2013-10-29Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг аюулын харанга дэлдээд багагүй хугацаа
өнгөрч буй. Нэг үгээр хэлбэл, хар тамхи гэгч “цагаан тахал”-ыг тойрсон асуудал манай улсад газар авч, түүнийг хэрэглэх, тээвэрлэх, дамжуулсан гэх шалтгаанаар олон хүн “аав”- ын хаалга татах болсон.
Тэр дундаа монгол иргэд гаднын оронд хүртэл энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, ял зэм хүлээх нь ихэссэн. Энэ үед манай улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй ганцхан төрийн бус байгууллага байдаг нь Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг юм.
Тус нийгэмлэг өдгөө иргэдийг хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх бүх талын сургалт, сурталчилгааны ажил хийхээс гадна хар тамхинд орсон иргэдтэй тулж харьцдаг.
10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй эл нийгэмлэг орох оронгүй болж, байрлаж байсан газраасаа хөөгдөөд байгаа аж. Энэ талаар болон манай улс дахь хар тамхи мансууруулах бодисын нөхцөл байдлын талаар тус нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Та бүхний судалгаагаар өнөөдрийн байдлаар манай улсад хар тамхинаас хамааралтай болсон хэчнээн хүн байна вэ?
-Манай улс дахь хар тамхины хэрэглээ жил ирэх тусам өсч байгаа. Тухайлбал, бид 1999 онд 1000 залуугийн дунд судалгаа явуулахад 45 хэрэглэгч илэрч байсан. Эдгээр хүмүүс бүгд өвсний ургамлыг олж, татаж хэрэглэдэг байсан.
Харин 2000 онд 52 болоод 2001 онд 70 болж өссөн. 2002 онд 140 хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэж бүртгэгдсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар 561 хүн мансууруулах бодис хэрэглэж байна. Түүнчлэн нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж тооцдог.
Тэгэхээр 2000 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн үг. Мөн өнгөрсөн онд Хууль зүйн яам болон дэлхийн зөн олон улсын байгууллагтай хамтарч хийсэн судалгаагаар 16 мянган хэрэглэгч байна гэсэн тоо гарсан. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хэрэглээ 1999 оноос даруй 10 дахин өсчихөөд байна. Үүнтэй холбоотой элдэв хэрэг зөрчил ч жилээс жилд өсч байгаа.
-Хар тамхи хэрэглэгчид гэмт хэрэгт холбогдох нь цөөнгүй. Мөн насны ангиллын хувьд ямар байна вэ. Ихэвчлэн залуус энэ төрлийн гэмт хэрэгт татагдан, орж хар тамхинд донтож байна гэх мэдээлэл их гардаг шүү дээ?
-Залуус энэ төрлийн гэмт хэрэг татагдан орж, хэрэглэгч болж байгаа нь гарцаагүй үнэн. Үүнийг дагаад тэд гэмт хэрэгт холбогдох нь ч ихэсч байгаа. Тухайлбал, 2007 онд энэ төрлийн долоон гэмт хэрэг гарч байсан бол 2008 онд ес болоод 2009 онд арав, 2010 онд 21, 2011 онд 22 гэмт хэрэг гарсан.
Өнгөрсөн онд 38 гэмт хэрэгт 171 хүн холбогдчихоод байна. Энэ тоог 2007 онтой харьцуулахад тав дахин өсчихөөд байна. Манай байгууллага анх байгуулагдахад нэг хүн ирж байсан бол өнөөдрийн байдлаар 108 хүн хандаж үйлчлүүлж байна. Энэ хүмүүс бүгд 20-55 насны залуус.
-Манай улсын иргэд гаднын оронд хар тамхи зөөх, тээвэрлэх гэмт хэрэгт холбогдох нь ихэсч буй. Энэ талаар явуулсан судалгаа бий юу?
-Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт манай улсын иргэд татагдан оролцох нь ихэссэн. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд 34 хүн гаднын оронд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Үүнээс хоёр нь цаазаар авахуулсан бол 15 хүн 10-15 жилийн ял авчихаад байна.
Цаашлаад хоёр хүн насаараа хоригдох ялтай байна. Тэгэхээр энэ бол хар тамхины хор хөнөөл, хуулиа ойлгодоггүйтэй холбоотой гэж бид үзэж байгаа юм л даа.
-Ял шийтгэлийн тухайд ямар байна вэ. Манай улсад тухайлсан хууль байдаггүй нь гэмт хэрэг гарах нэг шалтгаан болдог гэж хэлж болох уу?
-Энэ бол яах аргагүй нэг шалтгаан. Гаднын орнуудад энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэл маш өндөр. Цаашлаад түүний хор хөнөөлийг маш өндөр төвшинд сурталчлан таниулж, ухуулга сурталчилгаа сайтар хийдэг. Харин манай улсад энэ төрлийн сургалт сурталчилгаа сул.
Нөгөөтэйгүүр энэ төрлийн гэмт хэрэгт тухайлсан хууль байдаггүй. Өөрөөр хэлбэл, хар тамхитай холбоотой гэмт хэрэг гарсан тохиолдолд 2002 онд гарсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиар л асуудлыг шийдвэрлэдэг гэсэн.
Энэ хууль бол зөвхөн эм болон түүний хэрэглээний талаар л нарийвчлан заасан. Одоогоор хар тамхины тухайлсан хуультай болох ажил явж байгаа ч маш удаашралтай байгаа. Гэтэл ингэж хууль гарахыг хүлээж суух зуур өнөөх хар тамхи түүний хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болчихоод байгааг хаана хаанаа анхаарах хэрэгтэй.
-Танай байгууллага одоогоор хэчнээн хэрэглэгчтэй ажиллаж байна вэ. Бүх хүнийг хамарч чадаж байна уу?
-Бүх хэрэглэгчийг хамарч чаддаггүй. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байна л даа. Эдийн засгаас өгсүүлээд хүндрэлтэй зүйл олон. Одоогоор бид 110 гаруй хүнтэй ажиллаж байна. Энэ хүмүүс өөрсдөө манайд хандсан. Тэд ихэвчлэн морфиноор амьдардаг хүмүүс л дээ.
Өөрөөр хэлбэл, морфингүй бол амьдралгүй болчихсон хүн олон байна. Гэтэл сүүлийн үед манай хэрэглэгчдэд нэг хүндрэл учраад байгаа нь ЭМЯ-наас жороор олгодог эмээ өгөхгүй байгаатай холбоотой. Хэдийгээр эмчийн бичигтэй ч эмийн сангууд олгохгүй байгаагаас эрх нь зөрчигдсөн олон хүн байна.
-Хар тамхи хэрэглэгчдэд морфиноос өөр эмчилгээ байна уу. Энэ хүмүүст морфин өгөөд байх нь хэр зүйтэй юм бэ?
-Монголд одоогоор өөр эмчилгээ байхгүй. Би 14 жилийн турш энэ ажлыг хөөцөлдөж байна. Ганц л хүнд хордлого тайлах эмчилгээ хийсэн байх. Дэлхийн хэмжээнд никотин орлуулах эмчилгээ гэж хийдэг. Гэтэл манайд морфиноос өөр эмчилгээ гэх зүйл байхгүй.
Нэгэнт л хар тамхинд ороод нөгөөхөө үгүйлээд хэрэглэхгүй л бол амт тавьчих гээд байдаг болчихсон хүн цөөнгүй байна шүү дээ. Хэрвээ энэ хүмүүст морфиныг нь өгөхгүй, буруу гээд байвал тэднийг үхэл рүү нь түлхэж байгаагаас өөрцгүй хэрэг болно. Энэ чинь нэг талаас хүний эрхийг зөрчиж байгаа асуудал шүү дээ.
-Танай байгууллагаар эмчилгээ хийлгээд мансууруулах бодисоос гарсан хүн хэд байдаг вэ?
-Эмчилгээ хийлгээд гарсан хүн 10 гаруй бий. Хар тамхинд донтоод дөрөвдүгээр шатанд ороогүй бол эдгэрэх бүрэн боломжтой.
-Мансууруулах бодисоос болж амь насаа алдсан хүн бий юу?
-Сүүлийн 14 жилийн хугацаанд 12 хүн нас барсан. Нэг нь морфиний тунг хэтрүүлж нас барсан байдаг. Өөр нэг нь хугацаа дууссан морфин хэрэглэсэн. Ер нь хар тамхи хэрэглэсэн цагаасаа 2-12 жилийн дотор л нас барж байна.
-Хар тамхины уршиг их гэдэг. Хүний биед ямар хор уршигтай байдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хар тамхи архи тамхинаас 60 дахин илүү шарталт өгдөг хортой бодис. Ингээд ирэхээр сэтгэцэд нөлөөлдөг. Сэтгэцийн хамааралтай болгодог гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, хүнийг сэргээгээд, тайвшруулаад, солиоруулдаг. Дараа нь холимог болж эргээд гутранги үзэлтэй болгодог.
Хүүхдүүдийн хэрэглээд байгаа олсны ургамал илүү хортой. Нөхөн үржихүйн үнэрлэх, амтлах шинж чанаруудыг алдуулдаг бодис. Хар тамхины төрөл болох каннабис ургамлыг хэрэглээд гуравдугаар үедээ орвол эрэгтэй хүн эм шинжтэй болчихдог гэж судалсан байдаг. Цаашлаад хар тамхи хэрэглэснэээр эдийн засгийн хямралд орох нь ойлгомжтой.
-Танай байгууллага хар тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манайх 1999 оноос хойш хар тамхи хэрэглэгчдийн дунд судалгаа хийж байна. Судалгааг Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын өсвөр үе, залуучуудаас авсан. Энэ гурван газраар хязгаарлагдах биш, үндэсний хэмжээний судалгаа хийх ёстой.
Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид хаана олон байна вэ, ямар төрлийн бодис хэрэглэдэг зэрэг тодорхой мэдээлэлтэй байх хэрэгтэй. Би ийм судалгаа хийх гэж 14 жил санхүүжилт хөөцөлдөөд бүтээгүй л байна. Тэр ч бүү хэл, одоо байрнаасаа хөөгдчихөөд байна шүү дээ.
-Ямар шалтгаанаар байрнаасаа хөөгдчихөв?
-Бид Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн байранд үйл ажиллагаагаа явуулаад арав гаруй жил болж байна. Гэтэл саяхан бид нэг сургалт явуулахдаа нэг ангиас дөрвөн ширээ авч хэрэглээд буцаагаад оруулж тавьсныг гуйвуулаад л биднийг гар гэж хөөгөөд байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй намайг хөөж, халдсан ч тохиолдол гарсан. Мөн манай үйл ажиллагааг таслан зогсоож, утас, хаяг бүгдийг устгасан. Бидний бодож байгаагаар бол хар тамхи хэрэглэдэг хүмүүс орж гараад байхаар ялих шалихгүй юмаар шалтаглаж байгаа нь л тэр байх.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Үнэн.мн