2013-09-19Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Газрын тосны үйлдвэрийг байгуулах тухай асуудал яригдаж байна. Тодорхой ажлуудыг ч хийж байх шиг байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Энэ ажил бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлд тусгагдсан ажил. Манай улсад газрын тосны үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа. Бензинээ гаднаас авдаг болохоор тухайн улсаасаа хараат болчихоод байгаа юм. Ер нь бензин авах түүхий эд авах нь ялгаатай асуудал.
Тиймээс түүхий эд авч байгаа хараат байдлаас гарах юм. Энэ асуудалд хүн бүр өөр өөр өөр хандаж, ойлгох байна. Энэ өөрөө ардчилсан нийгмийн зарчим юм. Гэхдээ өнөөдөр манай улсад газрын тосны үйлдвэр хэрэгтэй байгаа нь тодорхой болчихсон. Тийм учраас л газрын тосны үйлдвэр барих гэж байгаа. Түүхий эдийг нь Хятад улс болон ОХУ-аас авах юм. Энэ асуудал олон улсын гэрээгээр зохицуулагдана.
-Дархан хотод барих болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?
-Манай зүүн зүгийн нутгаар нефть байгаа нь тогтоогдсон. Гэхдээ дэд бүтэц хөгжсөн гэдэг утгаар нь төв газар байх хэрэгтэй гэж үзээд Дархан хотод барихаар болсон байгаа. Шийдвэр нь гарчихсан. Өмнөх Засгийн газрын үед ч яригдаж байсан. Газрын тосны үйлдвэр нь маш том бүтээн байгуулалт юм.
Үүнийг дагаад төмөр зам, засмал зам гэх мэт дэд бүтэц хөгжинө. Үүнээс гадна 600-аад ажлын байр бий болно. Мөн энэ төсөл, хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлийн олон мэргэжилтэнг бэлтгэнэ. Энэ нь төсөл, хөтөлбөрийн зорилгод тусгагдсан. Ер нь бүтээн байгуулалтыг дагаж хөгжил ирдэг гэдэг шүү дээ.
-Түншлэлийн хэлбэр нь ямар байх вэ. Энэ ажилд хэдэн төгрөг төсөвлөөд байна?
-Энэ бүтээн байгуулалт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх юм. Нэг үгээр бол зах зээлийнхээ журмаар л зохицуулагдана. Тийм учраас аль алийг нь дэмжих хэрэгтэй. Энэ төсөл нь улсын төсөвт орчихсон, газрыг тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил гээд 200 гаруй тэрбум төгрөгний төсөв суугдсан байгаа.
-Өмнө нь тантай ярилцахад та Төрийн өмчийн компаниудыг хэрхэн хөгжүүлэх талаараа ярьсан. Харин өнөөдөр танаас тэр бүгдийн хэрэгжилт ямар байгааг сонирхмоор байна. Төрийн өмчит компаниуд өнөөдөр хэрхэн өөрчлөгдөв?
-Энэ ажлыг авснаас хойш хот болон хөдөө орон нутагт байгаа төрийн өмчит 18 компанитай очиж уулзалт, ярилцлага хийлээ. Үүний зорилго нь тухайн үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагаатай танилцах болон тэдгээрийн эдийн засгийн газар ямар байна гэх мэтийг судалсан.
Мөн ямар асуудал, бэрхшээл байгааг судалж, анхааран ажилласан. Ингэж танилцах үедээ тухайн байгууллага дотооддоо менежментийн баг ажиллуулаач ээ гэсэн саналыг тавьсан. Аливаа байгууллага эрчимтэй, алдагдалгүй ажиллахад менежментийн баг гаргах ёстой.
Харин тэр баг нь ямар асуудал тулгамдаад байна, яагаад алдагдалтай ажиллаж байгааг судалдаг байх юм. Мөн аливаа үйл ажиллагаа явуулахад эрхзүйн актууд гаргах ёстой.
Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос шийдвэр гаргах ёстой. эрхзүйн актууд нь гараагүйгээс болоод үйлдвэр, аж ахуйн газруудын ажил удаашралтай байх асуудал байдаг юм билээ.
Тиймээс бид нар тулгамдаж байгаа асуудлууд дээр илүү ярьж, түүнээсээ тухайн компанид тулгарч байгаа асуудлыг хоёр талаасаа шуурхай шийдвэрлэж эхэлсэн. Ингэснээр зарим компаниудын үйл ажиллагаанд ахиц гарсан. Мөн бидний зүгээс ард түмэндээ нээлттэй ажиллаж байгаа.
Ингэснээр ард түмний хяналт шууд орж ирээд, бидний хийх гэж байгаа ажлууд ил тод болж байгаа юм. Түүнчлэн төрийн өмчит компаниудад зөрчил дутагдал байна гэж ярих биш тэр асуудлыг хурдан шийдэж өгч байгаа. Хоёрт, ажлын уялдаа. Энэ нь юу вэ гэхээр төрийн өмчит компаниудын хоорондын уялдааг сайжруулах юм.
Аль нэг компани нь бүтээгдэхүүн гаргахад нөгөө үйлдвэртэй хэрэгтэй байх юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг хэрэгтэй байхад, Дарханы төмөрлөгийн үйлдвэр түүнийг нь үйлдвэрлэж байгаа юм.
Тэгэхээр хэн нэгэн нь энэ хоёрын үйлдвэрийн дундуур орж гадны байгууллагаас ган бөмбөлөг нийлүүлэх биш бие биенийгээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Ингэж бие биенийхээ үйл ажиллагааг дэмжсэнээр алдагдлаа бууруулж, дотоод нөөц бололцоог хангах юм.
Бидний зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа учраас тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа гэж хэлмээр байна. Харин гуравт, ажлын хариуцлага гэдэг асуудал ажиглагдсан.
Энэ нь аль байгууллагын, бүхий л шатны ажилтанд хамаарах юм. Аливаа байгууллагын Үйлдвэрчний хорооны тавьж байгаа асуудал нь зөв юм. Тухайлбал, ажилтныхаа ажлын хувцас гэх мэт нийгмийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй.
Харин байгууллагын захиргаа эргээд тухайн асуудлаа үйлдвэрчний хороондоо тавьж байгаа асуудал их бүдэг харагдсан. Юу гэхээр ажилчдадаа тэр нөхцөлийг нь хангаж өгчихөөд дараа нь тэднээс хөдөлмөрийн бүтээмж, цагийн менежментийг сайжруулах хэрэгтэй.
Энэ мэт захиргаа үйлдвэрчний хорооны харилцааг сайжруулах тал дээр анхаарч ажилласан. Мөн компанийн засаглалууд хэрхэн ажиллаж байгааг анхаарч ажилласан. тухайлбал, ТУЗ гэдэг нь тухайн компанийнхаа санхүүгийн тайланг судалдаг, захирлыг томилдог гэх мэт явцуу байдлаас салах хэрэгтэй.
Мөн чанартаа ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн нэрийн өмнөөс тухайн компанийг удирддаг хүмүүс юм. Нэг үгээр бол ТУЗ-үүд нь компанийн ажилдаа цаг гаргахгүй байгаа юм. Тус зөвлөлд төрийн төлөөллөөс зургаан гишүүн, хараат бус гурван гишүүн байдаг.
Тэд нар тус бүрдээ өөрсдийн ажлаа хийгээд зөвлөлийн ажлаа хийхгүй байгаад асуудал нь байгаа юм. Тэдний үүрэг бол тухайн компанийг алдагдалгүй ажиллуулахын тулд л ажиллах ёстой. Өнөөгийн нийгэмд бол төрийн өмчит компаниуд тэртээ тэргүй алдагдалтай, үрэлгэн маягаар ажилладаг гэсэн ойлголт суучихаад байгаа юм.
-Яагаад?
-Өмнөх нийгмийн үед социолист өмч гэдэг хэнч халдаж болохгүй хөдөлгөөнгүй байдаг зүйл. Харин өнөөдрийн зах зээлийн үед төрийн өмчит үйлдвэрүүд нь хувьчлагдана, өөрчлөгдөнө, арвижна, төрийн өмчөө хамгаална. Тэгэхээр арвижуулах гэдэг сэтгэлгээ нийгэмд байхгүй байна.
Төрийн өмчийг яаж ашиглахав гэдэг л сэтгэлгээ нь байдаг. Тиймээс тэр тогтолцоог өөрчлөх ёстой. Нэг үгээр бол төрийн өмчид хувийн өмчдөө хандаж байгаа мэт хандах хэрэгтэй байгаа юм. Энгийн жишээгээр хэлэхэд нэг дарга ноормоор машин аваад, тансаглалын хэлбэрээр хоёр жил болоод сольё гэдэг сэтгэлгээ бий болчихсон.
Ер нь бол дарга гэдэг бол хуучин сэтгэлгээ юм. Хүнд гоё харагдах, гоё машинтай сайхан байх гэдэг сэтгэлгээ ардчилсан нийгэмд хоцрогдсон асуудал юм. Өнөөдрийн дарга нар сайн удирдагч, манлайлагч л байх ёстой.
-Улсын үйлдвэрийн газруудад үхмэл хөрөнгө байдаг тухай ярьдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна?
-Агуулахын үлдэгдлүүд болон ашиглахаа больсон сэлбэгүүд байсан. Манай зүгээс одоо байгаа дарга нартайгаа хамтраад түргэн арга хэмжээ авч байгаа. Үүнээс гадна компани тус бүр мэдээллийн сүлжээтэй байх хэрэгтэй гэж үзэж байгаа.
Мэдээллийн сүлжээтэй болсноор аливаа компани хэрэггүй болсон, ашиглахаа больсон гэх мэт бараагаа сайтдаа тавиад, түүнээс нь бусад байгууллагууд харж байгаад хэрэгтэй юм байвал худалдан авах жишээтэй явах зохицуулалт хэрэгтэй байна.
Мэдээж энэ асуудалд, өмч хамгаалах комиссынхоо хүрээнд хэлэлцээд, үнийг нь буулгаж өгөх боломжууд байгаа. Балансаас балансад шилжүүлэх болон актлах асуудлыг Төрийн өмчийн хороо шийддэг.
Тиймээс манай зүгээс энэ асуудлыг аль болох шуурхай шийдэж ажиллаж байна. Мөн байгууллагаас энэ асуудлын талаархи судалгааг авч байгаа.
-Сая таныг ярьж байхад сонслоо л доо. Багануурын уурхайд 4.5 тэрбум төгрөгийн үхмэл хөрөнгө байна гэж. Энэ асуудлыг Төрийн өмчийн хороо хэрхэн шийдэх гэж байна?
-Тухайн байгууллага өөрөө өмч хамгаалах комис, үнэлгээний хороогоороо энэ асуудлыг ангилах хэрэгтэй. Үүнийг төмөрт тушаана, зарна, актална гэх мэт. Түүнийх нь дагуу бид энэ байдлаар нь маш хурдан шийдэж өгнө. Төрийн өмчит компани алдагдалтай ажиллах ёсгүй юм.
Г.Баярцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин