2013-08-13Ам, ажлын зөрүүг Н.Алтанхуяг болоод түүний багийнхан үлгэрлэх боллоо. 16 жилийн дараа олонх болж чадаагүй ч олон суудал эзэгнэж Засгийн эрхийг атгасан АН-ынхан "ногоон чөтгөр"-ийг чөдөрлөж чадахаа болив.
Энэ бол шинэчлэлийн Засгийн газрынхны нэг жилийн ойн ажлын үр дүн.
Тэр дундаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг болоод Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын байгуулсан гавьяа гэлтэй. Сайд болмогцоо өмнөх төрхөө гээж шинэчлэгдэж эхэлсэн зарим сайд нарын буянаар "ногоон" тэнгэр өөд тэмүүлж эхэлсэн нь энэ.
Эдийн засагчдын хэлж байгаагаар валютын савалгаа цаашид эрчимжих бөгөөд ам.доллар оны сүүлчээр 5000 төгрөгт хүрэх магадлалтай гэнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал хаалга тогшиж, иргэд элгээрээ мөлхөх ойрхон байгааг сануулж буй хэрэг.
Өнгөрөгч зургадугаар сард жилийн инфляци 8.8 хувьтай байсан бол хэрэглээний үнийн улсын индекс долдугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь, оны эхнийхээс 4.9 хувь, өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өсчээ.
Энэ нь эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд сөрөг хандлага илрэх болсон, ялангуяа орон сууц, хувцас бөс бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой талаар Үндэсний стастистикийн хорооныхон мэдээллээд байна. Магадгүй энэ бол амны уншлага болсон алдарт шинэчлэлийнх нь нэг хэсэг.
Цаашлаад Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байсан гадаадын хөрөнгө оруулалт буурснаас болж экспортын хэмжээ 184.5 сая ам.доллар, импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс гэхэд 283 сая ам.доллараар багасчээ.
Энэ байдлаараа инфляци 20 руу дөхнө гэдэг үнэн бололтой хэмээн эдийн засагчид халаглаж сууна. Өчигдрийн байдлаар л гэхэд ам.доллар 1567.40 төгрөгийн ханштай байв. Валютын ханш цаашид улам хэлбэлзэх төдийгүй бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөх магадлал өндөр гэнэ.
Ядаж байхад намар болж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл хийж эхлэх үетэй давхцлаа. Энэ цаг үед бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнийн хөөрөгдөл бий болдог бичигдээгүй хуультай. Хэдийнэ юань чангарч 256 хүрчихээд буй.
Уг нь АН-ын толгойтой шинэчлэлийн багийнхан анх "Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой болгоно. Улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгана.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ. Зээлийн хүүг бууруулна. Орон сууцны зээлийн тогтолцоог бий болгоно. Уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгоно" хэмээн ам гарч байлаа.
Эрээвэр, хураавар Засгийн газрынхны энэхүү амлалт өнөөдөр аль утгаараа хэрэгжиж эхлэв. Нийгэм, эдийн засгийн байдал хурцдаж, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх нь хэмээн ард иргэд төдийгүй эдийн засагчид сандралдаж байхад шинэчлэлийнхэн зам засварын ажилтайгаа зууралдсан шигээ сууж байна.
Сүүлийн зургаан сарын турш нам төвшинд байсан инфляци өсөлттэй гарсныг Үндэсний статистикийн хорооныхон баталчихлаа цаана чинь, Н.Алтанхуяг сайд аа. Авах арга хэмжээ алга уу, танд. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон сайд нарыг саваадах ч багадаад байгаа юм биш үү.
Уг нь долларын ханш огцом чангарахад Оюутолгойн нөлөөлөл өндөр. Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь УИХ-ын чуулганаар шийдвэрлэгдэх эсэх нь эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл, хаврын чуулган эхэлтэл ямар ч шийдвэр гарахгүй хойшилсон нөхцөл байдал нь түүгээр явж байсан гайг үүгээр дуудна гэгч болов. Үүнээс үүдэж Чингис бонд, Хөгжлийн банкны бондын үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ огцом буурсан нь валютын ханш огцом хэлбэлзэхэд нөлөөлөх нь тэр.
Нөгөөтэйгүүр, Оюутолгой компани 1300 метрийн гүн дэх далд уурхайн бүтээн байгуулалтаа түр хугацаагаар зогсоогоод буй. Ингэснээр уг төслөөс манай улсын төсөвт төвлөрөх хоёр дахь хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэдгийг Уул уурхайн сайд маань мэдэж л байгаа даа, бурхан минь.
Сүүлийн үед Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогссон нь Чингис бондын хүү болоод ам.долларын ханшид нөлөөлсөн гэх эдийн засагчдын яриа оргүй байлтай. Тэдний хэлж байгаагаар гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурсан гээд олон хүчин зүйлс Монгол Улсын эдийн засгийг оны эцэс гэхэд сөхрүүлж магадгүй болоод буй. Энэ бүхний гол зангилаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг болоод Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт байгаа бус уу, Ерөнхий сайд аа.
"Рио Тинто" болоод Монголын Засгийн газар хоорондын үл ойлголцол хэзээ намжиж уурхайн бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа. Хоёр дахь санхүүжилт зогссоноор улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй гэж Татварын ерөнхий газраас мэдэгдэж байгаа ч эдийн засагчид үүнийг үгүйсгэдэг.
Түүнчлэн Газар доорх уурхайн ажлыг зогсоосон нь Монголыг асуудлаа шийдтэл, энэ эрсдэлтэй хотод нэмж хөрөнгө оруулахгүй гэсэн Риогийн тод дохио" гэж Инвестек компанийн шинжээч хүртэл дурьдсан байдаг.
Ийм нөхцөл байдал бий болчихоод байхад Уул уурхайн сайд нь "Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаа нь нүүрсний үнийн уналт болон БНХАУ-ын эрэлт буурч байгаатай холбоотой. Мөн энэ оны эхний улирлын байдлаар ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөн байна.
Энэ нь 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн муу үзүүлэлт боллоо. Хэдий эдийн засгийн өсөлтийн хурд ийнхүү саарсан ч ирэх саруудад буцаад өсөх хандлагатай байна.
Тодруулбал, "Оюутолгой" ХХК энэ жил 300 мянган тонн баяжмал борлуулсан тохиолдолд ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой.
Түүнчлэн "Чингис" бондын санхүүжилтээр хийгдэх ажлууд дэд бүтцийн салбар болон бусад бодит секторуудын үйлдвэрлэлийг тэтгэнэ" гээд сууж байх юм. Д.Ганхуяг сайд аа зүүд нойрноосоо сэрээч ээ. Хямрал хаалга тогшиж байхад сайд нь зүүрмэглэж суух нь сайны дохио юу, муугийн ёр уу.
Д.Дорж
Эх сурвалж: