2013-07-04 -”Анод” банкны удирдлагуудын ялыг хэвээр үлдээв-
Хоёр шатны шүүхээс хоригдох ял сонссон “Анод" банкны удирдлагууд Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарын 15 хүнд холбогдох хэргийг өчигдөр Улсын Дээд шүүх хянав.
Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн банкны дүрмийн санг бүрдүүлэх болон өсгөн нэмэгдүүлэхдээ хууль зөрчсөн болохыг хуулийнхан тогтоосон аж.
Тэд “Анод” банкны дүрмийн санд 1999-2008 он хүртэлх хугацаанд нэр бүхий 13 хувь нийлүүлэгчдээс нийт 30 тэрбум 941 сая төгрөг оруулсан талаарх баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байдаг.
Ингээд зогсохгүй гадаадын банк дахь ностро дансны авлагыг “Анод” банкны нягтлан бодох бүртгэлд 58 тэрбум 612 сая төгрөг бүрдүүлж хий авлага үүсгэж, банкны тайлан тэнцлийг нэмэгдүүлэн хохирол учруулсан байна.
Банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулахдаа нэр бүхий хоёр иргэний хадгаламжийн мөнгийг банкны нягтлан бодох бүртгэлд хадгаламж хэлбэрээр зохих журмын дагуу бүртгүүлээгүйн улмаас гурван тэрбум 500 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ.
Түүнчлэн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр, Э.Оюунсүрэн нар нь урьдчилан тохиролцож бүлэглэн хууль бусаар 28 иргэн, хуулийн этгээдэд нийт 40 тэрбум 552 сая төгрөгийн зээлийг хууль, журам зөрчин олгуулсан болохыг тогтоосон байна.
Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр нар банкны үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд алдагдалтай ажиллаж байжээ. Үүнийг нууж ашигтай гэж Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнаж, нийт 18 619 171 ширхэг хувьцаа нэг бүрийг 1080 төгрөгөөр арилжаалсан байна.
Үүний улмаас 20.1 тэрбум төгрөг татаж төвлөрүүлсэн бөгөөд 8 564 541 ширхэг хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, нэр бүхий 1248 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нийт есөн тэрбум 249 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Ийнхүү банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, шунахай буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцох, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдээр нийтдээ 112.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Үүнээс гадна Э.Гүр-Аранз нь Л.Уламбаяртай бүлэглэж 2008 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгийн IX тойрогт бие даан нэр дэвших явцдаа Тус аймгийн сум бүрт Анод банкны Иргэдийн банкны газрын харьяа Тооцооны төв нээхтэй холбогдуулан судалгаа хийх ажлын багийн зардал нэрээр тус банкны гүйцэтгэх захирлын тушаал гаргуулжээ.
Улмаар банкнаас 880 гаруй сая төгрөг, 26 ширхэг караокэний төхөөрөмжийн үнэ 76 сая гаруй, нийт 956 сая гаруй Төгрөгийн эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирлыг “Анод” банкинд учруулсан аж.
Эдгээрээс гадна Н.Даваа нь Л.Уламбаяртай бүлэглэн 2008 оны гуравдугаар сарын 3-ны өдөр “Анод” банкны урьдчилгаа данснаас 20, 2008 оны зургадугаар сарын 24-ний өдөр 100 сая төгрөгийг зориулалтын бусаар гаргуулан авч ашиглан эргүүлэн төлөлгүй хувьдаа завшсан байна.
Тэгвэл энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болсон юм. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд тэднийг Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар яллав.
Тухайлбал, Э.Гүр-Аранзад долоо, Д.Энхтөрд найм, Н.Даваа, Л.Уламбаяр, Ж.Гантулга нарт тус бүр таван жил нэг cap, Э.Оюунсүрэнд зургаан жил хорих ял оногдуулжээ. Мөн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Э.Гүр-Аранзад зургаа, Н.Даваад таван жил зургаан cap, Л.Уламбаярт таван жил нэг cap хорих ял тус тус оноов.
Харин Өршөөлийн тухай хуулиар Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр нарт Эрүүгийн хуулийн 150.3, 156.3-т зааснаар оногдуулсан хорих ял тус бүрээс гурван жилийг хассан юм.
Мөн Ж.Гантулга, Д.Энхтөр нарт Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар оногдуулсан ялаас тус бүр гурван жилийг өршөөж, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын биечлэн эдлэх ялыг тав, Н.Даваа, Л.Уламбаяр нарын биечлэн эдлэх ялыг гурав, Ж.Гантулгын ялыг хоёр жил нэг сарын хугацаагаар тогтоосон байна. Тэдний ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин Э.Оюунсүрэнд оногдуулсан зургаан жилийн ялыг өршөөн хэлтрүүлж, Г.Сүхээ нарын есөн хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Мөн 1248 хувьцаа эзэмшигч болон хоёр хадгаламж эзэмшигч нарт учруулсан 12.7 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл Нийслэлийн шүүх энэ хэргийг хянаж Ж.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож бусдынх нь ялыг хэвээр үлдээжээ.
Харин Улсын Дээд шүүхээс хэргийг хянаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ. Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж эцсийн шийдвэрийг гаргав.
Ийнхүү дөрвөн жил дуншиж, шалгуулсан хэрэг дуусгавар боллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хэрэгт холбогдуулан 41 этгээдийг шалгаж, 383 этгээдийг гэрчээр байцааж, 22 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулжээ.
Б.Чанцал
Эх сурвалж: