоглолт болохоор л “Торго” салоныг зорьдог. Миний “Монгол” төсөл, тоглолтуудад хамтарч ажилласан.
-МУГЖ цол тэмдгээр шагнуулах болсон тухайгаа анх хэрхэн сонсов. Сонсоод яаж хvлээж авч байв?
-Өмнө нь би ер нь нуурандаа залбирч vзээгvй л дээ. Яг энэ зун явахдаа яагаад ч юм өглөө эрт босоод, нуурандаа, далай ээждээ залбирч суусан. Яг өдрийн хоолоо идэх гээд гарч байхад утас дуугарсан. Тэгтэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байсан. Тэгээд “Танд баяр хvргэе. Маргааш ордны төв хаалган дээр бэлэн байгаарай.
Та МУГЖ цол тэмдгээр шагнуулж байна” гэж хэлсэн. Би бvр шоконд ороод юу гэхээ ч мэдээгvй. Балмагдсандаа ямар сонин юм бэ гээд л бодож суусан. Хамгийн тvрvvнд МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг эгчид хэлж байсан санагддаг.
Ер нь төр засгийн хvндтэй шагналыг яг ид хийж бvтээж байгаа vе дээрээ авахаар их урам зориг авдаг юм байна лээ. Гэхдээ тэр хэрээр цаашаа хийх зvйлээ улам чанаржуулах, бас хариуцлага өндөрсөж байгааг ухаарсан. Тэгээд энэ эрчээрээ тоглолтоо хийх нь зөв юм байна гэж бодоод “Монгол-2” тоглолтоо хийсэн дээ.
-УДБЭТ-тай амьдралаа холбоод хичнээн жил болж байна?
-Яг арван жил болж байна. 2002 онд СУИС-аа төгсөөд, 2003 оны намар анх театртаа гоцлол дуучнаар ирж байлаа. Энэ хугацаанд олон сайхан дvрvvдийг бvтээгээд, их туршлагажиж явна даа.
-Театрт ирээд хамгийн анх ямар дуурийн, ямар дvрээр тайзан дээр гарсан бэ?
-Би энэ театрынхаа тайзан дээр өөрийнхөө төгсөлтийн тоглолтыг хийж анх гарч байсан. Яг гоцлол дуучнаар ирээд Төрийн соёрхолт Шарав гуайн “Чингис хаан” дуурийн Сорхогтан хатны дvрд тоглож байлаа.
-УДБЭТ аялан тоглолт, бригадаар хэр явдаг вэ. Мөн бие даасан аялан тоглолт хийж байв уу?
-Ер нь манай дуурийн дуучид аялан тоглолт тэр болгон хийдэггvй. Харин манай театр зуу шахам хvний бvрэлдэхvvнтэйгээр Сvхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудаар аялан тоглолтоор яваад ирлээ. Vзэгчид vнэхээр амьд урлаг, сонгодог урлагаар цангасан байсан. Иймэрхvv аялан тоглолтыг vе vе хийж баймаар санагдсан.
-Одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна?
-Манай театр “Кармен” дуурийг франц хэл дээр шинэчилж тавихаар бэлтгэж байна. Би энэ дуурийн цыгануудын нэг Фраскита гээд эмэгтэйн дvрд тоглох гэж байна. Харин хувийн уран бvтээлийн хувьд яг одоо Шарав гуайн романсуудыг цомог болгож гаргах гээд бичлэгийн ажлаа эхлээд явж байна.
-Дараагийн цомог хэзээ гарах вэ?
-Би цомог гаргах тал дээр их хойрго. Бие даасан ганц л цомог гаргасан байна. Хамтлагаараа бол “Дурсамж”, “Эх орон” гээд хоёр цомог гаргаж байсан. Харин одоо тоглолтуудынхаа тvvвэр, шилдэг бvтээлvvдийг эмхэтгээд DVD гаргахаар ажиллаж байна.
Дараагийн цомогт Б.Шарав гуайн бvтээлvvд, Р.Чойном, Б.Лхагвасvрэн зэрэг мундаг мундаг яруу найрагчдын шvлгээр хийсэн дуунууд байгаа учраас их сайн ажиллахгvй бол болохгvй байна.
А.Халиун
Эх сурвалж: