2013-05-29 .................Буян гэж хэрвээ байдаг бол
Буцаад хүүдээ төрөөрөй ээж ээ
Ердөө ганц удаа дуулж дуу хураагуурт бичсэн нь энэ. Тэр үед ээж минь дөнгөж тавь шүргэж байж ,яагаад энэ дууг дуулж бичсэнээ ер санадаггүй юм. Миний ээж намхавтар биетэй, аядуу хүн.Харин ширээний теннис, хөзөр тоглохоороо тас тас инээгээд л тэр хирээрээ хожоод байдаг байсан санагддаг юм. Бага ангийн багшаар гуч гаран жил ажиллаж түмний хүүхдэд “А” үсэг анхлан зааж мянга мянган шавиараа бахархсан эгэл жирийн багш, долоон хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай сайхан ээж хүн.
Ээж маань Сүхбаатар аймгийн Онгон сумын харъат Ядам гэж хүний охин. Ээжийгээ багадаа алдаж ах эгч нараа бараадан хотод ирж багш нарыг бэлтгэх сургуульд сурч байхдаа аавтай ханилан суусан. Амьдрал гэдэг маш олон зүйлийн шалгуур, тэсвэр тэвчээр, ухаан хүч гээд л барагдахгүй их зүйл байдаг болтой. Миний сонссоноор дунд дүү маань муудаж эмнэлэгт очоод ээж маань охиноо алдчихаад өлгийгий нь тэвэрч гарч ирэн эмнэлгийн коридорт ухаан алдаж унаад их л удаж байж сэргэсэн гэдгийг сонсож зүрх шимширч ээж маань яаж зовж шаналж, бяцхан охиноо үгүйлэн зүүдэлж уйлж суусныг төсөөлөхөөс аймаар санагддаг юм. Ер эмэгтэй хүн гэдэг яс бүхнээ салгаж тамираа тасартал зовж байж төрүүлсэн үр хүүхдээ харан баясан суухын жаргал гэдэг бүхнээс дээдийн дээд жаргал биз ээ. Ээжийгээ амьдад яаж баярлуулснаа санахаар үргэлж өөрийгөө голж уулын оройд гаран тэнгэртээ залбирч ээжийдээ сүслэн байж дотор байх бүхнээ таньдаа хэлж хариу ирэхгүйч тэнгэрийн орноос охиноо харж алхам дутамд түшин сэтгэлийн хат өгч байгаа гэж бодохоор тэнхээ нэмж хүч орох шиг болдог юм аа ээжээ.
Хүний газар чадахгүй мэдэхгүй зүйл алхам тутам таарч, болох болохгүй сэтгэл зовоосон зүйл бишгүй л тохиолдож тэр тоолонд таныгаа дуудаж зориглон хийсэн бүхэн маань биелэлээ олж таны хэлдэг байсан “миний охин санаа сайтай бай, хүнд тусалж бай, хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ, зоримог бай” гээд л тэр бүгд чинь одоо ч миний сэтгэлийн дотор луужин болон гэрэлтэж дажгүй амьдарч явнаа охин нь. Америк явах визээ авчихаад аав ээж дээрээ очиж үнсүүлэхдээ охин нь ээж болсныхоо бас нэг үүргийг биелүүлэхээр явлаа гээд л нэг их том юм ярьчихаад гарч билээ. Ээж маань удаан гэгч үнсээд намайг үдсэн. Дахиад охинтойгоо уулзахгүй гэж та мэдэж байсан юм уу ээж ээ. Үүнээс ердөө хоёр жилийн дараа ээжгүй болсон.
Ээжтэй хүн бүтэн жаргалтай
Ээжгүй хүн тал жаргалтай гэж үнэн юм билээ. “Ээж” гээд дуудахад хүртэл чихэнд сонсголонтой зөөлөн, тэр л хирээрээ хайр энхрийлэл, үнэн зүрхний дуудлага мэт санагддаг юм. Тэр дууг бичүүлж байснаас хорь гаран жилийн дараа дөч гарсан насандаа та хүүхэдтэй болжээ гэж эмчийг хэлэхэд тэгтлээ их цочирдоогүй, харин ч бурхан тэнгэр өгөх юмаа л өгч байх шиг шиг санагдаж алгаа тосон хүлээж авсан. Таныгаа алдаад жилийн дараа хүү маань бидэнд ирж бурхан тэнгэр надад ээжийг минь хүү болгон илгээсэнд сүслэн залбирч явна. Таньдаа зориулж чадаагүй бүхнээ үр хүүхдэдээ зориулж тэднийгээ эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй хүн болгохоор тэмцэж л явна охин нь. Хэрвээ та бурханы орноос биднийг харж байвал долоон бурхан одонд өргөсөн сүүний цацлаар унд хийж, хөх тэнгэртээ залбиран өргөсөн зул бүхний минь гэрлээр замаа гэрэлтүүлж сэтгэл амар амгалан байгаарай.
Та минь дэргэд үгүй ч “ээжээ” гээд дуудах ухаалаг дөрвөн хүүхэд , хань минь гээд эрхлүүлэх түшигтэй сайхан ханьтай, түших сайн найз нөхөдтэй жаргалтай амьдарч байна охин нь.
Та минь бурхны орондоо сэтгэлээ үл чилээн амгалан сайн байгаарай. Хэзээ ч сэтгэлээс үл гарах хайртай ээждээ цагаан сүүний түмэн цацал өргөе.
Охин нь.
Захидал 2
Сайн байна уу?
Миний хамгаас хайртай аав, ээж хоёр минь.
Та хоёр минь сайн сууж байна уу? Оxинтойгоо утсаар яриx өдрийг хүлээж сууна уу? Охин нь энэ удаа та хоёртоо захиа бичиж сууна. Хамгийн сүүлд хотод анх оюутан болж очоод та хоёрыгоо, гэрээ санаад нулимс дуссан захиа явуулж байснаа санаж байна. Охин нь алс холын Америкт сайн хань, хөөрхөн үрстэйгээ эрүүл энх сайхан амьдарч байна.
Ээжээ! охин нь өөрөө ээж болчихоод л эx хүний хайр, үүрэг гэдгийг илүү их ойлгож таныгаа бүр их хайрлах боллоо. Бодоод байсан та хоёртоо ямар их хайртайгаа ерөөсөө хэлж байгаагүй юм байна. Та хоёртоо охин чинь хязгааргүй хайртай шүү. Тэгээд охин нь захиа бичихээр шийдлээ.
Заримдаа хүүхэд насны дурсамж их сайхан байдаг. Та минь өглөө цэцэрлэгт хүргэж өгөхдөө өвлийн хүйтэн гэрт гал түлээд дулаацах хооронд оймc, өмд, цамцийг маань гэдэсэндээ хийж эсвэл зуухны элчинд барьж байгаад л өмсүүлдэг байж билээ.
Та санаж байна уу? Нэг жилийн шинэ жилээр аав хөдөө ажлаар яваад, ах нар гэртээ байхгүй хоёулхнаа шинэ он гаргаж байсан тэр өдөр ёрөөсөө мартагддаггүй юм. Хоёулаа гэрээ саагаар гоёчихсон, жижигхэн ширээ засчихаад бас нэг нэгнийгээ саагаар гоёж байгаад л он гаргаж байсансан. Тэгэхэд би 6 билүү 7-р ангид байсан санагдаж байна.
Ээжээ! Xоёулаа тэрэг дүүрэн угаах хувцасаа аваад голын зах дээр өдөржин угаачихаад л ирдэг байж билээ тээ? Тэр их юмний хамгийг нь та угаана. Та минь ямар ч ядардаггүй байсан юм бэ дээ?
Бас жаахан байхдаа таныг ажлаас ирэxийг тань хүлээж хашааны гадаах сандал дээр хүлээж байхад та булан тойроод л гараад ирдэг байж билээ.
Охин нь таныхаа цоглог, дайчин, хөдөлмөрч, цайлган, тэвчээртэй, цэвэрч зан, сайхан инээмсэглэл, өгөөмөр сэтгэлээс тань үргэлж суралцаxыг хичээдэг юм. Бас жаахан хэнэггүйхэн занг чинь хүртэл авсан шүү.
Заримдаа гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр бишгүй байжээ. Тэр болгонд таныгаа зовоохгүй юмсан гэж хүүхэд байхад миний хийж чадах зүйл бол хичээлээ сайн хийх, гэрийн ажилдаа туслах, та хоёрынхоо итгэлийг алдахгүйг л хичээдэг байсан. Харин тэр бүхэн маань буцаад өөрийн маань амьдралд хэрэг болно гэж тэр үедээ бодоогүй л байхдаа.
Нэг удаа та найз нартайгаа яриад сууж байхдаа ганц охиноо ямар хүнтэй суух бол доо гэж иx санаа зовох юм гэж байхыг сонсож байсан юм. Харин охин чинь таныхаа ерөөлөөр сайн ханьтай болсоон. Та санаа битгий зовоорой.
Би таныгаа өөрийнхөө амьдралаар охиндоо амьдралын их хичээл заасан гэж боддог. Танаараа тэр амьдралын их хичээл заалгасан охин чинь
алзахгүй ээ. Ээжээ!
Харин охин нь одоохондоо та хоёрынхоо хажууд байж чадахгүй байгаадаа сэтгэл их зовох юм. Гэхдээ удахгүй та хоёр минь ирж охин нь сайн хань, хөөрхөн хүүхдүүдтэйгээ уулзуулах тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна шүү.
Аав минь охинoo миний бурхан гэдэг шиг та хоёр минь миний амьд бурхадууд шүү дээ!
За түр баяртай
Хайрт охин Алимаа нь