2013-08-27Залуу насны хамгийн сайхан гоёл нь мэдлэг. Өдөр бүхэн тархиа цэнэглэж, сурч боловсрох хэрэгтэй.
ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаатай ярилцлаа. Тэрээр "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны гол дүрийг бүтээсэн авъяаслаг уран бүтээлч.
-Сайн байна уу. Уран бүтээлийн олз омог арвинтай юу?
-Танай сониноор дамжуулаад нийт монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жил уран бүтээлийн олз омог арвинтай байлаа. Анх удаа кинонд тоглож үзлээ. Уран бүтээлч хүний хувьд нэг ололт боллоо.
-Кинонд тоглох санал хэн тавьсан бэ?
- Би "Эмоушн" хамтлагийн тоглолтоор ард нь бүжиглэсэн юм. Тэр үед гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч харсан юм билээ. Тоглолтын дараа кино хийх гэж байгаа, ирж шалгуулаач гэсэн хүсэлт тавьсан.
-Дүрийнхээ тухай сонирхуулаач?
-Би биеэ үнэлэгч бүсгүйн дүрийг бүтээсэн. Гэхдээ энэ дүр эмэгтэй хүний гадаад үзэмжээс илүү дотоод сэтгэлийг илтгэсэн. Миний ажилласан дүрийг хараад охид бүсгүйчүүд маань багахан ч болтугай амьдралын үнэ цэнийг ойлгоосой гэж хүсч байна.
-Таны хувьд туршлагатай уран бүтээлчидтэй хамтарсан шүү дээ. Сандарч байв уу?
-Өнөө цагийн авъяаслаг жүжигчидтэй хамт дэлгэцэнд дүрээ мөнхөлсөндөө баяртай байна. Миний хувьд анхны дэлгэцийн уран бүтээл. Алдаатай, оноотой, сурч, мэдэх зүйл их байлаа. Манай кино багийнхан намайг үргэлж дэмжиж, тусалж байсан. Тэднийхээ ачаар киногоо амжилттай дуусгасан шүү. Найрсаг, хөдөлмөрч, сайхан хамт олонтой болсон.
-Кино урлагт урвах гэж байгаа юм биш биз?
-Миний үндсэн мэргэжил бүжигчин. Багаасаа мөрөөдөж, тэмүүлсэн болохоор тайзаа орхино гэж бодохгүй байна.
-Бүтээхийг хүсдэг дүрийнхээ тухай хуваалцаач?
-Би Алангуа эхийн дүрийг бүтээх юмсан гэж хүсдэг байсан. Харин мөрөөдлөө биелүүлсэн шүү.
-Дараагийн уран бүтээл юу байх бол?
-Манай чуулгынхан "Цуутын цагаагч гүү" үлгэрийг тайзны бүтээл болгож байгаа. Миний хувьд цуутын цагаагч гүүд бүжиглэнэ. Хүүхдийн дуулалт жүжиг.
-"Хавар чи хайрыг анх надад өгсөн. Харихдаа аваад одсон" гээд дуулж байсныг чинь санаж байна. "Рink" хамтлаг яагаад тарчихсан юм бэ?
-Хүн бүхэнд өөрийн гэсэн зам байдаг шүү дээ. Бид хамтлаг байгуулсан, дуулж үзсэн. Гэвч эцэст нь өөр өөрийнхөө амьдралыг хөөсөн. Би үндсэн мэргэжлээрээ ажиллахыгхүссэн. Гэхдээ дуугаа орхиогүй.
-Та тэгэхээр уран бүтээл хийнэ гэсэн үг үү?
-Манай чуулга дуулалт жүжгүүд тавихаар бэлдэж байгаа. Тэгэхээр мэргэжлээрээ дамжуулаад дуулна.
-Танай байгууллага залуучуудаа хэр дэмждэг вэ?
-Манай байгууллагын 80 хувь нь залуу уран бүтээлчид байдаг. Бидний хувьд ажиллах нөхцөл сайтай, санаа зовох зүйлгүй уран бүтээлээ хийх боломж дүүрэн бий.
-Залуу хүний хувьд эх орноо хэр хөгжиж байна гэж дүгнэж байна?
-Хүнд төрсөн нутгаас илүү эрхэм зүйл байдаггүй. Миний
бидний эх орон ямар ч байсан сэтгэлд ойрхон, хөрс нь хүртэл зөөлөн шүү дээ. Би эх орноосоо явахыг хүсдэггүй. Монгол Улс маань хөгжиж байна гэж ам бардам хэлж чадна. Чин сэтгэлээсээ хийж, бүтээе гэсэн залуус олон байгаа.
-Залуу хүн бүхэн гадаадад гарахыг хүсдэг шүү дээ. Та яагаад хүсдэггүй гэж?
-Үнэхээр гадаадад гарах хүсэлтэй залуусыг буруу гэж үгүйсгэж болохгүй байх. Тэд сурч, газар үзэж, нүд тайлах хэрэгтэй. Харин эргээд эх орондоо ирж, сурсан мэдсэнээ төрөлх нутгийнхаа хөгжилд зориулдат байх ёстой.
-Тэгвэл эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?
-Өнөөдөр эх орон гэж цээжээ дэлдэхдээ гол нь биш. Өөрийнхөө чаддаг салбар бүртээ амжилт гаргаж, хариуцлагатай хандах хэрэгтэй гэж бодож байна. Залуус бид эх орны ирээдүй шүү дээ.
-Залуу насыг юугаар чимэх ёстой юм бол?
-Залуу насны хамгийн сайхан гоёл нь мэдлэг. Өдөр бүхэн тархиа цэнэглэж, сурч, боловсрох хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд мэдлэггүй хүн амьдрахад хэцүү болсон үе.
-Та хангалттай цалин авч чаддаг уу. Зөвхөн цалингаараа амьдарна гэвэл яах бол?
-Үнэхээр хүссэнээрээ, санаа зовох зүйлгүй амьдрахад цалин маань хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Урлагийнхны хувьд үнэлэмж арай доогуур байдаг. Биднийг энэ салбарт тогтоож байгаа хамгийн том хүчин зүйл нь урлагт хайртай сэтгэл шүү дээ.
Ч.Гантулга
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН