2013-05-23УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэгийг манай уншигчид "Хэцүү анги" киноны Зулаагийн дүрээр танина.
Тэрээр драмын урлагаас гадна олон кинонд хүч сорьж өөрийгөө хэр сайн жүжигчин бэ гэдгээ харуулаад авсан билээ. Түүнтэй уран бүтээлийн талаар хөөрөлдлөө.
-Залуу уран бүтээлчийн хувьд ид уран бүтээлийн ажил өрнүүн байгаа гэж сонслоо. Одоо ч гэсэн хүүхдийн жүжиг дээр ажиллаж байгаа юм байна?
-Манай театр одоо "Норовын намтар" гэж хүүхдийн жүжиг дээр ажиллаж байна. Хүмүүсийн сайн мэддэг хичээлийн хэрэглэлүүд нь амилаад Норовыгоо ухааруулж сургадаг шүү дээ. Тэрхүү хичээлийн хэрэглэлүүдийн нэг болох "Хөх харандаа" дүр дээр ажиллаж байгаа.
Би театртаа СУИС-ийн дөрөвдүгээр курст байхдаа орж ирсэн хамгийн залуу жүжигчин. Өндөр босготой энэ том театрт азаар орж ирсэндээ өөрөөрөө бахархдаг. Учир нь үе үеийн шилдэг сайхан уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн "Уран бүтээлч ангийнхан" гэж явдаг нь том хувь тохиол.
Театрт анх орж ирээд Б.Лхагвасүрэнгийн "Сарны цагаан цус" жүжгийн Ханаму хатан, "Оролмаа эх" жүжгийн Баярмаа гэж бага охин, "Тэнгэрийн хүү" жүжгийн Шива хатанд тоглож байлаа. Дараа нь бүх жүжигчдийг сонгон шалгаруулалтаар "Гамлет" жүжгийн Офелияг шалгаруулахад Офелияд тоглосон.
-Ингэхэд таныг түүхэн сэдэвтэй дүрд тоглохыг хүсдэг байсан гэж сонссон. Тэгэхээр "Тэнгэрийн хүү" түүхэн жүжигг тоглож хүслээ биелүүлсэн байх нь ээ?
-Монголчууд бидний ганц бахархдаг зүйл түүх. Түүхээрээ бид ийм удам судартай ардтүмэн шүү гэж бардамнаж омогшдог. Тийм учраас ийм гайхалтай түүхэн дүрийн хатанд тоглосондоо бүр ч их бахархаж явдаг. Ганцхан би ч гэлтгүй бүхий л жүжигчид ийм мөрөөдөлтэй байдаг байх.
Ер нь жүжигчин хүн бүх л дүрд хувирч чаддаг байх ёстой. Ялангуяа түүхэн жүжигт тоглохын тулд судалгаа шаардлагатай. Би өөрийгөө театрт орж ирээд удаагүй түүхэн жүжигт тоглосон учраас азтай гэж боддог.
-Бас та хэд хэдэн кинонд тоглож залуу насныхаа дүр зургийг үлдээсэн байдаг. Эндээс ч Ганчимэг гэдэг жүжигчнийг таниулахын эхлэл тавигдсан байх?
-Тийм ээ. "Хэцүү анги" кино гарсны дараа Зулаа гэдэг нэртэй болсон. Сүүлдээ хүмүүс Зулаа гэж дуудахад нь эргэж хардаг болчихсон байсан. Сонирхуулахад энэ зун шинэ киноны зураг авалтанд орох гээд бэлтгэл ажилдаа ороод байж байна.
Энэ кинонд МУГЖ У.Уранчимэг, СТАД.Ганцэцэг эгч хоёр тоглож байгаа. Киноны ерөнхий утга санаа эмэгтэйчүүдэд түлхүү чиглэгдсэн байгаа. Хүний зүрх сэтгэл гаднаа биш дотроо байдаг,
Тийм учраас хүний мөн чанар, хүн хүнээ хайрлах сэтгэл, нандин чанарыг харуулсан сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийдөө маш олон киноны санал ирсэн. Энэ бүхэнд театрынхаа уран бүтээлийн хажуугаар оролцоно гэж бодож байгаа.
-Кино, драм хоёрт тоглохын хэцүү агаад сайхан тал нь?
-Нэрнээсээ эхлээд л өөр шүү дээ. Гэсэн хэдий ч жүжигчин хүнээс адилхан л ур чадвар, хичээл зүтгэлийг шаарддаг. Миний бодлоор театр бол урлаг. Театрын хөшиг нээгдсэн тэр цаг мөчөөс жүжигчин үзэгч хоёрын хооронд амьд харьцаа үүсч үйл явдапд нь хөтлөгддөг.
Харин кино бичигдээд үлдсэн дүр зургийг үзэгчид үзэж сонирхдог. Ялгаа нь эндээ байдаг байх. Театр өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай теарт орох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй залуучууд олон байдаг.
Театрын жүжигчин дуу хоолой, сэтгэлийн хөдөлөөн зөв байх ёстой. Түүнээс алдаа гаргасан тохиолдолд "Би дахиад нэг яваадахъя" гэж хэлэх эрхгүй. Кино дэлгэцийн хувьд хэд хэдэн дубль авч болно. Тиймдээ театр хатуу чанга дүрэмтэй урлаг.
-Нууцгүй хэлэхэд манай урлагийнхан бүгд л халтуур хийдэг. Та ч драмынхаа хажуугаар кинонд тоглож байна. Хэрхэн цалинжуулдаг вэ?
-Яг тэдэн төгрөг гэж хэлэх нь илүүц байх. Гэхдээ мэдээж гол дүрийн жүжигчин туслах дүрээсээ арай илүү цалин авч таарна. Монголын нөхцөлд жүжигчдийн цалин хангалтгүй байгаа.
Яахав одоогийн нөхцөл байдалдаа тааруулаад хоорондоо зохицоод байгаа боловч яг уран бүтээлчдийг харж үзэхгүй байгаа. Үнэ ханш дээрээ тохироогүй гэсэн асуудлууд ч гардаг.
-Эргээд бодоход би энэ дүрээ ингэж л гаргах ёстой байсан байна гэсэн харамсал байдаг уу?
-Байлгүй яахав. Тухайлбап "Гамлет" жүжгийг тайзан дээр 20 гаруй өдөр тоглож байхад жижиг сажиг алдаа гарсан байна лээ. Түүний дараа би жаахан алдаа гаргачихлаа дараагийн тоглолтон дээр тэгж тоглобол гоё болох юм байна гэсэн санаануудыг олж авсан. Гэхдээ үзэгчдийн нүдээр яаж харахыг хэлж мэдэхгүй.
-Мэргэжилдээ хандах арга барил гэж хувь хүнд байдаг. Түүн шиг та дүрээ өөрийн болгож авах тал дээр хэрхэн яаж ажилладаг вэ?
-Би УДЭТ-т жүжигчнээр ороод гурван жил гаруй болж байна. Тиймээс би одоо ахмад болон залуучуудаасаа суралцах насан дээрээ явж байгаа. Надад өөрийн арга барил гээд байх юм юу байхав. Хамгийн гол нь өөрт оногдсон дүрээ гаргахын төлөө маш амжилттайгаар хичээж зүтгэж явна.
Ямар ч байсан хийж байгаа уран бүтээлүүдийг маань урлаг ойлгодог үзэгчид дотроо тунгааж дүгнэдэг байлгүй дээ. Гэхдээ олон хүнээс урмын үг сонсч байна. Тэгэх тусам үүнээс илүү сайн уран бүтээл хийх юмсан гэж өөрийгөө хурцалж байдаг.
-Урлагийн сайхныг мэдэрч яваа залуу жүжигчний хувьд энэ жүжигчин шиг болох юмсан гэсэн далдхан хүсэл тээгдэж явдаг байлгүй?
-Театр маш гоё. Жүжгийг нь үзээд хүндэлж хайрлаж байдаг жүжигчидтэйгээ нэг өрөөнд орж ирж суугаад нэг жүжгэн дээр хамт ажиллахад хамгийн сайхан байдаг юм байна. Залуу уран бүтээлчид маань зааж зөвлөж, дэмждэг.
Намайг Офелиягийн дүрд тоглоход чин сэтгэлээсээ тусалж, үнэтэй зөвлөгөөнүүдээ харамгүй хайрласан МУГЖ У.Уранчимэг эгчтэйгээ ойр дотно. Бид уран бүтээлийн болоод амьдралын сайхан найзууд. Үргэлж уран бүтээлийн зөвлөгөө өгч байдаг.
-Ганчимэг жүжигчнийгээ сайн бүжиглэдэг байж магадгүй гэж бодлоо?
-/Инээв/ Бүжиглэдэггүй хүний дэргэд бүжиглэнэ. Би багадаа акробат, Хүүхдийн ордны драмын дугуйлан зэрэг олон дугуйланд явдаг байлаа. Тэр үедээ маш олон үе тэнгийнхэнтэйгээ бужигнаж тайзан дээр тоглолт хийдэг байсан. Тэгээд дундаасаа хошин шогийн номер гаргаж тоглоод тэр үеэс л жүжигчин байхын сайхныг мэдэрч эхэлсэн дээ.
Гэхдээ жүжигчин болно гэж бодоогүй явсан хэрнээ хувь тавиландаа хөтлөгдсөн юм уу арван жилийн сургуулиа төгсөөд ямар ч эргэлт буцалтгүйгээр жүжигчний замыг сонгосон. Аз болж тэнцсэн. Бараг л сургуулиа төгсч амжаагүй байхад театрын үүд хаалга нээгдсэндээ. Тиймээс надад урлагийн зам ээлтэй юм шиг санагддаг юм.
-Бүсгүйчүүдийн гоёлын тухайд?
-Гутланд тэр дундаа илгэн гутланд дуртай. Таалагдсан гуталдaa гар татдаггүй.
-Ихэнх жүжигчид эсрэг талын дүр бүтээж ур чадвараа гаргахыг хүсдэг?
-Надад ерөнхийдөө эерэг талын баатрын хөөрхөн охины дүр өгдөг. Би хувьдаа эсрэг талын шулам чөтгөрийн дүр бүтээх юмсан гэж боддог. Гэхдээ надад урлагийн урт зам байгаа учраас сайхан дүрүүдэд тоглох боломж тохионо гэдэгт итгэлтэй байгаа.
Манай үзэгчдийн дунд сайн дүрд тоглосон хүн амьдрал дээрээ сайн, муу дүрд тоглосон хүн муу гэсэн ойлголт байдаг. Энэ нь нэг талаар буруу юм шиг байвч, жүжгээ итгэл үнэмшилтэй үзэж байна гэдэг гайхамшиг юм.
-Жүжигчин Ганчимэгийг сонирхдог залуучууд бишгүй байдаг биз?
-Эмэгтэй хүн болгон гоо үзэсгэлэнтэй сайхан байдаг. Түүнээс илүүтэй сайн жүжигчин шүү, дэмжиж явдаг шүү гэсэн сайхан сэтгэлийн үгтэй захидал их ирдэг. Гэхдээ миний төрөлхийн зан юм уу тэр болгон хүмүүстэй уулзаад байхыг хүсдэггүй.
Нөхөртэй болъё гэж яараад байгаа ч юм алга. Зарим нь битгий муу дүрд тоглоорой, тэгвэл чи муухай шүү гэж хэлэх нь ч бий. Харин би ур чадвараа өсгөөд, эсрэг талын дүрд тоглох юмсан гэж боддог юм.
Д.Нэргүй
Эх сурвалж: "Нийслэл таймс"