2013-05-22Энэ жил "Камертон" хамтлагийн 18 насны ой тохиож буй. Хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой ярилцлаа.
Блиц:
Хобби: Спортоор хичээллэх
Дуртай өнгө: Тод өнгөнүүд
Хайртай амьтан: Амьтаны зулзага бүхэн хөөрхөн
Дуртай амттан: Амттай санагдвал бүгдээрээ гоё
Та хэр үрэлгэн бэ: Ер нь харамч зангүй шүү
Эрхэмлэдэг зан чанар: Шулуун шудрага
Сонголт гэж юу вэ: Зөв алхам
-Энэ жил танай хамтлагийн 18 насны ой тохиож байгаа. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх вэ?
-Цаг хугацаа хурдан өнгөрсөн байна шүү. 18 жил нэг л мэдэхэд өнгөрчихөж. Бид одоогоор хамтлагийн цомгийн ажил дээр ажиллаж байна. Мөн тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Харин зургадугаар сарын 24-ндөө хийх үү, хэзээ хийх вэ гэдгээ хараахан сонгож амжаагүй явна. Учир нь энэ зун маш олон хамтлаг, дуучид тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Гэхдээ хамтлагийнхаа үнэнч„фенүүддээ заавал гайхалтай тоглолтоороо бэлэг барина гэдгээ хэлмээрбайна.
-Хүнээр бодвол эрийн цээнд хүрч байгаа үе. Хамтлагийн хувьд цаащдын уран бүтээлийн төлөвлөгөө бий юу?
-Бидний уран бүтээл зогсоогүй, цаашдаа ч үргэлжилнэ. Хийх, бүтээх олон зүйл бидний өмнө байгаа. Хамтлагийн шинэ уран бүтээлээс гадна өөрсдийн уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзсаар байх болно.
-18 жилийн өмнөх үедээ эргээд очвол юуг дурсах вэ?
-Үнэхээр гайхалтай үе шүү. Хөгжимд дурласан, хөгжмийг хайрласан, хөгжмийг мэдрэхийг хүссэн дөрвөн хүүхэд хамтлаг байгуулахаар зориглосон. Мэдэхгүй, чадахгүй, шантармаар үе зөндөө л тохиосон. Тэр бүрт шантраад зугтаагаад явсан бол өнөөдрийн "Камертон" хамтлаг байхгүй байсан.
-Танай хамтлагийг зангидаж өгсөн хамгийн гол хүчин зүйл юу байв?
-Нөхөрлөл байсан юм. Бид үнэхээр сайн найзууд. Амьдралын жаргал, зовлон, сайн, муу ямар ч үед нэг нэгэндээ түшиг, тулгуур болсоор ирсэн. Хэн нэгнээ орхиж, нөхөрлөлөөсөө урваж үзээгүй. Хамтлаг оршин тогтнохын гол үндэс нь нөхөрлөл шүү дээ. Эхлээд сайн найз байж, дараа нь сайн хамтлаг болдог гэж би боддог. Бид энэ зарчимыг л баримталж ирсэн.
-Хааяа маргалдах асуудал гарна биз. Хамгийн эхэнд хэн нь буулт хийдэг байв?
-Дандаа эвтэй найртай байсан гэвэл худлаа болох байх. Уран бүтээлээс болж, санаа бодол нийлэхгүй маргалдах асуудал гаралгүй л яахав. Тэр үед аливаа зүйлийг хэрүүл маргаанаар биш, эвээр яридцаж шийдэхийг хүсдэг байсан. Нэг нэгнээ хүлээцтэй сонсож, зөв буруугаа ярилцах нь л хамгийн зөв алхам байсан гэж боддог.
-Манайд шинэ залуу хамтлагууд олноор төрж байна. Тэдний тухай ямар бодолтой явдаг вэ?
-Авъяастай, чадалтай залуус гарч ирж байгаад баярладаг. Гэхдээ цэвэр урлагийн төлөө яваарай гэж захимаар байна. Урлагаар шоу хийж болохгүй шүү дээ. Урлаг цэвэрхэн байх хэрэгтэй.
-Хамтлагийнхаа хамгийн хамгийнаас нэрлээч?
-Хамгийн уяхан нь манай Ганаа, хамгийн зөрүүд нь Эба, хамгийн нямбай нь Мээдээ.
-Таны хувьд?
-Өөрийгөө хэлж мэдэхгүй юм. Манай хамтлагийнхнаас асуусан нь дээр байх.
-Сүүлиин үеийн уран бүтээлээр чинь яриагаа үргэлжлүүлье?
-Продюссерийн ажилд анхаарлаа хандуулж байна. Б.Сарантуяа эгчийн шинэ цомгийн ажил болон "Гурван охин" хамтлагтай хамтарч байна. Мөн Камертон шоуны ялагч залуусаа дэмжих гээд завгүй л явна.
Дуучин хүн продюсорын ажил хийх болсон шалтгаан нь юу байв?
-Манай хамтлаг хөгжмийн ертөнцөд тодорхой байр суурь эзэлсээр ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам нийгэм, урлаг өөрчлөгдөж, шинэ залуу уран бүтээлчид гарч ирэх нь жам. Бид ч ялгаагүй анх хамтлагаа байгуулаад хаашаа, ямар замналаар явахаа мэдэхгүй жаахан хүүхдүүд байж үзсэн. Өөрсдөө багаас нь эхэлсэн болохоор залуу уран бүтээлчдээ дэмжиж, урам өгөхийг хүссэн юм.
-Танай "В" продакшн авъяаслаг уран бүтээлчдийг олж нь нээдэг. Харин "жигүүр" нь ургаад гүйцэхээрээ танай продакшнаас холдоод байна уу даа?
-Бид урлагт хайртай, урлагийг ойлгодог, авъяастай, дуулах чин хүсэлтэй залуусыг зөвхөн дэмжиж ажилладаг. Манайхаас Б.Эгшиглэн, ВХ зэрэг чадалтай дуучид төрсөн. Одоо ч манай продакшны дуучид уран бүтээлээ хийсээр л байна. Манай харьяаллын дуучин шүү гээд уран бүтээлд нь хязгаар тавьдаггүй.
-"Монгол поп" урсгал, цомгийн тухайд?
-Арай шинэлэг, содон зүйл хийхийг хүссэн. Санасандаа ч хүрлээ. Цомог маань амжилттай бүтсэн. Эхэндээ "Монгол поп" урсгалын төлөө ганцаараа хөдөлмөрлөж байсан бол одоо залуууран бүтээлчид ' маань дэмжиж байна.
-Таван жилийн дараа энэ урсгал ямар хэмжээнд хүрч хөгжих бол?
-Тодорхой хэмжээний уран бүтээлчид энэ урсгалаар тууштай уран бүтээл хийх байх. Үүний тулд би одоо л хөдөлмөрлөж, залуу уран бүтээлчдэдээ ойлгуулж, мэдрүүлэх хэрэгтэй.
-Зав гарвал юу хийдэг вэ?
-Аль болох гэр бүлтэйгээ байхыг хүсдэг. Хүүхдүүддээ цаг гаргаж, хамтдаа зугаалж, тоглож, хичээлийг нь хийлгэж өнжихийг илүүд үздэг.
-Тэгвэл их сайн аав байх нь ээ?
-Сайн аав байхын төлөө хичээж л явна. Энэ чинь миний үүрэг шүү дээ. Бид одоо жаахан хүүхэд биш, гэр бүлээ авч явах, үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй, зөв хүмүүжилтэй өсгөх зэрэг олон асуудал нуруун дээр минь ирээд байна.
Ч.ГАНТУЛГА
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН