2013-09-04ШӨХТГ-ын дарга О.Магнай таксины үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний дагуу үнэ нэмэх болсноо
зарлаж, нийгэмд багагүй бухимдал төрүүлсэн. Гэвч олон нийт эсэргүүцэл, эгдүүцэл хослуулан О.Магнай даргын хийтэй мэдэгдэлд хариу барьсан.
Тиймээс тэрбээр “цаг үеэ мэдрээгүй гаргасан буруу шийдвэрийнхээ төлөөард түмнээс уйчлал гуйж байна” хэмээн залруулга хийхэд хүрсэн. Ийнхүү нэг асуудлыг долоо ч хонолгүй хоёр өөрөөр ярьж буй ШӨХТГ-ын дарга О.Магнайг сөрөг хүчний залуус шүүмжилж, хариуцлага нэхэж байна.
Энэ талаар МАН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулах хорооны гишүүн Т.Сайнжаргалтай ярилцлаа.
МАН-ын Шинэчлэлийн хорооноос “Шинэчлэлийн ЗГ”-ыг 14 хоногийн дотор огцрохыг шаардаад байгаа. Шаардлагыг хэрхэн хүлээн авсан бэ?
Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох хангалттай шалтгааныг өөрөө өөрсдөө бий болгосон. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхий сайдыг огцруулах шалтгаан нь Үндсэн хууль зөрчсөн тодорхой асуудлаар тавигдаж байсан бол одоо нэмэгдээд 11 үндэслэл бүхий шалтгаан, хор, уршгийг шинээр нийгэмд бий болгосон байна.
Би залуу хүн, улс төр сонирхох төдийд л явдаг, гэхдээ урьд өмнө хэзээ ч ард түмнийхээ өмнөөс харчихаад ичих ч үгүй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан гэж худлаа ярьж суугаа Ерөнхий сайдыг бүү хэл, сайд, газрын дарга, мэргэжилтнийг ч хараагүй.
Энэ нь цаагуураа ард түмнийг элэглэн басч, санах ойгүй мэт төсөөлсөн доромжлол гэхэд ч багадна. Н.Алтанхуяг хэрэв тоо мэддэг л юм бол ядаж дэргэдээ байгаа Статистикийн Үндэсний хорооны гаргасан мэдээллийг тухтай, тайван суугаад харчих хэрэгтэй шүү дээ. Бид статистик мэдээлэлд тулгуурлан 12 үндэслэл, шалтгааныг нэрлэсэн.
Та Засгийн газрыг огцруулах хэвлэлийн бага хурал дээр ШӨХТГ-ын дарга О.Магнайг ихээр шүүмжилж, бухимдаж байсан?
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр цээжээ дэлдэн байж Н.Алтанхуяг сайд О.Магнайг урилгаар авчирч ШӨХТГ-ын даргаар ажиллуулахаар болсноо зарласан. Магтсан хүүхэн хуриман дээрээ яана... гэдэг билээ дээ түүнтэй адил юм болж өнгөрснийг өмнөх цаг хугацаа тодоор харууллаа.
Монголын ард түмэн О.Магнайгийн тоглоом биш гэдгийг тэр хүн ухаармаар юм даа. Нөгөө талаар Монгол түмний төр барих ухаан гэж байдаг даа, эхлээд хүн биеэ засдаг, дараа нь гэрээ төвхөнүүлчихээд, эцэст нь төрийн хэрэгт оролцдог зарчмыг дагах ёстой.
Магнай мэтийн олон хүн төрд шургалсан байгааг ил зарлах цаг нь болсон. Шулуухан хэлэхэд О.Магнайгийн оролцсон салбар бүхэн богино хугацаанд хямарч, баахан будилааны эх үүсвэр болсныг цаг хугацаа бүрэн харуулж чадсан нь харамсалтай. О.Магнай ард түмнийг ой санамжгүй мэт басамжилж байна.
Тодорхой жишээ, нотлох зүйлс байна уу?
Би хэдхэн жишээ хэлье.
Нэгт. Үүрэн телефонуудын яриаг минутаар бус секундээр тооцно, тооцохдоо 2013 оны гуравдугаар сарын нэгны өдрөөс эхлэн нэг секундын алхамыг хоёр төгрөгөөр бодно хэмээн цочир мэдэгдэл хийж, сая найман зуун мянган хэрэглэгчийн эрх ашгаас урвасан үйлдэл хийсэн. Үүнийг нь ард түмэн эсэргүүцснээр уг шийдвэр цуцлагдаж, эргэж буцаж байсныг монголчууд мартаагүй байна.
Хоёрт нь. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх өдөр буюу тавдугаар сарын 22-нд зар сурталчилгаанд хяналт тавих үүрэг бүхий есөн ажилтнаа үндэслэлгүй ажлаас нь халж, Шадар сайдын шийдвэргүйгээр ажлаа таслан Английн Лондон руу хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шувтрагын тоглолт үзэхээр долоо хоногийн хугацаатай аялахаар төрийн ажлыг хаяж явсан.
Энэ хугацаанд сонгогчдын эрх ашиг зөрчигдөж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт хангагдаагүй. Мөн асар өндөр үнэ бүхий Аваргуудын лигийн тоглолтыг үзэх, очих буцах болон байрлах зардлыг хаанаас, ямар эх үүсвэрээс гаргаснаа хэлээгүй, тийм шударга л юм бол зарлачих хэрэгтэй.
Гуравт. Таксины үнийг бусадтай үгсэн хуйвалдах замаар нэмсэн талаараа өмнөх долоо хоногт олны өмнө бантан байж зарласан шүү дээ. Эхний нэг км-т 1500 төгрөг, дараагийн километр тутамд 1000 төгрөг болгоно гэж.
Тэгсэн нэг дэх өдрийн өглөө ард түмнээр тохуурхан даажигнаж, бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр уучлал гуйлаа, одоо болилоо, шийдвэрээ татлаа ч гэх шиг. Энэ хүн төрийн тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч уу, эсхүл Н.Алтанхуягт эрхэлсэн түүний дараагийн гар хөл, төрөөр даажигнаж, ард түмнээр тохуурхан тоглосон Дэнзэнтэн үү гэдгийг асууж, шалгуулж, хариуцлага тооцох цаг нь болсон.
Ер нь Монголд шударга ёсыг, шударга өрсөлдөөнийг бий болгоё л гэж бодож байгаа бол юуны өмнө удаа дараа хууль зөрчиж, ард түмний итгэлээр тоглож, доромжилсон О.Магнайг ажлаас нь халж, хариуцлага тооцож байж л бий болно. Өнөөдөр ШӨХТГ-ыг Магнай удирдснаас хойш “Шимэгчдийг Өөгшүүлж Хөхүүлэн Тэтгэх Газар” болон хувирсан.
Дөрөвт. Төрийн жинхэнэ албан хаагч яахаараа 2013.6.24-ний Өдрийн сонинд улс төрийн зорилгоор, Монгол ардын намыг үгүй болгоно, хэр удаан тогтохыг нь харъя, тэр намд удаан хугацаа үлдээгүй, Монгол ардын намгүйгээр энэ улс цаашаа явна гэхчилэн доромжилсон, заналхийлсэн ярилцлага өгч хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй ШӨХТГ-ын вэб сайтанд хүртэл байрлуулсан байх юм.
Энэ нь ШӨХТГ-ын байр суурь уу, эсвэл ЗГ-ын байр суурь уу, гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хувь хүний байр суурь гэж хэзээч харагдахгүй байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд “үзэл бодлоороо нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй бөгөөд нэгдсэнийх нь болон гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг.
Тэгвэл О.Магнай Үндсэн хуулиар олгосон бидний эрхэнд бүдүүлэгээр халдаж МАН-ын мянга мянган гишүүдийг доромжилж, өмнөөс нь шийдвэр гаргахаар зэхэж байна. МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын даргаас илүү эрх мэдэлтэй агентлагийн том толгойтой дарга нэг ширхэг байна.
Тэгээд О.Магнайд яаж хариуцлага тооцох юм бэ, яриад л дуусах юм биш биз.
Монгол Улс нийтээр дагаж мөрдвөл зохих хууль, тогтоомж, дэг журамтай орон. Хууль зөвхөн ард иргэдэд хатуу чанга гэдгээ харуулж үйлчилдэг бус, дарга, сайд нарт ч тэгш үйлчилэх ёстой. ШӨХТГ-ын дарга О.Магнай хэд хэдэн үйлдэл, эс үйлдлээрээ төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн нь мэдэгдэж байна.
Төрийн албаны тухай хуульд “хоёр удаа ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хална” гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Би иргэнийхээ хувьд О.Магнайд хариуцлага тооцох хэд хэдэн үндэслэл бүхий асуудлыг Төрийн албан зөвлөлд хүргүүлж байгаа. Төрийн албаны зөвлөл шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнөөдөр 11:00 цагт О.Магнайд хариуцлага тооцох хэд хэдэн үндэслэл бүхий шаардлагыг иргэн Т.Сайнжаргал Төрийн албан зөвлөлд хүргүүлнэ. Энэ үеэр О.Магнай нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн талаарх баримтыг олон нийтэд дэлгэх тул сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Засгийн газрын 11дүгээр байр.
Б.Сэлэнгэ