2013-10-11Монгол улсад мөнгөтэй л бол юуг хийж болно, хууль цааз түүний өмнө юу ч биш гэдгийн жишээг Б.Наранхүүгийн луйвар илчилнэ. МАН, АН аль ч нь засгийн эрх барих нь хамаагүй, энэ мэтийн их гарын “луйварчид”-ын өмнө тэдний шударга ёсны тухай хоосон уриа хэтэрхий “жулдана”.
Өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө хууль шүүхийн байгууллагынхан ажиллаж, “луйварчин” Б.Наранхүүг байх ёстой газар нь барьж хийхээр төлөвлөснийг хэн зогсоов, түүнд ямар хүчин зүйл түүнийг болиулав.
Түүний Анодоос зээлээд эргэж төлөөгүй хөрөнгө мөнгөний цаана олон арван энгийн хадгаламж эзэмшигчид хохироод үлдсэн байдаг. Ингэж олон хүний хөрөнгө мөнгөөр тоглосон хүн өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагын гишүүн болоод явж байгаа нь зөв хэрэг үү?
Манай сайт баримт түшин байж өдгөө УИХ-ын зөөлөн сэнтийд залраад байгаа Б.Наранхүүгийн луйврыг илчилсэн. Тэдгээр бичлэгийн агуулыг товчлон хүргэхэд Б.Наранхүү гэгч тэрээр дампуурсан Анод банкинд тэртээх 2006 оноос өөрийн хүнээ “шургуулан” ажиллуулж ямар ч нөхцөлд өөртөө зээл авах нөхцлийг бүрдүүлсэн ба харамсалтай нь зээлийн эргэн төлөлтийг бараг хийдэггүй байжээ. Өдгөө Дүнжингарав худалдааны төвийн Санхүү хариуцсан захирал Б.Ариунболд гэгч залуу тухайн цаг үед банкид Анод банкинд ажиллахын зэрэгцээ Б.Наранхүүгийн Инвекс ХХК-аас давхар цалин болон их хэмжээнийн авлигийн шинжтэй мөнгийг бэлнээр гаргуулан авдаг байсан. Энэ бүхэн баримтаар нотлогддог. Мөн тухайн үед Моннүүр ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Наранхүү Анод банкны барьцаанд тавьсан хөрөнгөө хууль бусаар бусдад зарж банкинд их хэмжээний хохирол учруулж байсан байдаг. Түүний луйврын чанартай үйлдэлд тухайн үеийн хотын дарга удирдлагууд, нийслэлийн газрын албаныхан, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар, Алтжин компанийн захирал Г.Алтан нар оролцсон байдаг. Энэ талаарх баримтуудыг дараа дараагийн цувралдаа үргэлжлүүлэн дэлгэх болно.
Дахин баримт түшин Б.Наранхүүгийн ээлжит луйврыг илчилье. Баримтуудаас хараад байхад Б.Наранхүү гэгч өөрийн гар дээрх хөрөнгө мөнгө бүхий бизнесмен гэхээсээ илүүтэй овжин зальхай, сүүхээтэй “луйварчин” гэмээр харагдаад байгаа юм. Тэрээр хурдан азарга 500 саяар худалдан авлаа гэдэгч үнэндээ өөрт нь тийм хэмжээний мөнгө байхгүй байсан тул Б гэгч эрхэмээс мөнгө зээлсэн байдаг. Б-ээс зээлсэн азарганы мөнгө өр болон он дамжин үргэлжилж, өөр байдлаар дарагдсан байдаг.
Мөн тэрээр бусдаар батлан даалгаж Анод банкнаас их хэмжээний зээл авдаг ч эцэстээ зээлсэн мөнгөнийхөө хүү, үндсэн зээлийг төлөлгүйгээр “зугтдаг” байжээ. Түүнийг нь нэгэн илчлэх баримт доор байна.
Мөн тэрээр Анод банкны барьцаанд байсан газрыг өөр “Монгол глобал” гэх компанид зарсан байдаг. Энэ тухайгаа тэрээр Анод банкны дэд захирлын асуултанд дараах байдлаар хариулж байсан байна. Энэ талаарх баримтыг албан бичиг болон уулзалтын тэмдэглэл байдлаар та бүхэнд хүргэе.
Уулзалтын тэмдэглэл
2006.11.13 Улаанбаатар хот
17:00 цаг
Оролцсон хүмүүс:
Э.Оюунсүрэн /Дэд захирал/
Н.Ариунаа /ТУГ-ын захирал/
Д.Наранхүү /Моннүүр ХХК-ийн захирал/
Б.Ариунболд
Б.Билэгсайхан
Хэлэлцсэн асуудал:
Зээлийн өрийн үлдэгдлийг хэрхэн төлж барагдуулах, Моннүүр ХХК-иас банкинд гаргаж буй хүсэлтийг шийдвэрлэх талаар ярилцсан.
Наранхүү:
Зээлийн асуудал их удчихлаа, танай банкны зүгээс намайг дэмжиж хүлээцтэй асуудалд хандаж өдийг хүрсэнд талархаж явдагаа хэлье. Одоо газрын үнэ их өсөж байгаа тул зээлээ төлөх сайхан боломж нээгдэж байна. Түрүүн Ариунболдтой уулзахдаа хэлж байсан баганат барилгыг Сингапурын хэдэн хүмүүс 4 сая доллараар худалдан авах талаар саналаа ирүүлээд байгаа.
Э.Оюунсүрэн:
За та бид хоёр их сайхан ярьдаг, тохирдог тэгээд өрөөнөөс гараад ярьсан ажил бодит байдал болохгүй байна. Та хэлсэн амандаа хүрэхгүй байна. Мэдээж манай банк таныг дэмжиж тусалж ирсэн одоо ч дэмжээд явж байгаа. Одоо л газрын үнэ өсөж байна гээд удлаа шүү, Банкны зүгээс барьцаа хөрөнгөө худалдаад зээлээ төлөхийг дэмжинэ. Болохгүй ойлголцохгүй юм байхгүй. Харин та яагаад манай барьцааг бидэнд мэдэгдэхгүйгээр зараад байна аа?
Наранхүү:
Яг мэдэгдэлгүй хийсэн юм байхгүй ээ.. Ер нь “Монгол глобал” дээр шилжсэн асуудал нь зөвхөн хөрөнгө оруулагч хайх хамтран ажиллах үүднээс ийм ажил хийгдсэн юм. Би хэзээ л бол хэзээ буцаагаад газраа авчиж болно. Энэ бол асуудал биш. Би олон сар ярьж байж хийсэн том хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээрийг танай нэг л хүн хэрүүл хийх явцдаа унагаагаад хаячих гээд байна. Манай банк энэ газрыг энэ обьектыг хураан авсан ч гэх шиг Ганбаярт ярьж хашгирсан байна лээ. Энэ бол буруу шүү дээ. Адилхан бизнес хийж байгаа хүмүүс чинь бие биенээ хамгаалж байх хэрэгтэй.
Газар үнэ ороод одоо л худалддаг цаг үе ирээд байна. Би энэ зээлээ нэг мөр төлөөд дуусгах санаа байна. Тэгэхгүй бол зээлтэй энэ тэр гэхээр хөрөнгө оруулагч нар үнэ буулгах талаар шахалт үзүүлэх гээд их дэмий байдаг юм байна. Зээлтэй гээд дээрэлхэх гээд байгаа юм шиг. Сингапурын хэдэн нөхдүүд баганатыг 3,6 сая доллараар худалдан авах эсэхэд бүрэн тохиролцоод байна.
Засвар ер нь их аятайхан болсон байна лээ, гэхдээ ер их үрэлгэн байгаа байдал ажиглагдаад байгаа, яг адилхан хэмжээтэй хашааг адил материалаар нэг газраар хийлгэхэд танайх миний төлж байснаас 2 дахин илүү үнэ төлсөн байх юм, би сайн ойлгохгүй байгаа, мөн тэр шугамын асуудал ч тэр ойрхоноос татах худаг байсаар байтал холоос татсан байгаа, би ус сувгийн нөхдүүдтэй ярьсан ойроос татаж болох зураг төслийг нь гаргаад өгнө гэсэн.
Э.Оюунсүрэн:
Одоо банкны зүгээс яг ямар асуудал шийдүүлэх хүсэлтэй байна.
Наранхүү:
Миний хувьд 500 000 доллар хийгээд хойд газраа чөлөөлүүлж аваад 800 м.кв талбай бүхий обьектыг нэмж тавих, баганат барилгын гэрчилгээг Алтангаас салгаад нэг мөр өөрийнхөө нэр дээр болгоод нийлүүлээд зарж танай зээлийг хаах хүсэлт байна. Нэр шилжээд ирчихвэл Сингапурын нөхдүүдийн мөнгийг нь эскроу дансанд байршуулаад ажиллах боломжтой юм.
Алтантай өдөр уулзсан. Хэн хэн хэдийг төлөх тал дээрээ ер нь тохирсон гол нь тэр төлнө энэ төлнө гэж бантан болохгүй барьцаа нь ч тусдаа төлөх эзэн нь ч тусдаа байвал банкинд ч амар болно.
Э.Оюунсүрэн:
Ер нь энэ гацаанаас гармаар байна. Тэр төлнө энэ төлнө гээд барьцаа нь бас дундаа яваад байгаа асуудлыг цэглэх тал дээр банк санал нэг байна. Алтангийн нэрийг солих ажил хийгдэх процесс нь ямар байх вэ?
Б.Билэгсайхан:
Банкны барьцаанд байгаа учраас манайхаас чөлөөлсөн бичиг авч байж нэр солих боломжтой болно.
Ариунболд:
Шинэ гэрчилгээний дугаар нь тодорхой биш байгаа учир барьцаа гэрээгээ байгуулах, бүртгүүлэх асуудал их сонин болох гээд байна
Наранхүү:
Шинэ гэрчилгээ гарч ирэнгүүт танай дээр шууд барьцааны бүртгэл хийгддэг байхаар зохицуулсан гарц байдаг байлгүй дэ
Э.Оюунсүрэн:
Энэ асуудлыг сайн судла
Наранхүү:
Өдөр бас хамтран төсөл хэрэгжүүлж болох талаар ярьсан тэр талаар таны бодол юу байна.
Э.Оюунсүрэн:
Ямар төсөл вэ
Ариунболд:
Урд байгаа газар дээр нь манайх төсөл хэрэгжүүлвэл ямар вэ гэж ярьсан юм.
Наранхүү:
Ер нь орон сууцыг захиалга авсан аваагүй барьчих л хэрэгтэй тэгсэн байхад борлуулалт бол санаа зовоох асуудал биш юм байна лээ. Ялангуяа урагшаагаа агаар сайтай учраас маш сайн борлуулалттай байгаа. Танайх төсөл хэрэгжүүлье гэвэл би хамтран ажиллахад бэлэн байна. Нэг га газрыг 1,5 сая-д өгөөд танайх бүх хөрөнгө оруулалт менежментээ хийгээд явахад их ашигтай бизнес шүү, Танайд бол би газраа үнэрхээд байхгүй ээ
Э.Оюунсүрэн:
За энэ санаагаа бас албан тоотоор тавьчих бид судлаад үзье
Танай паркын газар байгаа юу? Гадуур нь хашаа барьсан байсан?
Наранхүү:
Байгаа. Хүний юмыг булааж авна гэж байхгүй шүү дээ, надаас 5 сая доллараар ав гэж Иточу, Голомт хоёрт хэлээд байгаа.
Тохиролцсон асуудал:
-Үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхгүйгээр шинэ гэрчилгээ гармагц нь банкны барьцаанд бүртгэх боломж байгаа эсэхийг судлах
-Наранхүү ярьсан шийдвэр гаргуулахыг хүсэж буй асуудлуудаа маргааш албан бичгээр банкинд хүсэлтээ гаргах
Протокол хөтлөсөн:
Б.Билэгсайхан
Энэхүү хурлын тэмдэглэлээс харахад тэрээр аливааг аргалаад, “гал унтраагаад” өнгөрүүлэхдээгаргууд нэгэн бололтой. Б.Нранхүүгийна зээлийг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудлын хүрээнд түүний талд ажиллаж байсан Б.Ариунболд банкиндаа ийм саналуудынг бэлтгэн оруулж байжээ.
Ийм л хүнийг өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагадаа илгээчихээд сууж байна шүү дээ. Анод банкны хохирогчид эл бүх баримтыг үндэслэн Б.Наранхүүгээс хохирлоо нэхэмжилж болмоор дүр зураг эндээс харагдаж байгаа юм.
Та “Анод банкны хэргийн мөрөөр…” цувралын
нэгдүгээр хэсгийг http://www.fact.mn/126591.html
хоёрдугаар хэсгийг http://www.fact.mn/126858.html
гуравдугаар хэсгийг http://www.fact.mn/127309.html
дөрөвдүгээр хэсгийг http://www.fact.mn/128552.html дарж тус тус үзнэ үү
А.Тамир