2013-08-23Багануур дүүрэгт өнгөрсөн орон нутгийн сонгуулиас хойш улс төрийн нөхцөл байдал хүндхэн байгаа гэж хэлж болно.
Одоо өрнөж байгаа үйл явдал, Багануур дүүрэгт хийгдэж байгаа ажлуудын талаар дүүргийн Засаг дарга М.Гончигжавтай ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Зуны дэлгэр цаг дуусч байна. Энэ зуны тань хийж амжуулсан ажил, үр дүнгийн талаар яриагаа эхэлье.
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Багануур дүүргийн хувьд энэ зун их ажлын зун байлаа. Дүүргийн Засаг дарга болоод ЗДТГ-ын албан хаагчид энэ зун бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Зун цаг амралтын цаг гэсэн хуучин ойлголт байхгүй болсон.
Одоогийн байдлаар Багануур дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан тэрбум 900 сая төгрөгийн өртөг бүхий есөн ажил, нийслэлийн төсвөөр 4 тэрбум 602 сая төгрөгийн есөн ажил, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум 27 сая төгрөгийн 28 ажил хийгдэж байна.
Нийт 13,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна, Бид энэ зун хот тохижилтын чиглэлээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 450 сая төгрөгийн ажлыг хийж дуусгаад байна. Ногоон байгууламж нэмэгдсэн.
Мөн хүүхдийн зуслангийн төлбөрийг 101 мянган төгрөг байсныг 50 мянган төгрөг болгосноор амрах хүүхдийн тоо 2-3 дахин нэмэгдсэн. Зусланд маань хүүхдийн дуу цангинаастай зуслаа. Ирээдүй хойч болсон хүухдүүдийнхээ эруүл мэндэд анхааран бага насны хүүхдийн түр сувиллыг гурван ээлжээр гаргалаа.
Суурь өвчтэй, жингийн дутагдалтай, рахиттай 45 хуүхэд эцэг эхийн асаргаа, эмч сувилагчдын зөвлөгөөгөөр сувилуулан дунджаар 0,2-1,5 килограмаар жин нэмэгдсэн байна. Автобусны буудлыг хэрхэн хаана байгуулах ёстой вэ? Нийтийн тээвэр хаагуур явах вэ гээд олон зүйлийг иргэдээсээ асууж шинэчлэлээ. Ингээд яриад байвал олон зүйл байна.
-Наадмын дараа намар гэдэг. Багануур дүүрэг маань намар, өвлийн бэлтгэлээ хэр базааж байна?
-Багануур дүүргийн хувьд байгууллага аж ахуйн нэгжийн өвлийн бэлтгэл, малчдын өвөлжилтийн бэлтгэл гэсэн хоёр чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Багануур дүүргийн хэмжээнд өвлийн бэлтгэлд 31 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоо гарсан. Одоогийн байдлаар байгууллага аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл 50 гаруй хувьтай байна.
Харин малчдын хувьд хадлан тэжээл бэлтгэх асуудлыг их чухлаар тавьж байгаа. Багануур дүүрэг маань газар нутгийн хувьд жижиг учраас хадлан бэлтгэх талбай байдаггүй. Тиймээс дүүргийн Засаг даргын зүгээс хил залгаа хоёр аймгийн таван суманд хандан хадлан бэлтгэх талбайг малчдадаа авч өглөө.
Дүүргийн маань малчид Хэнтий аймгийн Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэр-мандал сум, Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сумдын нийт 350га газраас хадлангаа бэлтгэхээр болсон. Энэ бол урьд өмнө нь манай дүүрэгт хийгдэж байгаагүй ажил. Тиймдээ ч малчид маань сэтгэл өндөр байгаа.
-Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар таниас асуумаар байна. Он гарснаас хойш Багануур дүүргийн улс төрийн нөхцөл байдал олны анхаарлын төвд байсаар байгаа. ИТХ нь хоёр даргатай болж гэнэ. Улс төрийн суулт хийж байна гэх мэдээ чих дэлсэх боллоо?
-2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам, Монгол ардын нам хоёр ижил тэнцүү санал авсан. Маргаантай асуудал өрнөж, энэ оны нэгдүгээр сарын 07-нд хоёр нам улс төрийн зөвшилцлийн гэрээ байгуулсан. Ардчилсан намын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн хэдий ч МАН-ын нөхөд хуралд оролцохгүй хэвээр байсан.
Бид дүүргийнхээ төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж чадахгүй байсантай холбоотойгоор Ардчилсан нам олонхио бүрдүүлэн тавдугаар сарын 06-нд ИТХ-ын ээлжит II хуралдааныг, долдугаар сарын 24-нд ээлжит III хуралдааныг хуралдуулсан ч гарсан шийдвэрийг ИТХ-ын ажлын алба баталгаажуулж тамга тэмдэг дарж өгөөгүй. Удаа дараалан ийн увайгүй аашилсан учраас Ардчилсан намын зүгээс гэрээгээ хүчингүй болгох санал гарган ИТХ-д мэдүүлж, энэ дагуу шийдвэрүүд гарсан.
-Яг ямар шийдвэр гарсан юм бэ?
-Долдугаар сарын 24-нд хуралдсан ИТХ-ын ээлжит III-р хуралдааны дөрөвдүгээр тогтоолоор шийдвэр гаргасан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, 2013 оны эхний хагас жилд ИТХ-ын үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 22 нэр төрлийн 15 тэрбум 458 сая төгрөгийн хойшлогдож тасраад байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг эхлүүлж богино хугацаанд шуурхай ажиллахыг ИТХ-ын дарга Б.Бямбадоржид үүрэг болгосноос гадна ИТХ-ын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахын тулд М.Даваасүрэнд хадгалагдаж буй тамгыг хүчингүй болгож шинээр хийлгэхийг дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнхбатад үүрэг болгосон.
Энэ дагуу холбогдох дээд байгууллагад хандсанаар шинэ тамгатай болсон. Гэтэл МАН-ынхан хуучин буюу хүчингүй болсон тамгаа дараад элдэв бичиг ийш тийш нь явуулаад л байна.
-Хамтраад эвсээд зөвшилцөөд ажиллая гэвэл хугацаа хангалттай өнгөрсөн гэж бодож байна. Яагаад өдий болтол гацаад байгаа юм бэ?
-Үүнийг би ганцхан хүний эрх ашиг гэж харж байгаа. Тэр нь дүүргийн засаг дарга асан, одоо МАН-ын хорооны дарга Ц.Сандаг-Очир. Өнгөрсөн дөрвөн жил иргэдийнхээ халааснаас мөнгө хулгайлсан нь тогтоогдож шүүхээс торгуулийн ял, төрийн албанд ажиллах эрхээ хасуулчихсан хүн.
Ял л бол ял. Заавал торны цаана суудаг юм биш. Гэм буруутай байна, авлига авсан байна, иргэдийн төрийн эрх ашиг хохирсон байна гэдгийг шүүх тогтоогоод хар цагаанаар нь ялгаад өглөө. Би эцсээ хүртэл авилгатай тэмцэнэ. Байдал ийм байхад намынхан нь гэх ИТХ-д сонгогдсон хэдэн хүн авлигын гинжин сүлжээндээ ороогдоод нөгөө хүнтэйгээ зууралдаад байдаг. Үнэхээр иргэдийнхээ төлөө ажилласан юм бол одоо баатар шиг байх эрхтэй.
Харин Ц.Сандаг-Очир иргэдээсээ илүү мөнгийг илүүд үзсэн нь шүүхээр тогтоогдчихоод байна шүү дээ. Хамтраад ажиллая гээд Ардчилсан намаас өнгөрсөн дөрөв дүгээр сараас хойш гэхэд 10 албан бичиг явуулсан. Үгүй л гэнэ. Бид хангалттай буулт хийсэн. Иргэдийнхээ төлөө зориг гаргаач гэж хүссэн. Одоо бид иргэдийн эсрэг далд үйл ажиллагаа явуулдаг МАН-ын нөхдүүд-тэй хамтрах биш иргэдийнхээ төлөө өдөр шөнөгүй, амралт чөлөө завгүй ажиллаж байгаа Ардчилсан намын 12 төлөөлөгч, Г.Намшир төлөөлөгчтэй 13-уулаа иргэдийнхээ сайн сайхны төлөө, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.
-Таныг хангалтгүй ажиллаж байна. Итгэл үзүүлэх эсэх асуудлыг ярина гэж байгаа хүмүүсийн нэг бол яах аргагүй таны яриад байгаа Ц.Сандаг-Очир байгаа шүү дээ.
-Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлсэн нэг үгийг өөрийн зарчим болгодог. Ажил албан тушаалаасаа буучихаад иргэдийнхээ дунд ороод явахад чулуу шидүүлэхгүй, нүүр дүүрэн инээгээд явж байх л ёстой.
Иргэддээ халтай шийдвэр гаргаж, тэдний халааснаас мөнгө хулгайлдаг хүн хэрэггүй. Тэр хүн чулуу шидүүлнэ. Ц.Сандаг-Очир яг одоо тийм байдалд байгаа. Ёс зүйтэй, ичдэг хүн байсан бол одоо ингэж олон юм ярьж явахгүй л байсан. Тэр бүү хэл ЗДТГ-ын хаалгаар ороход ичгэвтэр санагдах ёстой доо.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин