2013-06-14-Таныг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ.
Энэ бол намын шийдвэр. Харин нэр дэвших эрхийн төлөө нам дээрээ өрсөлдөөд үзье гэдэг хувь хүний шийдвэрээ Та хэзээ гаргасан бэ?
-“Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлгийг МАН орон даяар явуулсан. Хэлэлцүүлгээр манай намаас хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлсний дотор миний нэр нэлээд дээгүүр гарсан. Энэ нь олон түмэн надад итгэл найдвар хүлээлгэж байна гэсэн үг. Тийм болохоор би хүлээж авахгүй гэх эрхгүй. Би олон түмнийхээ өгсөн тэр их итгэл, өргөн хүрээлэл, сайхан сэтгэлийн дэмжлэгийг хүлээж ирсэн хүн. Гэхдээ би Бага хурлаас өмнө намын даргатай уулзаж байр суурь, зарчмаа хэлсэн.
-Юу гэж…
-Монгол ухаан, эцэг эхийн олгосон хүмүүжил, монгол бөхийн ёс жаягаас миний тархинд шингэсэн зүйлүүдийн нэг гэвэл ах захаа хүндлэх, захирах захирагдах ёс, эрэмбэ дэгээ дагах хүмүүжил юм. Би намын даргад “Хэрвээ Та намын даргын хувьд хариуцлагаа хүлээж сонгуулиа өөрөө авч гарна аа гэвэл би энэ зарчмыг дагана” гэсэн. Удирдах зөвлөл, Бага хурал дээр ч энэ байр сууриа илэрхийлсэн. Намын журмын нөхөд маань тал талаас нь сайтар тунгаан нягталж хэд хэдэн удаа санал хураасны эцэст надад энэ итгэлийг хүлээлгэсэн.
-Улс төрчид бүлэглэл, фракцаараа хуваагдаж, зохион байгуулалттай явдаг. Танд тэр хүний бүлэглэл, ийм зүгийнх гэсэн харьяалал байна уу. Байдаг бол тэр нь хэлэлцүүлэгт хэр нөлөөлсөн бол?
-Би зөвхөн олон түмнийхээ итгэлийг хүлээж, тэднийхээ дэмжлэгээр УИХ-д гурван удаа сонгогдсон. Ямар нэгэн фракц, бүлэглэлийн шошготой явсан нэг ч өдөр надад байхгүй. Цаашдаа ч явахгүй. Эрэмбэ нь алдагдсан жижиг эрх ашгийн төлөөх зохион байгуулалтын эсрэг байдаг нь миний амьдралын зарчим. Би бусдын хүсэл сонирхол, тэмүүлэл, үзэл бодолд нөлөөлөхийг цээрлэдэг. Энэ бол надад аав, ээж нутгийн олон түмнээс багад минь шингээж өгсөн үзэл, ухамсар. Саяын хэлэлцүүлгээр намайг эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнол, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, элгэн түмнийхээ эрх ашиг, баялгийн шударга хуваарилалтын төлөө тууштай байр суурь баримталж ажилладаг гэж үнэлэн олон түмэн дэмжсэн гэж бодож байгаа.
-Гэхдээ улс төрд талцал байдгийг хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Зөвшөөрөхөөр барахгүй, улс төрийн талцал газар авч даамжирсан гэж хэлнэ. Энэ их хэт туйлшрал, талцал, тус тусын ашиг сонирхол нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байна. Сонгуулийн тухайд гэхэд л санал тоолох, дүнг нэгтгэж гаргах, гаргасан дүнг хүлээн зөвшөөрөх үйл явцуудад ардчилсан сонгуулийн зарчим алдагдлаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн саналаа өгч байгаа хэдхэн минут нь гаднаасаа ардчилалтай харагдаад хаалганы цаана, засгийн эрх шилжих, ялагч тодрох явц ардчилсан зарчим, шударга сонгуулийн үр дүн байж хараахан чадахаа болилоо. Үүнээс болж ардчиллын үнэт зүйл, үндсэн суурь зарчмууд алдагдлаа. Улс төрийн хүчнүүд эрүүл өрсөлдөөний төлөө бус мөнгө, эрх мэдэл, албан тушаал руу шунасан хүсэл сонирхлыг дагаж зохион байгуулалтад орж байна. Энэ нь эргээд төр засгаа зөв байгуулж чадахгүй, улс төрийн бодлого нь зөв байж чадахгүй, чадан ядан байгуулсан төр засгаас түмэн олноо гэсэн бодлого тэр болгон гарч чадахгүйд хүргэж байна.
-Үүнийг улс төр мөнгө болсных гэж шинжээчид хэлдэг. Таныхаар ямар учраас улс төр бизнес, мөнгө болоод байна вэ, үүний сөрөг нөлөө яаж илэрч байх юм?
-Энэ нь улс төрд мөнгөний хүчин зүйл, нөлөөлөл улам их болж намчирхсан туйлшрал хэтэрснийх. Төрийн албаар дамжуулан хөрөнгөжих, авлига, хээл хахууль авах нь нууц биш болсон байна. Мөнгө бол улстөрчдөд биш бизнесийн орчинд байдаг зүйл. Улс төрийн талцал, хэт намчирхсан өрсөлдөөн нь бизнесийхнийг улс төрийн дарамтад оруулах болсон. Үүний улмаас бизнесээ хамгаалах зорилгоор бизнесийнхэн улс төр руу ордог их давалгаа үүслээ. Энэ нь улс төрд асар их мөнгөний нөлөөг бий болгосон. Анх бизнесээ хамгаалах гэж улс төрд орж ирсэн хүмүүс аажимдаа эрх мэдлээ ашиглаад хөрөнгөө нэмэгдүүлж улс төрд орж чадаагүй бизнесийн өрсөлдөгчөө нухчин дарах бодлого руу яваад байгаа хандлага харагдаж байна. Төрийг сулруулж байгаа энэ буруу хандлагыг сууриас нь эхэлж зөв замд нь оруулах зайлшгүй шаардлага өнөөдөр бий болоод байна.
-Энэ бүхнийг тэгээд хаанаас нь эхэлж, яаж засах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд засгийн эрхийг барьж байгаа болон УИХ-д суудалтай намууд, улстөрчдийн талцлыг нэг зорилгын төлөө болгох, эрх ашгийн дарааллыг зөв эрэмбэлэхээс эхлэх ёстой. Энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийхээс эхлэх ёстой. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгож Монголын улс төрийг мөнгөний барьцаанаас гаргахаас эхлэх ёстой. Өөд өөдөөсөө харж сууж байгаад бие биеэ гүжирддэг, гүтгэдэг, нэгнийхээ ололтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, үгүйсгэдэг улс төрөөс эхтэй гажиг байдал нийгмийн бүх салбарт халдварлалаа. Эцэстээ энэ нь даамжирч нийгмийн тогтвортой байдал, улс үндэстний эв нэгдэлд маш том ан цав гаргахаар байдал бий болголоо. Тиймээс юуны өмнө намуудын төлөвшил, Монголын улс төр зөв байх, улс төрд ёс зүйтэй, ёс жудагтай, зөв хүмүүсээ оруулах тийм эрх зүйн болоод бусад зохицуулалтад анхаарах шаардлагатай.
-Та УИХ-д гурван удаа сонгогдсон. Энэ хугацаанд янз бүрийн байдлаар улстөрийн талцал, бүлэглэлээс болж хүчгүйдэж байсан, тавьсан асуудал чинь бүтэхгүй байх тохиолдол олон уу?
-Олон доо. Нэг хэсэг нь нам юу гэж хэлнэ дагана, дарга юу гэж үзнэ дагаж туйлширна. Дээр нь бүлэг, фракцаараа хуваагдана. Бас өөр хэсэг нь эдийн засгийн ашиг сонирхлоороо хандана. Уг нь олны төлөө зөв байр суурьтай байж тэрнийхээ төлөө тууштай явах их сайхан шүү дээ. Хэн нэгний хажууд байж, нөлөөнд нь явахгүй, цаад талдаа эдийн засгийн ашиг сонирхолгүйгээр амьдарна гэдэг юугаар ч сольшгүй эрх чөлөө. Би энэ байр сууриар л Оюутолгойн асуудалд ханддаг. Эхэндээ надтай адилхан ингэж хандаж байсан хүмүүс өнөөдөр төрийн сайд болоод, эсвэл нам нь засаг бариад ямар байр суурьтай болсныг олон түмэн харж л байна.
-Та гэхдээ Оюутолгойг огт ашиглах хэрэггүй гэж үздэггүй биз дээ?
-Хав дараад байя гэж би хэзээ ч хэлээгүй. Оюутолгойг ашиглахыг, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийг огт үгүйсгээгүй. Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлдэг “Рио Тинто” компани Оюутолгойн хөрөнгө оруулагч болсонд харин ч олзуурхаж явдаг. Гэхдээ гэрээнд эргэж харах, сайжруулах юм бий юү гэвэл бий. Маш товчхон хэлэхэд харилцан ашигтай байх ёстой. Энэ нь хамгийн түрүүнд баялгийн эзэн-Монголын ард түмний эрх ашигт нийцсэн байх ёстой гэсэн үг. Нөхөн сэргээгдэхгүй баялгаа ашиглуулж байгаа Монголын ард түмний хүртэх өгөөж, Монгол Улсад ногдох хувь эхнээсээ тодорхой байх ёстой. Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай УИХ-ын 57 дугаар тогтоол бий. Үүнийгээ хэрэгжүүлэх ёстой юм.
-Та ер нь Оюутолгойд очиж үзсэн үү, бүтээн байгуулалтыг нь нүдээр харсан уу?
-Үзээгүй ээ. Оюутолгой, бусад аж ахуйн нэгж компаниас уулзах хүсэлт их тавьдаг. Засгийн газрын төлөөлөл, албаны хүмүүстэй, протоколтой уулзах ёстой гэсэн байр сууриа би хэлдэг юм. Түүнээс бус, УИХ-ын гишүүн хүн хувийн аж ахуйн нэгжийн урилгаар очоод, уулзалт зохион байгуулаад шууд харилцах нь буруу. Энэ нь өөрөө улс орны аюулгүй байдал, монгол төрийн бодлого, ёс зүйд таарахгүй. Говьд босгож буй том бүтээн байгуулалтыг мэдээж үгүйсгэж болохгүй. Хөрөнгө оруулагчдын хөлс хүч, хөдөлмөрийг хүндэтгэнэ. Монголчууд бидэнд мөнгө, байшин сав, эдийн засгийн ашгаас гадна үнэ цэнтэй зүйл бас бий гэдгээ ч мэднэ. Байгуулсан гэрээнийхээ хэрэгжилт ямар байгааг харж үзэж явах учиртай. Эхний ээлжинд далд уурхайгаа ашиглалтад оруулах гэрээтэй ч өнөөдөр ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулаад явж байна. Энэ нь гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Тэнд ажиллаж байгаа иргэдийнхээ нийгмийн асуудлыг ч анхаарах ёстой. Зөвхөн гэр-хотхон барих, ордыг ашиглахад зориулсан дэд бүтцийг бүтээн байгуулах төдийхнөөр энэ төслийг ашиглана гэвэл өрөөсгөл. Наад зах нь Эрдэнэт, Багануур шиг хот байгуулж, тэнд суурин соёл иргэншлийн том төвлөрөл бий болгох ёстой.
-Сонгуульд нэг хэсэг нь таны бөх гэдгийг сул тал болгож байхад МАН үндэсний бөхийн аварга гэдгийг давуу тал болгож байна. Мэдээллийн энэ эсрэг тэсрэг хоёр урсгалыг Та өөрөө юу гэж шингээж авч байна вэ?
-Өчигдөр юм шиг л санагдаж байна. 2004 онд намайг анх УИХ-д нэр дэвшүүлэх гэж байхад яг л өнөөдрийнх шиг шуугиж байсан. “Бөх хүнийг УИХ-ын гишүүн болгох юм уу” гээд л. Арван жилийн дараа мөн л адилхан зүйл яриад эхэллээ. Улс төрийн талцал маргаан, туйлшралын л нэг хэлбэр юм даа. Би үнэхээр бөх үү гэвэл бөх. Аварга уу гэвэл аварга. Намайг үндэсний бөхөөс салгаж ойлгох арга байхгүй. Алдрай багаас эхлээд л азай буурлууд намайг “аварга аа” л гэдэг. Манай эхнэр, хүүхдүүд л арай “аварга аа” гэхгүй юм. Охинтой минь суух гэж байгаа хүргэн хүртэл “аварга аа” л гээд байгаа. Хэзээ “аав аа” гэх хүн юм мэдэхгүй. Улс төрд заримдаа арай өөр утгаар хэрэглэнэ шүү. Намын Бага хурал дээр “Баяр даргаа таны наад бодлого сүржин эхлээд төгсгөл нь даржин байна шүү” гээд л хэлэхэд царай нь хачин болоод “аварга аа” гээд эхэлж байх жишээтэй. Н.Алтанхуяг сайд ч гэсэн сая тэгж байна лээ. “Аварга аа, та сонсч бай” гэж байгаад л ярьж байна лээ. Намайг дээдлээд байгаа юм уу, доош нь хийгээд байгаа юм уу, би сайн ойлгохгүй л яваа.
-Ер нь бөх хүний хамгийн том давуу чанар юу вэ. Жирийн иргэн, улстөрчдөөс ялгаатай?
-Хүний амьдралын ахуй гэдэг өөрт нь чанар суулгадаг. Монгол соёлын өв болох бөх бол хүнийг сэтгэл дотор нь ч барилдуулдаг. Тэгж хүн ёс, жудаг суулгадаг. Нэгэнт сурсан тэр чанараа, зангаа насан туршдаа авч явдаг давуу талтай. Монгол бөх гэдэг монголчуудын гайхамшигт өв соёлоор хүмүүжсэндээ би бахархаж явдаг. Монгол бөх намайг эх орноо гэсэн чин сэтгэлтэй, хэлсэндээ тууштай байдаг, ах захаа хүндэлдэг, олны хайр даадаг, зорилго дэвшүүлж түүнийхээ төлөө тууштай явдаг, хатуужил тэвчээртэй, бие даан шийдвэр гаргах чадвартай, ёс жудгийг баримталдаг, ялагдаад гонсойж гутрахгүй, ялчихаад онгирч сагсайдаггүй, аливаад туйлшрахгүй төвийг барьдаг болгож төлөвшүүлсэн. Монгол бөх бол бүр анхнаасаа эр хүнийг төлөвшүүлж бэлтгэдэг арга, сургууль болон өвлөгдөж ирсэн. Манай үе үеийн бөхчүүд нутаг орондоо үргэлж нэр хүндтэй хүмүүс байдаг. Яагаад гэвэл зөв хүн явсан учраас олондоо үлгэртэй, манлайлалтай байгаа нь тэр. Ер нь амьдралаа алдчихсан хүн бөхчүүд дотор байдаггүй юм шүү дээ.
-Бөхчүүд тэмцэх чанартай юм шиг хэрнээ түүнийгээ дотогшоогоо нуугаад байх шиг санагддаг. Та бөхийн зүлэг ногоон дэвжээнээ 12 жил босоо аварга байхын тулд хэр их тэмцсэн бэ?
-Өөрийгөө ялах ухаан, өөрийгөө ялах тэмцэл хамгийн чухал. Өөрийгөө ялан дийлж байж сул талаа нөхдөг. Амжилтад хүрдэг. Ядрал, зүдрэл, нойр, хоолыг давж байж өөрийгөө ялдаг. Бусдын хүндлэл хүлээнэ гэдэг ч өөрийгөө ялан дийлж байгаа хэлбэр. Чи өөрийгөө бодох хамгийн сайн арга бол нөхрийгөө бодох. Зөвхөн өөрийгөө бодох ёстой гэсэн тэр сэтгэл зүй, шунал хүслийг давж чадна гэдэг бол өөрийгөө ялах тэмцэл юм. Өөрийгөө ялж байж амжилтад хүрнэ.
-Та өөрийгөө ялсан уу?
-Ялахын төлөө хичээдэг. Үргэлж ялахын төлөө явж ирсэн. Насан туршдаа шүү. Жишээ нь, асар их ашиг сонирхол, эрх тушаалын сураг гарахад хүмүүс араас нь хөөцөлдөж байхад би үлдэж чаддаг. Энэ бол миний өөрийгөө ялж байгаа тэмцэл.
-Та монгол бөхийн аварга, төрийн түшээ гэдгээрээ хэтэрхий их зарчимч байх гэж хичээдэг үү. Заримдаа эдгээрийн цаана Бат-Эрдэнэ гэдэг хувь хүн нь нуугдаад үлддэг юм шиг санагддаг?
-Миний амьдралдаа баримталдаг зарчим бол дүр эсгэсэн юманд үнэхээр дургүй. Байгаараа л байх дуртай. Байгаа минь л энэ. Энд суугаа нэг Бат-Эрдэнэ, гараад явахаар өөр Бат-Эрдэнэ, гэртээ очихоороо бас өөр болдог Бат-Эрдэнэ гэж байхгүй. Бүгд л адилхан, нэг янзаараа байдаг. Миний хань ижил, ойр дотынхон маань цэл залуу Бат-Эрдэнэ, одоо байгаа Бат-Эрдэнэ хоёрын хооронд нэг их өөрчлөлт гараагүй л гэх болов уу. Тэгээд ч миний амьдрал энэ өргөн олон түмний нүдэн дээр ил байдаг болохоор олон түмэнд бас нэг үнэлгээ байгаа л даа.
-Та олон жил зүлэг ногоон дэвжээг босоо эзэгнэсэн. Энэ үед өрсөлдөгч нарт чинь боломж олдохгүй хэцүү л байсан байх. Та ер нь өрсөлдөгч нараа хэр хайрладаг хүн бэ?
-Намайг түрүүлж байх тэр үед миний үеийн бөхчүүд заанаас дээш цол авч чаддаггүй, хэцүү байсан. Ганц О.Балжинням л 1991 онд улсад түрүүлж арслан цол авсан. Бусад нь бүгд заан цолтой. Д.Мөнх-Эрдэнэ л гэхэд улсад гурав үзүүрлэсэн ч заан цолтойгоо л явсан. Ингээд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдаад дүрэмдээ өөрчлөлт оруулж, Балжиннямд аварга, Мөнх-Эрдэнэд арслан цол олгосон. Энэ шийдвэрийг гаргахын тулд их олон хүнээс санал авсан. Надаас ч авсан. Тэр үед ид барилдаж, гол өрсөлдөгч нь явсны хувьд миний санал чухал байсан болов уу гэж боддог.
-Та ямар санал хэлж байв?
-Хамт барилдаж байсан хүмүүсээ бүгдийг нь сайхан цолонд хүрээсэй л гэж боддог байсан учраас надад татгалзах шалтгаан байгаагүй. Үүнийгээ би ил хэлсэн. Сүүлд монгол бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлсэн. Тухайн үед би Цэцдийн зөвлөлийн хурал дээр “Дархан аварга цолтой хүмүүсийг эрэмбэлж хэрэггүй ээ. Нэгэнт дархан аварга цолонд хүрсэн бол тэр хүмүүсийг эрэмбэлж яах юм” гэсэн. Тэр ёсоор болгосон. Хэрэв аваргуудыг эрэмбэлсэн бол би 12 түрүүлсэн амжилтаараа Дамдин аваргаас эхлээд Мөнхбат, Баянмөнх, Цэрэнтогтох гээд өөрийнхөө дээд талын аваргуудын өмнө эрэмбэлэгдэх, түрүүлж ам авах байсан. Надад хэчнээн ашигтай байсан ч би монгол бөхийн ёс жудгаараа ингэж хандсаныг Цэц хүлээж аваад дархан аварга цолтнуудыг эрэмбэлэхээ больсон. Хэрэв “Та нар юу яриад байгаа юм бэ. Чаддаг юм бол намайг хаяад наад цолоо ав л даа” гэдэг ч юм уу, “Та нар бөхчүүдээ эрэмбэлж байгаа юм бол дархан аваргуудыг ч адилхан эрэмбэл л дээ. Тэгэхгүй юм бол миний улсад 12 түрүүлсний хэрэг юу байгаа юм” гээд зогсоод байвал миний үгийг сонсох л байсан байх. Гэхдээ энэ нь миний баримталдаг зарчим биш юм даа.
-Б.Гантогтох гарьдаас өөр хүнд даваа өгч байв уу, Та?
-Би зургаан залуу заанд бүгдэд нь дэмжлэг үзүүлсэн хүн. Залуу, ирээдүйтэй бөхөө дэмждэг, даваа өгдөг ёс эртнээс монгол бөхөд байсан. Тэр жаягаар би Гантогтохыг дэмжиж даваа өгсөн. Баянмөнх багш ч өмнө нь намайг ингэж дэмжиж байсан. Сүүлд, намайг 15 настайгаасаа л дагасан Мөнхбаатарыгаа зургаа даваад байхад нь долоогийн даваанд авч даваа өгч байлаа. Энэ бол бөхөд байдаг уламжлал, ёс жудгийн л асуудал.
-Барилдахаа больсон ч гэсэн бэлтгэлээ хийж, аваргуудтайгаа уулзаж учирч байгаа биз дээ?
-Барилддаг үеийнх шиг бэлтгэл ч арай хийхгүй ээ. Дасгалыг бол өглөө бүр хийдэг. Аваргуудтайгаа ч уулзана. Харин зав чөлөө нь болдоггүй юмуу, би ч очиж чадахгүй юм, Баянаа багштай л ховорхон таарах юм. Хамгийн сүүлд 2012 оны сонгуулийн өмнө Бөхийн өргөөнд нэг удаа таарсан. Тэгэхэд “За чи их зөв явж байгаа шүү. Эх орон, олон түмнийхээ төлөө үнэн зөв дуугарч байна. Ах нь сонгуулийн өмнө чамайг нэг сайн дэмжиж энэ үгээ хэвлэлээр дамжуулан хэлнэ ээ” гэж байсан. Бөх хүний, аварга хүний сэтгэл гэдэг ийм уужуу байдаг юм. Үнэнийг хэлэхэд хүмүүс бид хоёрыг зөрчилтэй л гэдэг. Гэтэл тийм байлаа байлаа гэхэд би Баянаа багшийн өөдөөс буруу хазгай үг хэлэх эрхгүй. Баянаа аварга ч огт өөр зүйл бодож явдаг нь сая ярьдаг бид хоёрын товч ярианаас харагдаж байгаа биз дээ. Энэ бол бөх хүний ёс жудаг, тэр дундаа монгол эрчүүдэд үлгэр болж явах аварга хүний тархинд цаанаасаа суусан өгөгдөл. Ер нь монгол бөхийн барилдаан бол жудагтай эрчүүдийн наадам шүү дээ.
-Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бөхөөс гадна бас нэгэн сул танд байна аа. “Эрдэнэт”-д ган бөмбөлөг шахдаг байсан гэх юм. Бодвол хууль бусаар юм байлгүй дээ?
-Эд маань (АН-ынхныг хэлэв бололтой) зориуд тэгж тараагаад байгаа юм уу, эсвэл хүн андуураад байгаа юм уу, мэдэхгүй. Би “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлж байгаагүй дээ. Харин гуравдугаар цахилгаан станцад бол нийлүүлсээн. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, О.Балжинням бид нар нийлээд зах зээлийн жамаар гадаад худалдаа, үйлчилгээний “ББ” гэдэг компани байгуулж ажиллаж байлаа. Тэр үед одоогийнх шиг тендер, шахааны бизнес гэдэг ойлголт байсангүй. Ноолуурын бизнес ч хийж байлаа. Гэхдээ нэг ч кг түүхий ноолуур гадагш нь гаргаж байгаагүй, бүх ноолуураа “Говь”-д нийлүүлдэг байсан. Тэндээс олсон хуримтлалаараа өмч хувьчлалд оролцож “Буудайн цацал” компанийн хувьцааг дуудлага худалдаагаар авсан. Би ганцаараа ч аваагүй Д.Тэрбишдагва, “Алтан тариа”-гийн Цэдэв гуай нартай нийлж авсан юм. Цэдэв гуай тэтгэвэрт гараад компаниа орхисон. Дараа нь Д.Тэрбишдагва Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд болоод хувийн бизнесээсээ татгалзсан. Одоо би удирдлага менежментэд нь оролцохгүйгээр нутгийн сайн бизнесмэн Ганбаттай хамтран ажиллуулж байгаа. Ийм л юмсыг өөр тийш нь гуйвуулаад байна л даа.
-Бас хадгаламж зээлийн хоршооноос зээл аваад төлөөгүй, газрын асуудалтай, зарсан ч гэх мэдээллүүд цахим ертөнцөөр аялж байна?
-Надад хууль бусаар хийсэн зүйл нэг ч байхгүй. Намайг хадгаламж зээлийн хоршооны дампууралтай холбох гээд байдаг юм. Надтай холбоотой нэг ч асуудал тэнд байхгүй. Газрын тухайд 1990 оны үед манай П.Дагвасүрэн арслан намайг анагаах ухааны дээд сургууль байгуул гэж шахаад би үгүй гэж зугтааж байлаа. Анагаах ухааны дээд сургууль байгуулна гэхээр миний ой ухаанд ердөө багтахгүй байсан. Харин сүүлд багш нарынхаа зөвлөснөөр бөхийн сургууль байгуулах болсон. Эхний ээлжинд сургуулийнхаа газрыг авъя гэж хөөцөлдсөн. Болгарын Элчин сайдын яамны өмнө газар авах боллоо. Бичиг баримтыг нь гурван жил хөөцөлдсөөр байгаад 1999 онд сая нэг шийдвэр нь гарсан. Гэтэл бид түүнээс жилийн өмнө, 1998 онд хөдөлмөр нийгэмлэгийн байрыг спортынх нь зориулалтаар ашиглана гээд авчихсан байсан. Гэтэл сүүлд манай сургуулийн нэр дээр олгосон тэр газрын нэг хэсгийг зальтай хүмүүс өөрийн болгоод авчихсан байсан. Хотын захирагчийн гаргасан захирамжийг үл хайхран нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр сүмийн зориулалтаар бусдад эзэмшүүлчихдэг юм билээ. Бид газрынхаа араас өчнөөн хөөцөлдсөн боловч дийлээгүй, орхисон. Би хадгаламж зээлийн хоршоо байтугай найз нөхдөөсөө авсан нэг ч төгрөгийн зээлгүй.
-Хэрвээ Та Ерөнхийлөгч боллоо гэхэд иймэрхүү шударга бус үйлдэлтэй, авлигатай тэмцэх, шударга ёс тогтоох чиглэлээр яаж ажиллах вэ. Өмнөхөөсөө дээрдсэн, өнөөдрийн эрчмийг сулруулахгүй байж чадах уу?
-Ерөнхийлөгч авлигатай гардаж тэмцдэг хүн биш шүү дээ. Харин авлигатай тэмцэх, шударга ажиллахад дэмжлэг үзүүлдэг гол хүн. Шударга ёс тогтоох талаар хүн болгон л ярьдаг. Энийг нэг УИХ, нэг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд яриагүй. 20 гаруй жил ярьж байна. Ярих нэг өөр. Хүссэн үр дүндээ хүрч байна уу гэвэл бас өөр асуудал болно. Авлигатай бол үнэхээр шийдвэртэй тэмцэх ёстой юу гэвэл тэмцэх ёстой. Энэ нь манай намынх, тэр нь хүний намынх, энэ нь миний ах дүү тэр нь хүний хүн гэж алагчилж ялгалгүй, авлигатай тууштай тэмцэх ёстой. Улс төрийн орчин, тогтолцоо нь өөрөө их бохир байна. Тэндээс эхлэх ёстой. Улс төрийн буруу системийг оройгоос нь эхлээд өөрчлөх хэрэгтэй. Цэвэр, тунгалаг төрөө байгуулахаас авлигатай тэмцэх ажлаа эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл, нэгэнт ургасан хортой өвсийг алаг цоог зулгааж хаях бус дахин ургахгүйгээр үндсийг нь таслаж, хөрсийг нь цэвэрлэх учиртай. Хэрвээ эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг улстөрийн орчин нь эхэлж эрүүл болохгүй бол авлигатай тэмцэх тэмцэл үр дүн багатай, засаг барьж байгаа хүчин нь өрсөлдөгчөө дарах, улстөрд орсон биенесмэн нь өрсөлдөгчийнхөө бизнесийг булаах, нухчин дарах захиалгыг биелүүлэгч байвал яаж зөв замд орох вэ. Үүний нөгөө талд нь соён гэгээрүүлэх ажил чухал. Хууль зүйн ухааны үндсэн ойлголтод хүнд хийсэн хэрэгт нь тохирсон цээрлэл үзүүлэхээс гадна сэнхрүүлэх, ухуулах асуудал багтдаг. Зөвхөн яллах нь асуудлыг шийдэх ганц зөв гарц биш юм.
-Үе үеийн Ерөнхийлөгч нар намаасаа хамааралтай явдаг нь улс төрийн авлигатай тэмцэх тэмцлийн эрчийг бууруулдаг юм биш үү?
-Үндсэн хуулийн үндсэн концепц, үзэл санаагаар бол Ерөнхийлөгч нь аливаа улс төрийн намаас хамааралгүй байх ёстой. Мэдээж намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг л дээ. Хэрвээ нэр дэвшигч нь Ерөнхийлөгчөөр сонгогдвол нам нь “За та ард түмнийхээ төлөө шударга ажиллаарай” гээд орхих ёстой. Энийг зүйрлэбэл, сансрын хөлгийг тойрог замд нь оруулаад салдаг зөөгч пуужинтай адилтгаж болох юм. Гэтэл манайд улс төрөөр маш олон жил явсан хүмүүс Үндсэн хуулийнхаа үзэл санаанд захирагдаж чадахгүй тал байна. Нөгөө талаас засаглалын үндсэн зарчмын дагуу Ерөнхийлөгчийн институт, хууль тогтоох УИХ, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага Засгийн газар нь тэнцвэртэй, ялгаатай үйл ажиллагаа явуулж байх ёстой. Өнөөдрийн нөхцөлд бол УИХ, Засгийн газрын ялгааг олж харах боломжгүй болсон байна. Үүнийг засахад төрийн тэргүүний үүрэг оролцоо асар их. Яг энэ асуудлаар буюу Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчлөх талаар өмнө нь ярьж явсан нөхдүүд маань өөр байр суурьтай болсоон. Тухайлбал, Засгийн газрын 19 гишүүний 17 нь УИХ-аас орж ажиллаж байна. Тэгэхээр УИХ гэдэг чинь Засгийн газар, Засгийн газар гэдэг чинь УИХ болчихоод байна. Уг нь бол Үндсэн хуулийнхаа ойлголтоор УИХ-ынхаа бодлогыг Засгийн газар нь хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр Засгийнхаа бодлогыг УИХ нь хуульчилдаг болчихсон гэж хэлж болохоор байна.
-Улс төрчдийг тойрсон авлигын сүлжээ, нам, бүлэглэлийн талцал өнөөдөр олон залуусын өмнө хана хэрэм болж байна. Чадвар туршлагаар хийдэг төрийн ажлыг өнөөдөр чадвар боловсролоос үл хамааран халаасандаа мөнгөтэй, ардаа намтай, фракцтай нь хийж байна. Энэ буруу хандлагыг яаж засах вэ?
-Монгол хүн өнөөдөр монгол эх орондоо үнэгүйдлээ. Төр, засаг нь монгол хүнийхээ хүч бололцоо, энэ залуусынхаа оюун ухаанд итгэж найдахаа байлаа. Ийм үзэгдэл газар авлаа. Монголдоо олсон боловсрол тэр чигээрээ үнэгүй байдаг гажиг тогтолцоог зөв болгох зайлшгүй шаардлагатай. Мэдээж Монголдоо дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боловсролын стандартыг бий болгох шаардлагатай. Тэр хэрээр мэдлэг шингэсэн, сүүлийн үед яриад байгаа мэдлэгийг бүтээгдэхүүн болгож хувиргах инновацын туршлагуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Мэдлэгт суурилсан эдийн засгийн даяаршлын сүлжээнд ороод түргэн хугацаанд хөгжсөн улс орон олон бий. Тэдний туршлагаар явах бололцоо бидэнд байгаа. Монгол хүн IQ өндөртэй. Дэлхийд эхний тавд ордог гэсэн судалгаа байдаг. Тийм учраас дотооддоо, бас гадаадад ч сургууль төгсөөд гадаадад ажиллаж амьдарч байгаа залуусаа эргүүлж авчрах, мэдлэгийг нь шавхан дайчилж улс орноо хөгжүүлэх бодлого гаргах ёстой. Гэтэл энэ маань ч эцсийн дүндээ улс төрийн талцал, намчирхсан байдлаас болж хэрэгжихгүй яваад байна. Гадаадад хэчнээн сайхан өндөр боловсрол эзэмшиж, томоохон компаниудад ажиллаад туршлага хуримтлуулаад ирсэн залуус маань Монголд ирэхээрээ намын харьяалал л байхгүй бол, хэн нэгэн даргын хүн биш л бол өөрийнхөө олсон мэдлэг, туршлагыг улс орондоо өгөх бололцоо алга. Дотоодод их, дээд сургууль төгссөн сайхан залуус хэчнээнээрээ байна. Тэднийгээ өсгөх, төрийн болоод бусад салбарт хүлээж авах үүд хаалга нээлттэй биш байна. Намаар нь ялгаж, гадуурхаж, хасчихдаг, халчихдаг болж. Үүнийг хамгийн түрүүнд засах ёстой. Хөгжихийн тулд юуны өмнө хүнээ хөгжүүлэх ёстой. Эрүүл, боловсролтой монгол иргэдийнхээ хөлс, хүчээр л улс орноо хөгжүүлнэ. Монгол Улс гэдэг хайрцагандаа л багтаж байвал намчирхал, талцал бидэнд хэрэггүй. Улсын хөгжилд тус болохгүй. Үүний оронд чадалтай бол бүх намын, иргэний хөдөлгөөний хүнийг авч ажиллуулж чаддаг байх улстөрийн эр зориг төр, засгийн удирдлагуудад байх ёстой.
-Тэгж чаддаггүйг Та өөрөө мэднэ шүү дээ?
-Монгол төрийн ажил нэг намын ажил биш, нэг хэсэг бүлэглэлийн эрх ашиг биш учраас чадалтай, боловсролтой, сэтгэлтэй нь төр улс, эх орныхоо төлөө зүтгэх боломжийг хангах ёстой. АН, МАН хоёр нэг нь барууны үзэлтэй, нөгөө нь зүүн төвийн үзэл баримтлалтай байх ёстой байтал хоёулаа яг адилхан уралдаад амладаг. Засгийн эрх барих гэж хоёулаа нийгмийн халамж, хавтгайрсан халамжийн бодлогоор уралдчихсан учраас сүүлийн жилүүдэд уул уурхайгаа түшиглээд бий болсон бололцоогоо ашиглаж чадсангүй. “Эрдэнэт”-ийн хэмжээний таван үйлдвэр байгуулах хөрөнгийг хавтгайрсан халамжид зарцуулаад, үр ашиггүй дуусгаж байх жишээтэй. Өнөөдөр мал аж ахуйн салбараас бий болж байгаа олон түүхий эдийг боловсруулж чадахгүй байна. Өмнө нь, долоон сая бог, нэг сая орчим бодын арьс, ширэнд боловсруулалт хийгээд, бүр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байлаа. Одоо бол түүхийгээр нь л гадагш гаргаж байна. Дэлхий дээр бид 7000 тонн ноолуур бэлтгэдэг гэдгээрээ хоёрт бичигддэг. Ноолуур Монголын брэнд бүтээгдэхүүн болсон байсан бол өнөөдөр энэ боломжоо алдчихлаа. Нүүрсээ ч эхний шатны боловсруулалтгүй түүхийгээр нь маш хямдхан гаргаж байна.
-Дэлхийтэй өрсөлдөх бүтээгдэхүүнүүдээ гадагшаа брэнд болгох бодлого төрд байхгүй хэрнээ дотоодын, үндэснийхээ хэдэн компанийг төрийн нэрээр, татвараар дарамтлах, гадаадын хөрөнгө оруулагчдаас ялгаварлах хандлага бас их байх шиг байгаа юм.
-Ялангуяа татварт асуудал их байгаа юмаа. Татварын өршөөлийн хууль гаргаад ч бидний хүссэн үр дүнд хүрсэнгүй. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд хоёр тайлан гаргадаг. Ашгийнхаа тайланг нуудаг хэвээрээ л байна. Монгол Улсад 72 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэхэд гуравны хоёр нь ямарч ашиггүй ажилладаг гэсэн тайлан гаргах жишээтэй. Гэсэн мөртлөө дампуураад алга болчихдоггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх нь татвар төлдөггүй, цөөхөн нь төлдөг тогтолцоотой л явна. Үндсэндээ аж ахуйн нэгжүүд 30-аад төрлийн татвар шимтгэл төлж байна. Эндээс орлогын албан татвар, НӨАТ хоёроос бусад нь тогтсон татварууд. Тэгэхээр компаниуд энэ хоёроо багасгахын тулд тайлангаа нуудаг. Татварын газар нь ч энэ хоёр дээр суурилсан шалгалт хийдэг, дарамталдаг ажилтай болсон. Одоо татварын хяналтын албанд 2000 гаруй байцаагч ажиллаж байна. Хэрвээ компаниуд их ойлгомжтой татвар төлдөг тогтолцоо руу шилжчих юм бол тэнд 2000 хүн ажиллах ямар ч шаардлагагүй. Шведэд байдаг жишээ гэвэл татварын алба нь компаниудынхаа бүх ашгаас татвар авдаггүй, үүний оронд бизнесийнх нь зэрэглэлийг тогтоогоод тухайн зэрэглэлд орсон компанид нь ногдуулдаг тогтмол төрлийн татвартай. Тухайн компани зэрэглэлээр тогтоосон ашгаасаа илүү, их хэмжээний ашиг олсон байсан ч тэндээс нь татвар авдаггүй. Манайд бол компаниудын нийт ашгаас авна гэхээр л нөгөөдүүл нь ашгаа багасгах гээд хуурамч тайлан гаргаад эхэлдэг. Манай төр засаг үндэсний баялаг бүтээгч-татвар төлөгчиддөө талархаж чаддаг, тэднийгээ бүх талаар дэмжиж чаддаг байх шинэ сэтгэлгээг төлөвшүүлэх нь нэн чухал байгаа юм.
-Та үндэсний бөхийн их аварга хүн болохоор амьдрал тань үргэлж олон түмний анхааралд байдаг. Тэр хэрээр таныг хүмүүс сайн мэддэг. Гэвч улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж байгаа хүнээс хувийн намтар, гэр бүлийн нь тухай давтан асуух нь зөв байх. Гэхдээ Та сүүлийн үед гарсан өөрчлөлттэйгөөр эцэг эх, гэр бүл, хувийн амьдралынхаа тухай ярихгүй юү?
-Би бусдын л адил амьдралтай. Аав маань Архангайн уугуул. Ээж Хэнтийн Өмнөдэлгэр сумынх. Би эхээс тавуулаа. Би гурван эгч, нэг ахтай, айлын отгон хүүхэд. Бид хөдөөгийн борог амьдралд өссөн. Ээж маань гэрийн ажилтай хүн. Би ээжийнхээ 44, аавынхаа 48 насан дээр төрсөн юм. Би аав, ээжийнхээ амьдралд туслах юмсан гэж их хичээдэг байлаа. Аав маань модны нарийн мужаан, хар төмрийн дархан хүн байсан. Хөдөө нэгдэлтэй гэрээ хийгээд л ах бид хоёрыг дагуулаад явна. Хашаа саравч барьдаг байлаа. Олон саравч барьсан даа. Миний анхны барьсан саравч Хэрлэнбаян-Улаанд бий. Бидний барьсан саравчинд малаа маллаж байсан хүн сүүлд улсын аварга малчин болсон. Их бэлгэшээдэг юм. Би ахтайгаа нийлж аяганы ширээ, номын сан, тавилга хийдэг байлаа. Заримдаа орны цагаан төмөр олж авчраад галд халааж давтаад төмөр савар хийгээд хөдөө айлуудад нэгийг нь 15 төгрөгөөр худалдана. Хамгийн сүүлд ах цэрэгт явчихсан үед яндангийн төмөр цуглуулж байгаад угсардаг пин хийж байлаа. Яндангийн төмөр тэнийлгээд, зэвэрч цоорсныг хайчилж залгаж байгаад хийсэн пингээ Дэлгэрхаанаас Өмнөдэлгэр шилжихэд 300 төгрөгөөр худалдсан. Түүгээр нь надад хичээлийн хэрэгсэл, хувцас хунарыг авч өгч байлаа. Энэ мэтээр л ажил, амьдралыг амталж өслөө дөө.
-Тэгээд сургуулиа төгсөөд их сургуульд явсан уу?
-Өмнөдэлгэрт аравдугаар анги төгсөөд Эрдэнэт рүү цэрэгт татагдсан. Тухайн үед ЗХУ-д Аюулаас хамгаалахын сургуульд суралцах хүүхдүүдийг 9-10 дугаар ангиас нь урьдчилан судалж авдаг байсан юм. Тэр шалгуурт тэнцээд Аюулаас хамгаалахын сургуульд явах хуваарьтайгаар цэрэгт явсан юм. Тэр үед Аюулаас хамгаалахын сургуульд явах хүүхдийг эхний ээлжинд шууд цэрэгт татчихдаг байсан л даа. Нэг жил хилийн цэрэг, дотоодын цэрэгт алба хаалгаад дахин цуглуулж шалгалт авдаг байсан юм. Тэгээд би нэг жилийн албаа хаагаад шалгалтад орох болсон чинь манай Г.Гэлэг багш “Чи сургуульд явахаа хойшлуул. Чамд спортоор оролдвол амжилт гаргах боломж байна” гэсэн юм.
-Та хэзээ нь сурсан юм бэ?
-Багшдаа хэлж байгаад 1985 онд Улсын начин болсныхоо дараа Хилийн цэргийн дээд сургуульд элсч ороод 1990 онд төгссөн. 2000-2003 онд МУИС-ийн магистр, үргэлжлүүлээд докторантурт суралцсан. Миний сонгосон сэдэв бол “Биеийн тамир спортын эрх зүйн орчин”. Энэ сэдвээр С.Нарангэрэл академичийн удирдлага дор судалгааны ажил хийсэн.
-Хэлний тухайд ямар вэ. Англи хэлгүй гэдгийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бас нэгэн сөрөг тал болгож байгаа бололтой.
-Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн. Төрийн хэл бол эх сайхан монгол хэл маань. Тэгэхээр Ерөнхийлөгчийн бүх ажил эх хэл дээрээ явна. Ер нь бол манайхан хэл сурах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь Ерөнхийлөгч ч бай, жирийн иргэн ч бай зөвхөн эх хэлээрээ л сэтгэдэг. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа монгол хүн англи хэлгүй байна гэдэг сул тал болно гэж би бодохгүй байна. Тэгээд ч би бас тийм хоосон амьтан биш шүү. Чи асуугаад үзэх үү?
-Сонины ярилцлага учраас таныг англиар ярилаа гэх нь хүмүүст үнэмшил төрүүлэхгүй л дээ.
-За, тийм биз дээ. Би хэлний жаахан авьяастай гэх үү дээ. Англи хэлийг өөрөө бие дааж сурсан. Сурахаас ч өөр арга байгаагүй. Яагаад гэвэл, гадаадад олон тэмцээн уралдаанд явж эхэлсэн. Бас Жүдогийн холбооны тэргүүнээр ажиллаж, Азийн жүдогийн холбоонд сонгуульт ажил хийж байсан учраас англи хэл сурах шаардлагатай байсан. Тэгээд л сурсан даа. Англи хэл үзэж цагаашрахад Э.Тэмүүжин, Ж.Отгонцагаан гээд миний найзууд тусалж байлаа.
-Яг таны гэр бүл, халуун ам бүл дотор ямар өөрчлөлт байна вэ?
-Нэг их өөрчлөлт, онцгой содон юм байхгүй дээ. 1985 онд анх танилцаад, 1987 онд гэрлэсэн эхнэртэйгээ 26 жил амьдарч байна. Том охин өвөө аавынхаа авьяасыг өвлөн Германд дотоод интерьер дизайны чиглэлээр суралцаж байна. Дунд охин ЭМШУИС төгсөөд магистрантурт үргэлжлүүлээд сурч байна. Бага охин Америкт коллежид явсан. Ер нь хүүхдүүдийнхээ боловсролд их анхаардаг байсан даа. Эхнэр бид хоёр ярьж байгаад хүүхдүүдийнхээ бие бялдар, эрүүл мэндэд анхаарах ёстой гэж үзээд төрөл бүрийн спортын секцэнд явуулж байлаа. Мөн сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэх зорилгоор математикийн гүнзгийрүүлсэн сургалтад нэлээн суулгасан. Дараа нь Германд нэг, хоёр жил суулгаж англи, герман хэлтэй болгосон. Би хүүхдүүдээ Монголынхоо соёл, зан заншил ахуйгаас хол байлгахгүй гэж хичээдэг. Манай охид Сүүж уулын амралтад бөхийн галд хөлд орцгоосон. Манайхан ер нь наадмын маргааш шахуу нутаг руугаа яваад намар хичээл цуглахад л дуртай дургүй ирдэг. Хөдөө амьтай айл шүү дээ.
-Та хэдийгээр монгол бөхийн дархан аварга, төрийн түшээ ч гэсэн, хүн л юм чинь амьдралд уйтгар гуниг, баяр тохиолдож л байгаа. Тэгэхээр таны хувьд хамгийн гунигтай байсан бас аз жаргалтай байсан үеэ дурсаач гэвэл юуг хэлэх вэ?
-Ойр дотнын хүмүүс маань энэ хорвоогоос буцах үе л хамгийн уйтай, гунигтай хүнд байдаг. Баяртай үе гэвэл үр хүүхдүүдтэйгээ уулзах, олон сайхан хүнийг сайн сайхан явахыг хараад баярладаг. Бас ажил хэрэг урагштай байвал баярлана. Урлаг, спортын хүмүүс чинь их уян зөөлөн болдог юм шиг байна. Намайг улсын начин цол хүртээд ирэхэд манай багш нар, ойр дотнын хүмүүс тойроод уйлаад байхад нь би огт ойлгохгүй байсан. Олон эрэгтэй хүмүүс тойрч зогсчихоод уйлаад байх эвгүй санагдана биз дээ. Тэгэхэд 21-хэн настай байж. Гэтэл одоо тэр зүйл өөр дээр маань хүрээд ирдэг юм байна. Нэг сайхан кино үзэх, ном зохиол унших, эсвэл сайхан уртын дуу сонсох, хүүхдийн цангинасан хоолой сонсохоор өөрийн эрхгүй уясаад байдаг болчихсон байна лээ.
-Тамирчин хүн болохоор тэгдэг юм уу, Та сэтгэлийн хөдөлгөөнөө их дотогшоогоо барьдаг юм шиг санагддаг. Унаж байсан ч, давж байсан ч хэвээрээ л байгаа харагддаг?
-Монгол бөхийн жаяг тийм юм. Бусад спортын тамирчид сэтгэлийн хөдлөлөө орилж, хашгираад гар хуруугаа гозолзуулж жигтэйхэн сүртэй илэрхийлж байдаг. Үндэсний бөхөд тэр огт зохихгүй. Уламжлал соёл нь тийм юм. Миний тухайд өөрийгөө дөвийлгөх зан хар багаас байгаагүй. Тийм учраас ч юм уу залуугийн маань зураг надад бараг байдаггүй юм шүү дээ.
-Н.Энхбаяр даргыг баривчлах үед Та очсон уу. Утсаар таныг дуудаж байгаа нь зурагтаар гарч байсан. Одоо ер нь ямар харилцаатай байдаг вэ?
-Н.Энхбаяр дарга бол Монголын төр нийгмийн том зүтгэлтэн. Мөн монгол өв соёлыг хамгаалахад хүчин зүтгэл гаргасан хүн. Би Соёлын сайд байхаас нь мэднэ л дээ. Гэхдээ тийм их ойр дотнын харилцаа байсангүй. Намайг үндэсний бөхийн аварга, Монголын соёлын өвийг тээгч гэдэг утгаар нь хүндэлж харилцдаг байсан. Энэ ч үүднээсээ надад 2004 онд МАХН-аас нэр дэвшээч гэсэн санал тавьсан. Би түүнийг нь хүлээж авсан. Түүнээс биш, улс төрд ч, амьдралд ч өдөр тутам дагаад яваад байдаг ойрын хүрээнийх нь хүн биш л дээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхад нь бидний харилцаа тийм л байсан. Насаар ахмад, тэгээд өндөр алба хашиж байсан болохоор тийм ойрхон байх боломж байгаагүй. Уг нь энгийн сайхан хүн шүү дээ. Яг баривчлагдсан тэр өглөө нь би Монголд хийж болохгүй нарийн шинжилгээ хийлгэхээр Солонгос нисэх гээд нисэх рүү явж байсан юм. Манай гэр Энхбаяр даргын цаахна л даа. Тэгэхэд автобус, автобусаар цагдаа нарыг зөөж байсан. Юу болж байгааг асуухад Энхбаяр даргыг баривчлах гэж байгаа юм гэж хамт яваа хүмүүс маань хэлсэн. Би гайхаж хиртхийсэн. Оройжин, шөнөжин олныг цочирдуулчихаад одоо юу болж байна, арай ч дээ гэж бодсон. Тэгээд би Энхбаяр дарга руу залгасан. Тэр үед Н.Энхбаяр дарга телевизэд ярилцлага өгөөд сууж байсан юм билээ. Тэгээд ойр байсан хүндээ утсаа өгөөд “Аварга ярьж байна. Хүрээд ир гэж хэл” гэсэн юм билээ. Гэхдээ би нисэх явж байсан учраас очиж чадаагүй. Утсаа өгсөн хүнд нь учир байдлаа хэлээд л цаашаа явсан. Тэгээд холбоо тасарсан. Намайг залгалаа гэж их олон хүн дургүйцлээ илэрхийлж байсан. Би залгаснаа буруу гэж боддоггүй.
-Одоогийн Ерөнхийлөгчтэй хэзээ танилцсан, ямархуу харилцаатай вэ?
-Бид хоёр 89, 90-ээд оны эхээр танилцсан улс. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бөхөд их дуртай, бөх их үзнэ. Бид хоёр чинь нэг үеийнхэн болохоор харьцангуй ойр дотны хүмүүс. Жишээ нь, Элбэгээ дарга бид хоёр УИХ-ын сул гишүүн байхдаа бие биеийнхээ өрөөнд орно. Цай цүүгээ ууна. Хааяа хээр хөдөө салхинд гараад хав дөрвөлжин золгоно. Манай Элбэгээ чинь сайхан хавираатай. Ер нь гэр бүл, хүүхдүүд гээд ойр дотно байдаг улс.
-Таныг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд баяр хүргэсэн байсан. Та бас баяр хүргэсэн үү?
-Тэгсэн, би бас намаасаа нэр дэвшихэд нь хариу баяр хүргэсэн.
-Сонгууль ямар болох бол?
-Шударга болно гэж бодож байна. Ер нь сонгууль шударга, будлиангүй, зөв болох нь нийгэмд шударга ёс тогтоохын эхлэл, ард түмэн итгэл үнэмшилтэй байхын үндэс, төр тунгалаг болохын баталгаа юм. Иймээс би бусад нэр дэвшигчдэдээ “Харгүй, шударга, олон түмнийхээ сонголт хийх эрхэнд халдахгүй, хойшид болох сонгуулиудад үлгэр жишиг болохуйцаар өрсөлдөцгөөе” гэж уриалж байгааг тэд маань хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа, таны сонгуульд амжилт хүсье.
-Та бүхэнд бас баярлалаа. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүний сонгууль сайхан болно оо.