2013-09-16МИАТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Саяхан давж заалдах шатны шүүх уг øийдвэрийг хэвээр баталсан. Хяналтын журмаар äээд øүүхэд хандах уу?
-Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргана. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бид давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Харамсалтай нь Нийслэлийн Шүүх Шийтгэх тогтоолыг ойлгомжгүй байдлаар хэвээр баталлаа. Шүүх нь, Аливаа албан тушаалтан санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нь холбогдох нотлох баримтаар бүрэн нотлогдсон нөхцөлд ял оногдуулж, гэм буруугүй нь нотлогдвол цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгох зарчимаар шийдвэрлэдэг. Гэтэл энэ зарчим илэрхий зөрчигдсөн.
-Давж заалдах шатны шүүх хурлын дараа өмгөөлөгчид ихээхэн шүүмжлэлтэйгээр хурлыг орхиж байсан. Таны хувьд?
-Миний үйлчлүүлэгч Ц. Орхоны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон удаа санаатай болон санамсаргүйгээр янз бүрийн буруу мэдээллийг ихээхэн цацаж түүний нэр хүндэд болоод эл гэмт хэрэгт холбогдуулан нөлөөлөх гэсэн оролдого их гарч байсан. Гэм бурууг нь Шүүхээр тогтоохын өмнө урьдчилаад хэвлэлээр “Мөнгө угаасан” гэж ялласан, улс төржүүлсэн. Мөн уг гэмт хэрэгт холбогдуулан шалгасан 7 хүний хэн нь гэм буруутай, хэн нь гэм буруугүйг үнэн зөвөөр ялгавартай тогтоох, энэ хэрэгт холбогдолтой эсэхийг зөв тогтоох асуудалд өрөөсгөл хандсан гэж үзэж байгаа.
-Ц. Орхоныг Та өмнө нь хэвлэлийн бага хурлаар буруугүй гэж мэдэгдэж байсан. Түүнийг ямар зүйлд буруутгаж байгаа вэ?
-Тухайлбал Ц.Орхоны хувьд мөнгө угаасан гэж үзэж байгаа 166’1.3-р зүйл ангийн тухайд Ц.Орхон нь 2007-2009 оны үеүүдэд гүйцэтгэх захирал хийж байгаагүй, Маркетингийн албанд ажилтнаар ажиллаж байсан ба ажил үүргийн хувьд даатгалын асуудлыг огт хариуцдаггүй байсан. Мөн мөнгө завшсан гэж үзэж байгаа 150.3-р зүйлийн тухайд Ц.Орхон нь өмнөх онуудад байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй, ажил үүргийн хуваарийн дагуу уг даатгалын мөнгийг орлого, өглөг хэлбэрээр ТУЗ-өөс баталж өгсөн тухайн жилийн нарийн заалт бүхий эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг нь биелүүлэх үүрэгтэй, олон улсын нисэхийн ИКАО байгууллагаас гаргасан шийдвэр, батлагдсан гэрээ, уг гэрээ нь МИАТ-ийн гэрээний бүртгэлд бүртгэгдсэн байдал зэргийг иш үндэс болгон доод албан тушаалын ажилтнуудаараа шалгуулан санхүүгийн хэлтсийн нягтлан, ерөнхий ня-бо, хэлтсийн дарга гэсэн гурван албан тушаалтан боловсруулж, хянан шалгаж, зөвшөөрсөн төлбөрийн баримтад гарын үсэг зурсан байдаг. Өмнөх захирлуудын үед эл даатгалын гэрээ мөрдөгдөж, мөнгө нь шилжигдэж байсан, түүнийг гүйцэтгэж байсан санхүүгийн ажилтнууд нь хянан боловсруулж байсан ердийн л нэг уламжлалт үйлчилгээ бүхий гэрээг Ц.Орхон нь тухайн үед гэмт хэргийн шинжтэй гэж мэдэх боломж байгаагүй . Тэгээд ч МИАТ компанид 2007- 2010 онуудад удаа дараа Аудит болон Яамны шалгалтууд орж байсан бөгөөд уг гэрээг хэвийн гэж үзсэн байдаг.
Тэгэхээр Ц.Орхон нь ямар ч гэмт хэргийн санаа зорилго байгаагүй, гэмт хэргийг санаачилсан асуудал огт байхгүй, оролцогч биш, ажилдаа хариуцлагагүй хандаж алдаа гаргасан гэсэн үндэслэлүүд байхгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
-Та өмгөөлөгчийн хувьд Ц.Орхоныг гэм буруугүй гэж үзэж байгаа юм байна. Үнэхээр тийм хандлага, нотлох баримтууд байгаа юу?
Энд би гурван зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт: Ц.Орхон нь захирал болохоосоо өмнө болон болсон хойноо уг даатгалын компанитай огт уулзаж байгаагүй, огт гэрээ байгуулаагүй, ямар ч гэрээнд гарын үсэг зурж байгаагүй, тэр ч бүү хэл гэрээгээ 2011 онд мөрдөхөөр сунгая гэж санал ирэхэд нь зөвшөөрөөгүй гэрээнд гарын үсэг зураагүй, сунгаагүй байдаг. Хоёрдугаарт: Ц.Орхоныг 2010 оны зургадугаар сард МИАТ-ын нислэг зогссон, онгоц нь гэмтсэн, ажил хаялт болсон нилээн хүнд үед гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Тэрээр Дайны эрсдэлийн даатгалын гэрээ байгааг мэдсэнийхээ дараа уг гэрээг давхардсан байж болзошгүй, шалгах шаардлагатай, гэж үзэн гэрээний давхардлыг арилгах, хуульд нийцсэн эсэхийг тогтоох, зардал хэмнэх зорилгоор 2010 оныхоо 7-р сарын 30-нд нэг сарын хугацаатайгаар компанийн бүх гэрээг хуульд нийцсэн эсэхийг шалгуулахаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ноцтой зүйл танилцуулаагүй боловч гэрээний давхардлыг анхааран зардал хэмнэх зорилгоор өөрөө санаачлан яг нэг сарын дараа 9-р сарын 2-нд нь уг даатгалын гэрээг гэрээнд заасан нөхцөлөөр нь 3 сарын өмнө цуцлахаар албан бичигээр мэдэгдэл явуулсан. Ингээд гэрээ цуцлах хугацааг хүлээхгүйгээр 10-р сарын 1-нд нь даатгалын нээлттэй ил тод тендер зарласан зэрэг чухал тушаал шийдвэрүүдийг шат дараалан богино хугацаанд гаргаж гэрээнд зааснаар 90 хоногийн дараа 12 сарын 2–нд уг гэрээг дуусгавар болгож зогсоосон.
Үүнээс үзэхэд Ц.Орхон нь гэмт хэрэгт оролцогч бус харин ч богино хугацаанд мэргэжлийн төвшинд гэрээг таслан зогсоосон, ингэснээрээ нуугдмал гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийн мөнгө ашиглах боломжийг хаасан гэдгээрээ гэм буруугүйгээ хангалттай нотлож байгаа юм. Гуравдугаарт: уг гэмт хэргийг Тээврийн яамнаас УМБГ-т 2011 оны 1-р сарын 7-нд шалгуулахаар мэдэгдэж, 1-р сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ц.Орхон уг гэрээг зогсоох ажиллагааг үүнээс бүр таван сарын өмнөөс авч хэрэгжүүлж эхэлсэн. Түүний 10-р сарын 1-нд дэд захирлаар ахлуулсан 7 хүний бүрэлдхүүнтэй байгуулсан ажлын хэсгээс уг асуудлыг анх яаманд танилцуулсан. Өөрөөр хэлбэл Ц.Орхон тушаал гаргаж харьцангуй хязгаарлагдмал хүн үздэг, харьцдаг байсан тэрхүү “Дайны эрсдлийн даатгал”-ын гэрээнүүдийг цуглуулах үүрэг өгч, ил тод болгож уг ажлын хэсгээр нягтлан шалгуулж судлуулсан үйлдлийг Гүйцэтгэх захирлын хувьд нээж зохион байгуулж өгсөн нь эл гэмт хэргийг илрүүлэх, улмаар МИАТ компани 9.3 тэрбум төгрөгийн хохирлоо илрүүлэн төлүүлэх нөхцөл, үндэслэл болсон байна.
-Ц.Орхон ер нь хувь хүнийхээ хувьд хэр хүн бэ? Та хэрхэн үзэж дүгнэж байгаа вэ?
-Ер нь гэмт хэрэг гарах, түүнийг аливаа этгээд үйлдэх обьектив, субьектив хүчин зүйлс гэж байдаг. Ц.Орхон нь дунд сургуулийг онц төгсөж, Нисэхийн академийг нь төгсөөд мэргэжлийн дагуу МИАТ компанидаа 20 гаруй жил тогтвор суурьшилтай ажилласан ноён нуруутай чадварлаг боловсон хүчин. Тэрээр МИАТ компанийн Осака, Токио, Сөүл, Берлин, Хонг Конгийн нислэгүүдийг нээх ажлыг санаачлан зохион байгуулсан, 1998, 2008, 2010 онуудад МИАТ-ыг эдийн засгийн хямралаас гаргах ажлын удирдсан, онгоцны парк шинэчлэлтийг эхлүүлж, та бидний мэдэх сая ирсэн орчин үеийн шинэ Б767 онгоцыг зах зээлээс хямд нийлүүлэх ажлыг тус тус хийсэн товчхондоо компанийн шинэчлэлийг эхлүүлсэн МИАТ-ын шилдэг, үндсэн боловсон хүчин гэдгийг хэлэх байна. Эцэст нь хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл аливаа асуудалд бодитойгоор хандаж хэт хөөргөж дэвэргэн улс төр хийхгүй байхыг хүсмээр байна. Дашрамд дурьдахад Ц.Орхон нь аль нэг намын гишүүн биш зөвхөн МИАТ гэдэг компанийн төлөө зүтгэж яваа хүн гэдгийг хэлье.
- Анхан шатны шүүхээс энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн хөрөнгийн хураах шийдвэр гарсан. Давж заалдах шатанд өөрчлөгдсөн үү?
- Өөрчлөгдөөгүй. Ц.Орхоны хувьд “Томас Эйр” компанид эзэмшиж байсан хувь гэж үзэж тус компанийн хөрөнгийн 3.18 хувийн хөрөнгийн хураах шийдвэр гаргасан. Бодит байдал дээр Ц.Орхон нь дээрх компанид менежментийн гэрээгээр захирлаар ажиллах гэрээ байгуулж, ажлын үр дүнгээс шалтгаалан дээрх хувийг эзэмшихээр урьдчилан тохирсон байсан ба Ц.Орхон бодит хөрөнгө оруулалт хийгээгүй байсан. Энэ компанид нэг сар ажиллаж байгаад цагдан хоригдсон. Гэтэл шууд тус компанийн хөрөнгийн 3.18 хувийг хураах шийдвэр гаргасан нь энэ компаний эрхийг зөрчсөн явдал болсон.
-Таны үйлчлүүлэгч буруугүй байдаг юм байж. Гэхдээ шүүхйин анхан болон давж заалдах шатны шүүх яагаад яллаад байгаа юм бэ? Тодорхой хэмжээний оролцоо, гэмт хэргийн үйлдэл байгаа юм биш үү?
-Шүүхээс ял оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байгаа. Харин шүүх хэрэгт авагдсан Ц.Орхоны талаар гаргасан шинжээчийн хуурамч дүгнэлтийг үндэслэл болгосон тул шийдвэр нь алдаатай болсон гэж үзэж байгаа.
-Мөн яллагдагч нарт нийтэд нь хавтгайруулан хохирлыг тэнцүү хувааж төлүүүлэх болсон нь хууль зөрчсөн, гэмт этгээдүүдийн ашигласан мөнгийг гэм буруугүй зарим хүмүүсээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу. Эрүүгийн хуулийг илтээр буруу хэрэглэсэн, хууль буцаан хэрэглэх зарчмыг зөчсөнийг нийт 17 өмгөөлөгч үндэслэлтэйгээр нотолсон байхад өмгөөлөгч нарын саналыг харгалзйхгүйгээр шийдэж байгаа нь социализмын үеийг санагдууллаа. Тэр үед өмгөөлөгч бэлэг тэмдэгийн төдий хуралд ордог энэ хэмжээгээр хүний эрх ноцтой зөрчигдөж байсан.
-Шинжээчийн хуурамч дүгнэлтийн талаар тодруулж ярья. Хаанаас гаргасан дүгнэлт юм бэ?
-МИАТ” ХК-ний дэд захирал асан Хоролсүрэн нарт холбогдох 21147025 дугаартай Эрүүгийн хэрэгт Ц. Орхонд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад УМБГазрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Ц. Наранхүүгийн “Шинжээч томилох тухай” Тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Шинжээчийн дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хуулийн 256 –р зүйлд зааснаар Шүүн таслах ажиллагааны эсрэг, Эрүүгийн хуулийн 254-р зүйлд зааснаар санаатайгаар зориуд худал дүгнэлт гарган үйлчлүүлэгчийг маань хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулахаар Шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар гаргаж нотлох баримт бүрдүүлсний улмаас уг хуурамч нотлох баримт нь Шүүхээс Орхонд 11 жил 1 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид хорихоор Шийтгэх үндэслэл болж онц хүнд хор уршиг учруулсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн Ц.Орхонд холбогдох хэсэгтэй 2013.05.12-ны өдөр Цагдан хорих 461-р анги дээр Орхон бид танилцаад, хууль бус, хуурамч дүгнэлт гэдгийг мэдсэн даруй Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт гомдол гаргасан. Гэвч асуудлыг шийдвэрлэж өгөхгүйгээр дээд шатны прокурорт гомдол гаргах боломж олгохгүйгээр шүүхэд шилжүүлсэний улмаас Ц. Орхоныг шүүхээс онц хүнд гэмт хэрэгтэн гэж үзэх үндэслэл болж байна. Энд хэн энэ дүгнэлтийг захиалж гаргуулсан, хэн энэ илт хууль бус Дүгнэлтийг “хуульд нийцсэн” гэж хаацайлсаныг мөрдөн байцаалтаар тогтоох байх аа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013-07-04-нд хууль сахиулах байгууллагуудын удирдлагатай уулзалт хийж хууль, шүүхийн салбарын шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэх чиглэлээр хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Шүүгч, цагдаа, прокурор буруу шийдвэр гаргасан бол хариуцлагаа хүлээдэг болж байна. Иргэндээ үйлчилдэг тэр үндсэн үзэл баримтлалыг бид бүх хуулиндаа үргэлжлүүлэх хэрэгтэй.
Хууль хяналтын байгууллага гэдэг бол төрийн эрх мэдэлд биш, иргэний эрхийг хамгаалахад үйлчилдэг чиглэлийг бид хатуу барьж явъя гэж байгаа... Шүүгч буруу шийдвэр гаргасан байх юм бол өөрөө хариуцлага хүлээдэг. Цагдаа буруу шийдвэр гаргаад хүн хорьдог юм уу, шүүх, прокурор буруу шийдвэр гаргасан, тэр нь хуулиар нотлогдох юм бол заавал хариуцлага хүлээдэг байх нь чухал. Энэ хариуцлагын тухай асуудал өмнө нь огт байгаагүй. Ийм чухал зарчим цаашид бүх хуульд орж байгаа” гэж онцлон тэмдэглэсэн. Иймд хуурамч дүгнэлт гаргасан, оролцсон зэрэг бүх этгээдүүдэд Шүүхийн шинэчлэлийг эрчимтэй хийж байгаа хууль хяналтын байгууллагууд маань зохих хариуцлага тооцоно гэдэгт итгэлтэй байна.
Иймээс Албан тушаалын байдлаа ашиглан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан Шийтгэх хууль, Шүүхийн Шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчиж Үндсэн хуульд заасан хүний эрхийг нь ноцтой зөрчиж гэмт хэрэгтэн болгосон Шинжээч, түүнд нөлөөлсөн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгүүлэн хуулийн дагуу шалгуулахаар хандах гэж байгаа.
-Шинжээчийн дүгнэлтийн чухам юу нь үндэслэлгүй гэж та үзэж байгаа юм бэ?
-Тухайлбал, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4-р зүйлд Шүүхийн шинжилгээ хийхэд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хараат бус байх ,шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэстэй хийх зарчмыг хуульчилсан. Гэтэл Шинжээч нь эдгээр зарчмыг илтэд гажуудуулж, хуулийн 5-р зүйлд Шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай...мөрдөн байцаагч...-ийн Тогтоол байна гэж заасан. Тэгвэл мөрдөн байцаагчийн “Шинжилгээ хийх шинжээч томилох тухай” Тогтоолд Ц. Орхоны талаар ямар нэг заалт байхгүй, Ц. Орхоны гарын үсгийн загварыг мөрдөн байцаагчаас хүргүүлээгүй байхад худал дүгнэлт гаргасан байдаг.
Орхоныг онц хүнд гэмт хэрэгт холбогдолтой мэтээр ингэж худал дүгнэлт гаргаж онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж байгаа, энэ нь Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ноцтой асуудлыг шалгаж үнэн мөнийг олж холбогдох этгээдүүдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, цаашид Шүүхийн Шинжилгээний практикт хэвшиж, өөр олон гэмгүй иргэдийг хэлмэгдүүлж болох энэ ноцтой үйлдлийг таслан зосоох ёстой.
-Ер нь үнэхээр МИАТ-д мөнгө угаасан хэрэг гарсан юм уу? Зарим нэг хүн зохиомол хэрэг гэж үзэх ч хүн байгаа?
-2007 оны үед дайны эрсдлийн сангаас тухайн үеийн албан тушаалтнууд гадаад руу мөнгө шилжүүлэх гэмт хэрэг үйлдэгдсэн нь үнэн. Гэхдээ энэ хэрэгт хамааралгүй Ц.Орхоныг хамаатай болгох гэж оролдож байгаа нь дээрх байдлаар илэрч байна. Гэмт хэрэгтнүүдийг шийтгэх нь хуульд нийцнэ. Харин уг хэрэгт холбоогүй хүнийг хоморголон гэмт хэргийн золиос болгох эрх хэнд ч байхгүй.
-Та Орхон гээд байх юм. Тэгвэл Р.Бат-Эрдэнэ Орхон хоёр хоёуулаа л тус компанийн гүйцэтгэх захирал байсан. Тэгвэл энэ хоёр хүний ялгааг хэлж өгөөч.
-Ц.Орхон бол энэ даатгалын гэрээг цуцалсан цорын ганц хүн. Р.Бат-Эрдэнэ даатгалын гэрээг 2010 онд сунгасан үйлдэлтэй. Тухайн үедээ тэрээр тус гэрээг “хууль ёсных” хэмээн ойлгож сунгасан гэж надад ойлгогдож байгаа. Энэ гэрээ сунгасан үйлдэлд түүний гэм буруу, гэмт хэргийн санаа зорилго байгаагүй тул би хуульчийн хувьд түүнийг мөн шэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа. Тэрээр Ц.Орхоны адил МИАТ-ийн үндсэн боловсон хүчин, удам дамжсан нисгэгч хүн юм билээ. Хөндлөнгөөс ажиглаж байхад тэрээр МИАТ-ийн хөрөнгийг завших хүн биш гэж ойлгогдсон. За энэ талаар өмгөөлөгчөөс нь асуух хэрэгтэй байх аа.
-