2013-11-02ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторийн эрхлэгч Х.Түмэннасантай ярилцсанаа хүргэе
Генетикийн шинжлэх ухаан гэж юу вэ?
-Адуу гэдэг амьтнаас унага гардаг, хүнээс хүүхэд төрдөг энэ мэтчилэн дэлхий дээр байгаа олон төрөл зүйл амьтдын генийн тасралтгүй үргэлжлэх процесс нь генетикийн шинжлэх ухааны суурь ойлголт юм. Өөрөөр хэлбэл адуу адуу чигтээ байх, хүн хүн чигтээ байхыг судалдаг шинжлэх ухаан.
Түүнчлэн амьд бүхний генийг хадгалж үлдэх, тэдгээрийг улам сайжруулахад оршдог XX зуунд цөмийн физикийн судлал эрчимтэй хөгжсөн бол энэ зуунд биологийн щинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байна.
Энэ зууны хамгийн том ололт нь амьд бүхнийг цаашид удамшуулж, зохицуулж, хариуцаж байдаг генийг олж тогтоосон нь юм. Ингэснээр. генийг сольж, шинээр эд эрхтэн ургуулж болох гарцыг нээсэн. Нэгэнт шинжлэх ухаан түүнийг олсон учир удамшлын өвчнийг үүсгэж байгаа генийг бүр нарийн судлах болсон.
Тэгэхээр эрүүл мэндийн салбарт шинэ дэвшлийг авчирсан байх нь ээ...
-2012 оны Нобелийн шагнал хүртсэн Жон Гордон, Ватанабэ нар хүний үр тогтох үйл явцыг нарийн судалж, ганц эс яаж цогц хүний биеийг бүрдүүлдгийн учрыг тайлсан. Тэдний гол ололт нь анхдагч үүдэл эсүүдээс эрхтэн бий болдогийг судалж нотолсонд юм.
Ингэснээр элэг нь өвчилсөн хүний өөрийнх нь эсээс гэмтсэн эрхтэнг нь ургуулах боломжтой. Тэгэхээр хэн ч залуудаа үүдэл эсээ авч хадгалуулахад насны эцэст түүгээрээ үхэлд хүргэж байгаа эд эрхтэнүүдээ шинээр бий болгоно гэсэн үг.
Энэ ололтоор ямар ч донор эрхтэн хэрэггүй болж байгаа юм. Ер нь генетикийн шинжлэх ухаан гэдэг бол хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй бүхий л төрлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой салбар. Тийм учраас дэлхий нийтээрээ XXI зууныг биологийн шинжлэх ухааны эрин үе гэж нэрлэсэн.
Энэ салбар манай улсад хөгжөөд хэдэн жил болж байна?
-Өмнөх нийгмийн үед олон генетикч эрдэмтэд улс төрийн шалтгаанаар баригдаж, хоригдож байсан түүхтэй. Яагаад гэвэл ЗХУ-д энэ салбарыг хөрөнгөтний шинжлэх ухаан гэж үздэг байсантай холбоотой. Тэр үед олон судлагаа шинжилгээний ажлуудыг бүрэн зогсоож байсан.
Харин 1964 онд ЗХУ-ын Коммунист намын тогтоол дахин гарч, энэ шинжлэх ухааныг хөгжүүлэх ёстой гэдгийг анзаарч, нээлттэй болгосон. Ингээд ЗХУ-д манай анхны эрдэмтэд суралцаж эхэлсэн. Тэгэхээр манай улсад 1964 оноос генетикийн салбар эхэллээ тавьж байсан гэж ойлгож болно.
Сүүлийн үеийн судалгаанаасаа дурдвал...
-Засгийн газар, БОНХЯ-тай хамтран Говийн их дархан газрын А хэсэг буюу Атас, Энгэс, Шар хулс, Цагаан богд гэсэн хэдхэн баянбүрдэд 30 гаруйхан мазаалай үлдсэн байгааг тогтоож, судалгааны төслийг хэрэгжүүлээд байна.
Устахын ирмэг дээр ирсэн тус амьтныг хэрхэн аварч үлдэх талаар генетикийн түвшинд олон шинжилгээ хийсэн. Ялангуяа дэлхий дээр байгаа бусад баавгай нарын аль төрөлд нь биологийн хувьд гарал үүсэл нэгтэй байж болохыг судалсан.
Ингэснээр мазаалайтай ,үржилд орж, цус сэлгэн тоо, толгойг нь өсгөх гарцыг эрэлхийлж байна гэсэн үг. Тус ажлыг эхлүүлэхийн тулд мазаалайн генетикийн материалыг судлах шаардлага гарсан.
Говийн бүсийн баянбүрдүүд хоорондоо 200-300КМ-ийн зайтай оршдог Газар нутгийн хувьд ийм алслагдмал нутагшдаг амьтан хоорондоо уулзаж, генийн солилцоонд ордог уу, үгүй юу гэдгийг судлаад байна.
Судалгааны ажлаа хэрхэн явуулсан бэ?
-Мазаалайн нутагшдаг газар богино хэмжээтэй төмөр тор татаж, биеэ шөргөөхөд нь үлдсэн үсийг шинжилгээнд оруулж, ДНК нь ялгаж, гаргах замаар шинжилгээг явуулсан. Дэлхий дээр АНУ, Европын холбоо, Япон зэрэг улсуудад генийн 3 банк байдал.
Судалгаа эрхэлдэг хэн ч, ямар ч амьтны генийг шинжлээд өмнө нь бүртгэгдээгүй ДНК-ийн дарааллыг олж, нээж, чадвал зохиогчийн эрхээ авч, дэлхийн генийн банкинд бүртгүүлдэг Мазаалайг судалж байгаа бидний зорилго бол генийн банкинд тус амьтны ДНК-г бүртгүүлэх явдал юм.
Тийм учраас дэлхийгээр тархсан хүрэн баавгайн ДНК-ийн дарааллыг мазаалайхтай харьцуулаад генийн хувьд өөр байдгийг нь тогтоогоод байна. Өмнө нь аргал, угалз, тэмээ гэх мэт олон төрлийн амьтад дээр судалгаа явуулж зуугаад генийн төрлийг баталгаажуулж, бүртгүүлээд амжсан.
Мөн таван хошуу мал дотроо үүлдэр, угсаагаараа брэнд болсон Галбын говийн улаан тэмээ, илүү нугламтай хонь гэх мэтчилэн зөвхөн манай оронд нутагшдаг амьтдыг судалж, бусдаас ялгаад байгаа генийг олж, илрүүлэх ажлыг хийж байна. Энэ бол хүн төрөлхтөний өмнө монгол хүний оруулж буй их хөрөнгө оруулалт юм.
М.Мөнхзориг
Эх сурвалж: “Соёмбо” сонин