2013-09-21Энэ удаагийн дугаарын зочноор “Voice” группийн дуучин, соёлын тэргүүний ажитан Д.Отгонжаргалыг урилаа.
-Таны дуртай улирлын тухай сонирхож ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Та ямар улиралд дуртай вэ?
-Улирал бүхэн өөр өнгө аястай, сэтгэл догдлуулах мэдрэмж нь харилцан адилгүй. Гэхдээ би зуны улиралд илүү дуртай. Зун надад амар амгалангийн билэгдэл шиг санагддаг. Энэ зун бороо хур тэгшрээд сайхан зун болсон. Алжаалаа тайлж, амарч өнгөрөөлөө.
-Намар танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Намар надад эрч хүч бэлэглэдэг. Шинэ зүйл хиймээр, уран бүтээл туурвимаар санагддаг. Манай уран бүтээлчид тайлан тоглолт, уран бүтээлийн цэнгүүнээ ихэвчлэн намар хийдэг шүү дээ. Тэгэхээр намрыг уран бүтээлийн улирал гэж тодорхойлж болох юм.
-Бүсгүй хүнийг та ямар улиралтай зүйрлэх вэ?
-Халуун, дулаан, өнгөлөг, гэгээлэг зунтай зүйрлэнэ. Бүсгүй хүн бүхэн цэцэг шиг хөөрхөн биш байж болох ч сэтгэл татам нууцлаг, дотроосоо гэрэлтсэн үзэсгэлэнтэй байгаасай гэж хүсдэг.
-Та өөрөө хэр нууцлаг эмэгтэй вэ?
-Нууцлаг гэхээр бүх зүйлээ сэтгэлдээ дараад, цоожтой авдар шиг амьдрахын нэр биш шүү. Би нээлттэй үедээ харьцангуй нээлттэй байж чаддаг. Хааяа дотны найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ сэтгэлээ онгойтол ярьж суух сайхан шүү дээ. Сэтгэлд нуугдсан, намайг зовоосон олон зүйл гараад явчихсан юм шиг, дотор уужраад сайхан болдог юм.
-Гоо сайхандаа хэр цаг гаргадаг вэ?
-Урлагийнхан үргэлж бусдын нүдэнд ил байдаг. Тэгэхээр муухай харагдаж болохгүй. Миний хувьд өдөр бүхэн гоо сайханд орж, нүүрээ будуулах зав байдаггүй. Тодорхой тоглолтын үеэр үсээ засуулдаг. Харин будалтаа өөрөө хийдэг. Тоглолтгүй үедээ арьсаа амрааж, будагнаас татгалздаг. Гоо, сайхан байхын үндэс зөв хооллолт гэж боддог. Тиймээс хүнсэндээ анхаардаг.
-Эмэгтэй хүнд хоёр гоо сайхан байдаг шүү дээ. Таны хувьд дотоод гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
-Эмэгтэй хүний сэтгэл нь цагаан, хир буртаггүй бол дотроосоо гэрэлтээд сайхан. Би сэтгэлээ амар амгалан байлгахыг хичээдэг. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй бүх хүнд сэтгэлийн гоо сайхан байх ёстой. Хэн нэгэнд хар буруу санаж, сэтгэлээ зовоолгүй, өөрийгөө чөлөөлж чадвал амар амгаланг олно. Миний бодлоор эмэгтэй хүн бүхэн ээж болохоор дотроосоо гэрэлтэж, улам үзэсгэлэнтэй болдог шиг санагддаг.
-Таны ээж их сайхан бүсгүй байдаг байх даа?
-Дэлхийн бүх сэдвийн дундаас ээжийнхээ тухай ярих хамгийн сайхан. Амьдралын минь түшиж тулах багана, дотны найз, хамгийн үнэтэй зөвлөгч гээд ээжид минь тодорхойлолт олон бий. Насаараа цэцэрлэгийн тогооч хийсэн. Олон хүүхдийг гарынхаа хоолоор дайлсан, буянтай хүн дээ.
-Ээж тань юу гэж сургадаг вэ. Та тэр сургаалийг нь амьдралдаа хэр биелүүлж явна?
-Миний ээж зарчимч, нямбай хүн. Багаас минь биеэ хэрхэн авч явах, хүнтэй яаж харилцах, ахмад буурлаа хэрхэн хүндлэх зэрэг хүн бүхэнд байх ёстой ухамсарыг надад төлөвшүүлсэн. Аливаад тэвчээртэй, ухаалаг ханд гэж байнга сургадаг. Ээжийнхээ захиасыг амьдралдаа биелүүлж, хэрэгжүүлэхийг хичээж явна.
-Ээжийнхээ авьяасыг өвлөсөн үү?
-Хоол хийх дуртай. Гэхдээ ажлын ачааллаас болоод ховорхон хийх юм. Амралтын өдрөөр гэрийнхнийгээ гарынхаа хоолоор дайлдаг. Хэлбэр, үзэмж хөөлгүй сэтгэлээсээ хийсэн хоол амттай болдог. Ээж охин хоёр маань миний хийсэн хоолонд дуртай. Сэтгэл зүрх, хайраа шингээж хийдэг учраас сэтгэлд нь хүрдэг байх.
-Ээж болохдоо та юу мэдэрсэн бэ?
-Хайрыг мэдэрсэн. Яг тэр мөчийг үгээр илэрхийлж чадахгүй нь. Дөнгөж төрсөн үрээ энгэртээ тэврэхэд хэмжээлшгүй их хайр, аз жаргал, хариуцлага ирлээ гэж бодсон.
-Охин тань ирээдүйд ээж шигээ дуучин болно гэвэл яах вэ?
-Охин маань энэ жил таван нас хүрсэн. Гэхдээ сонирхол нь арай өөр. Дуучин болно гэхгүй байх. Магадгүй ирээдүйд сонирхол нь өөрчлөгдвөл хүслийг нь дэмжинэ.
-Ээжийнхээ үүргийг хэр сайн биелүүлж байна?
-Цаг тутам хамт байж чаддаггүй ч боломж олдвол хамтдаа байхыг хичээдэг. Хамтдаа зугаалж, тоглож аль болох хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөх юмсан гэж боддог. Миний охин ээждээ гомдоллодоггүй. Тэгэхээр тийм ч муу ээж биш байх.
-Эмэгтэй хүмүүс өндөр өсгийт, ганган цүнхээр дэгжирхдэг. Таны хувьд ?
-Бүсгүй хүн бүрт өөрийгөө илэрхийлэх арга байдаг байх. Би ч ялгаагүй өндөр өсгийт, дэгжин цүнхэнд дуртай. Миний хэрэглэж байгаа зүйл үзэмжнээс гадна чанартай байхыг илүүд үздэг. Өөртөө зохисон хувцас өмсөөд хотын гудамжаар сэтгэл дүүрэн, өөртөө итгэлтэй алхахыг зөвхөн би биш бүсгүй бүхэн хүсдэг нь лавтай.
-Таны энэ зоримог, шийдэмгий зан хаанаас эхтэй юм бэ?
-Урлагаас үүсэлтэй зан байх шүү. Их урлаг надад тэвчээртэй, шийдэмгий занг төлөвшүүлсэн. Аливаад хүлээцтэй хандах ур ухааныг заасан гэж боддог.
-Таны сул тал гэвэл?
-Би хүнд амархан итгэдэг. Хааяа энэ зан маань сул тал болох тохиолдол бий.
-Туршлагатай дуучин болтлоо ямар зам туулсан бэ. Дардан байгаагүй л байх даа?
-Өөрийгөө сорьсон, мэдэрсэн урт замыг туулсан. Бүхнийг багаас нь эхэлсэн. Одоо ч би суралцаж байна. Сурах, мэдэх зүйл олон бий. Магадгүй уран бүтээлчид насаараа суралцдаг гэдэг үнэн байх.
-Хэн нэгэн хүнд баярлалаа гэж хэлээч гэвэл хэнийг онцлох вэ?
-Намайг урлагийн замд хөтөлсөн багш, амьдралын замд дагуулсан ээждээ баярласнаа илэрхийлнэ. Амьдралын маань хоёр ачтан, миний сэтгэлийн хэмжээлшгүй их хайр гэж хүндэлдэг.
-Та тэгвэл хайрыг ямар өнгөтэй зүйрлэдэг вэ?
- Цагаан цастай зүйрлэхийг хүсч байна. Ямар ч буртаггүй, толбогүй цагаахан цас. Хүн бүрийн зүрх хэн нэгэнд дурлахдаа шинэхэн, дулаахан, цагаахан байдаг шүү дээ.
-Хайрыг хардалт дагадаг. Хардалт байх ёстой юм болов уу?
-Магадгүй хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэдэг шиг бага хэмжээгээр байх ёстой гэж боддог. Гэхдээ хэтрүүлвэл зовлон цаашлаад гэр бүл салалт болно шүү дээ. Тэгэхээр тунг нь тааруулах нь чухал юм болов уу.
-Хамгийн том өшөө авалт уучлал гэдэгтэй санал нийлдэг үү?
-Уучлал байдаг болохоор амьдрал илүү бат бөх байдаг байх.
-Хэрвээ таны хамгийн хайрлаж, итгэж явдаг хүн таныг гомдоовол уучлах уу?
-Нэг удаа уучлах сэтгэлийн тэнхээ надад бий. Би харьцангуй уяхан хүн шүү дээ.
Ч.Гантулга