2013-09-27...Тус намынхан 1996-2000 онд гурван ч Засгийн газрын маанийг уншиж, Ерөнхий сайдыг дөрвөнтөө сэлгэн байж
дараагийн сонгуультай золгож байв. УИХ-д олонхи болсон энэ бүрэн эрхийн хугацаанд ямар ч байсан нэг удаа Засгийн газрыг сэлгэх нь тодорхой болов.
Хамгийн олзуурхууштай нь АН- ын энэ удаагийн хагарал, зөрчил улс орныг аврах авралын гарц болж мэдэх юм. Учир нь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг л биш бол... гэсэн бодол сэтгэхүй нийтэд тархсан байна.
Н.Алтанхуягийг “авлах” ажиллагаа нам дотроо сэм өрнөж буй тухай шивэр авир гэлцэх болов. Олны чихэнд ил зарлаж байгаад фракц, бүлэглэлийн найраагаар албан тушаал, аваа өгөөний наймаа хийдэг тус намынхны хувьд энэ тийм ч гайхмаар шинэ мэдээ биш.
Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал, өөрийнх нь намын гишүүдийн ярьж буйгаар бол УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар нэг л биш байгаа аж. “Эд нэг л биш ээ” гэдгийг өнгөрсөн жилийн сонгуулийн үр дүнд УИХ байгуулагдахад, удаалаад Засгийн газар эмхлэгдэхэд олон нийт, сөрөг хүчин олонтаа сануулсан.
Харамсалтай нь АН-ынхан тэр чигээрээ алга ташсаар нэг л биш нөхдийг нэрмээс болгосоор эдүгээ хүрсэн. Харин өнөөдөр хожимдсон хэдий ч үүрэг, хариуцлага ярьж, өөрийн нам гэлтгүй буруу зөвийг нь шүүмжилж байгаа нөхдөд талархахаас өөр аргагүй юм. Энэ бол улс орныг, цаашлаад АН-аа ч аврах гарц болж магадгүй.
Мэдээж УИХ-д хамгийн олон суудалтайнх юу билээ, ажлаа хийж чадахгүй байгаа Н.Алтанхуягаа огцруулаад оронд нь засгийг тэргүүлэх, бодож санаснаа хэрэгжүүлэхийг зорьж буй хүн ч байгаа. “Шинэчлэлийн” хэмээх гоё нэртэй ч шинэчлэх нь байтугай ухрааж, нурааж буй Засгийн газрын тэргүүнийг халж солихтой нийтээрээ бараг санал нэгдэж байна.
Гэвч дараагийн танхимыг хэн тэргүүлж, хэрхэн зөвшилцөж ажиллах вэ гэдэг асуулт дагуулах нь тодорхой. Засгийн малгайг солихоор АН-ын дотоодод шуударсан галт тэрэгний дохиогоор бол ҮХАА-н сайд Х.Баттулга, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, “фортуна” хэмээх Н.Батбаяр нар дараагийн танхимыг тэргүүлэхээр битүүхэн горилж байгаа гэх.
Гэхдээ яаж ч бодсон фракцуудын тохироог урьдын адил харгалзаж үзнэ. Энэ утгаар авч үзвэл Ерөнхий прокурор Д.Дорлигжав дараагийн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай хүнээр тодорч байна. УИХ-ын гишүүн болох гэж насаараа мөрөөдсөн түүний хоёр дахь чин хүсэл Ерөнхий сайд болох юм гэнэ лээ.
Удаа дараа нэр дэвшээд өвдөг шороодсон ч том албан тушаалуудад байнга томилогдож ирсэн тэрбээр сонгогдох хувьгүй ч, томилогдох заяатай хүн хэмээх алдрыг хүртэл хүртсэн билээ. Энэ удаа ч томилогдох заяа нь түших магадлал өндөр гэлцэнэ.
Учир нь Д.Дорлигжав АН дахь фракцуудын, тэр бүү хэл МАН-ын зарим хэсгээс ч дэмжлэг авах магадлал өндөр. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэдэг. Тиймдээ ч Улсын ерөнхий прокурорын албанд Төрийн тэргүүний дэмжлэгээр томилогдсон.
Огцрохоор дуншиж буй Н.Алтанхуягийн талаас ч “Увсын фракц” гэх сүлбээгээр дэмжлэгтэй гэх юм билээ. Тиймээс дараагийн засгийн тэргүүнийг түүнийг гээд хэлчихэд хэтэрхий хазайсан таамаглал болохгүй болов уу. Олон нийт ч, нам дотроо ч “женко” Х.Баттулгыг дараагийн Ерөнхий сайдаар томилогдоно гэх яриа байдаг.
Гэхдээ нэгдүгээрт, тэр бол АН дахь нэг л фракцын хүн учраас нийтийн эрх ашгийг зангидна гэдэг учир дутагдалтай. Нэг хэсгийн түрэмгийллээс дайжиж, нийтийн эрх ашгийг хангахын тулд магадгүй АН- ынхан Н.Алтанхуягийг суудлаас нь буулгах гэж байгаа.
Гэтэл нэг фракцын тэргүүнээр засгийг толгойлуулчихвал өмнөхөөс долоон дор юм болж ч мэднэ. Хоёрдугаарт, түүний тусгай дунд боловсролын төвшин ямар нэг хэмжээгээр тээг болно.
Гуравдугаарт, Х.Баттулгын Монголын төмөр замын бодлогод зуурсан бантан түүнийг хэтэрхий өндөр албан тушаалд тавихгүй байх хангалттай том шалтгаан билээ. Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр нарын хувьд янз бүрийн шалтгаанаар угаасаа дэмжлэг авахгүй.
“Хэдэн нөхөр Засгийн газрыг шүүмжлээ л биз, үүний төлөө дараагийн Ерөнхий сайдыг ярих эрт юм биш үү” гэх хүмүүс бас байна. Гэвч зөвхөн АН-ын бус улс орны эрх ашгийн үүднээс дараагийн галт тэрэг аль хэдийнэ хөдөлжээ. Ажил хийж буй хүнийг шүүмжлэх нь хөндлөнгийн хүнд туйлын амар байдаг.
Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газарт хийсэн ажил маруухан тул ардын санаатай нийлж буй АН-ын хэсэг нөхдийг албан тушаалын донтон мэтээр харах нь ч бас өрөөсгөл мэт.
Н.Алтанхуяг нарыг анхнаасаа олны нүдэн дээр шүүмжилж байсан нэг л нөхөр байсан нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Түүнийг мөн л албан тушаалгүй үлдсэн тул... хэмээн гоочилж байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам түүний үг үнэ цэнэтэй болсоор байна.
Тухайн үед Н.Алтанхуяг нар МАН- ыг биш юмаа гэхэд Р.Амаржаргалыг сонсч байсан бол өнөөдөр тойрохоо зуруулах дээрээ тулахгүй ч байсан юм бил үү. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого шинэ байж чадахгүй байгааг удаа дараа хэлж, сануулж байсан сөрөг хүчнээ нухчин дарахыг л бодсоноос, ханатай, тоонотой гэрийн нэг багана гэж хараагүй нь эрх баригчдын том алдаа байв.
Хэний ч болов хэлсэн үг, шүүмжлэл, саналыг “албан тушаалын донтон” гэж харахаас илүү аливааг сайжруулах нөөц боломж гэж харах улстөрийн соёл өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн ихээр үгүйлэгдлээ. Тийм ч учраас эрх баригч АН-ынхан хүртэл өөрсдийнхөө нэг л биш байгааг олж харсан нь олзуурхууштай хэрэг.
Энэ мэт янз бүрийн шалтгаанаар АН дотооддоо хагаралдаж, зөрчилдөж буй жишээг нэрлэвэл олон байна. Нийслэлийг удирдаж буй АН-ынхан дотор ч элдвийн шүүмжлэл өрнөж, энд тэндгүй албан тушаалын наймаа явагдаж эхэлсэн гэх.
Нийслэлийн ИТХ-д суудаг АН-ын 26 төлөөлөгчийн зарим нь одоогийн дарга Д.Баттулгыг огцруулах санал гаргасан гэнэ. Түүний оронд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх хийж байгаа Ц.Баатархүү хэмээх залууг зүтгүүлж байгаа аж.
Нийслэлд байдал ийм ярвигтай байх үеэр АН хоёр дахь удаагаа ялсан Хан-Уул дүүрэгт ч хагарал зөрчилдөөний хуучин шарх нь сэдэрчээ. Тус дүүргийн ИТХ-ын дарга нь дүүргийнхээ АН болоод МоАХ фракцынхан гэхчилэн бүгдийг “атгадаг” нэгэн гэнэ.
Гэтэл түүний гараас ядаж МоАХ-г салгах гэсэн тус холбооны хэсэг хүмүүс хуралдаад, ИТХ-ын даргаа огцруулах шийдвэр гаргачихаж. Энэ мэтээр АН-ынхан нэг талаас ажлаа хийж чадахгүй байгаа дарга нараа шүүмжилж, нөгөө талаас бүлэг, фракцаараа талцан “үзэлцэж” эхэллээ.
Энэ бүхнийг Н.Алтанхуяг зохицуулж чадахаас нэгэнт өнгөрсөн нь илэрхий тул суудлаасаа огцрох нь ч бас тодорхой ажээ. Өөрөөр хэлбэл, эрх баригч АН-ын дотоод зөрчил засгийн дээврийг хийсгэж мэдэхээр байдалд хүрчээ гэсэн үг.
Тус намынхан 1996- 2000 онд гурван ч Засгийн газрын маанийг уншиж, Ерөнхий сайдыг дөрвөнтөө сэлгэн байж дараагийн сонгуультай золгож байв. УИХ-д олонхи болсон энэ бүрэн эрхийн хугацаанд ямар ч байсан нэг удаа Засгийн газрыг сэлгэх нь тодорхой болов.
Хамгийн олзуурхууштай нь АН-ын энэ удаагийн хагарал, зөрчил улс орныг аврах авралын гарц болж мэдэх юм. Учир нь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг л биш бол... гэсэн бодол сэтгэхүй нийтэд тархсан байна.
Т.Буд
Эх сурвалж: Үнэн.мн