2013-09-28“ТВ-9” телевизийн уран сайхны зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн О.Соёлттой ярилцлаа.
-”ТВ-9” телевиз арван жилийнхээ ойтой золгож байна. Энэ он жилүүд таны амьдралтай ч салшгүй холбоотой байх?
- Тийм ээ. Би энэ телевизийн анхны шонг таталцаж явсан хүн. Манай анхны захирал Н.Дуламсүрэн “Шинэ телевиз нээж байна. Та ерөнхий найруулагчаар нь ажиллахгүй юу” гэж урьсан.
Та ерөнхий найруулагчаар нь ажиллахгүй юу” гэж урьсан. Би тэр үед “UBS” телевизэд ажилладаг байлаа. Л.Балхжавд ажлаасаа гарах болсноо хэлэхэд “Таны сонголтыг би хүндэтгэнэ. Яаж хорих билээ” гэсэн. Тэгээд “ТВ-9” телевиздээ ирж ажлаа эхлүүлсэн дээ. Намайг ирэхэд телевизийн бүх зүйл ширээний нүдэнд байлаа. Нэрээ ч өгөөгүй, лого, өнгө ямар байх талаар яригдаж байсан. Шинэ телевиз байгуулахад саад бэрхшээл, түүний хажуугаар сайн сайхан зүйл их тохиолдоно. Тэр бүхнийг анхны хамт олонтойгоо туулж байлаа.
-Анхны нэвтрүүлгүүдээ цацаж эхлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ. Ямар нэвтрүүлгүүд гаргаж байв?
-Шинэ зүйл бүхэн содон, хүмүүс чих тавьж сонсдог, хүлээдэг тийм л үе байсан. Бид телевизийн нэр логогоо “Шар нохой” студийн залуустай хамтран гаргаж билээ. Тэгээд эрүүл мэнд, спорт, танин мэдэхүй гээд телевизийн хөтөлбөрт багтах бүхий л нэвтрүүлгийг хийсэн. Гэхдээ шинэ телевиз учраас шинэлэг, өөрсдийн онцлогийг харуулсан бүтээл гаргах нь чухал байлаа. Шашны нэвтрүүлэг давамгайлж байсан. Мөн үзэгчид “Хаана явна” ток шоуг маань их үздэг байсан. Усанд хаясан чулуу шиг алга болсон олны танил эрхмүүдийн талаар үзүүлнэ. “Энэ хүүхнүүд үү” киноны Мандах, “Цахиур төмөр” киноны жүжигчдийн талаар гээд л олон ч дугаар гаргасан. Энэ нэвтрүүлгийг одоо ч хүмүүс сонирхон хүлээж авах болов уу гэж боддог.
-Хурдан морины уралдааныг анх удаа шууд дамжуулж байсан гэсэн. Ер нь үндэсний спортод ч ихээхэн ач холбогдол өгдөг байх?
-Тийм ээ. Үндэсний бөх, морины уралдааныг анх удаа шууд дамжуулж байсан. Тэр үедээ жаахан эмээж байсан ч дамжуулалт бүр маань амжилттай болсон. Мөн хөл бөмбөгийн тэмцээн байна. Манай Б.Балжиннямыг хөзөр тоглодог хөдөөний хүмүүсийг хөлбөмбөгт оруулсан гэж ярьдаг юм билээ. Бид тив дэлхийн олон арван тэмцээнийг шууд дамжуулж чадсан шүү.
-Телевизийн салбар хүрээгээ тэлж, бүл нэмсээр байна. Арван жилийн өмнө энэ салбарт өрсөлдөөн хэр байсан юм бэ?
-Монголын хэвлэл мэдээллийг атгасан таван телевиз л байлаа. Шинэхэн байгуулагдсан телевиз тэдэнтэй өрсөлдөхөд маш хэцүү байсан. Оюун ухаан, хүч чадал, техникийн хувьд ч бид бүхнээ зориулсан. Тэгээд анхны жилээ шилдэг телевиз болсон шүү. Телевизийн урлаг хамтын бүтээл. Бид сэтгэл зүрхээ зориулан атгасан гар шиг ажиллаж чадсан болохоор богино хугацаанд амжилтад хүрсэн. Тэр шагнал бидэнд том ташуур болсон юм.
- Таныг “Эзэнгүй айл” киноны найруулагчаар ажилласан гэж сонссон. Телевизийн урлагт хөл тавьсан үеэ дурсахгүй юу?
-Кино үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. 1985 онд зураглаач Б.Дашзэвэг ах маань намайг хөтөлж оруулж билээ. Найруулагч болно гэж бодож ч яваагүй. Кино үйлдвэрт ороод нэг хэсэгтээ хар бор ажил хийсэн. Анхны гар бие оролцож явсан бүтээл маань “Аман хуур”. Энэ кинонд туслах найруулагч хийх хувь надад тохиосонд баярладаг. Түүний дараа Архангай аймгийн театрын найруулагчаар 10 гаруй жил ажилласан даа. Тэгээд хотод ирээд Үндэсний телевизэд найруулагчаар ажиллах боллоо. До.Чулуунбаатар, А.Даваасамбуу нартай гар нийлэн олон уран бүтээл хийсэн. Нэг өдөр зохиолч Б.Гомбо “Эзэнгүй айл” киноны зохиолыг над дээр барьж ирсэн. “Үндэсний телевиз”-д өгөөд хийх янзгүй байна. Чи нэг оролдоод үзээч” гэсэн. Шилжилтийн үе болохоор уран бүтээлчдэд их хэцүү байлаа. Зарим урлагийн байгууллагууд хаалгаа барьсан. Гэсэн ч надад зохиол нь их таалагдсан болохоор хаячихаж чадаагүй. Л.Балхжав захиралд киногоо танилцуулахад дэмжинэ гэдгээ хэлсэн. Тэгээд л уран бүтээлийнхээ ажилд орсон юм.
-Тэр үед олон ангит кино битгий хэл нэг ангит кино хийхэд ч их хэцүү байсан гэдэг. Их л зориг гаргаж дээ?
-Тийм ээ. “Эзэнгүй айл” яг үнэндээ Монголын анхны олон ангит кино. Хөрөнгө мөнгөний асуудал их хэцүү байлаа. Ёстой хойт хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэдэг л болсон. “Хэцүү, болохгүй бүтэхгүй” гэж түлхэхгүйгээр хүлээн авч зориглосон Балхаадаа баярлаж явдаг даа.
-Хүмүүст их хүрсэн байдаг. Тухайн үеийн амьдралаас урган гарсан болохоор тэр байх?
- Шилжилтийн үе хүн бүхэнд юм бодогдуулж, хүн бүрийн сэтгэлийг донсолгож байлаа. Киноны баг маань их сайхан бүтсэн. Ардын жүжигчин Б.Гомбосүрэн, Н.Жамсранжав, Г.Дугаргарамжав гээд л мундагчууд тоглосон. Бид энэ бүтээлээ бор зүрхээрээ л хийсэн. Тэр үед бүх л шинэ зүйл хүмүүсийн сонирхлыг татдаг байлаа. Тэр ч утгаараа манай киног их сайн үзсэн. Гэр бүлийн амьдралын сайхан муухай, мөнгөний үнэ цэнэ гээд л гэгээлэг атлаа асуудал дэвшүүлсэн бүтээл болсон доо.
-“Хаврын шувууд” цуврал нэвтрүүлэг тань хүмүүст нэгийг бодуулж, ухаарал хайрласан байдаг. Энэ нэвтрүүлгийг хийх санаа тань хэрхэн төрсөн юм бэ?
-Зохиолч Лувсанцэрэнгийн “Хаврын шувууд” нэртэй өгүүллэгийг түүвэр гардаг байлаа. Хүмүүс их уншдаг, би ч их дуртай байсан. Тэр хүн нас барахад би дотроо их харамссан. Энэ хүний тухай хөрөг нийтлэл хийх ёстой гэдгээ ойлгосон. Тэр хүн хаврын шувуудтай адил монголын утга зохиолд орж ирсэн атлаа намрын шувуу шиг буцаагүй. Уран бүтээл нь бидний дунд мөнхөд үлдсэн. Энэ л санаагаар нэврүүлгээ хийсэн. Энэ нэвтрүүлгээ цуврал болгон 30 гаруй дугаар хийсэн юм. Авьяас билэгтэй хүмүүс богино насалдаг гэдэг ортой ч юм шиг. Ж.Бунтар, П.Адарсүрэн гээд миний хайртай байсан уран бүтээлчид тэнгэрийн оронд одлоо. Сэтгэлд нэг л зүйл тээглээд болдоггүй байсан. Энэ л эмзэглэлээрээ “Хаврын шувууд”-аа бичсэн юм. Ер нь хүний сэтгэл хөглөгдсөн үед сайн бүтээл төрдөг. “За би хийе” гээд дайраад ороход сайн уран бүтээл гарахад хэцүү.
-Найруулагч хүн ер нь тал бүрийн авьяастай байх юм. Та нийтлэл нэвтрүүлгээ өөрөө бичиж, найруулдаг байж?
-Багадаа шүлэг бичдэг байсан маань энэ салбарт ажиллахад нэмэр болсон юм. Уг нь До.Чулуунбаатар, А.Бадамсамбуу хоёртой гар нийлдэг байлаа. Тэд нийтлэлээ сайн бичдэг, сайн сэтгүүлчид учраас би найруулагчийн зүгээс л ажилладаг байсан. Гэтэл тэр хоёр маань нэг л өдөр намайг орхиод өөр өөрсдийн амьдралаа хөөгөөд явсан. Анхнаасаа сайн гараар орсон хүнд өөр сэтгүүлчдийн юм жаахан дутуу санагддаг юм билээ. Тэгээд өөрөө бичиж эхэлсэн юм. Хүүхдүүд маань унтаад л гадаа нохой хуцах чимээ ганц хоёр сонсогдох тэр л нам гүм дунд нийтлэлээ бичээд суудаг байлаа. Бидний үеийнхэн ажилдаа дуртай, хайртай гэж жигтэйхэн байсан. Нэг л зүйл эхэлсэн бол дуусгаж байж санаа амарна.
-Өөрөө бичиж найруулсан анхны бүтээл тань юу байв?
-Би зуун айлын гэр хороололд амьдардаг байсан. Нийтлэлээ бичээд, найруулгаа хийгээд өөрөө бүхнийг гардаж хийсэн бүтээл маань тэнд л төрсөн. “Борчуудын хороололд борооноос өөр шүршүүргүй” гэдэг нэртэй байсан. Амьдрал намайг энэ нэвтрүүлгийг хийхэд хүргэсэн юм. Гэр хороололд хогны машин ирэхээр бөөн юм болно. Үнс хогоо барьсан хүмүүс тал талаас гарч ирээд л бараг нэг нэгэн дээрээ ачих нь холгүй юм болно. Би телевизийн найруулагч хүн. Тэр их хог хир буртагийг арилгах гэдэг хэцүү дээ. Ядаж байхад халуун ус байхгүй. Тэр л санаанаас “Борчуудын хороололд борооноос өөр шүршүүргүй” нэвтрүүлэг маань төрсөн. Түүнээс хойш 20 гаруй цуврал асуудал дэвшүүлсэн нийтлэл нэвтрүүлэг хийсэн байна.
-Телевизийн салбар олон залуу уран бүтээлчээр цус сэлбэгдэж байна. Таны сэтгэлд хүрэх боловсон хүчин ховор байна уу?
-Залуус маань юм хийж байна. Түүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ уулан мод урттай богинотой гэдэг шиг сайн нь байхад муу нь ч байна. Гэхдээ телевизийн тоо ихсээд босго их намхан болжээ. “Эндээс явлаа гэхэд тэр телевизэд орчихно” гэсэн санаатай хүн олон байна. Уг нь телевизийн босго өндөр бол уран бүтээлчдийн чадвар сайн байна. Би ингэж л боддог.
-Та “TВ-9” телевизийг мэндлэхээс нь эхлээд арван жил хамт байсан. Телевизийнхээ хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Ер нь үзэгчид манай телевизийг их сайхан хүлээж авдаг. Тэдний хайр энхрийлэл алхам бүрт маань мэдрэгддэг. Монголд олон телевиз байна. Ямар ч гэсэн айргийн тавдаа багтаж байна. Гэхдээ өнгөрсөн жил жаахан таагүй зүйл болсон. Харцаараа бие биенээ ойлгодог байсан хамт олон минь хагарлаа. Ганц нэг хүн телевизээс явж л байдаг. Гэтэл нэг хэсгээрээ явна гэдэг их хэцүү байсан. Гэхдээ одоо залуучууд маань хичээж байна. Хямралын зурвасыг ямар ч гэсэн давлаа. Цаашид телевизээ өндөрт өргөж явна гэдэгт итгэж байна.
Т.БАТСАЙХАН
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН