2013-10-07Энэ удаагийн дугаартаа Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү,
аавынхаа нэрээр студи байгуулж, уран бүтээлээ туурвиж яваа УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Төмөрхуягтай шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.
-Хамгийн анх дэлгэцийн ямар бүтээлд дүрээ үлдээж байв?
-"Ингэх гээд байсан юм" гээд инээдмийн киноноос уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Хамгийн сонирхолтой нь анхны тайзны уран бүтээл бас "Байцаагч түшмэл" гээд инээдмийн жүжиг байсан.
Тэгэхээр миний тайзны ч, дэлгэцийн ч уран бүтээлийн гараа инээдмийн төрөл жанрын бүтээлүүд байсан. Би өөрөө инээдмийн жанрын жүжигчин биш. Гэхдээ жүжигчин хүн ямар ч төрөл жанрт хувирч чаддаг байх ёстой учраас хэрэндээ л хичээж байсан санагдана.
-Тэгвэл түүхэн киноны хувьд, тэр дундаа "Нялх Сэнгүм"-ийн дүрийнхээ тухай яриач?
-Энэ бол 1989 онд хийгдсэн "Мөнх тэнгэрийн хүчин дор" гээд кино. Анх УГЗ Г.Доржсамбуу багш маань Ц.Төмөрхуягийг тоглуулбал яасан юм гэж найруулагчид санал болгож байсан гэдэг.
Угаасаа нялх Сэнгүм чинь би өөрөө байхгүй юу. Надаас өөр хэн ч энэ дүрийг ингэж бүтээж чадаагүй. Хүмүүс ч Сэнгүм гэхээр тийм л хүн байсан байх гэсэн бодолтой байдаг. Нялх гэдэг үг нь ч түүний гадаад байдлыг хэлээгүй, өөрийн гэсэн бодолгүй, сагсуу, зөвхөн би л чадна гэсэн тавьтиргүй зантай сэтгэхүйг нь илэрхийлсэн байдаг.
Би дүрээ бүтээхдээ өөрөөрөө тоглосон. Миний тоглосон анхны түүхэн дүр шүү дээ. Нялх Сэнгүмд тоглох гэж хүчээ их шавхсан. Миний өөрийгөө ганц тоодог дүр энэ байгаа юм. Энэ дүрд тоглосныхоо дараа л би өөрийгөө түүхэн кинонд тоглож чадах юм байна гэж үнэлсэн.
-Та тайз ба дэлгэцийн нийт хэчнээн дүр бүтээж байсан бэ. Тоо гаргаж үзсэн үү?
-Үгүй ээ. Тоо гаргаж байгаагүй. Яахав барагцаалбал тайз, дэлгэцийн нийлээд ная гаран уран бүтээл бол байгаа байх.
-Ц.Төмөрхуяг жүжигчин ихэвчлэн ямар дүр бүтээсэн байдаг вэ?
-Залуу байхад яагаад ч юм дүр хуваарилахад надад хулиган, танхай,этгээд, сахилгагүй хөдөлгөөнтэй хүний дүр л оногдоод байдаг байсан. Сүүлийн үед л нас яваад, хөгшрөхийн эрхэнд зарим түүхэн дүр, аавын дүр дээр ажиллаж байна.
-"Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд Ц.Төмөрбаатар ахтайгаа хамт тоглосон шүүдээ. Үүнээс өөр тайз, дэлгэцийн хэчнээн бүтээлд хамт оролцсон бэ?
-Дэлгэцийн дөрвөн уран бүтээл бий. Тайзны уран бүтээл ч гэсэн тэр хавьцаа л байгаа.
-Нэг уран бүтээлд хамт ажиллаж байх үед ахаас зөвлөгөө ирнэ биз?
-Мэргэжлийн, биедаасан уран бүтээлчид гэдэг утгаараа тус тусын дүр бүтээх өөрийн арга барил, аргачлалтай. Мөн амьдралыг ажиглаж байгаа ажиглалтууд маань өөр өөр шүү дээ. Бэлтгэл сургуулилтын үеэр ганц хоёр үг хэлэх тохиолдол бол байна. Гэхдээ их ховор доо.
-"Цагааны Цэгмэд" студийн үйл ажиллагааны тухай танилцуулахгүй юу?
-Одоо үйл ажиллагаа явуулаад зургаан жил болж байна. Анх байгуулагдахдаа хүүхэдзалуучуудын сэдвээр дагнасан уран бүтээл, үйл ажиллагаа явуулах үүднээс эхэлж байсан. Тэгээд энэ чиглэлээр монгол "Ералаш"-ийн бараг 80-аад цуврал анги хийсэн. Одоо бол уран бүтээл маань илүү мэргэжлийн шинжтэй болж байна.
-Танд кинонд тоглох урилга хэр их ирж байна?
-Ер нь бол урилга ирдэг л юм. Сүүлийн үед голдуу залуучуудын сэдэвтэй кинонууд хийгдэж байна. Одоо бидэнд аавын, ахын дүр оногддог болсон байна л даа. Биднийг яагаад туслах дүрд тоглуулаад байна гэхээр бид киног чимэглэж өгдөг байхгүй юу.
Тэр дүрийг сайн болгохын тулд чадалтай уран бүтээлчийг ажиллуулах ёстой биз дээ. Гэхдээ бас санал болгосон туслах дүр болгонд тоглоод байна гэж байхгүй. Ямар киноны орон зайг бөглөх гэж байгаа биш. Хааяа заримкиноноос татгалзах үе гарна.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаасаа хуваалцаач?
-Манай театр "Норовын намтар", "Эцсийн зогсоол бол зөвхөн чи" зэрэг жүжгүүдийг найруулан тавьсан. Энэ жүжгүүдэд дүр авч ажиллалаа. Одоо тун удахгүй шинээр тавигдах "Дон Кихот" жүжгэнд тоглохоор бэлтгэл ажил хийгдээд явж байна.
-Тэгвэл дэлгэцийн уран бүтээлийн хувьд?
-Яг одоо зураг авалт нь хийгдэж байгаа "Зоосны хоёр тал" гээд кинонд нэгэн аавын дүрд тоглож байна. "Зоосны хоёр тал" гэдэг бол одоогоор ажлын хэсгийн л нэр. Мөн зун зургаадугаар сард зураг авалтаа хийсэн, одоо тун удахгүй нээлтээ хийх "Аягүй тэнэг ээ" нэртэй инээдмийн киноны найруулагчаар ажиллалаа.
-Найруулагчаар ажилласан хэчнээн дэлгэцийн уран бүтээл байдаг бол. Энэ кино хэд дэх бүтээл вэ?
-Нэг их олон биш. Дөрөв таван кино бий. Ихэнхдээ л телевизэд өгч байсан, хүүхэд, залуучуудын сэдэвтэй кино байгаа.
-"Хайртай бол хартай" киноныхоо тухайд?
-Хийгдэхээс нь өмнө бараг долоо найман жил бодож явсан санаа л даа. Тэр санаагаа дүрсэнд буулгаад үзэгчдэд хүргэсэн байдал минь энэ юм. Цэвэр инээдмийн кино.
-Найруулагчаар ажилласан кинонуудынхаа зохиолыг та өөрөө бичдэг. "Аягүй тэнэг ээ"киноны зохиолыг бас та бичсэн үү?
-Ер нь студийнхээ бүтээж буй жүжиг, киноны зохиол дээр өөрөөажиллах гэж оролддог. Харин энэ удаагийн "Аягүй тэнэг ээ" эмгэнэлт инээдмийн киноны үндсэн санааг жүжигчин Д.Даулетжан гаргасан. Харин түүн дээр нь манай уран бүтээлчид ярилцаж зохиолоо бичсэн.
-"Аягүй тэнэг ээ" кинонд хамтран ажилласан баг, уран бүтээлчдийнхээ тухай?
-Киноны гол дүрүүдэд МУСТА Р.Алтансүх буюу Аси, Д.Даулетжан, Г.Отгонцэцэг зэрэг жүжигчид тоглосон. Мөн жүжигчин МУГЖ Ж.Оюундарь, Ө.Ихбаяр буюу Чапи, манай ахмад жүжигчид болох МУГЖ Д.Цэрэндарьзав, МУГЖ Ё.Цог, МУСТАТ.Карма гээд олон жүжигчид оролцон тоглосон байгаа.
-Энэ киногоороо үзэгчдэд чухам юу хэлэхийг, ямар санаа өгөхийг хүссэн бэ?
-"Аягүй тэнэг ээ" кинонд адал явдалт, инээдмийн, уянгын гээд үндсэн гурван жанр давхардаж явж байгаа юм. Ер нь өнөөдөр амьдралд муу үйлдэл сайнаасаа илүү давамгай байгааг, сайн үйл хийж байгаа хүн ховорджээ гэсэн санааг үзэгчдэд эргүүлж тавиад байгаа юм.
Манай кинонд гарах зарим үйл явдлууд хүний нүдэнд "тэнэг" юм шиг харагдах боловч цаагуураа хүний нинжин сэтгэл, хүнчанар, хүмүүс нэг нэгэндээ дасах, нэг нэгийгээ хайрлах гээд олон сайхан гэрэл гэгээтэй зүйлүүдийг өгүүлэх болно.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин