2013-10-11Дэлхий дахинаа гэмт хэрэгтнүүдийг шийтгэх арга нэг л байдаг. Энэ нь мэдээж эрх чөлөөг нь хязгаарлах.
Шорон гэдэг нэр нь хүртэл жихүүдэс төрүүлдэг эл газарт шийтгэл эдлэгсэд эрх чөлөөгөө хасуулснаараа адилхан ч дотоод амьдрал нь хэрхэн үргэлжилдэг нь тэс өөр. Дэлхийн аль ч шоронд ийм үзэгдэл нийтлэг.
Зарим хоригдол бүхнийг /бусад хоригдол/ захиран, хүссэнээрээ аюулгүй хоригдож байхад зарим нь хугацаагаа дуустал дарамт, зодуурын бай болсон хэвээр байх. Зарим хоригдол цагаатгалд хамрагдан, хугацаанаасаа эрт суллагдаж байхад зарим нь заагдсан хугацаандаа нэмэлт шийтгэл сонсон, ялаа хүндрүүлж байх жишээтэй.
Судлаачид дэлхийн хамгийн алдартай шоронгуудын жагсаалтыг шинэчлэн сонирхуулжээ. Энэ удаагийн жагсаалтад хамгийн хатуу чанга болон эртний гэсэн тодотголтой шоронгууд багтсан байна. Хамгийн алдартай, хахир шоронгуудтай танилц.
Трауэр, Лондон
Хамгийн эртний шоронгуудын нэг болох Лондоны Трауэр 1078 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тус шорон эхний хоригдлоо 1190 онд хүлээн авч байжээ. Энэхүү шоронд Францын хаан II Иоанн, Английн хаан VIII Генрихийн эхнэр Анна Болейн, ирээдүйн хатан хаан I Елизавета, хүмүүнлэг үзэлтэн Томас Мор, АНУ-ын Пенсильван мужийг үндэслэгч Уильям Пенн, Гитлерийн хамсаатан Рудольф Гесс зэрэг алдартай хүмүүс янз бүрийн үед хоригдож байсан гэдэг.
Анхандаа энд гэмт үйлдэл хийсэн ихэс дээдсийг хорьдог байжээ. Цаазын ялын шийтгэлийг шоронгийн ойролцоо гүйцэтгэж , шарилыг нь тэр хавьд нь оршуулдаг байж. XIX зууны үеэс Тауэрийг цэргийн зэвсэг ашиглах газар болгон ашигладаг байснаа хожим музей болгосон.
Британийн домог мэт яригддаг эл шорон-музей дараа дараагийн үед ямар болж өөрчлөгдөхийг тааварлашгүй. Өнгөрсөн 900 жилийн хугацаанд энэ нүсэр цамхагт ямар их зүйл өрнөж, өөрчлөгдсөнийг зөвхөн түүх гэрчилнэ.
Бастил, Франц
Дараагийн алдарт шорон бол Францын Бастил шорон. Энэхүү шоронд XVIII зууны үеийн Вольтер, маркиз де Сад, Алессандро Калиостро зэрэг алдартнууд хоригдож байснаараа алдартай. 1789 онд Францын аугаа хувьсгалаар тус цайзыг үндсээр нь нураан эвдэлж, оргүй болгосон байна. Өдгөө тус шоронгийн талбай дээр Бастилийн талбай баригдсан.
Альтракас, АНУ
Америкийн домог болсон эл шоронг 50 жилийн өмнө тухайн үед Ерөнхий прокурорын алба хашиж байсан Роберт Кеннедигийн тушаалаар хаажээ. Сан-Францискогийн ойролцоо орших Альтракас шорон өдгөө музей болсон бөгөөд жил бүр сая гаруй жуулчин эл музейг сонирхдог аж.
Тухайн үеийн хамгийн чанга дэглэмтэй шорон гэгддэг байсан эл газарт онц аюултай гэмт этгээдүүдийг хорьдог байжээ. Уг шоронгийн талаар цөөнгүй баримтат болон уран сайхны кино бүтээж байсан.
Анх бэхлэлтийн цайзын зориулалтаар баригдсан ч чанга дэглэмтэй шорон байснаараа илүү алдаршсан түүхтэй. Энэхүү цайз анх цэргийн шорон байснаа XX зууны эхээр гэмт хэрэгтэн иргэдийг хорих болжээ.
Гуантанамо, Куба
АНУ-ын харьяалалд шийтгэгдсэн гэмт хэрэгтнүүдийг хорьдог эл шорон хууль ёсны дагуу Кубын эзэмшлийн нутаг дэвсгэр дээр оршдог. Энэхүү шоронд бусад харгис гэгддэг шоронгуудын нууцалдаг хоригдлуудын доторх хүчирхийлэл, дээрэнгүй харилцаа ил оршдгоороо алдартай.
Хамгийн сонирхолтой нь хар арьстан болон ижил хүйстнүүдийн хүмүүнлэг хамгаалагч гэгддэг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ч эл шоронг хааж дийлэхгүй байгаа явдал юм. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараахан шоронг хаах тушаал гаргаж байсан ч өнөөг хүртэл уг тушаал хүчингүй байгаа.
Уг шоронд ихэвчлэн террорист үйл ажиллагаанд хамааралтай этгээдүүдийг хорьдог бөгөөд Саудын Араб, Афганистан, Йемен улсын хоригдол дийлэнх нь аж.
Шоронгийн доторх амьдрал хүний эрхийг хэт зөрчсөн, дэндүү бусармаг хүчирхийлэлтэй байна гэж Олон улсын хүний эрхийн байгууллагууд удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан ч байдал дээрдээгүй. Одоогоор тус шоронд 166 гэмт хэрэгтэн хоригдож байгаа аж.
Абу-Грейб, Ирак
Гуантанамогийн шоронтой адилхан дэглэмтэй гэгддэг орчин үеийн шорон. Саддам Хусейны үед уг шоронд гэмт хэрэгтнүүдийг шоронгийн дэглэмээр шийтгэн, цаазалдаг байсан ч америкчуудын түрэмгийллээс хойш байдал улам дордсон гэдэг. Америкийн цэргийн хүчнийхэн хоригдлуудтай хэт зүй бус харьцан, доромжлон тамлах болжээ.
2004 оны дөрөвдүгээр сард Америкийн “CBS” телевиз Абу-Грейб шорон дахь эрүү шүүлтийн талаар нэвтрүүлэг цацсан нь олон улсын төвшинд шуугиан дэгдээж байсан юм. Эцэст нь АНУ-ын Зэвсэгт хүчний 12 албан хаагчийг хоригдлуудыг зүй бусаар тамласан хэрэгт буруутган хорих ял оноосон билээ.
Карандир, Бразил
Хамгийн харгис нөхцөлтэй шоронгуудын нэг. Бразил Улсад гэмт хэргийн төвшин харьцангуй өндөр болох нь судалгаагаар тогтоогдсон. Тэр ч утгаараа тус улсын шоронгууд байнга л дүүрэн байдаг аж. Өнгөрсөн жилийн аравдугаар сард тус шоронд гарсан бослогын үеэр 100 гаруй хоригдол буудуулан амиа алдаж байсан.
Түүнээс гадна эл шоронд хэрэгтнүүдийн эрүүл мэндийг хянах, хамгаалах асуудал бараг байдаггүй бөгөөд бараг таван хоригдол тутмын нэг нь ДОХ-ын вирус тээдэг гэсэн аймшигт судалгаа гарчээ.
Мөн 7500 хоригдолд 1000 хянагч ноогддог бөгөөд тэд дөрвөн ээлжээр ажилладаг. Аймшигтай нөхцөлөөрөө алдартай энэ шоронгийн бодит үйл явдалд тулгуурласан кино хүртэл гарч байсан бөгөөд уг кино Каннын кино наадамд нэр дэвшиж байсан юм.
АНУ-ын Калифорни мужид байрлах энэхүү шорон 150 жилийн өмнө байгуулагджээ. Энд цаазын ялтнуудыг хорьдог. Тус улсын хамгийн таагүй нөхцөлтэй шоронгоор нэрлэгдэж байсан. Шоронгийн албан хаагчийн хүрэлцээ дутмагаас гадна хоригдлуудын тоо байх ёстой хэмжээнээс хэтэрсэн.
Шоронгийн дотоод орчин ч тун бохир заваан, хоригдлуудын эрүүл мэндийн хангамж ч туйлын муу гэсэн тодотголуудтай. Энд ажилладаг эмч нарын дийлэнх нь мэргэшээгүй, чадвар муутай учир буруу онош тавьж, хэрэгтэн өвчтөнийг улам хохироох үзэгдэл тогтмол гардаг аж.
Сан Квентин шорон эрүүл мэндэд хортой нөхцөлтэй бөгөөд өвчтэй хоригдлуудын хувьд онц аюултайд тооцогддог байна. Шоронгийн бас нэгэн чухал асуудал нь хүчирхийлэл газар авсан. Мөн байнга бослого, үймээн гарч хоригдол, хянагчийн аль аль нь хохирдог.
Мендос, Аргентин /Өмнөд Америк/
Аргентины Мендос хотноо байрлах энэхүү шоронд нэг жилийн хугацаанд 22 үхэл тохиолдож байсан удаатай. Хоригдлын тоо байнга л хэтэрсэн асуудалтай байдаг бөгөөд 600 хоригдолд тооцоологдсон камерт 1600 хоригдол оршдог байна. Шоронгийн нөхцөл байдал ч тун тааруу.
Дөрвөн ам.метр талбай бүхий камерын шалан дээрх нэг гудсан дээр таван хоригдол чихцэлдэн унтдаг бөгөөд шилэнд бие засч, гялгар уутанд хүндэрдэг нь тухайн орчин нөхцөлийг хүн тэвчихийн аргагүй болгодог байна.
Найроби, Кени /Африк/
Мөн л хоригдлын тоо байнга хэтэрдэг шорон. Найман зуун хоригдолд тооцоологдсон камерт 3800 хэрэгтэн хоригддог. Тэр ч утгаараа хоригдлуудын хэрэгцээний бүх зүйл гачигдмал. Ямар ч агааргүй хэт халуун камерт тэвчихийн аргагүй орчин ноёрхдог байна. Хүн удаан амьдрах боломжгүй ийм нөхцөлд хоригдлууд нас барах юмуу хүндээр өвчлөх нь түгээмэл аж.
Украины шоронгууд
Украины шоронгуудад харгислал, араатан шинж чанар ноёрхдогоороо алдартай. Тэнд бослого, хүчирхийлэл, аллага түгээмэл үзэгдэл. Шорон гэдэг нь гэмт хэрэгтний эрх чөлөөг хязгаарлахаас гадна зөв зүйлд хүмүүжүүлэн сургах давхар үүрэгтэй.
Гэвч Украины шоронгуудад хүнийг хүмүүжүүлэх бус харин ч эсрэгээрээ зэрлэгшсэн араатан мэт болгон хувиргах талтай. Скандинавийн орнуудын шоронгууд гэмт хэрэгтнүүдийг бие, сэтгэлээр нь эрүүлжүүлэх хүмүүжлийн лагер мэт ажилладаг бол Украины шоронгууд үүний дэргэд тамын газар л гэсэн үг.
Роббен, Өмнөд Африк
Өмнөд Африкийн Кейптаун хотын ойрол- цоох арал дээр орших энэхүү шорон 1991 он хүртэл ажилласан. Тус шоронд Өмнөд Африкийн Холбооны Улсын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела хоригдож байсан гэдгээрээ алдартай. Мандела Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо тус шоронг музей болгон өөрчилсөн юм.
Ц.Мөнхжаргал
Эх сурвалж: Үнэн.мн