2013-09-12Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан, боловсролын шинжээч Д.Баасандоржтой ярилцлаа.
-Өөрийгээ товч танилцуулахгүй юу?
-Багшийн сургууль, Хуучин нэрээр УБДС-ын НДС төгссөн. Сурган хүмүүжүүлэх ухааны магистр төр, захиргаа, боловсролын салбарт 45 жил тасралтгүй ажилласны 25 жил нь ЕБДС-д захирлаар ажилласан болохоор монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын боловсрол, хүмүүжлийн төлөө бие, сэтгэлээ чилээж явдаг олон арван сурган хүмүүжүүлэгчдийн нэг.
-Боловсролын талаар юу бодож явдгийг чинь сонсмоор байна?
-Боловсролын тухай ярихын тулд "боловсрол" гэдэг хуучин тодорхойлолтыг эргэж харах цаг болсон. Боловсролыг зөвхөн төгссөн сургуупь, авсан бичиг баримт/үнэмлэх, диплом/-аар Тодорхойлж ирсэн нь учир дутагдалтай. Хүмүүсийг бага,бүрэн бус ба бүрэн дунд, дээд боловсролтой гэж анкетан дээр бичдэг л дээ.
Үүгээр нь тухайн хүний боловсролыг тодорхойлдог. Гэтэл "боловсрол"-той гэсэн иргэд нийгэмд эзлэх байр сууриа олоогүй, амьдрах арга ухаан эзэмшээгүй нийгэмшиж, төлөвшөөгүй, тэр ч бүү хэл гэмт хэрэг үйлдэж, нийгэм, хүмүүст хор хохирол учруулж байна. Энэ нь боловсролыг зөвхөн нэг талаас нь харсан хэрэг.
Зүй нь боловсрол гэдэг хүн ардад шингэж төлөвшсөн эрдэм ухаан, мэдлэг дадлага, хүмүүнлэг харилцаа, зан заншил, амьдрах арга чадварын цогц гэж ойлгож өнөөдөр бүх шатны сургуулиудын сургалтын агуулга, арга зүйд өөрчлөлт хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хүмүүжил, боловсролыг хамтад нь авч үзэх, ёстой.
-Тэгвэл боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ?
-Хэдийгээр олон жил сургуульд сууж үнэмлэх, диплом аваагүй ч амьдрах ухаан, хүмүүнлэг, хөдөлмөрч чанарыг эзэмшсэн, ардын уламжлалаа шинэчлэлтэнгээ хослуулан авч яваа нийгэм, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг боловсролтой хүн гэж хэлж болно шүү дээ.
-Өнөөгийн боловсролын чиг хандлагыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнөөгийн боловсрол анги, танхимд идэвхгүй явагддаг онол голлосон академик сургалтаас аль болох зайлсхийж, дэлхийн хөгжингүй орнуудын шинжлэх ухааны өндөр түвшинтэй уялдсан, техник сэтгэлгээг хөгжүүлсэн үндэсний онцлогоо хадгалсан, практик дадлага, хүмүүжлийн зөв хэвшил, ёс суртахууны нандин чанарыг голлосон амьдрах ухаанд суурилсан, шавь төвтэй байх ёстой болов уу гэж үзэж байгаа.
-Та эдүгээ цагийн боловсролын зорилго, агуулгыг хэрхэн тодорхойлох вэ?
-Хүмүүсийг нийгэмд амьдрахад нь зайлшгүй шаардлагатай мэдлэг, ухаан, дадлага, чадвар, хандлага туршлага олгох, тодорхой мэргэжлийн ажил хийх дадлага, чадвар олгох, мэдлэгт тэмүүлж түүнийг сонирхож, шохоорхох, тэгснээрээ өөрөө улам хөгжих, суралцагсдыг шүүмжлэлтэй сэтгэдэг, аливаа дүгнэлтэнд эргэлздэг болгох, суралцагсдыг хүн төрөлхтний бүтээсэн үнэт зүйлийг ойлгож, мэдэрч, хүндэтгэж үнэлдэг болгоход чиглэгдэх ёстой.
-Тэгвэл өнөөгийн ЕБДС, их, дээд сургууль, коллежи, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд дээрх зорилго, агуулгыг хэрхэн эзэмшүүлж байгаа бол?
-Энэхүү зорилго, агуулгыг хангалтгүй олгож байгаа нь тодорхой. 4-5 жил асар их цаг хугацаа, хөрөнгө, мөнгө зарж байж их, дээд сургуульд суралцаж төгсдөг боловч ажил олгогчдын эрэлт шаардлагыг ихэнх нь хангаж чадахгүй "дипломтой" ажилгүйчүүд болж гудамжинд лааз өшиглөөд явж байна шүү дээ.
-Энэ нь юутай холбоотой гэж үзэж байна вэ?
-Зах зээлийн шилжилтийн үед борооны дараах мөөг шиг бэлтгэл хангагдаагүй хувийн их, дээд сургуулиуд байгуулагдаж, өнөөгийн, шаардлага хангаагүй, зөвхөн мөнгөн, ашиг олох гэсэн хүмүүсийн хүсэл, шуналд автагдсан, нөгөөтэйгүүр хууль эрх зүйн цоорхой, төрөөс тавих хяналт суларсан, мөн иргэдийн хүүхдээ ямар ч үнээр хамаагүй “диплом”-той болгох гэсэн хүсэл тэмүүлэлтэй холбоотой юм болов уу?
Олон тооны чанаргүй их, дээд сургуульд хүүхдээ сургах нэрийн дор олон ч эцэг, эх өрөнд баригдаж, ядууралд нэрвэгдсэн нь үнэн. Бүх шатны сургуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт эцэг, эхийн оролцоо туйлын хангалтгүй байна.
Тухайлбал, их, дээд сургуульд суралцагсдын төлбөр жил бүр нэмэгддэг боловч сургалтын чанарт ахиц гарахгүй байна. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн "Удирдах зөвлөл" гэсэн заалтанд "Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчдийн төлөөлөлтэй байна" гэсэн хэсэгт эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оролцуулахаар хуульчлах шаардлагатай байгаа юм.
Их, дээд сургуулиудын захиргаа суралцагчид болон төлбөр төлөгчдийн өмнө хагас, бүтэн жилдээ тайлан тавьж, сэтгэл ханамжийн судалгаа авч өөрсдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх шаардлагатай байгаа юм.
-Шавийн эрдэм багшаас гэдэг. Багш бэлтгэх тогтолцоо, багшийн ур чадварын талаар таны бодол?
-Үнэн үнэн. Багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх, багшийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр дорвитой ажил хиймээр байна. Хүнтэй ажиллана гэдэг амаргүй ажил. Сүүлийн үед их, дээд сургуулийн багш нар залуужиж гадаад хэлний мэдлэг сайтай боловч сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх мэдлэг, хүнтэй ажиллах арга барил илт дутмаг байгаа нь ажиглагддаг. Оюутан, залуучуудтай тулж тэдний эрэлт сонирхол, хэрэгцээг хангахуйц ажиллаж чадахгүй байгаа нь ч үнэн. Багш хүн бүх үйлдлээрээ бусдад үлгэрлэгч байх учиртай.
-Боловсролын талаар Засгийн газрын бодлого тогтвортой байж чадаж байна уу?
-Ирээдүйд ихээхэн ашиг өгдөг мөн төрөөс хөрөнгө мөнгө гаргаж дэмждэг үйлчилгээний аварга том салбар бол боловсролын салбар байдаг. Хүн амын боловсрол түвшин нь хөдөлмөрийн бүтээмжинд нөлөөлдөг төдийгүй ажилгүйдэлд тэр болгон нэрвэгдэхгүй.
Тухайн хүнийг ямар ч ажил сольж хийх чадвартай болгодгоороо эдийн засагт тойруу замаар ихээхэн ашиг өгдөг. Гэтэл Засгийн газар солигдох бүрт тавьж буй зорилго нь өөрчлөгдөөд байх юм.
Өмнөх Засгийн газар Кембрижийн сургалтын хөтөлбөр нэвтрүүлэхээр зарим нэг зүйлийг хийж байсан боловч Шинэчлэлийн Засгийн газар "Авъяас" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавьж байх жишээтэй. Энэ нь нэг юмны хоёр тал шүү дээ.
Олон улсын жишигт нийцсэн Кембрижийн сургалт нь хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх үндсэн дээр явагддаг. Гэтэл хойдох нь өмнөхөө үгүйсгэх хандлага ажиглагдаад байгаа. Ер нь боловсролд туйлширч хэрхэвч болохгүй. Дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны түүх уламжлалыг хослуулсан байх учиртай.
Шинжлэх ухаан, технологийн ийн үсрэнгүй хөгжлийн эрин үед "Монгол бичиг"-ээр бүх сургалтыг явуулна гэж ярих юм.
Тэгвэл эерэг зан үйл хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн хүмүүнлэг, ардчилсан, хүн бүрийн эрхийг хамгаалсан, хүрэлцээтэй, хүртээмжтэй хүлээн зөвшөөрөгдсөн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боловсролын тогтвортой тогтолцоотой болох ёстой.
-Монголын хөгжлийн гарыг та юу гэж үзэж байна вэ?
-Хөгжлийн гарц нь газар нутгаа ухаж, хөрсөн доорх баялгаараа хөгжинө гэвэл том эндүүрэл төдийгүй хойч үеийнхээ өмнө уучилж болшгүй "нүгэл" үйлдсэнтэй адил болох буй заа. Газрын нөхөхдөхгүй баялаг тодорхой хугацааны дараа шавхагдана.
Гагцхүү хүнээ хөгжүүлсэн, эрдэм, ухаан, боловсролыг дээдэлсэн улс орон оюун тархиа хөгжүүлж, эрдэм номонд шамдсан хүн л Монгол Улсын хөгжлийн гарц байх учиртай.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Эх сурвалж:"Улаанбаатар таймс" сонин