2013-05-16 Монголчуудын ходоодыг хоржигнуулж, харийнхны халаасыг гижигдэж буй Тавантолгой одоогоор тогоонд байгаа хоолтой адил.
Таваглаагүй "хоол"-ыг хорхойгоо хөдөлгөн ярьж, хэрэлдэж хэлэлцсээр өдийг хүргэлээ.
Арваадхан хоногийн өмнө болсон Монгол, Японы Засгийн газрын болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн зөвлөлийн зургадугаар уулзалтын үеэр гуравдагч хөршийнхөн маань Монголын нүүрсний талаархи сонирхлоо ил тод илэрхийлээд буцав. Тэд Монголын чанар сайтай нүүрсийг урт хугацаанд тогтвортой худалдан авах, Тавантолгойг ашиглахад оролцох, тэнд хувьцаа эзэмших хүсэлтэй байгаа аж. Тэдний энэ саналд одоогоор хариу өгөөгүй байна. Учир нь төр засаг өнөөг хүртэл Тавантолгойгоо яаж ашиглах шийдвэртэй хариугаа гаргаж чадалгүй дүлэгнэж байгаа болохоор тэр.
Бурхны хуваарилсан хишиг энэ ордод нүүрстин тогтоогдсон нөөц нь зургаан тэрбум тонн, үүний 1.4 тэрбум нь коксжих нүүрс, 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс юм. Тавантолгойн баруун Цанхийн IРО-ийн менежментийг хийх тендерт шалгарсан "Голдман Сакс", "Дойчэ" банкныхан "Эрдэнэс Тавантолгой" компанийн зах зээлийн нийт үнэлгээг 15 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Бэлээхэн байгаа ийм баялгаа зөв сэтгэл, зөв менежментээр ашиглаад явъя гэвэл боломж бидэнд бий. Ухаан мэдэх хэрэг. Харамсалтай нь үүнййг амтай болгоны ярьдаг, хэлтэй бүхний хэрүүлийн бай болгоод орхичихсон. Одоо "Эрдэнэс Тавантолгой" компанийнхан өмнөх засгийн үед Чалко компаниас нүүрсээр барьцаалан авсан зээлийн өрөнд өртчихөөд ээрэгдэж байгаа.
Монгол Улсын Засгийн газар 2010 оны арванхоёрдугаар сард Тавантолгой ордын баруун, зүүн Цанхид олон улсын нээлттэй тендер зарлаж төслийг хэрэгжүүлэх ажлаа ерөнхийдөө эхлүүлсэн. Эдүгээгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг эвслийн Засгийн газрын тэргүүн шадар сайд байхдаа Тавантолгой төслийг хэрэгжүүлэх стратегийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээний ард жил шахам суусан юм даг. Харамсалтай нь тохиролцоонд хүрч амжилгүй Засгаас явснаар энэ ажил тэгсхийгээд эрч хүч нь суларч сонгуулийн дуулианд бүдгэрч үлдсэн.
Тавантолгойд хэн хамтрах, хэн хөрөнгө оруулах гээд байгаа нь тодорхойгүй төөрдөг байшин шиг толгой эргэм болсон. Ёстой нөгөө ирж л байдаг, явж л байдаг гэдэг шиг. Мэдэх мэдэхгүй баахан компанийн нэр ус дурдагддаг, тэгээд тэд нь ирсэн ч юм шиг буцсан ч юм шиг. Одоо Тавантолгойн ордын Зүүн Цанхийн уурхайг ашиглаж байгаа. Энэ жилээс эхлэн Баруун Цанхийг ашиглах бэлтгэлээ хийж байгаа тухай тус компанийн цахим хуудсанд бнчжээ. Урьд нь 2011 оны долдугаар сард ч билүү, Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчаар АНУ, Хятад, Орос улсыг тодруулж, АНУ-ын "Пибоди Энержи"-ийн Тавантолгойд эзэмших хувь 24, Хятадын "Шинхуа групп" 40, Монгол-Орос нийлээд 36 хувь хэмээн зарлаж байсан санагдана. Үүний дараа Өмнөд Солонгос, Японы зүгээс эсэргуүцэл илэрхийлж, хуваарилалт нь шог болсныг Монголын Засгийн газарт гомдоллож байсан.
Өөр нэг тендер нь Цанхийн зүүн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулах гэрээт гүйцэтгэгчийг сонгох тендер байсан. Тухайн үед Энэтхэг, Австрали, Германы гурван компани тунаж үлдээд байгаа тухай мэдээлж байсан юм даг. Гэвч одоо тэнд хэн нь ч ажиллаагүй байна.
Хэдхэн хоногийн өмнө Цанхийн баруун хэсэгт уулын ажил явуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаад байна. Гэхдээ оператор компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа нэг жил гэж байна. Учир нь санхүүгийн хүндрэлээс шалтгаалж байгаа бололтой.
Гэсэн хэдий ч Тавантолгой дэлхийн уул уурхайн акулуудын арааны шүлсийг асгаруулсан хэвээр байгаа. Энд зуун зууныг дамжин ашиглах их баялаг байгаа болохоор үнэ цэнэ нь мөн тийм цаг хугацаагаар илэрхиилэгдэнэ. Харин тэр ТавантОлгойн таталцалд орж ирэх компианиуд нь хэн хэн байх бол гэдэг л анхаарал, сонирхол гижигдэх асуудал. Хэн хэний нэр дуулдаад байгааг бараг мэдэх байх. Гэхдээ тодруулъя.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаална. Энэ менежментийг хийхээр Германы "Deutsche Bank", АНУ-ын "Goldman Sachs"компаниуд шалгарсан. Дараа нь хоёр банк нэмэгдсэн байгаа. Аль аль нь 100 гаруй жилийн түүхтэй, нас чацуу банк. Бас сайн муу хэл амны алийг ч тойроогүй. 2008 оны санхүүгийн хямралын буруутан долоон банкны нэр дотор мань хоёрын цохиж явах юм билээ. Африкт үндэстний цөөнхийг аймаглан устгах, Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийг мэхэлсэн хэрэгт "Deutsche Bank" буруутгагдаж бансан удаатай.
"Goldman Sachs» банкийг ядуу буурай орнуудыг зээлийн дарамтад оруулж атгадаг гэсэн мэдээлэл чих дэлсэж байсан. Тэр дундаа хувьцааны болон бондын арилжаанд эрсдэлтэй байдал бий болгохдоо гаршсан хэмээн дуулддаг. Ямар сайндаа л Ерөнхийлөгч Барак Обама энэ банкийг шүүхэд өгч байв гэж.
Тавантолгойд уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийн төлөө зүүдээ манаж байгаа компаниудад Их Британийн BHP Billition , Бразилийн Vale, Энэтхэгийн Жиндал Стиил энд Поувер, Австралийн Экстрата, "Оросын төмөр зам" нээлттэй нийгэмлэг Японы "Marubeni", "Sumitomo", Солонгосын "Коres" консорциумтай санаа нийлэн орж ирж буй бол Хятадын "Шинхуа" групп, АНУ-ын "Пибоди Энержи", Японы "Mitsui&Co" гурав хүч нийлсэн талаар хэвлэлээр хэдэнтээ мэдээлж байсан. Эдгээр нь үндсэндээ Баруун Цанхийн тендерт баг болж оролцогчид гэсэн үг.
Сүүлд 2011 онд Японы гангийн үйлдвэрлэлийн "Ниффон Стиил" болон Бразилийн "Vale" компани дахин хүсэлтээ ирүүлсэн байна. Хамгийн ойроос гэвэл Хятадын Чалко, Австралийн Рио Тинто Тавантолгойд орж ирэх хүсэлтээ зугуухан илэрхийлж байгаа гэх. Гэхдээ Рио Тинтог мөн л Хятадын "Шинхуа" групптэй консорциум болж орно хэмээн яригдаж байсан билээ. Харин сүүлийн үес Бразилийн "Vale" компанийн нэр түлхүү яваад байх шиг. Энэ компанийн хувьд гэвэл төмрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг, жилдээ 350 сая тонн хүдэр олборлодог. Венесуэл, Асвтрали, Өмнөд Африк, Мозамбик болон Анголд нүүрсний томоохон төсөл хэрэгжүүлдэг. Түүнчлэн жилдээ 169 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэсэн тоо байна.
Оны өмнөхөн "Reuters" агентлагийн цахим хуудаст "Таван толгой ордыг эзэмшигч "Эрдэнэс таван толгой" компани ирэх оны гуравдугаар сард АНУ-ын "Peabody"компанитай хэлэлцээр хийх гэж мэдээлж байсан нь бий. Энэ бол монголчуудын хувьд бас л эчнээ танил болсон нэр байх.
Үүх түүхийг ярих бол бүр 1883 оноос эхэлдэг "Рeabody" компанийн олборлосон нүурсээр дэлхийн эрчим хүчний З.0 хувь, АНУ-ын эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэдэг гэх сонирхолтой статистик байх юм билээ. "Реаbоdy" АНУ, Австрали, Нндонези. Хятад, Энэтхэг зэрэг улсад нүүрс олборлодог.
Зайлшгүй тодотгох учиртай нэг компани гэвэл Их Британийн BHP Billion. Тавантолгойн олборлолтод саналаа ирүүлж байсан энэ компани дэлхийн 25 оронд үйл ажиллагаа явуулдаг, 2010 оны байдлаар 12,722 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
Монголчуудын гуравдагч хөрш Япончууд Тавантолгойн ашиглалтад гомдол, бас итгэл найдварын аль алийг тээж байгаа. Тэд гангийн үйлдвэрлэлийн "Nippon steel" компаниараа дамжуулан оролцох хүсэлтээ илэрхийлсэн. "Nipроn steel' бол дэлхийн 100 том компанийн нэг бөгөөд гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. 2010 оны байдлаар 47 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Хамгийн эцэст нэлээн түлхүү яригдаж байгаа нэр бол коксжих нүүрсний үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт эрэмбэлэгддэг "Anglo Аmerican" компани. Тус компанийн Монгол дахь салбарын захирлаар урьд нь "Эрдэнэс Тавантолгой"-н дэд захирал асан Грэм Хэнкок томилогдоод байгаа бөгөөд "БНХАУ-ын зах зээлд байр сууриа эзэлсэн манай компанийг Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчаар сонговол бид төсөлд оролцохдоо баяртай байх болно" гэдгээ илэрхийлээд байна. Тэд Баруун, Зүүн Цанхид жил бүр 20 сая тонн нүүрс олборлох боломжтой хэмээн өөрсдийгөө суратлчилж байна.
П.ЯДАМДОРЖ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН