2013-07-10
Монголын цаг дор…..
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Монгол ахан дүүс ээ,
Эрхэм төрийн түшээд ээ,
Хүндэт зочид, хадагтай ноёд оо,
Монголын цаг дор Та бид Монгол төрийн их хүндэтгэл ёслол, Монгол түмний их наадам цэнгэлдээ хуран цуглаад байна. Миний бие дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагыг хоёрдохоо өргөлөө.
Монголын Мөнх хөх тэнгэрийн дор ард олныхоо халуун хүндэтгэл уухайлж хурайлах дуун дунд Эзэн Богд Чингэс хааныхаа мэлмий, Их цагаан сүлдний өмнө, Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд Монгол төрийн тэргүүний Тангарагыг ийнхүү өргөсөнөө би их ёс төр, итгэл найдвар, их хариуцлага хэмээн хүлээн авч байна.
Мөнх хөх тэнгэртээ баярлалаа. Монголын хийморлог ард түмэндээ баярлалаа. Их өвөг дээдэс, Эзэн Богд Чингэс хаандаа баярлалаа. Их хурлын гишүүд, төрийн түшээддээ баярлалаа.
Надад дахин итгэл хүлээлгэсэн сонгогч олондоо чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгуулийн үйл ажиллагаанд цаг заваа үл хайрлан, сэтгэл гарган ажилласан нийт ахмадууд, эмэгтэйчүүд, залуустаа их баярлалаа. Сонгуульд идэвхтэй ажилласан бүх байгууллага, нам, олон нийтийн хөдөлгөөн, иргэдэд гүн талархлаа илэрхийлье.
Эх орноосоо алсад суугаа ч иргэнийхээ эрхийг эдэлж саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Сонгох эрхээ анх удаа бүрэн дүүрэн ашиглаж сонгуульдаа идэвхтэй оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ онцгойлон баяр хүргэе.
Шударгаар иргэдийнхээ сонгох эрхийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган сонгуулийн бүх шатны байгууллагад ажилласан төрийн түшээддээ гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Нацагийн Удвал нарт баяр хүргэж, цаашдийнх нь ажил үйлсэд амжилт хүсье.
Сонгуулийн үеэр гарсан сайн санаа хөтөлбөр бүрийг ажил хэрэг болгохыг би чухалчлах болно. Намайг дэмжсэн иргэдийнхээ итгэлийг би дааж ажиллах болно. Мөн надад итгээгүй, бас эргэлзсэн иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө би хичээн зүтгэнээ.
Эрхэм төрийн түшээдээ,
Та бидэнд Монголын ард түмэн их итгэл найдвар, урам зориг өглөө. Бидэнд цаг алдах эрх байхгүй. Монголын ард түмэнд нэг л эрх ашиг бий. Тэр эрх ашгийг гүйцэлдүүлэх зүтгэлч нэгдмэл байх учиртай.
Манай иргэд эрхээ эдэлж, сайн сайхан амьдрах ёстой. Монгол улс олсон ололтоо бататгаж илүү хурдацтай хөгжих цаг үе ирсэн. Монголын нэр олон улсад улам сайнаар дуурсах боломжтой. Энэ бүхнийг хичээнгүйлэн гүйцэлдүүлэх эрхэм үүрэг төрд ажиллаж байгаа түшээ нэг бүрт ноогдож байгаа юм.
Төрийн түшээ хүн бол өөрийн жаргалыг умартаж бусдын зовлонг дааж зүтгэх учиртай. Би юунд хүрэх вэ гэхээс илүүтэй улс маань юунд хүрэх ёстойг хатамжилан бодож ажиллах ёстой.
Би 23 жилийн өмнө энэ талбай дээр цэрэг шинээлээ тайлаад хувьсгалд оролцсон. Монгол улсын иргэдийн эрх тэдний гэрт, гарт очиж байж л баталгаажна. Манай орны иргэн бүр эрхээ бодитой, баталгаатай эдэлж чадсан цагт л Монгол айл бүрийн амьдрал тэр иргэний эрхээр, гараар, санаачлагаар дамжиж өөдлөн дэвжих болно.
Монголд өрнөж эхэлсэн их бүтээн байгуулалтын хувьсгал ч амжилтад хүрэх болно. Мөн Монгол улс иргэнээ дээдэлсэн хуулийн засаглалтай орон болж чадна. Энэ нь Монгол Улсын бие даасан, аюулгүй, нээлттэй байдлыг баталгаажуулна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ их үйлсийг манлайлан зүтгэх болно.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Ирэх хоёр жил манай оронд улсын хэмжээний сонгуульгүй жил байх юм. Ирэх нэг жил бол ирээдүйн арван жилтэй тэнцэх ач холбогдолтой юм. Иймээс бид том зорилт тавьж шахуу ажиллахаар шийдсэн. Байгальд ээлтэй, хямд эрчим хүчээр улсаа хангах зорилтыг бид хэрэгжүүлнэ.
Монгол Улс өөрийн гэсэн галтай, шатахуунтай болно. Ачаагаа дааж ядсан өвгөн төмөр замаа бид шинэчлэнэ. Шинээр төмөр зам барина. Бүх аймаг засмал замаар нийслэлтэйгээ холбогдоно. Иргэдээ орон сууцаар хангах асуудлыг иж бүрэн шийдвэрлэнэ.
Гэр хороололд дахин төлөвлөлт, их бүтээн байгуулалт өрнөнө. Нийслэлд хурдны зам, метро баригдаж, орон нутагт баг сумын төвүүд шинэчлэгдэж. Монголд шинэ хотууд босно. Шинэ үйлдвэр, аж ахуйн нэгжүүд олноор нэмэгдэнэ. Манай иргэдийн баялаг бүтээхэд оролцох хувь оролцоо ч нэмэгдэж баталгаажна.
Бид иргэн бүрийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг өргөн харж шийдвэрлэнэ. Монгол улсын иргэнд төрөхөөс авахуулаад ахмад насанд хүрч жаргаж амьдрах тэр мөчлөг бүрт нь шаардлагатай дэмжлэгийг төрөөс үзүүлж чаддаг болно.
Монголын төр хүүхдүүдээ, ээжүүдээ, залуус оюутан, залуу гэр бүлээ, ахмадуудаа болон дэмжлэг шаардлагатай иргэдээ дэмжих оновчтой, хаягласан бодлоготой болно. Төрийн алба, зэвсэгт хүчин, цэрэгжсэн болон хууль хяналтын байгууллагад ажилладаг иргэдийнхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарна.
Боловсрол, эрүүл мэндийн салбар, орон нутгийн хөгжил, дэд бүтэц, шинэ технологи, үйлдвэр, бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг тодорхой, тогтвортой бодлогоор дэмжинэ. Бүтээлч үр ашигтай шинэчлэл өөрчлөлтийг түүчээлэн дэмжинэ.
Талцал хуваагдлыг бус хийж бүтээхийг эрхэмлэнэ. Баялаг бүтээгчдийг бүх боломжоороо дэмжинэ. Энэ бол амлалт биш. Энэ бол бидний хийх ажил. Энэ ажлыг тасалдуулах эрх хэнд ч байх ёсгүй.
Би Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах болно.
Эрхэм нөхөд өө,
Би улс орондоо хуулийн засаглал, шударга ёс, эв нэгдэл, тогтвортой , нээлттэй байдлыг хангахын тулд хичээнгүйлэн зүтгэх болно. Би шийдвэр гаргах танхимд цөөн, эсвэл түүний гадуур байгаа хэсгийн эрх ашгийг хамгаалж, төлөөлж ажиллана.
Би ядарч зүдэрч яваа иргэдээ онцгой анхаарна. Таны дуу хоолой, санал санаачлагыг төр түмний анхаарал шийдвэрт оруулахад дэмжлэг үзүүлнэ. Би Монгол улсын иргэдээ баян ядуу, нам улс төр, угсаа гарвал газар орон үл ялгаварлан жигд төлөөлж ажилланаа.
Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэсэн нийт хүмүүст гүн талархал илэрхийлье. Монгол улс урьдын адил бүс нутаг, олон улсын хэмжээнд нээлттэй, идэвхтэй, санаачлагатай ажиллах болно.
Ялангуяа хөрш орнуудтайгаа дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх гээд тулгамдаж байгаа асуудлуудыг харилцан ашигтай, бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарна.
Монгол улс дэлхийн олон улс орон, олон улсын байгуулагуудтай урьдын бүтээлч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Мөн манай улсын хөгжил дэвшлийн эрх ашигт нийцсэн хариуцлагатай, нээлттэй, хууль дээдэлдэг хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана.
Эрхэм Монголчуудаа, анд нөхөд өө,
Өнөөдөр Монгол газар шороон дээр 2 сая 900 мянга дахь иргэн мэндэлж байна. Маргааш өглөөг 2 сая 900 мянган Чингэс сэрж угтах болно. Ерөөлөөр Монголчууд улам олуулаа болж байна.
Монголчууд хүн нэмэгдэхэд баярлаж тосдог уламжлалтай. Хүний орчлонд дөнгөж мэндэлж байгаа Монголын охид, хөвгүүд, агаар нь тунгалаг, гэр нь амгалан, нийгэм нь цэвэр шударга, улс нь хөгжилтэй, хүн ард нь аз жаргалтай эрх чөлөөтэй оронд өсөж бойжих бүрэн эрхтэй.
Өнөөдөр төрж буй охид хөвгүүдээ хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрэхэд өнөөгийн аав ээж, өвөө эмээ, ах эгч нь та бид хийсэн ажилтай, сүүн мөртэй, хөтөлж гарсан морио хойч үедээ унуулаад үдэх ерөөлтэй амьдрах учиртай.
Та бид нэгэн үед амьдарч, нэгэн үед бүтээж, нэгэн үйлсийн төлөө зүтгэж яваа азтай, одтой, зам нийлсэн хүмүүс. Хөтөлж гарсан ачаагаа хүрэх газар нь бүрэн хүргэж өгье. Өмнөө байгаа сорилтыг давж, боломжийг ашиглан улс орноо хөгжүүлэн мандуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе.
Миний Монгол мөнх оршиг ээ,
Хурай хурай хурай
2013.07.10