2013-10-15Энэ удаагийн дугаартаа УДЭТ-ын жүжигчин, МУСТА М.Түвшинхүүтэй түүний уран бүтээлийн тухай ярилцлаа.
-УДЭТ-тай амьдралаа холбоод хэчнээн жил болж байна вэ?
-Театртаа арван дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
-Театрт ороод тоглосон анхны тайзны уран бүтээл ямар жүжиг байв?
-"Кармен" жүжгийн Дон Хоссегийн дүрд анх тоглож байлаа. Би өөрийгөө ховорхон азтай жүжигчдийн нэг гэж боддог. Театрт орж ирэнгүүтээ би "Кармен" жүжгийн гол дүрийг авч байсан. Залуу, шинэ жүжигчин учраас маш их хичээж тоглож байсан санагдана.
-Тэгвэл анхны дэлгэцийн уран бүтээлийн тухайд?
-"Хүннү" теле дуурь байсан.
-"Үхэж үл болно Чингис хаан" киноны Хантөмөрийн дүрийнхээ тухай яриач?
-Хантөмөр бол уран сайхны дүр. Анх киноны зохиолд "эзнийхээ нуруунд хутга дүрсэн"дүр шиг бичигдсэн байсан. Түүхэн бодит биш, уран сайхны дүр учраас өөрчилж болох юм байна гэж бодсоны үндсэн дээр өөрчилсөн.
Яг үнэнийг хэлэхэд найруулагч, зохиолчидтойгоо уулзаж, өөрийнхөөрөө зүтгэж байж энэ дүрийг хийж байсан. Үхсэн ч эзэндээ үнэнч, хар багаасаа найзалж нөхөрлөсөн Жамух анддаа үхэн үхтэлээ үнэнч байж байгаад дуусна гэсэн тэр зорилгыг шингээж хийсэн дүр.
-Уг кино таны тоглосон хэд дэх түүхэн кино байсан бэ?
-Түүхэн кино гээд ярих юм бол бас сонин юм ярина. Яагаад гэхээр миний хамгийн анхны тоглосон дүр бол 1997 онд хийгдсэн "Хүннү" теле дуурийн Модунь Шаньюгийн дүр байсан. Мөн Итали, Хятад, Оросын гээд түүхэн кинонуудад тоглосон байдаг. Ер нь бол 50 жилийн өмнөх, арван жилийн өмнөх үйл явдал ч гэсэн түүх шүү дээ.
-Таныг арай өөрөөр харуулсан дүрийн нэг "Манайд амьдаръя" жүжгийн Димагийн дүрийн тухай дурсаач?
-Тэр дүрд бас уншлагын явцад өөрчлөлт оруулж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө хүн чанараа алдаагүй, хүний төлөө, бусдын төлөө гэсэн нинжин сэтгэлтэй тийм хүний дүр гаргах гэж хичээсэн. Мөн "Жаргах гэж дурладаг уу" жүжгийн Гаадангийн дүр байна.
Энэ дүрд анх Хасар Жагаа буюу Б.Жаргалсайхан ахыг тоглуулах гэж байсан гэсэн. Тухайн үед Б.Жаргалсайхан ах өөр уран бүтээлтэй байж таараад би тоглосон юм. Энэ дүрийг бүтээх гэж театрын тайзан дээр ганцаараа хонож байсан үе бий.
Учир нь миний хамтран тоглогч О.Энхтуул гэж мундаг жүжигчин байсан. Энэ жүжиг О.Энхтуул бид хоёрын хамтарч тоглосон хамгийн анхны уран бүтээл байлаа.
-Найруулагч дүр хуваарилахад өөрийн сонирхож байсан дүрээ алдаж байсан тохиолдол бий юу. Тийм тохиолдол хэр их байдаг вэ?
-Жүжигчин хүн болгонд л тохиолддог зүйл шүү дээ. Маш олон тохиолдоно. Хүссэн дүр бүхнээ авна гэж байхгүй. Найруулагч бидэнд огт бодоогүй, хүсээгүй байсан дүр өгөх ч тохиолдол гарна. Гэсэн ч жүжигчин хүн тэр дүр дээр ажиллах л ёстой. "Гамлет"дээр би хүсч байсан дүрээ авч чадаагүй.
Гэхдээ найруулагчийнхаа хүссэн дүрд чадлаараа хичээж тоглосон. "Парисын дарь эхийн сүм" жүжигт ч би Квазимодогийн дүрд тоглох юмсан гэж бодож байлаа. Гэтэл Фебийн дүр оногдсон. Энэ дүрийг надад өгсөнд маш их баярласан. Ер нь жүжигт дүр авахгүй хоцрох тохиолдол бас гарна.
-"Сарны нулимс" телевизийн олон ангит кинонд тоглосон шүү дээ. Тэрнээс өөр олон ангит кинонд тоглоогүй байх аа?
-Миний эхний олон ангит кино байсан. О.Энхтуул бид хоёр бас хамт тоглосон. Тэрнээс хойш дэмий санагдаад тоглоогүй. Цаг хугацааны хувьд ч тэр, уран бүтээлийн чанарын хувьд ч тэр манайхан олон ангит киног учир дутагдалтай хийж байна шүү дээ.
-Хамгийн сүүлд дэлгэцийн ямар бүтээл дээр ажилласан бэ?
-Казакстаны найруулагчийн нэг бүтээл дээр ажилласан. Өөрсдийнхөө тусгаар тогтнол, ахуйн тухай кинонд манай хэсэг жүжигчдийг урьж тоглуулсан. Яахав уран бүтээлч хүний хувьд гадны уран бүтээлд оролцож байх хэрэгтэй гэж боддог.
-Сүүлийн үед киноны санал хэр ирж байна?
-Би одоо дэлгэцийн уран бүтээлд төдийлөн анхаарахгүй байгаа. Зарим киног харахад сайжруулсан уран сайхны нэвтрүүлэг шиг л санагдах юм. Ямар ч үнэ хүнд байхгүй. Кино гэдэг зүйлийнхээ утга учрыг ч гүйцэд гаргахгүй юм.
Санал бол ирж байна. Киноны санал хүлээж аваад найруулагч нь мэргэжлийн байна уу, зохиолч нь мэргэжлийн зохиолч юмуу гээд харахаар үгүй байх юм. Адаглаад мэргэжлийн камериар хийх юмуу гээд харахаар бас үгүй.
Тийм болохоор татгалзаад байна. Дэлгэцийн уран бүтээлд оролгүй бас хэсэг хугацаа өнгөрчээ. Харин гадны хэд хэдэн уран бүтээлд бол оролцсон. Ирэх 2014 он гаргаад Холливуудад ажилладаг хятад найруулагчийн шинэ уран бүтээлд оролцоно.
-Өнөөдрийг хүртэл тайз болоод дэлгэцийн хэчнээн бүтээлд ажилласан байна вэ?
-Сүүлд 2008 онд уран бүтээлийнхээ жагсаалтыг гаргаж үзсэн юм байна. Тайз, дэлгэцийн, тэр дотроо телевизийн зохиомж гэх мэт бүтээлүүд нийлээд 160-аад бүтээл байсан. Би театрт арван дөрвөн жил ажиллаж байна. Театрын сүүлийн арван дөрвөн жилийн түүхтэй би өөрийгөө холбоотой гэж бодож байна.
-Өнгөрсөн зун бригадаар хайгуур хаагуур явж тоглов?
-Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад очиж тоглоод ирсэн.
-Ямар ямар жүжгүүдтэй явсан бэ?
-"Тамгагүй төр", "Эхнэрээ зээлээч", "Хайрын виз", бас нэг хүүхдийн жүжигтэй явсан.
-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Арваннэгдүгээр сард тавигдах Н.Баатар найруулагчийн найруулж буй "Кихот ноёнтон" жүжгийн Герцогийн дүр дээр ажиллаж байна.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин