2013-08-28Хичээлийн шинэ жил хаяанд ирж орон нутгаас нийслэлийг зорих оюутнуудын их нүүдэл эхэллээ.
Эрдмийн эрэлд мордож буй оюутнууд гэрээ нүүлгэх нь холгүй ачаа бараа бэлдэж эцэг эхдээ үнсүүлээд их хотыг зорьдог. Ингэхдээ тэдний олонхи нь хот хоорондын зорчигч тээвэрлэгч автобусаар үйлчлүүлдэг.
Үүнийг андахгүй жолоочид чоно борооноор гэгчээр тасалбарын үнийг нэмэх, зорчигчийн тоог хэтрүүлэх нь хэвийн үзэгдэл боллоо. Хэдийгээр Зам тээврийн яам болон Замын цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх шалгалт хийж байгаа ч энэ нь тодорхой үр дүнд хүрэхгүй байх шиг.
Орон нутгаас ирж байгаа автобуснууд зохих дүрэм журмын дагуу суудлынхаа тоогоор хүн тээвэрлэж байгаа гэсэн тайлбарыг албаныхан хэлж байгаа юм. Гэвч орон нутгаас тэр дундаа алслагдсан аймгуудаас хөдөлж буй тээврийн хэрэгслүүд хэзээ ч суудлынхаа тоогоор зорчигч авдаггүй гэдгийг албаныханаас бусад бүх хүмүүс мэдэж байгаа.
Энгийн жишээ татахад Ховд аймагт 28-36 хүний суудалтай ПАЗ маркийн автобус зорчигч тээвэрлэдэг л дээ. Энэ автобус хоёр эгнээ суудалтай ч зорчигчид голоор нь ачаагаа тавьж байгаад суучихдаг. Үүнийг туулайчдын эгнээ гэж нэрлэх ч бий. Энэ эгнээнд гэхэд хамгийн багадаа 10 хүн шахцалдаад суучихна.
Түүгээр ч зогсохгүй автобусны хамгийн арын залгаа суудалд таван хүн суух ёстой атал долоон хүн өлхөн багтчих жишээтэй. Үүнээс харахад нэг автобусанд наанадаж ямар ч зөвшөөрөлгүй, тасалбаргүй 15 хүн яваа нь тодорхой байгаа юм. Тэд замын хөлсөө жолоочид нь атгуулаад суучихдаг хэрэг.
Хот хооронд зорчигч тээвэрлэгч автобусанд тав тухтай үйлчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Холын замд явж буй хүмүүс ч тийм тансаг үйлчилгээ шаарддаггүй л дээ. Тэд суудлынхаа тоогоор зорчигчоо авахыг жолоочид сануулдаг. Гэвч энэ байдал огтхон ч дээрдсэнгүй.
Учир найм, есдүгээр сар эцэг эхчүүд хүүхэддээ тасалбар бичүүлэх гэж дугаарладаг.Ачаагаа багтаах гэж бөөн хэрүүл болдог нөгөө л муухай дүр зураг хэвээрээ байна. Арайхийж тасалбар бичүүлж ачааг нь тавьсны дараа хүүхдүүд нь үйлчилгээ гэж авах юмгүй умгар автобусанд дөч, тавиулаа чихцэлдээд өдөржин шөнөжин сэгсчүүлж амтгүй үнэтэй замын хоолоор ходоодоо баясгаж, ядарч унах нь холгүй шороонд дарагдсан хэдэн нөхдүүд улсын нийслэл Улаанбаатартаа ирнэ шүү дээ.
Дээр нь бас болоогүй гэрээсээ чирсэн ачаандаа мөнгө төлнө гэж байгаа. Дагаж мөрддөг журмынхаа дагуу нэг хүн нийтийн тээвэрт 20 кг ачаа авч явах эрхтэй аж. Гэтэл оюутнуудын хувцас гэхэд нэг гар цүнх болчихно. Ингээд хүнсний ногоо, эд зүйлсээ жинлүүлж нэг килограмм тутамд нь 1000 төгрөг төлж хэтэвчээ хоосолно.
Гэрээсээ мах эсвэл цагаан идээ зэрэг хүнд жинтэй зүйлс авсан бол төлбөр нь талийгаад өгнө гэсэн үг. Хот хоорондын үйлчилгээ нэг иймэрхүү дүр төрхтэйгээр олон жилийг ардаа үдэж байна. Аймгуудыг нийслэлтэй холбосон засмал зам барих асуудал яригдаад л байгаа.
Үүнийг сонссон оюутнууд хурдхан шиг холбочихоосой гэж битүүхэн хүлээж суугаа нь лавтай. Жирийн иргэд шиг автобусанд чихцэлдэж явдаггүй болохоор эрх мэдэлтнүүд яарахгүй л байгаа бололтой.
Газраар биш агаараар хэдхэн цаг нисээд зорьсон газраа хүрчихдэг эрх мэдэлтнүүд тоосон дунд сэгсчүүлж өвдөг тэнийхгүй суугаагаараа хагас дутуу нойр авахын зовлонг мэдэхгүй болохоор яарахгүй байх нь ч аргагүй юм уу даа.
Оюутнууд нийслэлийг зорих болсонтой холбогдуулан Зам тээврийн сайдын тушаалаар намрын хяналт шалгалтыг Завхан, Ховд, Говь Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгуудад хийх болсон байна. Харин энэ шалгалтыг нь жолооч нар өлхөн хуураад өнгөрчихөж байгаа нь харамсалтай.
Нэг аймгаас гэхэд өдөрт гурваас дөрвөн автобус нийслэлийг зорьж байгаа. Автобусны жолооч нар нэгнийгээ сайн таньдаг учраас түрүүлж давхисан нь бусаддаа цагдаа, хяналт шалгалт хэр байгааг утсаар мэдээлчихдэг.
Ингэхээр зөвшөөрөлгүй зорчигч тээвэрлэсэн жолооч нь шалгалт байгаа постод ирэхээс өмнө тал зорчигчоо буулгаж алхуулчихаад суудлынхаа тоогоор зорчигч авсан гэж албаныханыг хуурдаг.
Түүнээс гадна хот хоорондын зорчигч тээвэрлэгч автобусууд эцэг эх, ах эгчтэйгээ явж буй хүүхдээс насны хязгаарлалтгүй том хүний зардлаар явуулах зөрчил элбэг тохиолддог. Суудлынхаа мөнгө төлчихсөн хэрнээ бяцхан хүүхдүүд эцэг эхийнхээ өвөр дээр явах нь бий. Ингээд тэдний суудал туулайчдынх болно.
Уг нь хот хооронд үйлчилдэг нийтийн тээвэрт хяналт тавих байгууллага аймаг бүрт байдаг аж. Гэтэл тэд мэддэгүй юмуу мэдсэн ч тоодоггүй юмуу бүү мэд. Албаныхан болохоор жолооч нар замдаа мөөг шиг зорчигчдыг түүгээд байдаг болохоор тухайн аймгийнх нь хяналт тавих ёстой хүмүүс нь яаж ч чадахгүй байна гэж тайлбарлаж байгаа юм.
Цаашид орон нутгийн тээврийг хэрхэн хөгжүүлэх вэ. Салбар хариуцсан яам ямар арга хэмжээ авахаар зэхэж байгааг Зам тээврийн яамны хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Э.Оюунтунгалагаас тодрууллаа.
-Хяналтыг сайжруулах шинэлэг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Орон нутгийн тээвэрт яваа автобусанд жи пи эс суурилуулах ажил эхэлсэн. Одоогоор 10 тээврийн хэрэгсэлд туршилтын журмаар суурилуулсан. Ингэснээр жолооч хэдэн километр цагийн хурдтай давхиж байгааг мэдэх боломжтой юм. Түүнчлэн дүрэм журмын дагуу зорчигчдоо хоолонд оруулж байна уу гэдэгт хяналт тавина.
Уг нь хот хоорондын тээврийн хэрэгсэл дөрвөн цаг яваад зорчигчоо амраах ёстой байдаг юм. Гэтэл хоол цайг нь ч идүүлэхгүй хурд хэтрүүлэн давхих тохиолдол байна. 2014 он гэхэд орон нутгийн замд хяналтын камер байршуулна. Орчин үеийн технологид суурилж хяналтыг улам сайжруулах болно.
Ирэх сараас эхлэн орон нутгийн тээврийн автобусуудад жи пи эс суулгах ажлыг эрчимжүүлнэ. Одоогоор 18 байцаагч орон нутгийн тээвэрт хяналт тавьж байгаа. Тэдний тав нь хотод хяналт тавьдаг. Цаашид байцаагчийн тоог нэмэгдүүлэх санал оруулахаар зэхэж байна.
-Шалгалтаар ихэвчлэн ямар зөрчил илэрч байна вэ?
Манайд шалгалтын мэдээлэл ирдэг. Энэ сарын 23-ны байдлаар 456 зөрчил бүртгэгдсэн. Үүнд 13 сая 683 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байгаа. Хурд хэтрүүлэх зөрчил харьцангуй бага байгаа ч суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэх тохиолдол буурахгүй байна.
Түүнчлэн зөвшөөрөлгүй хулгайн тээвэр хийх нь элбэг байна. Энэ төрлийн зөрчил гаргасан жолооч болоод тухайн аж ахуйн нэгжид нь 5-30 мянган төгрөгийн торгууль оногдуулдаг.
-Жолоочийг суудлынхаа тоогоор хүн тээвэрлэж байгаа эсэхийг танайх хэрхэн шалгадаг вэ?
Зорчигчдын тасалбарыг нь тулгаж үздэг. Хүн хэтрүүлэх тохиолдол их бий. Хурд хэтрүүлсэн эсэхийг цагаар нь тооцоолж үзэх жишээтэй. Хэрэв зорчигчид өөрсдөө мэдээлэл өгвөл бид урьтаж хяналт тавьдаг. Сүүлийн үед иргэд үүргээ ухамсарлаж бидэнд санал хүсэлт, мэдээлэл илгээх болсон.
Жолооч бага насны хүүхдүүдээс насны хязгаарлалтгүй төлбөр нэхдэг. Ер нь ямар төлбөр авах ёстой байдаг юм бол?
12-оос дээш насны хүүхэд насанд хүрсэн хүний зардлаар явдаг. Харин 12-оос доош насны хүүхдүүд тээвэрлэлтийн хөлсний 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр явах ёстой бол зургаагаас доош насны хүүхэд үнэгүй явах эрхтэй. Бага насны хүүхэд төлбөрөө төлсөн л бол суудалдаа суугаад үйлчлүүлэх эрхтэй.
-Автобусны жолооч суудлынхаа тооноос хэтэрсэн хүн ачаад явж байхад тухайн орон нутгийн авто тээврийн байцаагч хариуцлага тооцдоггүй. Жолооч нартай хуйвалддаг гэж ойлгож болох уу?
Тийм зүйл байхгүй. Хяналт тавьдагаараа тавьж байгаа. Харин жолооч нар зэргэлдээ сумаас буюу замаараа зорчигчдыг аваад байдаг. Тиймээс суудлынхаа тооноос илүү гарчихдаг. Тиймээс цаашид хяналтын камер, жи пи эс төхөөрөмжийн ашиглаж энэ төрлийн зөрчлийг арилгах шаардлагатай байна.
Ц.Оюунтунгалаг