2013-06-03Ховор үнэт соёлын өв үлдэгдэл, судар шастарын ариун далай, урлаж сийлсэн чулуун агуй, гайхамшигтайгаар тогтсон уул
ус гээд бүх зүйл бол байгаль дэлхийд зүрх сэтгэл нь татагдсан, үнэний ёсыг дээдлэн хүсэгч тэдгээр хүмүүсийн зорьж очих мөрөөдөл болж байдаг. Хятадын төв нутгийн Шааньси мужийн зураач Ли Ян эртний Сюан Зан хуврагийн баруун зүгт аялсан замаар дахин аялж, зам дагуу буй соёлын өвийн содон гайхамшгийг авч үлдсэн газруудаар биеэрээ хүрэхийг зорьжээ. Сюан Зан хуврагийн хүрч байсан газруудаар хийх энэхүү аялах нь түүнийг урлагийн жинхэнээ сонгодог зүйлд ойртуулж, хүсэж байсан мөрөөдлийн мэдрэмжид нь хүргэж болзошгүй ажээ.
2012 оны зун зураач Ли Ян Шааньси мужийн Си-ань хотын Даянь суваргын дэргэдэх талбайгаас гараагаа авч, эртний Тан гүрний Сюан Зан хуврагийн баруун зүгт аялсан, Энэтхэгт хүрч үнэн ёс, судар ном хайсан замаар аялж эхэлжээ. Таван жилийн хугацаанд багтаан тэрбээр Сюан Зангийн очиж байсан нутгаар хүрч, аяллынхаа төгсгөлд Энэтхэгийн алдарт Наланда сүм (Nālandā Vihāra)-д хүрэхээр төлөвлөж, энэхүү аяллаа "Сюан Зангийн мөрөөр дахин аялахуй ба Ли Ян баруун зүгт аялсан тэмдэглэл" гэхээн нэрлэсэн байна. Түүний улсын дотоодод хийгдсэн аялал нь Шааньси мужийн Си-ань хотоос эхлээд баруун тийш Шинжаан нутагт хүртэл үргэлжилжээ. Зам дагуу нутгуудын урлагийн өвөрмөц сайхныг тэмдэглэж, сэтгэлд нь хүрсэн бүхнээ үнэн мөнөөр нь зурж авсан байна.
"Сюан Зан бол Хятадын соёлд асар их нэр нөлөөтэй хүн юм. Баруун зүгт зорчиж номын ёсыг сурахаар явсан зориг санаа нь үнэнийг мэдрэх, үнэн ёсыг олох гэсэнд оршино. Миний хувьд авч хэлбэл тэр хүний аялсан мөрөөр эрэн сүвэгчлэх нь өөрийнхөө оюун санааны орон зайгаа нэн сайтар өргөжүүлэхэд тустай гэж боддог" гэж Ли Ян хэллээ.
Ли Янгийн хамт фото зурагчин Бай Шюн дагаж явжээ. Сюан Зан хувраг Тан гүрэндээ буцаж ирснийхээ хойно бичсэн "Да Тангийн үе дэх баруун нутгийн тэмдэглэл" номыг биенээсээ салгалгүй авч, энэ номоор аяллынхаа хөтөлбөр болгож, Сюан Зангийн хүрч байсан газар нутгуудад чадах ядахаар бүгдэд нь хүрэхээр шийдсэн болно. Номд бичигдсэн мэт эртний тэр үеийн хүмүүсийн ул мөрийг нэхэж, өмнөх хүмүүсийн үлдээсэн оюун санааны ертөнцтэй санаа бодлоо хуваалцах нь аяллын зорилт байлаа. Ли Ян өөрөө Си-аний Уран зургийн институтийн зургийн багш юм. Сюан Зангийн аялсан замаар давтаж аялах нь түүний хувьд оюун санаагаа шинэчлэх аялал байсан төдийгүй уран зургийн заан сургалтын ажилд нь баялаг сэдэв материал цуглуулах явдал юм. Сюан Зангийн хүрч байсан газрууд тухайн цаг үеийнхээ болон хойч үеийн хүмүүсийн олон удаагийн засвар шинэчлэлтийг өнгөрөөж, баялаг агуулгатай соёл ба буддизмийн урлагийн ор мөр, дурсгалуудыг хадгалан үлдэж, эдгээр нь урлагийн археологийн маш өндөр үнэ цэнэтэй бөгөөд урлагийн зохион бүтээлтийн эх булаг болсоор ундарч байдаг. Түүнчлэн уран зурагт дур бахтай хүмүүсийн харилцаанд ургуулан сэтгэх том орон зай буй болгосон гэж Ли Ян үздэг байна. Иймээс Сюан Зангийн баруун зүгт аялсан замаар аялж, буддын сэдэвтэй уран зургийн үнэн гайхамшгийг хайн сүвэгчлэх нь Ли Янгийн он жил удсан мөрөөдөл нь болсон билээ.
"Энэ аяллын замд би маш их татагддаг. Газар нь өргөн, хүн нь цөөн, байгаль нь үзэсгэлэн. Баруунш аялах хөтөлбөртөө бид зам шугам тогтоож авсан. Улсын дотоодод хийх аяллаар буддын чулуун агуйнууд, соёлын дурсгалт газруудад хүрэхийг бодсон. Зураг зурах нь магадгүй зураач хүний ертөнцийг ойлгосон ойлголтоо илэрхийлдэг хэлбэр юм. Учир нь зураачдын зурсан бүтээлд тэр хүнд мэдрэгдсэн амьдрал ахуйн тухай бодол ойлголт нуугдаж оршиж байдаг. Зураач хүн зөвхөн зураач төдий байх биш, зөвхөн гадар үзэгдлийг зураад л болчих биш, харин хүн ба ертөнцийг холбож, уран санаа, өнгө будаг, сэтгэмж, ур мэдрэмжээрээ илэрхийлэх ёстой" гэж Ли Ян сэтгэгдлээ хэлж байлаа.
Энэ зураачийн хувьд уран зураг бол зөвхөн нэгэн зүйлийн илэрхийлэл, харин буддизм бол гол сэдэв нь болжээ. Ли Ян ийнхүү аялж, үнэнхүү харж мэдрэх юмсан гэсэн бодол нь түүний амьдрал ба урлагт хандаж буй ойлголт гэж ойлгож болох юм. Түүнчлэн Ли Ян-гийн аяллаас хүмүүс баруун зүгийн газар нутгийн соёл урлаг, эртний соёлын дурсгалуудад анхаарлаа хандуулах, танилцахад зохих хэмжээгээр нөлөөлөх нь гарцаагүй.
Сюан Зан хуврагийн аяллын замаар аялахаар зорилт тавьсан Ли Янг түүний анд найзууд нь төдийлөн сайн дэмждэггүй, зарим нь огт ойлгодоггүй байна. Ли Янгийн хамт аялалд гарсан фото зурагчин Бай Шюн анх эхлээд энэ бол зөвхөн нэг удаагийн жирийн аялал гэж бодож явжээ.
"Ли Ян багш анх надад аяллын тухай төлөвлөгөөгөө ярьж байсан үед би их эргэлзэж байлаа. Ли Ян багшийн аяллын зорилгыг би сайн ойлгоогүй тул энэ бол зөвхөн нэг удаагийн жирийн аялал гэж бодож байсан. Хэрэв аяллын зам бэрхтэй, цааш нь үргэлжлүүлж чадахгүйд хүрвэл дундаас нь би буцаад ирчихье гэж Би Ли багштай хэлэлцэн тохирч байсан" гэж Бай Шюн эргэцүүллээ.
Ли Янгийн аялал тийм хялбархан биш гэдэг нь мэдээж. Гэтэл соёлын өвтэй танилцах, урлагийн гайхамшигтай танилцахыг зорьсон нь аяллын бэрх бартааг туулахад эрч хүч нэмжээ. "Сүсэг байсан цагт, зориг байсан цагт, гишгэсэн газар бүхэн зам байж болох юм."
Түүхэн хүн Сюан Зан тухайн жилүүдэд ганцаараа мянган бартааг давж, сүүдрээрээ бараа хийж, хүмүүсийн төсөөлөхөд бэрх хал зовлон, үхэл амьдралын заагаар урагшилж, хоёр хөлөөрөө холын замыг ойртуулж, ном залж ирсэн учиртай. Орчин үеийн дэд бүтэц, нөхцөл боломж маш сайжирсан хэдий ч Ли Ян олон талын бэлтгэлийг хийлжээ. Гэхдээ машинаар явах түүний аялал илүү сонирхолтой, байгальд ойртсон, агуулга нь үнэнийг харуулсан байж чадах болов уу гэж сэтгэл зовжээ. Тэр аяллаараа уран зургийн ур мэргэжлийг судлан сүвэгчилж, ханан зураг, бурхны баримал сийлмэл, соёлын өвийн талаар судалгаа хийж, зургийн эх ноорог, аяны тэмдэглэл хийх төлөвлөгөөтэй явсан байна. Тухайн нутгуудын оршин суугчид, лам хувраг нартай уулзаж, үндэстнүүдийн зан заншил, соёл иргэншилтэй танилцах нь аяллын олон зорилтууд болсон байна.
"Бин Лин хийд гэдэг нэртэй сүм буй. Тухайн үед Сюан Зан гувраг энэ хийдэд ирж ганц шөнө хоносон түүхтэй гэж тэр сүмийн нэгэн хувраг надад хэллээ. Сюан Зан багшийн ирж байсан газарт ирсэндээ би маш их догдолсон. Тухайн нутгийн нар жаргахыг харж суухдаа Сюан Зан номын багш бас тухайн жил энд ингэж сууж байсан болов уу хэмээн санагдсан. Тухайн үед Сюан Зан явганаар энэ холын замыг туулж байсныг бодоход тэр хүн ямар их итгэл зоригтой байсан нь бодогдох юм. Тухайн үед хүн айл бүр ч цөөн. Тэрээр замдаа ямар их хал зовлонг давж гарсныг бид төсөөлөхөд бэрх байна."
Хөгжил ба эмх замбараа нь алдагдсан орчин үед Ли Янгийн иймэрхүү аялал уйтгартай бөгөөд урлагийн үнэнийг хайх гэсэн эрэл тэмүүлэл юм. Санаа бодлыг нь эзэмдсэн түүний холын аялал түүнд урлагийн нэн хүчтэй мэдрэмж төрүүлж, хуучны дундаас шинийг мэдрэх нь хамгийн утга учиртай явдал болжээ.
"Миний хувьд аялал маань баяр баясгалангаар дүүрэн байгаа. Харин хал зовлон байгаагүй. Би аз жаргалтай байгаагаа мэдэрсэн. Хэдийгээр аяллын зам хол бөгөөд уйтгартай санагдах ч соёл урлагийн талаар сурч судлах нь маш сонирхолтой санагдсан юм. Аяллын зам дагуух нутгууд бол дорнын болон өрнийн соёлын уулзвар газрууд төдийгүй буддын соёл баруунаас зүүн нутаг руу дамжин уламжлагдсан газрууд юм. Иймээс тус удаагийн аялалд миний хувьд сурч судлаад баршгүй зүйлс олон байгаа."
Байгаль дэлхий түмэн бодис урлагийн зохион бүтээгчдэд мэдрэмж өгч байдаг. Сюан Зангийн ном залсан замаар аялж буй Ли Ян уран бүтээл туурвиж, сэтгэн бодож, тэрээр болон фото зурагчин Бай Шюнгийн хамт харсан сайн сайхан бүхнээ чадах ядахаар илүү тэмдэглэн үлдээхээр чармайсан байна.
Тэд баруун зүгт аялан Дунхуан-гийн Могао чулуун агуй, Мянган бурхны агуйд хүрч, түүнчлэн хүмүүс төдийлөн анхаараагүй, чухалчлаагүй соёлын үлдэгдэл, дурсгалт газруудаар очжээ. Жишээлбэл, Лань Жөү хотын И-си, Бин-лин хийдийн чулуун агуй болон түүний эргэн тойрны газруудад хүмүүст мартагдсан сүм хийд, чулуун агуйн цогцолборууд олон байдаг аж. Тэд эдгээр газруудаар бүгдэд нь хүрч, ханан зураг, буддын урлагтай танилцаж, Сюан Зан хуврагийн тухайн жилийн аяны мөрөөр аяллаа үргэлжлүүлжээ.
2012 оны 9-р сард баруун нутгийн Шинжааны Турпан, Хамил, Пичанаар аялжээ. Тухайн жил Сюан Зан Турпанд хүрсэн байдаг. Ли Ян, Бай Шюн хоёр Турпанд хэдэн хоног уран бүтээл хийжээ. "Хөвөө хязгааргүй элс манхны захаар оройн нар жаргахад салж ядсан гуниг төрөх юм. Зурж буй зургаа аяндаа мартаж, шингэх нарыг эх газрын цаагуур далд ортол нь ширтэх юм" гэж Ли Ян аяны тэмдэглэлдээ бичсэн байна.
"Нар баруунд хэлбийж халууны эрч харьсны дараа бид элсэн манханд ордог. Тэнд ямар ч анир чимээгүй, тайвнаас тайван нам жим. Хороондоо л үг ярихаас өөр ямар ч дуу шуугиан байдаггүй. Салхи жаврын исгэрээ хаяа заримдаа сонсогдог" гэж Бай Шюн хэлж байлаа.
"Аялалдаа бид санаа нийлж, олон сайхан уран бүтээл, фото зургийн бүтээл хийсэн. Бид энэ нутгийн үзэмжид согтуурч байсан. Очсон газар бүгддээ, хэрэв өнгө үзэмж нь сайхан л бол заавал нар жаргатал харж суудаг. Жуулчид сарниж, ямар ч анир чимээгүйн дунд жаргах нарны үзэмжийг харах нь нэгэн зүйлийн таашаал байсан. Үзэмжийг харах хамгийн тохиромжтой газар очиж, тэр сүрлэг үзэмжийг сэтгэлдээ шингээдэг."
2012 оны 10-р сард Ли Ян улсын дотоодын хэсэгт хийсэн аяллаа дуусгаад Си-аньд эргэж иржээ. "Ган цөлтэй, элс манхантай нутгуудаар хоёр сар гаран аяллаа. Аяллаа гэнэт зогсооход сонин санагдаж байна. Си-аньд хүрч ирээд Уран зургийн сургууль өөд алхахад энд тэндгүй машин нь түгжирсэн, чихэж шахцалдсан энэ хотод сэтгэл хүртэл бачимдан уймарч байлаа. Баруун зүгт хийсэн аялал хоёр сар гаран үргэлжилж, 13 мянган км аялсан байна" гэж Ли Ян "Баруун зүгт зорчсон тэмдэглэл"-дээ бичжээ.
Ли Ян хэдийгээр аяллын эхний цэг Си-аньд буцан ирсэн боловч түүний баруун зүгт хийх аялал дуусаагүй. Тэр энэ удаа сэтгэл зүрхнийхээ аяллаа саяхан эхлүүлсэн төдий юм. Хүний амьдрал тэр хэвээрээ аян бөгөөд шинийг эрэлхийлж, шинийг мэдэрсээр байдаг. Бид Ли Янгийн уран бүтээлээс түүний иймэрхүү дотоод сэтгэлийг тольдон ойлгож болох юм. Сюан Зан хуврагийн мөрөөр аялах нь хараа оюунаа нээх аялал бөгөөд төгсгөлгүй үнэн ёсны төлөөх тэмүүлэл, эрч зориг, холыг зорьсон аялал юм.
Сэтгэл зүрхэндээ аялж, зүүдэн дундаа мөрөөдөх амьдралын үнэн ёсны төлөөлөх хүмүүсийн хүслэн мөрөөдөл хэзээд зогсоогүй билээ. Ли Янгийн баруун зүгт хийх аялал дөнгөж саяхан эхэлсэн төдий......
Эх бичгийг Шаанси мужийн радио хороо хангав
CHINA RADIO