2013-10-01-Эдийн засгийн хүндрэлээс яаралтай гарахын тулд ээлжит бус чуулганыг хуралдуулсан ч үр дүнд хүрсэнгүй.
Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газраас оруулж ирсэн хуулиуд нь хэтэрхий түүхий, сайн боловсруулаагүй байсан. Монголын эдийн засаг болон цаашдын хувьд заяанд нөлөөлөхүйц ийм томоохон хуулиудыг батлахдаа алдаа гаргаж хэрхэвч болохгүй. Үүнийг ч манай гишүүд олж харсан.
Мэдээж УИХ бүх зүйлийг олон талаас харж нухацтай хандах ёстой. Харин Засгийн газарт нэг талаасаа томоохон сургамж боллоо гэж бодож байна. Аливаа асуудлыг боловсруулахдаа хурдан, түргэн түүхий биш илүү нухацтай хандах ёстой юм байна гэдгийг ойлгосон болов уу.
УИХ бол хууль тогтоох дээд байгууллага болохоос Засгийн газрын нэг хуулийн хэлтэс биш шүү дээ. Засгийн газрын оруулж ирсэн болсон, болоогүй хуулийг үг дуугүй батлах нь бидний үүрэг биш. Тэр утгаараа энэ парламент жинхэнэ Их хурал байж чадлаа.
-Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр таны байр суурь?
-Өнөөдөр бид хөрөнгө оруулалтыг арай өөр өнцгөөс харах цаг нь болсон гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд бид хөрөнгө оруулалтаас юу авч үлдэв, юугаа алдав гэдэг сургамж бий.
Ерөөс бид хөрөнгө оруулалтыг ямар чиглэлд татах ёстой, ямар салбараа гаднын хөрөнгө оруулалтгүйгээр өөрсдөө хийж чадах, ямрыг нь гаднын хөрөнгө оруулагчгүй бол чадахгүй байгаа юм гэдэг сургамж өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хуримтлагдлаа.
Тэгэхээр одоо энэ бүхэн дээр үндэслээд хөрөнгө оруулалтыг өөрөөр харах цаг болсон. Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн хугацаанд бид хөрөнгө оруулалт гэх нэрийн дор баялгаа гадагш урсгасан зүйл хийж байсан. Түүнээс бодитой бүтээн байгуулалт өрнөөгүй.
Нэг эерэг тал нь юу байсан гэхээр “Юу юугүй мөнгө оруулж байгаа гаднынхныг шүтэж болохгүй юм байна шүү. Тэд чинь бас ашиг хайж явдаг юм шүү” гэдгийг ойлгосон. Тэгэхээр юуны түрүүнд хөрөнгө оруулалт гэж чухам юу юм гэдгийг тодорхойлох ёстой.
Ямар салбартаа хөрөнгө оруулах вэ, аль салбартаа гаднын хөрөнгө оруулагчгүй явах юм гэдэг бодлогын ялгаагаа гаргаж тавих ёстой. Эдгээр шалгууруудыг авч үзэх юм бол саяны орж ирсэн хуулиуд арай дэндүү түүхий байсан.
-Хуульд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл татвараас чөлөөлөх тухай заалт бий. Дотоодын компаниудын тухай авч үзвэл манайд 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх чадалтай цөөхөн хэдхэн компани байгаа шүү дээ. Энэ нь цаагуураа эдгээр хэдэн компаниудад зориулсан хууль болчихоод байх шиг?
-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг бол гаднын томоохон компаниудад юу ч биш. Манай улсын аль нэг салбарт хөрөнгө оруулъя гэвэл хаана нь ч хүрэхгүй л мөнгө шүү дээ. Харин энэ мөнгийг дотоодын компанийн хувьд аваад үзэх юм бол монголын цөөхөн хэдэн хүний халааснаас гарах мөнгө.
Бид ч тэдгээр компаниудыг толгой дараалаад бараг нэрлэж чадна. Нэг талаасаа энэ нь хардлага төрүүлээд байгаа нь үнэн. Эдгээр компаниуд гаднын хөрөнгө оруулалтыг далимдуулж өөрсдөдөө татварын хөнгөлөлт эдлэх боломж олгох гэсэн ийм арга харагдаж байгаа юм.
Нөгөө талаар эдгээр дотоодын компаниудыг, гадаадын хөрөнгө оруулагчидтай эн зэрэгцүүлж томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллуулж, гадаад зах зээл рүү орох тэр чадавхийг нь бүрдүүлэхэд энэ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ашиглаж болохгүй юм байхгүй л дээ.
Гэхдээ л нөгөө талд жижиг дунд бизнесийнхэн үлдээд байгаа хэрэг. 100 саяас нэг тэрбумын хооронд эргэлддэг хөрөнгөтэй дунд бизнесийг өсч хөгжихөд ямар ч дэмжлэг байхгүй. Зөвхөн 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтыг, хөрөнгө оруулалт гэж үзэх нь учир дутагдалтай. Зөвхөн томчуудад хамаатай хууль болсон нь харамсалтай.
-Тэгэхээр нарийн тооцоо судалгаагүй хууль оруулж ирсэн нь харагдаж байна л даа?
-Үнэндээ ямар ч тооцоо судалгаа байхгүй. Шулуухан хэлэхэд манай Засгийн газар “Рио-Тинто” компани буюу гаднын зарим нэг компанийн шахалтаар л эдгээр хуулиудыг оруулж ирсэн шүү дээ.
Тэгэхээр гаднын нэг компанийн хийсэн зүйлд автаж Монголын төр ийм эмгэнэлтэй зүйл хийж болохгүй ээ. Угаасаа “Рио-Тинто”-гийн шахалт, Оюутолгойгоос үүдэлтэй нөхцөл байдлаас болж эдгээр төслийг яаруу, сандруу оруулж ирсэн.
-Яагаад заавал “Рио-Тинто”-той холбоотой гэж?
-Ойлгомжтой зүйл шүү дээ. Үүнийг ойлгож ядаад байх зүйлгүй. Ээлжит бус чуулганы өмнөхөн “Рио-Тинто” гадаад дотоодын хэвлэл, мэдээллээр Монголын Засгийн газрыг буруутгасан, Монголд хөрөнгө оруулах орчин таагүй байна гэх зэрэг пиарыг хангалттай хийсэн. Тэгээд үүний дараахан ээлжит бус чуулганг зарлаж эдгээр хуулийн төслийг оруулж ирсэн.
-Тэгэхээр “Рио-Тинто”-гийн шахалтаар манай Засгийн газар эдгээр хуулиудыг оруулсан гэж ойлгож болох уу?
-Нөхцөл байдал угаасаа тэгж харагдаж байна.
- Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн талаар хоёр тал Лондонд хэлэлцээр хийсэн. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Одоогоор мэдээлэл алга байна. Оюутолгойн гэрээ болон бусад нөхцөл байдлаас үүдээд Оюутолгойн ТУЗ-д ажиллаж байсан гурван хүний мэдээллийг УИХ-ын чуулган дээр сонсох хүсэлт тавьсан.
Харамсалтай нь ажлын хэсэг дээр л тэдгээр гурван төлөөллийг дуудаж уулзуулах бололцоогоор хангана лээ. Уг нь УИХ-ын чуулган дээр бүх гишүүд мэдээлэл авах ёстой.
-Намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар манай эдийн засаг хурдан сайжрах боломжтой юу?
-Энэ хууль батлагдвал хөрөнгө оруулалт шууд нэмэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол нь бид бодлогоо маш сайн хуульдаа суулгаж өгөх ёстой. Гаднын хөрөнгө оруулалтыг татах салбараа тодорхой зааж, тэнд орох хөнгөлөлтүүдээ тодорхой болгох юм бол бидэнд том боломж харагдаж байгаа.
Тиймээс тодорхой төслүүд дээр гаднын хөрөнгө оруулагчдын өрсөлдөөнийг бий болгох нь зөв.
Д.Ангараг
Эх сурвалж: Үнэн.мн