2013-07-20Оюу Толгой компанийн менежментийг дэлхийд "алдартай" Рио Тинто гэх компани авснаас хойш ажилчдын эрх зөрчигдөж,

Монгол хүний үнэлэмж арьс өнгөөр ялгаварлах мэт үнэгүйдэж улмаар Монгол Улсын хөдөлмөр харилцааны холбогдох хуулийг зөрчсөн асуудлууд гарах боллоо. Рио Тинтог дэлхийд алдартай гэдэг нь сөрөг, эерэг аль алинаар нь хэлэв.
Үүнийг нэхэн харахад сөрөг нэр төр нь авилгал, байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа, булхай, луйвар, иргэний цуст дайн, хүний эрх зөрчих зэрэг тэдний бодит үйл ажиллагаа болон ажлын үр дүнгээс үүдэн бий болсон харагдаж байна. Харин эерэг мэдээллүүдийг нь ажихаар Рио Тинто нь өөрсдөө мөнгө заран өөрсдөө хийсэн, эсвэл өрөөлд захиалгаар хийлгүүлсэн мэдээ, мэдээлэл, үйлдэл байх юм.
Жишээ нь Монголын нөхцөлд хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа Оюу Толгой болон Рио Тинтогийн ихэнх эерэг мэдээллийг тэд өөрсдөө төлбөртэй нэвтрүүлэг, мэдээ хийж цацсан эсвэл захиалгаар нөлөө бүхий сэтгүүлч, нийтлэлч нараар бичүүлсэн байх юм. Харин тэдний талаарх ихэнх сөрөг мэдээ, мэдээллүүд нь хэний ч захиалгаар биш, хэний ч мөнгөөр төлбөртэй хийгдээгүй бодит байдлыг тольдсон, ард түмний эрэгцүүлэл, жигшил, зэвүүцэл, ундуйцал байх юм.
Гэхдээ мөнгөтэй нь сөрөг мэдээ, мэдээлэл гараад ирэнгүүт түүнийг давах хэмжээний мөнгө хаяж, мөнгөөр зодож эсрэг ПР хийхэд л уг бодит асуудал замхран алга болох нь тэр.
Оюу Толгойд хүний эрх зөрчигдөж байна
Оюу Толгой компанийн дотоод соёл нь эрүүл бус, Монголчуудыг зөвхөн Монгол гэдгээр нь ялгаварлан гадуурхсан, хамаг хүнд, доод ажлыг Монголчууд хийж, Монголчуудаас дор боловсролтой гадаадын "нарийн мэргэжилтэн" нэртэнгүүд ирж "бурхангүй газар галзуурна" гэгч болж нийт Монгол ажилчдын дургуйцлыг хүргэж байлаа.
Үүнийг хэлсэн нь ажлаасаа халагдаж, үүнийг нүдээ анин, чихээ таглан өнгөрөөж аргаггүй эрхэнд "нарийн мэргэжилтэй" гадны юу хийхээ мэдэхгүй байгаа бакалавр буюу түүнээс доош зэрэгтэй шар арьстангуудын улыг долоож, далайсан газар нь далд орж даллалсан газар нь гарч ирдэг хэдэн Монголчууд нь хэдэн бор төгрөгтэйгээ үлдэж байгаа энэ хөөрхийлэлтэй үед Монголчууд, боловсролтой, чадвартай Монгол залуучууд шударга шаардлага тавьж, эх орондоо эн тэнцүү эрхтэйгээр ажиллаж, амьдарч чадахгүй юм гэж үү?
Үүний нэг тод жишээ бол С. Гантуяа. Тэрээр Рио Тинто болон Оюу Толгойн удирдлагад гадаад болон Монгол ажилчдын цалинийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах шударга шаардлагыг цахим шуудангаар 2012 оны 10 сарын 23-нд хүргүүлснийхээ төлөө 7 ч хонолгүй 2012 оны 10 сарын 29-ны өдөр ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн.
Ингэхдээ Оюу Толгой/Рио Тинто компани нь С. Гантуяагийн гадаад, дотоод сүлжээг хааж, ажлын файл, бичиг баримтыг өөр газар руу зөөж, ажлын үнэмлэхийг хүчингүй болгож ажиллах нөхцөлгүй болгон "Мэдэгдэл" нэртэй цаас өгч ажлаас чөлөөлсөн явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн асуудал юм.
Оюу Толгой компани битгий хэл Рио Тинто компани нь Монголд төдийгүй дэлхийд нэртэй хууль дагаж мөрддөг гэж өөрсдийгөө рекламддаг, бидэнд ойлгуулдаг. Гэтэл хамгийн энгийн ажилчдын харилцааг шударгаар зохицуулж чадалгүй Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг маш бүдүүлгээр зөрчөөд явж байгааг бид юу гэж ойлгох вэ?
Түүнчлэн, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар С. Гантуяа Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж хууль зөрчсөн, бүдүүлэг, бүдүүн зүрхтэй, өөрсдийгөө хамгаалалтанд байгаа гэж бодсон байх Оюу Толгой болон Рио Тинтог ялсан нь бусад Монгол ажилчдад, бусад Монголчууддаа үлгэр жишээ болж чадсан.
Анхан шатны шүүхийн ажиллагаа
Шүүхийн процесс тийм хялбар байгаагүй. Ялангуяа жирийн нэг иргэн дэлхийд данстай, эрх мэдэлтэнгүүдтэй хуйвалдсан гэж яригддаг, мөнгөтэй компанитай тулж байхад өмгөөлөгч олдохгүй бэрхшээлүүд байлаа. Оюу Толгой компани нь амьхандаа л Монголдоо номер нэгт орох Хөдөлмөрийн хуулийг бичилцэж, батлалцаж байсан Хөдөлмөрийн харилцааны эрдэмтэд, Иргэний шүүхийн багш нарыг хөлсөлж авч өөрийн ажилтныхаа эсрэг ажилуулж байлаа.
Гэвч хэдий мундаг эрдэмтэн аваад, хэдий их мөнгө цацсан ч үнэн юм гэдэг хэзээд үзэсгэлэнтэй байдгийн ажил С. Гантуяа шат шатны шүүх дээр Оюу Толгой компанийг ялсан.
Анхан шатны шүүх хуралдааныг самууруулах, будлиантуулах, элдэв шалтаг хэлж хойшлуулах арга хэмжээг Оюу Толгойн зүгээс авч байсан ч 5 удаа хойшилсны эцэст 6 дахь удаад нь шүүх хурал болсон. Уг анхан шатны шүүхийн шийдвэрээр С. Гантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэн улмаар Оюу Толгой компани нь ажилтнаа ажлаас нь чөлөөлсөн шалтгаанаа үндэслэлтэйгээр нотолж тодорхойлж чадахгүй байсан.
С.Гантуяаг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн хувьд алдаатай, хууль ёсны биш байна гэж Сүхбаатар дүүргийн шүүх дүгнэсэн нь Оюу Толгой болон Рио Тинто компани нь наад захын хөдөлмөрийн харилцааг хангаж ажиллаж чадахгүй мөн Хөдөлмөрийн хуулийг зөрчин ажилтнуудаа хохироодог нь батлагдаж байна.
Эндээс жирийн иргэн миний дүгнэлт бол Оюу Толгой болон Рио Тинто компани нь хууль танхайгаар зөрчдөг, тэнд ажилдаг хуульчид нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хуулийг мэддэггүй. Түүнчлэн С. Гантуяагийн жишгээр олон Монгол ажилтнуудаа хууль бусаар ажлаас нь чөлөөлж эсвэл дарамтлаж хохироож байгаа гэсэн дүр зураг харагдаж байна.
Оюу Толгойгийн шүүх хурал дээр мэтгэлцээд байгаа нь баримтаар нотлогдохгүй, улмаар ор үндэслэлгүй байсан нь ажилтнаа гүтгэх арга гэлтэй дүгнэж болохоор байна. Ийм арчаагүй авир гаргаж, ингэж Монгол Улсын хуулийг бүдүүлгээр зөрчсөнийгөө мөнгөөр эсвэл чадалтай эрдэмтдийг нь хөлсөлж аваад жирийн ажилтныхаа эсрэг ажилуулах нь Монголд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг Хөрөнгө оруулагч гэх энэ тал одоо ойлгох болсон.
С. Гантуяаг дэмжиж Оюу Толгойн Монгол ажилчид, олон залуучууд сэтгэлийн дэм хайрлаж, урам өгч байсан нь энэхүү ялалтыг байгуулахад их хувь нэмэр болсон. Тэдний дэмжлэггүйгээр энэ бол бэрх даваа байлаа.
Дунд шатны шүүхийн ажиллагаа
Үүнийг бататгаад нийслэлийн шүүх дүгнэсэн байгаа. Оюу Толгой болон Рио Тинто компани нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй /юунд найдсан юм/ нийслэлийн шүүхэд давж заалдан хандсан.
Гэвч нийслэлийн шүүхээр Оюу Толгой компани нь С. Гантуяа ямар зөрчил хэзээ гаргасныг тодорхой нэрлэн зааж чадаагүй гэсэн нь Оюу Толгой нь ажилтнаа гүтгэх гэсэн оролдлого гэлтэй дахин ажиглагдлаа.
Хамгийн ноцтой нь Оюу Толгойн ажилтандаа өгөөд явуулчихдаг "Мэдэгдэл" нь агуулга, ач холбогдол, үр дагаварын хувьд хуульд нийцсэн байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байна гэж дүгнэсэн нь дахиад л Оюу Толгой болон Рио Тинто гэдэг компани нь маш бүдүүлгээр Монгол Улсын хуулийг зөрчсөн хэрэг боллоо. Энд Оюу Толгой нь мөн л үндэслэлтэй тайлбар хийж чадахгүй байсан бөгөөд энэ нь дахиад л ажилтнаа гүтгэх гэсэн оролдлого гэж харагдаж байна.
Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагуудын ажиллагаа
Гэтэл энэ хугацаанд С. Гантуяа зүгээр суугаагүй. Тэр энэхүү шударга бус асуудал байгааг нийгэмд ил болгож улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайд, Эрдэнэс Оюу Толгой ХХК нарт хандан шаардлага хүргүүлж байсан.
Үүний үр дүнд Хөдөлмөрийн яамнаас тусгай ажлын хэсэг гарч Оюу Толгой компанид хөдөлмөрийн харилцааны талаар шалгалт хийх болсон. Хэдий энэ ажлын хэсэг маш их бэрхшээлтэй тулгарч байсан ч хариуцлагатайгаар ажлаа хийж маш ноцтой, нилээд их зөрчлийг илрүүлсэн.
Гэвч тэрхүү зөрчлийг илрүүлж бусад холбогдох яамд, байгууллагуудад хугацаатай зөвлөмж бүхий үүрэг даалгавар хүргүүлэхэд өдий болтол нөгөөдүүл нь хэлэлцсээр, шаардсаар суугаа нь хэний арчаагүйнх вэ?
Хөдөлмөрийн яамны ажлын хэсэг бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын ажлаа хийх гээд Оюу Толгой компани дээр очиход тэдний оруулалгүй шууд буцаасан, мөн үндэслэлгүй тайлбар өгч байгаа эцсийн мөчид татгалзах зэрэг маш бүдүүлгээр төрийн ажилд санаатайгаар саад хийж байсан нь Оюу Толгой болон Рио Тинтогийн засрашгүй авир гэдэг нь харагдлаа. Ажлын хэсгийн илрүүлсэн зөрчлөөс дурьдвал:
• Оюу Толгой ХХК дээр нарийн мэргэжлийн гэж заасан ажил, албан тушаал дээр уригдан ирж байгаа гадаад иргэдийн ихэнх нь боловсролын хувьд бакалавр болон түүнээс доош зэрэгтэй байна. Шинэчилэлийн Засгийн газар байгуулагдахаас өмнө Оюу Толгой ХХК нь урьж ажиллуулж буй гадаад иргэний талаар хуулинд заасан мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт өгч байгаагүй байна
• Оюу Толгой ХХК ньХөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийг давтан зөрчсөн
• Оюу Толгой ХХК нь "Яамны эрх зүйн байдлын тухай" хуулийн 16.1.3, 17.2, 22.7 дахь заалтыг ноцтой зөрчсөн
• Монгол Улсын Засгийн газартай хийсэн Хөрөнгө Оруулалтын Гэрээний 8.1 буюу бусад хөдөлмөр эрхлэлтийн квотын талаарх заалтыг хэрэгжүүлэх ажил огт хийгдээгүй
• Гадаад болон Монгол ажилтнуудын цалин эрс ялгаатай олгогдож байна
• Оюу Толгой компани нь Засгийн газартай байгуулсан Гэрээний цалингийн талаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна
• Ажиллах хүчний квотоос хэтэрсэн гадаад ажиллах хүчин авч ажилуулж байна
• Оюу Толгой ХХК нь санаатайгаар эсвэл хариуцлаггүйгаар байна уу Хөдөлмөрийн яам болон нийгмийн даатгалын ерөнхий газарт гадаад болон монгол ажилчдын тооны зөрүүтэй мэдээлэл өгдөг байна
Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн хувьд дараахь алхамуудыг хийсэн байна:
Хувьцаа эзэмшигчдийн хурлын бэлтгэл ажлын хүрээнд: Хөрөнгө Оруулалтын Гэрээний /ХОГ/ 8.1 дэх заалтыг зөрчсөн асуудлыг хөндөж, Монгол ажилтнуудын эрх ашгийг хамгаалан гэрээний хэрэгжилтийг ШААРДЛАА.
Хувьцаа эзэмшигчдын YI хурал дээр: "гэрээний үндсэн болон ач холбогдол бүхий үүргээ биелүүлээгүй зөрчил" гэж томьёолон компанийн үйл ажиллагаа хууль болон гэрээний хүрээнд явагдах ёстойг ШААРДАВ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн XII хурал, Хүний нөөц, сургалтын хорооны X хурал дээр: ажиллагсдын цалин хөлсний эрс ялгаатай байдлыг арилгаж ХОГ-ний хэрэгжилтийг ханган Хөдөлмөрийн яамны шалгалтаар илэрсэн асуулыг ХӨНДӨН ТАВЬСАН.
Мөн Хөдөлмөрийн яамны албан бичигт :
1. Оюу Толгой компанид ажиллаж буй гадаад, Монгол ажилтнуудын цалингийн эрс ялгаатай байдлыг арилгаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ШААРДЛАГЫГ тавьж хэлэлцээр ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
2. Оюу Толгой компани Монгол Улсын хуулийг биелүүлж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг МЭДЭГДЭЖ, ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН УДИРДЛАГАД АНХААРУУЛСАН БОЛНО.
3. Урьж буй гадаад мэргэжилтний мэргэжил, боловсрол, туршлага, ур чадварыг тодорхойлсон бичиг баримтыг компани бүрэн бүрдүүлж өгсөний эцэст зөвшөөрөл өгөх
4. ХОГ-нд заасан ажилтны хувь хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран шалгаж акт тогтоолгож ХҮРГҮҮЛСЭН хэмээн дурьджээ.
Ингээд л энэ олон сарыг ШААРДСААР, ХЭЛЭЛЦСЭЭР, САНУУЛСААР, АНХААРУУЛСААР, ХҮРГҮҮЛСЭЭР л өнгөрөөлөө дөө. Гэтэл энэ хагас жилийн хугацаанд хэдэн мянган Монгол иргэдийн, тэдний ар гэрийнхэн гээд өчнөөн Монгол ахан дүүсийн маань амьдралд бодит биелэлээ олж, ашиг тусаа өгч нийгэмд эерэг уур амьсгал бий болох байтал зүгээр цаас шидилцсээр олон сарыг үдлээ.
Гэтэл энэ асуудлаар Уул уурхайн яам байр сууриа илэрхийлээгүй бөгөөд авсан арга хэмжээ байгаа эсэхийг иргэд бид мэдэхгүй л сууна.
Одоо Монголын эрх баригчид Оюу Толгой төсөл, компани, Рио Тинто, Хөрөнгө Оруулалтын Гэрээ /ХОГ/ гэгч нь булхай, болохоо байсан юм гэдгийг мэдэж байгаа тул ард түмний итгэл, найдвар дээр тоглон зүгээр л шоу хийдэг болсон бололтой.
Үүнийг зөвтгөх, засах, сайжруулах талаар ард түмэн шаардлага хүргүүлэхээр "хуралдаж байна, шаардсан, хэлэлцэж байна" гэж хэдэн сар хэлж байгаад л нэг бол ард түмэн өдөр тутмынхаа амьдралд сатаарна, нөгөө бол дараа дараагийн сүрхий асуудлууд гарч ирж мартагнана... Ийм л дүр зураг өнөөдөр харагдаж байна.
С.Гантуяа sonin