2013-10-08Энэ удаагийн уламжлалт буландаа "Шулмын инээд" номоороо, тэр дундаа "Зоорь" өгүүллэгээрээ ном сонирхдог,
шимтэн уншдаг залуусын эчнээ танил болсон монголын аймшгийн зохиолч Ц. Ууганбаяртай ярилцлаа.
-Багадаа номтой ойр байв уу. Хэр номын хорхойтон байв?
-Багадаа ном унших их дуртай хүүхэд байлаа. Орцныхоо үүдэнд суугаад л ном уншдаг байсан. "Үүлэн бор", Жюлль Верний "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь", ""Нууцат арал" гээд шимтэн уншиж байсан олон сайхан ном бий.
Өөрөө ч юм бичих гэж оролдог байсан. Сүүлд энэ чадвараа жоохон хөгжүүлж ганц нэг өгүүллэг бичсэн нь хүмүүст их таалагдсанд баяртай явдаг. Тэгээд шантралгүй богино өгүүллэгүүдээ бичиж явсаар ном болгож эмхэтгэх хэмжээнд хүрсэн.
Одоо бол номын дэлгүүр орохгүй долоо хоног ч болж чаддаггүй. Дотоод, гадаадын зохиолчдын шинэ содон ном юу байна гээд хайна. Аль болох шинэ ном болгоныг хоцрохгүй уншихыг хичээдэг.
-Таны номын фондод хэдий хэрийн ном байгаа вэ?
-Тоолж үзээгүй ээ. Номнуудаа хоёр гурван газар хуваагаад хадгалж байгаа. Яг хэд гээд тоо хэлж мэдэхгүй байна. Бага байхаасаа сонирхож уншсан номнуудаа цуглуулсаар байгаад нэлээд олон болсон.
-Өнөөдрийг хүртэл уншсан номныхоо тоог барагцаагаар гаргавал?
-Хэдэн мянга гэж худлаа ярихгүй. Гэхдээ өөрт байгаа номны цуглуулга, бас бус уншсан номнуудаа нийлүүлээд барагцаалбал нэг мянга дөхөх байх.
-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-"Луугийн шивээстэй охин"-ыг уншсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн ном, зохиолын дүр байдаг уу
-Сэтгэлд хоногшсон гээд бодохоор хамгийн түрүүнд миний дуртай төрөл жанрын зохиолууд санаанд орж байна. Стивен Кингийн монгол хэл дээр орчуулагдан гарсан хэд хэдэн зохиолууд байдаг. Ялангуяа "Гялбаа"-г нэрлэмээр байна.
Мөн би уран зөгнөлт, аймшгийн, адал явдалт төрлийн ном унших дуртай болохоор тэр чиглэлийн номыг их эрэл хайгуул болж байж олж уншдаг. Бас "Нunger games"-т дуртай.
-Ном уншихын ач тусыг цөөн үгээр хэлбэл?
-Маш их зүйл нэрлэж болно. Номын ач тусыг цөөн өгүүлбэрт багтааж хэлэхэд. хүний төлөвшилд эерэгээр нөлөөлдөг, аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурдаг, хүлээцтэй болгодог, төсөөлөн бодох чадвар сайжирдаг. Мөн хүний хэл яриаг цэгцтэй болгоно, үгийг оновчтой сонгож хэрэглэдэг болоход хүтэл нөлөөлнө. Ер нь ном уншихын хэрээр ухаан тэлдэг гэж боддог.
-Өөрийн тань хамгийн анхны зохиол хэдэн онд хэвлэгдэж байсан бэ?
-Түүвэр зохиолоо гаргахаас өмнө сонинд богино өгүүллэгүүдээ хэвлүүлдэг байсан. 2005 онд утга уянгын өгүүллэгүүдээ эмхэтгээд "Өгүүлэх үгийн цэцэг" гээд номоо гаргаж байсан.
Богино өгүүллэгүүдээр дагнасан, ахуй амьдралын шинжтэй, хайр дурлалын сэдэвтэй, 21 өгүүллэгээс бүрдсэн ном болсон. Одоо манай найзууд хошигнож миний тэр номыг "Ууганаагийн цагаан ном" гэж нэрлэдэг.
-Аймшгийн зохиол руу хэрхэн хөтлөгдсөн бэ?
-Айх гэдэг чинь хүний эд эсийг сэргээдэг шүү дээ. Би ихэвчлэн шөнө сууж ажилладаг. Ганцаараа шөнө юмаа бичээд сууж байхад салхи сэнгэнэх, хаалга хяхтнах гэх мэтийн давхийлгэсэн чимээ гардаг. Бичих сэдлийг энэ мэтчилэн эргэн тойрны хүчин зүйлүүд л надад өгсөн.
Тухайн үед хэвлэлүүдээр "болсон явдал" нэртэй жижигхэн материалууд гардаг байсан. Яг дагнасан .аймшгийн,зохиол, гэж бараг байгаагүй. Тиймээс бичиж үзэхээр зориглосон. Эхний хэдэн аймшгийн өгүүллэгээ сонинд хэвлүүлсний дараа хүмүүс надад үргэлжлүүлэн бичих санал тавьсан.
Ер нь хүмүүс "галзуу хулгана" тоглоом дээр айх гэж л тоглож, мөнгө төлдөг шүү дээ. Тэрэнтэй адилхан өөр мэдрэмж, шинэ эрч хүч авах гэж аймшгийн зохиол сонирхон уншдаг хүмүүс бий.
Ингэж л аймшгийн зохиол бичих анхны алхмаа хийсэн. Гадаадын мундаг сайн зохиолчдын номыг уншина, санаа авах юм байна. Гэхдээ тэрийг хуулж биш илүү монгол ахуй нөхцөлтэйгөө уялдуулан бичихийг хичээдэг.
-"Зоорь" өгүүллэгийнхээ тухай яриач. Тун удахгүй дэлгэцийн бүтээл болон амилна шүү дээ?
-"Зоорь" бол 2006 оид бичигдсэн өгүүллэг. Миний "Шулмыи инээд" номын гол ноён нуруу, гол зохиол байсан. Энэ өгүүллэг маань хүмүүсээс маш их урмын үг авч байсан. Бичих болсон үндсэн санаа бол хааяа хулгана точигнож сонсогддог, миний нэг ч удаа шагайж үзээгүй манай гэрийн зоорь.
Анхнаасаа том зохиол болгоно гэж бодоогүй. Богино өгүүллэгийн шинжтэй эхэлсэн боловч агуулга нь улам томорч явсаар байгаад бүтсэн түүхтэй. Аймшгийн зохиол сонирхдог их олон хүнээс үйл явдлаа үргэлжлүүлэх, "Зоорь-2" гэж бичээч гэсэн хүсэлт, шаардлага хүлээж авсан.
2013 онд шинээр бичсэн "Зоорь-2" өгүүллэг маань миний "Dark books" цувралын гурав дахь ном болон хэвлэгдэн гарахад бэлэн болоод байна. Аймшгийн зохиол гээд маш их цус нөж, алан хядлага дүрсэлдэггүй. Учир шалтгааныг хайсан, үйл явдал дунд айдсыг мэдрүүлж хөтлөх, сэтгэхүйн тал давамгайлсан байдаг нь миний зохиолуудын бас нэг онцлог байх.
-"Шулмын инээд", "Хар ном", "Зоорь-2" номнууд хэзээ худалдаанд гарах вэ?
-Би өөрөөс шалтгаалах бүх ажлуудаа хийгээд дуусчихсан. Дараа дараагийн ажлуудаасаа шалтгаалаад одоогоор хамгийн цаад талын хугацааг аравдугаар сарын 31 гэж товлоод байна.
-Дараагийн ном төлөвлөгдөж байна уу?
-Төлөвлөгдөж байна. Өмнөхөөсөө арай өөр төрөл жанр буюу зөгнөлт маягийн гурван боть болгох хэмжээний бүтээл гаргахаар зорьж байгаа. Мөн "Хавар амилсан хайр" нэртэй өгүүллэгийн түүврээ бас бичиж байна.
Монголд байхгүй, хараахан гарахгүй байгаа тэр төрөл, орон зайг л би харах гэж хичээж, зөвхөн аймшгийн төрлөөр биш бүхий л төрөл жанраар уншигчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээл хийхийг зорьж байна.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин