2013-09-03“Үл таних эмэгтэй” киноны Зулцэцэгийн дүрээр олонд танигдсан жүжигчин О.Долгортой амьдрал, уран бүтээлийнх нь
талаар хөөрөлдлөө. Олны танил хүн дэгжин, гадаад төрхдөө анхаарал хандуулдаг гэсэн бодлыг минь өөрчилсөн тэрбээр нүүрээ нэг их буддаггүй нь ажиглагдаж байлаа. Мөн элдэв чамин хээнцэр зүйл хэрэглэдэггүй ч цаанаа л намбалаг, сэтгэл татам санагдсаныг нуух юун.
-Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Микроны босс” кинонд олон сайхан уран бүтээлчтэй хамтран тогложээ. Таны хувьд анхны инээдмийн бүтээл гэж дууллаа?
-“Милл” кино компанийн гурав дахь уран бүтээл “Микроны босс” нэртэй инээдмийн кинонд тоглолоо. Миний хувьд инээдмийн анхны бүтээл болсон. Энэ утгаараа уран бүтээлч хүний хувьд өөрийгөө эвдэх, өөр өнцгөөс нь харуулах боломж олдсон. Би Болороо гээд насны хувьд надаас залуу охины дүр бүтээсэн.
Зан чанарын хувьд ч гэнэн хонгор зантай болохоор сонирхолтой байлаа. Энэ дашрамд нээлтээ хийгээд удаагүй байгаа “Микроны босс” кинонд хамтарч ажилласан уран бүтээлчдэдээ баяр хүргэе. Бидний уран бүтээлийг үзэгчид сайхнаар хүлээн авч байгаа гэсэн шүү.
-Мэргэжлээс үл шалтгаалан хүний амьдралд өөрийнхөө авьяасыг нээх, амжилтад хүрэх боломж олддог. “Үл таних эмэгтэй” кино танд тийм боломж өгсөн гэж бодогддог юм?
-Ажиглаад байхад жүжигчид олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дүртэй байдаг. Магадгүй “Үл таних эмэгтэй” киноны Зулцэцэгийн дүр миний хувьд тийм дүр байсан юм болов уу. Тухайн үед найруулагч Наранбаатар проб зарласан юм. Би бусад жүжигчдийн адилаар пробонд орж шалгарсан.
Тэгээд санаандгүй байдлаар эцсийн дүнд Зулцэцэгийн дүрд тоглохоор болсон нь том боломж байсан. Тэр үед зохиолоо уншаад халшрах эргэлзэх мэдрэмж төрж байсныг нуухгүй. Гэхдээ дүрээ сайн гаргана гэсэн зорилт тавиад хичээсэн. Хүн хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсний үр дүн гардгийг тэр дүр надад ойлгуулсан даа.
-“Үл таних эмэгтэй” жанрын хувьд эротик кино юу?
-“Долгор эротик киноны саналд дарагджээ”, “Нүцгэлэх дуртай гэнэ” зэрэг худал мэдээлэл цацагддаг. Би нүцгэлэх дуртай хүн биш. Миний тоглосон бүтээлүүд дунд эротик жанрын нэг ч кино байхгүй. Кино зохиол хүний амьдралаас л сэдэвлэгдэж бүтдэг. Тэр утгаараа кино зохиолуудад байдаг л асуудлуудыг тусгадаг гэж боддог.
Миний нүцгэлсэн хэсэгтэй “Үл таних эмэгтэй”, “Хоёулаа унтах уу” зэрэг кинонууд эротик жанрын уран бүтээл биш, милодрам юм. Тэгээд ч тэдгээр бүтээлүүдэд Долгор нүцгэллээ гэхээс илүү эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, дотоод мөн чанар, сэтгэлийн хатыг харуулахыг зорьдог.
- Ер нь танд эротик кинонд тоглох санал ирж байв уу?
-Эротик жанрын бүтээл Монголд хийх болоогүй байх гэж бодож байна. Тэр ч утгаараа надад эротик киноны санал нэг ч удаа ирж байгаагүй. Тийм болохоор намайг тийм жанрын бүтээлүүдийн саналд дарагджээ гэж бичихээр гайхаад байдаг юм.
-Жүжигчин бүр тан шиг нүцгэлэх зориг гаргаж чадахгүй байх гэж бодож байна?
-Би кино зохиолтой танилцахдаа “Би чадна” гэж барддаггүй. Ер нь няхуур нямбай хандаж өмнөх дүрээсээ яаж өөрийгөө эвдэх вэ гэж боддог. Тэр олон бүтээл дунд хүнд хэсэгтэй зохиолууд ч таардаг. Дээрээс нь нүцгэлэх хэсэгтэй зохиол байсан ч чадахгүй гэж хойшоо суулгүйгээр аль болох хийхийн төлөө өөрийгөө хурцалдаг.
-Тайзан дээр өөрийнхөө жүжиглэлтийг голох тохиолдол гарч байсан уу?
-Байлгүй яахав. Тоглосон дүрүүдээ эргээд үзэхээр тэгдэг байж, ингэдэг байж гэж бодогддог юм. Заримдаа бүр ахин дахин бодоод шаналах тохиолдол ч гарна шүү. Мөн унтах гэж байхад хүртэл бодогдоод тоглосон хэсгээ давтах тохиолдол бий.
Ийм зүйл надад хэд хэдэн удаа тохиолдож байсан. Цаашдаа ч гарах байх. Энэ ч надад дараагийн уран бүтээлд тоглоход туршлага болж хөглөх байх гэж боддог юм. Ер нь бүх зүйл тэгш сайхан байна гэж үгүй. Хэрвээ тийм бол юмс утгагүй болно биз дээ.
-Драмын урлагт хүчээ сориод үзье гэсэн бодол бий юу?
-Ер нь тайз, дэлгэц гэлтгүй бүтээл бүр жүжигчнээс авьяас чадвар шаарддаг. Гэхдээ жүжигчин хүний хувьд тайзны урлагт хүчээ сорино гэж боддог. Саяхан надад драмын бүтээлд тоглох санал ирсэн. Тиймээс одоо хийж байгаа уран бүтээлүүдээ дуусгах хэрэгтэй байна. Тэгээд тохироо нь бүрдэх юм бол удахгүй тайзны бүтээлд тоглох байх.
-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Энэ зуны хувьд хоёр бүтээлийн ард гарлаа. Нэг нь “Микроны босс” бол нөгөө нь УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнийн “Хөлтрөг” хэмээх уран сайхны кинонд ажиллаад дөнгөж дуусч байна. Яг одоо богино хугацааны баримтат кинон дээр ажиллаж байгаа.
Үүний дараа SBN телевизийн “Сувдан даруулга” нэртэй түүхэн драмд тоглохоор бэлтгэж байна. Энэ зуны хувьд амралтгүй дараалсан уран бүтээлүүдэд ажиллаж өнгөрүүллээ. Гэхдээ ажилтай байна гэдэг сайхан. Хэчнээн завгүй байсан ч дуртай ажлаа хийх нь сонирхолтой санагддаг юм.
-Хүү чинь ой хүрсэн бил үү?
-Удахгүй таван сар хүрнэ.
-Тэгвэл уран бүтээлд тоглохын хажуугаар хүүгээ харах гээд маш ачаалалтай байгаа юм байна даа?
-Харин тийм. Заримдаа товлосон цагаасаа хоцрох тохиолдол гарна. Гэхдээ хоцоръё гэж хоцроогүй болохоор хамтран ажиллаж байгаа багийнхан маань намайг ойлгодог юм. Өглөө босоод нүүрээ будаад шууд гараад ирэх боломжгүй.
Хүүгээ хувцаслана, хөхүүлнэ гээд ээжийн үүргээ аль болох хурдан хийгээд ажилдаа гарахыг боддог. Би товлосон цагаасаа хоцрох дургүй. Гэхдээ хамтран ажиллаж буй багийнхан маань намайг нялх хүүхэдтэй гээд 30 минутын бонус олгоод байгаа юм / инээв/.
-Охин чинь сургуульд ороод том болчихсон болохоор дүүгээ харахад хань болж байгаа байх?
-Мэдээж тодорхой хэмжээгээр хүүхэд томрохоор хань болох л юм. Гэхдээ тэр хүн чинь өөрөө хоёрдугаар ангид орж байгаа шүү дээ. Бага ангийн хүүхэд чинь асаргаа их шаарддаг юм.
Ер нь хоёр хүүхэд маань хоёулаа арчилгаа шаарддаг үе дээрээ байна. Энэ их ажлын хажуугаар ажлаа хийнэ гэдэг надаас их зүйл шаардаад байгааг мэдэрдэг юм. Тэгээд л аль болох түүртэхгүй байхыг хичээж байна даа.
-Эмэгтэй хүн өөрийгөө бодоод ажил хийгээд явахаар ар гэрийн амьдрал хоцрох гээд байдаг талтай. Харин таны хувьд аль алиныг нь амжуулаад явж байгаа бодохоор бахархмаар, магтмаар байна?
-Саяхан би ажил гээд дараалаад дөрвөн хоног гэрийн бараа харахгүй явчихлаа. Тэгээд нэг л их ажил хийсэн хүн гэртээ орж ирсэн чинь хүү маань их өрөвдөлтэй харагдсан. Тэгээд л миний ядрах юу ч биш юм байна гэж бодсон. Тэр үед өөрийгөө зөв зүйл хийж байна уу гэж бодсон шүү.
Бүр хийж байгаа ажлуудаа хойш нь тавьдаг ч юм уу гэж бодсон. Гэхдээ тэрүүхэн үедээ тэгж бодсон ч хүүгээ хөхүүлээд, усанд оруулсныхаа дараа маргаашийн ажилдаа санаа зовоод эхэлсэн. Тэгээд л аль алиныг нь орхиж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон.
Түүнээс хойш олон хоногоор зураг авалтад явахгүй байхаар шийдсэн. Би хүүгээ ход ход инээхээр нь урам авч, эрч хүчтэй болдог. Тийм хөөрхөн хүүхдүүдтэй болохоор өөрийгөө аз жаргалтай хүн гэж санадаг шүү.
-Хэдийгээр адилхан уран бүтээлч гэсэн нөхөр тань хүүхдээ харахад тусална биз?
-Тэгэлгүй яахав. Тэгэхгүй ганцаараа энэ бүхнийг зохицуулна гэдэг худлаа шүү дээ. Бид хоёр энэ зун зураг авалт ихтэй бас л цаг наргүй ажилласан. Хоёулаа жүжигчин болохоор заримдаа уулзахгүй сар болох тохиолдол ч бий.
Гэсэн хэдий ч аль болох гэр бүлдээ анхаарал хандуулж нэг нэгнийхээ ажлаас чөлөөлөхийг боддог юм. Өнөөдөр ч гэсэн хоёулаа зураг авалттай байсан. Тэгээд хүүхдүүдээ хамаатан садан гээд аль наашаа гэсэнд харуулаад ажилдаа гарсан. Ах дүү, хамаатан садан маань бидний ажлыг ойлгож их тусалдаг.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Өнөөдөр гадаа бороотой, намрын сэрүүн өдрүүдийн нэг байна. Ажил бүтэмжтэй, гэр бүлийнхэн минь эрүүл саруул, уран бүтээл хийгээд явж байна. Энэ ажлынхаа хажуугаар танай сонинд хар бараан сэдэв хөндөхгүй гэгээн сэдэвтэй ярилцлага өглөө.
Хэдийгээр гадаа сэрүүхэн байгаа ч сэтгэлд минь гэрэл гийж байна. Тэгээд сайхан яриа өрнүүлж сэтгэлийг минь хөндөж хэдэн хормыг бэлэглэсэнд баярлалаа.
Эх сурвалж: Үнэн.мн