2013-07-29Өнгөрсөн долоо хоногт олны анхааралд байсан нэгэн чухал сэдэв бол “Хадгаламж” банк Төрийн банктай нэгдсэн
явдал байлаа. Хэдийгээр энэ банк жинхэнэ утгаараа дампуурлаа зарлан, хаалгаа бариагүй ч банк өөрийн гэсэн үндсэн хөрөнгөгүй болсон нь ийнхүү нэгдэх шалтгаан болсон юм.
Банк ийм хүнд байдалд орсон нь эзэмшигч Ш.Батхүүгийн их хэмжээний чанаргүй зээлээс үүдэлтэй хэмээн Монголбанк долоо хоногийн эхээр мэдэгдсэн ч үүний цаана бас нэгэн асуудал бий нь тун удалгүй ил болсон юм.
Тодруулбал, “Жаст” группийн ерөнхий захирал, “Хадгаламж” банкны эзэмшигч Ш.Батхүү бизнесийн хамтрагчдаа хулхидуулснаас энэ бүхэн үүссэн гэдгийг эхнээс нь дуустал нэгбүрчлэн танилцуулахдаа дуулгасан юм.
Түүнчлэн тэрбээр бизнесмэний хувьд нэгмөсөн дампуурч байгаагаа зарлан, өнгөрсөн хугацаанд эрхэлж байсан бүх бизнесээ ийш тийш болгож буйгаа ч нуугаагүй. Түүнийг ийнхүү модоо барихад хүргэсэн хүн нь мөнөөх хэд хэдэн банкнаас их хэмжээний зээл авч, чанаргүйдүүлэн, дампууралд хөтөлсөн Алтны магнат Ц.Мянганбаяр байлаа.
Тэрбээр “Олон овоот” гэх дундаршгүй их нөөцтэй алтны уурхайгаа бизнесийн хамтрагчдаа худалдсан нь ийнхүү их сүйрлийг дагуулсан гэхэд болох юм билээ. Учир нь Ц.Мянганбаяр “Олон овоот”- ынхоо А лицензийг Ш.Батхүүд зарахдаа 18-25 тонн алт гарна хэмээн тухайн үнэлгээгээр ордоо худалдсан нь өдгөө араасаа маш олон асуудал, ээдрээг дагуулаад байна.
Ц.Мянганбаярын ам худал байв уу эсвэл тухайн ордын нөөцийг тогтоосон шинжээч алдаа гаргав уу гэх асуулт. Хэдийгээр энэ нь хэн нэгний худал амнаас үүдсэн хоёр нөхрийн хоорондын бизнесийн яриа мэт боловч үүний цаана томоохон асуудал сөхөгдөх нь гарцаагүй.
Учир нь манай улс алт болон зэс, нүүрс гээд газар доорхи баялаг ихтэй. Тиймээс ч энэ мэт газар доорхи баялагийн нөөц тогтоох асуудал цаашдаа тасралтгүй яригдаж, дээрхийн мөн адил наймаа ч мөн хийгдсээр байх болно.
Тэр бүү хэл, манай улс газар доорх баялагаараа хөрөнгө босгож, улс орны их бүтээн байгуулалтад ашиглах нь бий. Энэ утгаараа газар доорхи нөөц тогтоох ажил бол хэн хүний хийгээд байдаггүй, бас хэн нэгний амаар худал хэлж болдог асуудал огт биш.
Нэг үгээр хэлбэл, үүний цаана маш том хариуцлага байх ёстой. Гэтэл өнөөдөр хэн нь худал хэлсэн нь мэдэгдэхгүй алтны нөөцийн хэмжээ тооцоолсноос хэд дахин бага байсан нь ийнхүү нэгэн банкны хаалгыг хааж чадлаа.
Тиймээс энэ төрлийн асуудалд анхааралтай бас хариуцлагатай хандахгүй бол цаашид нэг банкнаас ч давсан том асуудал дагуулж мэдэх талтай. Тиймээс ч “Олон овоот”-ын ордын нөөцийг үнэн зөв тогтоосон эсэхэд хэн хариуцлага хүлээх талаар нэхэн сурвалжиллаа.
Юун түрүүн тухайн ордын нөөцийг хэрхэн тогтоодог талаар АМГ- ын Геологийн албаны дарга Д.Болдоос тодруулсан юм. Түүний хэлснээр Улс орон бүрт ашигт малтмалын нөөц баялгаа бүртгэдэг тусгай байгууллага байдаг бөгөөд манай улсын хувьд АМГ-ын дэргэд Эрдэс баялгийн эрдмийн зөвлөл дээрх ажлыг хариуцдаг байна.
Тухайн байгууллагаас хүсэлт гаргасны дагуу нөөцийг газар дээр нь шалгаж баталгаажуулснаар тэрхүү мэдээллийг олон улсад бүртгэн авдаг байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр тухайн тайланд дүн шинжилгээ хийх үүрэг бүхий мэргэшсэн болон зөвлөх инженерүүд байдаг аж.
Тиймээс орд газрын нөөцийг буруу ташаа баталсан тохиолдолд тэдгээр хүмүүс хариуцлага хүлээдэг байна. Харин “Олон овоот”-ын хувьд нөөц нь худал тогтоогдсон эсэхийг шууд хэлэх боломжгүй гэнэ. Учир нь анх нөөц хэдээр тогтоогдсон, хэдий хэрийн ашиглалт явуулсан зэргийг нарийвчлан шалгадаг байна.
Ингэхдээ хэн нэгэн эсвэл аль нэг байгууллагаас тухайн ордын нөөцийг тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд дээрх ажлыг зохион байгуулдаг байна. Тиймээс “Олон овоот”- ын хувьд нөөцийг дахин тогтоолгох хүсэлтийг хэн нэгэн албан ёсоор гаргаагүй байгаа нь нөөцийн хэмжээ үнэн эсвэл худал гарсан гэдгийг хэлэх боломжгүй байгаа аж.
Энэ төрлийн санал гомдол төдийлөн ирээд байдаггүй бөгөөд ойрын хугацаанд хэн нэгний эсвэл албан байгууллагын хүсэлтээр аль нэг ордын нөөцийг дахин тодорхойлох ажил хийгдээгүй аж.
Харин цаашид “Олон овоот”-ын нөөцийг үнэн худал тогтоосон асуудалд хариуцлага хүлээх хүн нь хэн бэ гэдэг асуултад Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Олон овоотын нөөцийн тайланг Эрдэс баялгийн зөвлөл хэлэлцэж бүртгэсэн.
Үүнд хууль зөрчсөн зүйл байгаа эсэхийг одоо хэлэх боломжгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Энэ талаар хувийн компани болон хувь хүнээс өнөөдрийг хүртэл гомдол хүсэлт гараагүй байна” гэх хариултыг өгсөн.
Харин Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Н.Үүрцайх “Тухайн ордын нөөцийн тайланг мэргэжлийн шинжээчийн тайлантай хамтад нь хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Сайдын тушаалаар байгуулагдсан Эрдэс баялагийн зөвлөл зөвхөн хувийн компаниудын гаргаж өгсөн тайланг хэлэлцдэг.
Ингэхдээ мэргэжлийн зөвлөлөөс шинжээч томилж тухайн ордын нөөцийг бодитой гаргасан эсэхийг хянуулдаг” гэсэн тайлбарыг өгч байна. Албаныхны дээрх хариултууд ганц л шийдэл дээр төвлөрч байгааг та анзаарсан байх.
Тодруулбал, “Олон овоот”- ын нөөцийн талаар асуудал үүссэн тохиолдолд нөөц тогтоосон шинжээч хамгийн их хариуцлага хүлээх учиртай гэдгийг тэд үндсэндээ хэлж байна. Гэтэл “Олон овоот”-ын нөөцийг тогтоосон, асуудал үүсвэл үүрэх учиртай шинжээч хэн бэ гэдэг асуулат хариулт нэхнэ.
Харин энэхүү асуултын хариултаар Ц.Баярсайхан гэх нэр тодорч байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Н.Үүрцайхын хэлснээр Эрдэс баялагийн зөвлөлийн хэлэлцсэн тайланг бэлдсэн хувийн компанийн шинжээчээр дээрх эрхэм ажилласан байна.
Ц.Баярсайханы хувьд “Монгол газар” компанийн ерөнхий геологич, Геологи хайгуул эрхэлсэн захирал юм байна. Тиймээс тэрбээр өдгөө асуудал дагуулаад буй “Олон овоот”-ын нөөцийг тогтоож, хянуулсан хүн болж таараад байгаа юм. Тэгэхээр дээрх бүх асуудлын дээрээ түүнээс хөвөрч мэдэхээр байна.
“Олон овоот”-ын нөөцийг тогтоохдоо хуудуутай ажиллан, Ш.Батхүүг хад мөргүүлсэн хүн нь Ц.Баярсайхан уу эсвэл эрхэм магнат Ц.Мянганбаяр уу гэх асуулт хариулт нэхэн үлдэж байна. Эрхэм Магнат асуудал бишдээд ирэхийн цагт түүнийг түлхэж мададгүй талаар ч эх сурвалж мэдээлж байна.
Ийн таамаглахгүй байхын ч аргагүй. Асуудал бишдээд ирэхийн цагт хэн нэгний ард туулай шиг хяраад үлддэг нь томчуудын гэм биш зан юм хойно хожим Ц.Баярсайхан гэгч залуу “Олон овоот”-ын нөөцийг буруу тогтоосон гэх асуудалд хариуцлага үүрэхийг үгүйсгэх аргагүй.
Ямартаа ч энэ бүх асуултын ээдрээг тайлахаар хуулийнхан ажиллаж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Ц.Мянганбаярыг шалгахаар болсон талаар эх сурвалж мэдээлж байна.
Цаашид Ц.Баярсайханыг ч энэ асуудалд татахыг үгүйсгэх аргагүй юм. Ямартаа ч “Хадгаламж” банкийг хаалгаа барихад хүргэсэн гэдгээс илүүтэй газар доорхи баялгийн нөөцийг буруу тогтоосон эсэх асуудалд буух эзэн олдоно гэж найдъя.
Эх сурвалж:Үнэн.мн