2013-10-03Татварын байцаагч эмэгтэй Э-г өс хонзонгийн сэдлээр 75 удаа хутгалж хөнөөсөн Ц.Туяад холбогдох шүүх хурал өчигдөр
Баянгол дүүргийн шүүхэд нээлттэй болсон. Уг шүүх хуралд хохирогчийн өмгөөлөгч В.Даваасүрэн болон аав, ээж ирсэн бол шүүдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч Э.Ганбат болон ар гэрийнхэн ирсэн.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Батболд гэрчээр оролцох хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Д.Батболд шүүх хуралд өөрийн биеэр хүрэлцсэн ирсэн юм. Шүүх хурлын бүрэлдэхүүнд шүүдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч Э.Ганбат Б.Одонтунгалаг өмгөөлөгч өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа учраас шүүх хуралд оролцож чадахгүй байгаа.
Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Шүүгдэгч Ц.Туяа гэсэн шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэйгээ оролцохоо хэлсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд энэ сарын 11 -ны өдрийн 10.00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулав.
Шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гармагц хохирогч Э-гийн ээж нь Ц.Туяа руу цүнхээ шидэж "Алуурчин хэмээн орилж, миний охиныг алсан алчуурчинд цаазын ялыг өг. Энэ хүн миний охины аминд хүрсэн байхад шүүх хурал нь яагаад хойшилж байгаа вэ. Манай улс цаазын ялтай орон биз дээ. Хийсэн хэрэгтэнд тааруулаад ял оногдуул.
Төрүүлсэн үрийн минь амийг яаж хөнөөж чадав аа алчуурчин" хэмээн уйлав. Харин шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч Э.Ганбат дараагийн шүүх хурлыг хаалттай хийх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан юм.
Ц.Туяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 гэсэн зүйл ангиар ялласан байгаа. Тус зүйл ангид өс хонзонгийн сэдлээр хүнийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн заасан байдаг. Тиймээс түүнд хуулийн дагуу 25 жилийн ял эсвэл цаазын ял оноох заалт үйлчлэх нь бололтой.
"Би ямар ч тайлбар өгөхгүй" гэв
Д.Батболдоос дараах зүйлийг тодрууллаа.
-Шүүх хуралд та гэрчээр оролцож байгаа юм уу?
-Би ямар нэгэн тайлбар өгмөөргүй байна.
-Та ажлаа хийж байгаа юу?
-Хийхгүй байгаа. Өөр ямар нэгэн тайлбар өгөхгүй хэмээн хэвлэлийнхнээс зугтаасан юм.
Хаалттай хийх үндэслэл байгаа
Шүүгдэгч өмгөөлөгч Э.Ганбатаас дараах зүйлийг тодрууллаа
-Та энэ хэрэг дээр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Мөрдөн байцаалтын шатанд байх үеэс. Одоо шүүх хурал хурал хойшилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг тавьж байсан. Хаалттай байх үндэслэл байгаа юу?
- Хуулиндаа хаалттай хийх үндэслэл байгаа. Шүүх бүрэлдэхүүн хаалттай хийх үгүйг нь шийднэ.
Ц. Туяаг батлан даалтад гаргахгүй
Хохирогч Э-гийн өмгөөлөгч В.Даваасүрэн дараах зүйлийг тодрууллаа.
-Д.Батболдыг гэрчээр дуудсан гэсэн. Энэ хэрэгт ямар үндэслэлээр дуудсан бэ?
-Гэрчээр дуудсан үнэн. Шүүх хуралд ирсэн байгаа. Ямар байдлаар оролцохыг хэлэх боломжгүй юм.
-Д.Батболд хохирогчийн ар гэртэй холбоотой байгаа юу?
-Хохирогчийн ар гэртэй холбоотой байхгүй байгаа.
-Шүүгдэгч Ц.Туяаг өмгөөлөгч батлан даалтад гарах хүсэлтийг удаа дараа гаргасан гэсэн. Ер нь батлан даалтад гарах үндэслэл байгаа юу?
-Байхгүй шүү дээ. Тэгээд ч бид Ц.Туяаг батлан даалтад гаргуулахгүй.
-Энэ хэрэгт холбогдуулан Д.Батболдыг сэжигтнээр татах үндэслэл байгаа юу?
-Манай Эрүүгийн хуульд явдалтай хүмүүсийн талаар хуулийн заалт байхгүй. Тийм учраас сэжигтнээр татах боломжгүй байна. Шүүх хурал хойшилсон учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй байна гэв.
Ц.Туяа яагаад хүний аминд хүрэх болов
Ц.Туяа Татварын албанд 5-6 жил ажилласан байцаагч бөгөөд ээж нь өвчний улмаас нас барсан гэнэ. Тэрбээр эхнэр хүүхдээсээ салсан Д.Батболд гэх эртэй суугаад удаагүй байхад нь нөхөр нь хохирогч Э-тэй орооцолдсон байна. Д.Батболд шүүгдэгч Ц.Туяад “Volkswagen” үйлдвэрийн "Тоuareg" маркийн автомашин бэлэглэж байжээ.
Удалгүй талийгаач Э-тэй дотно харьцаатай болж, талийгаач Э-д ч мөн "Volkswagen" үйлдвэрийн "Тоuareg" маркийн автомашин бэлэглэсэн аж. Үүнийг нь мэдсэн Ц.Туяа хайртай баян амрагаа хамт ажилладаг залуухан бүсгүйдээ алдахыг хүсээгүйдээ ийнхүү аймшигт хэргийг үйлджээ.
Хоёр бүсгүйн дунд гүйсэн Д.Батболд гэж хэн бэ?
Д.Батболд хоёр бүсгүйд хоёуланд нь нэлээдгүй үнэтэй "Волксваген Таурег" маркийн авто-машин бэлэглэж байсан бэл бэнчинтэй нэгэн. Тэрбээр өмнө нь татварын байцаагчаар ажиллаж байгаад Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд Хуулийн хэлтсийн даргаар ажиллах болсон байна.
Улмаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам хоёр тусдаа салахад Уул уурхайн яаманд үлдэж Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн хийж байсан гэнэ. Тэгвэл өдгөө тушаал дэвшиж Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалыг хашиж байсан.
Д.Батболд хуульч мэргэжилтэй. Хоёр бүсгүйг ийм байдалд хүргэж, ижил маркийн автомашин бэлэглэж явсан бэлтэй эрд чухам ямар хариуцлага ногдуулах нь тодорхой бус байна. Хуулийнхны үзэж буйгаар Д.Батболдод эрүүгийн хариуцпага тооцох ямар ч үндэслэл байхгүй гэнэ.
Ямартаа ч хардалтаас болж нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдсан. Харин хэргийг үйлдэхэд хүргэсэн Д.Батболд гэх залуу ямар ч ял, шийтгэл хүлээхгүйгээр үлдэх нь.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин