2013-05-01Ар араасаа шүүмж дагуулж буй Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг (ХОГ) бид зүгээр орхиж болохгүй. Гэрээг
сайжруулахын төлөө явж байгаа хэдээ дэмжихийн хажуугаар бид гэрээг хянахад ямар талууд оролцож болох, тэд ямар үүрэг рольтой оролцож болох зэргийг авч үзэх хэрэгтэй. Ер нь бол гэрээг хянахад талуудын хязгаар гэж байхгүй. Гэхдээ дараах талууд хяналтад оролцвол илүү үр дүнтэй байдаг байна. Тухайлбал,
• Засгийн газар
• Хөрөнгө оруулагчид
• Санхүүгийн байгууллагууд
• Эксперт буюу шинжээчдийн баг
• Аудитын байгууллага
• Шүүх байгууллага
• УИХ-ын гишүүд
• Хүний Эрхийн байгууллага
• Иргэний нийгмийн байгууллагууд
• Олон талуудын болон оролцоон дээр тулгуурлсан хяналт зэрэг багтана
Эдгээр талуудаас Засгийн газар хамгийн чухал тал бөгөөд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх учиртай. Угтаа бол Засгийн газрын хяналт, үүрэг оролцоо, хүлээх, хүлээлгэх шийтгэл зэрэг нь ХОГ-д тодорхой, эн тэнцүү тусгагдах ёстой байсан.
Гэтэл одоогийн ХОГ-нд хөрөнгө оруулагчийн эрх бүрэн хангагдсан болохоос биш Монголын Засгийн газар ихэнхдээ үүрэг хүлээж тэдгээр нь бүр тулгасан, шаардсан өнгө аястай байдаг. Жишээ нь, хөрөнгө оруулагчийн эрх бүхий 19 заалт, хөрөнгө оруулагчийн үүрэг бүхий нэг заалт байна.
Гэтэл Засгийн газрын эрх бүхий заалт байхгүй харин төрийн эрх бүхий нэг заалт, Засгийн газрыг үүрэг нэг заалт гэтэл Засийн газарт үүрэг даалгавар хүлээлгэн өгсөн заалт 14 байх жишээтэй.
Гэтэл хөрөнгө оруулагч үүрэг хариуцлагаас бултах боломжтой үүрэг бүхий 12 заалт бийг "хүчин чармайлт гаргана, болоцоотой туслалцаа үзүүлнэ" гэх мэт заалтаас харж болно.
Эдгээрийг мэргэжлийн түвшинд гаргаагүй зөвхөн хувь хүний өнцгөөс ХОГ-г уншихад л ийм зөрүүтэй тоо гарч энэхүү гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан болох нь ажиглагдана. Олон улсын түвшинд хэрэв гэрээнд аливаа асуудлыг хянах ямар ч талыг тодорхой зааж өгөөгүй бол түүнийг хэн ч хянадаггүй байх нь.
Тэгэхээр бидний нөгөө магтаад байсан хөрөнгө оруулагч тал маань "сайн итгэлцлийн" зарчим дээр монголын талтай ажиллахгүй, харин ч юм мэдэхгүйг нь далимдуулж хийсэн гэрээ гэлтэй.
Гэтэл ХОГ-нд салбар салбарын нарийн асуудлыг нь тухайн салбарын яам, агентлагт нь тодорхой нэр устай, үүрэг рольтой, хүлээлгэх шийтгэл, эрхтэй нь зааж өгөх ёстой байсан. Энэ бүгд байхгүйгээс өнөөдөр бид толгой эргүүлсэн олон асуудалд ороод явж байгаа юм.
Revenue Watch буюу Орлогын хяналт байгууллагаас салбарын яам, агентлагуудын нэгдсэн Хяналтын - хороо байгуулах нь зүйтэй гэж дүгнэдэг бол манайд Эрдэнэс Оюутолгой гэдэг компани байгуулсан. Гэтэл энэ компани нь хянах, акт тавих ямар ч эрх зүйн үндэсгүй.
Ерөнхийдөө техник, стандарт, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, нийгэм; хөдөлмөр эрхлэлт, сургалт; санхүү, зардал гэсэн үндсэн таван хэсгээс бүрдсэн яам, агентлагууд хамтран оролцож хяналтаа тавьбал үр дүнтэй.
Хамгийн гол нь хөрөнгө оруулагчаас өөрсдөөс биш гуравдагч тал буюу эсвэл бие даасан хараат бус шинжээч, байгууллагаас мэдээлэл авдаг механизмыг гэрээнд зохицуулж өгөх ёстой байсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ монголчууд бид зөвхөн Оюутолгойгийн хэлсэнээр л бүх зүйлийг ойлгож, төсөөлж байгаа.
10.000 монгол ажилтан л гэнэ, 8.000 монгол ажилтан л гэнэ. Монгол ажилчдад сард 20-25 сая ам.долларын цалин олгодог гэх. Гэтэл үүнийг хэн хянаад батлаад байгаа юм бэ. 20-25 сая ам.доллар нь цалингийн сангийн зургаан хувь юмуу эсвэл хэдэн хувь юм гэдгийг мэдэж байгаа хүн, байгууллага, сайд монголд байна уу.
Зөвхөн энэ асуултаар л монголын тал хяналтаа хэрхэн хийж байгаа нь үнэлэгдэх юм. Угтаа бол Засгийн газрын чиглэл чиглэлийн байцаагч нар Оюутолгой компанид ойр ойрхон, жигд давтамжтайгаар очиж хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь удирдаж улмаар хууль дүрэм мөрдөж ажилаагүй цоорхой гарсан бол газар дээр нь акт тавьж засаж залруулах алхам хийж байх ёстой.
Үүнийг гэрээгээр нарийн зохицуулж өгөх ёстой байсан. Гэтэл өнөөдөр иргэн С.Гантуяагийн хүсэлтээр хяналт шалгалт хийхээр очсон яамны ажлын хэсгийг Оюутолгой компани үүднээсээ буцааж байх жишээтэй. Энэ бол бурхангүй газар галзуурч байгаагийн нэг илрэл гэлтэй.
Нэгэнт Засгийн газар маань хүн, хүч, хөрөнгө нөөц бололцоо дутмаг байгаа өнөө цагт иргэд бид сэтгэл санаагаар дэмжиж, төр засагтаа туслах ёстой. Үүний хажуугаар дэлхийн хэмжээнд Global Reporting Initiative's G3 Guidelines буюу ЖЗ зааварчилгааг эдийн засаг, нийгэм, байгаль орчны үнэлгээ, хяналтыг хийхэд ашигладаг байна.
Үүнийг монголын Засгийн газар ашиглах нь зүйтэй болов уу. Хөрөнгө оруулагч талын хувьд бол монголын Засгийн газрыг дэмжиж ажиллах үүрэгтэй. Тэрнээс биш Засгийн газар тэднийг дэмжиж хамаг зөвшөөрөл эрхийг давчуу цаг хугацаанд гаргаж өгөх биш юм.
Хөрөнгө оруулагч Засгийн газрыг дэмжих гэдэг нь үнэн бодит мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж, ил тод, нээлттэй байдлаар үйл ажиллагаагаа эрхэлж (бүх юмаа компанийн нууц гэж далдлах биш), шударга зарчмаар тайлагнах (тэрнээс биш Монголын талд гаргаж өгдөг нэг тайлан, өөр бусдадаа өгдөг бас нэг өөр тайлан байх ёсгүй), улмаар Оюутолгойн бүх гэрээлэгч, туслан гүйцэтгэгч нар болон хамтрагч нар Монгол Улсын хуулийг дагаж мөрдөж, гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, үндэсний болон олон улсын стандартыг мөрдөж байгаа эсэхийг хөрөнгө оруулагч нар хянах үүрэгтэй.
Хэрэв Оюутолгой хариуцлагатай компани байсан бол энэ бүгдийн хянан шалгах процедурыг бий болгож улмаар хяналтын бие даасан, хараат бус нэгжийг үүсгэн байгуулах байлаа. Ингэснээр төр засгийн төдийгүй иргэний нийгмийн байгууллагуудын итгэлийг олж авах байсан.
Санхүүгийн байгууллагуудын хувьд Equator Principle буюу үүнд Олон улсын валютын корпораци багтадаг ба энэ төрлийн санхүүгийн байгууллагууд бие даасан экспертүүдийг хөлсөлж Оюутолгой дээр байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтийг хийлгүүлдэг байна.
Гэхдээ үүнийг ард түмэнд ил болгох албагүй байдаг. Олон улсын валютын корпорацийн цахим хуудас дээр Оюутолгойн дагаж мөрдөх ёстой олон улсын бүх стандартуудыг зааж өгсөн байгаа. Үүнийг хэрхэн дагаж мөрдөж байгаа талаар монголчууд бид Рио Тинтогоос нэхэх бүрэн эрхтэй.
Эксперт шинжээчдийн баг нь ихэнхдээ Оюутолгой шиг олны анхааралд өртсөн, байгаль орчин, нийгэмд сөрөг үр дагавар ихтэй байх магадлал өндөр, томоохон төслүүд дээр ажилладаг .
Тэгэхээр Олон улсын валютын корпораци нь ч байна уу, Оюутолгой нь ч байна уу, Рио Тинто нь ч байна уу эсвэл монголын Засгийн газар нь ч байна уу ийм эксперт шинжээчдийн баг авч ажилуулсан нь тодорхой. Энэ бүгдийг баялгийн эзэд бид нэхэж олж авах эрх нь бидэнд бий.
Эдгээр мэргэжлийн шинжээч судлаачдийн дүгнэлт ямар гарсан талаар олж мэдэх нь монголчууд бидэнд чухал ач холбогдолтой. Учир нь хэрэв эдгээр экспертүүд Говьд ус хомс тул Оюутолгой ордын зөвхөн 20 хувийг ашиглах нь зүйтэй (тогтвортой хөгжил гэсэн ухагдахуун нь ирээдүйн хойч үеийнхээ нөөцөд халдалгүйгээр өнөөдрийн хэрэгцээгээ хангахыг хэлнэ) гэсэн дүгнэлт гарсан.
Үүнийг нь хөрөнгө оруулагч болон эрх баригчид хэрэгжүүлээгүй бол баялгийн эзэд бид энэ шийдвэрийг нэхэх эрхтэй гэж ойлгож байна. Аудитын байгууллагын хувьд энэ нь жирийн нэг компанийг аудит хийдэг байгууллага биш юм. Энэ бол төрийн аудит хийдэг байгууллага.
Төр засаг нь жишээ нь иргэдийн татварын мөнгийг юунд зарцуулсан, тэдний ажил хэр чанартай хэрэгжиж байгаа, ёс зүй зэрэг асуудлыг аудит хийх юм. Жишээ нь, иргэд Оюутолгойн хувьцааны 34 хувийг өөрсдийн татварын мөнгөөр худалдаж авахыг хүсээгүй байж болно.
Худалдаж авах байсан ч үүнийг бүх нийтээс асууж зөвшөөрлийг хэрхэн авсан эсэх нь тодорхойгүй. Эсвэл иргэд бидний өмнөөс тухайн үеийн Сангийн сайд дур мэдэн нэг муу компанийн хувьцааг авав уу. Рио Тинто нь дэлхийд хар данстай компани болох нь олон хэвлэл мэдээллийн сувгуудаар цацагдсан.
Монголчууд бид энэ компанийн хувьцааг эзэмшээд сууж байхдаа ичихгүй гэж үү. Тэгэхээр энэхүү аудитын байгууллага нь санхүүгийн аудит, хууль эрх зүйн аудит, үйл ажиллагааны аудит хийж болохоор байна.
Эдгээр аудит хийсэн байгууллага нь УИХ-д танилцуулж улмаар УИХ ард иргэдэд нээлттэй болгох арга замаар бид ардчиллыг бий болгож улмаар монголчуудыг жинхэнэ баялгийн эзэд болгож болно.
Шүүх байгууллагын хувьд иргэд, олон нийтийн гомдлыг хүлээж авч улмаар Оюутолгой нь үнэхээр байгаль орчин, нийгэмд сөрөг үр дагавартай байна гэдгийг баталвал Засгийн газрыг өгсөн зөвшөөрлийг хүчингүй болгож ард түмнийхээ сайн сайхны төлөө арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах чадамжтай байх ёстой.
Үүний нэг жишээ нь Австралийн Булга хотын Байгаль орчны шүүх гурван жил шүүсний эцэст иргэдийнхээ талд шийдвэрлэж Рио Тинтогийн байгаль орчинд хортой үйл ажиллагааг зогсоосон явдал юм. УИХ-ын гишүүдийн хувьд үүрэг хариуцлага маш их.
Ялангуяа монгол шиг байгалийн нөөц дээр тулгуурлаж эдийн засгаа хөгжүүлэх гэж яваа оронд УИХ-ын гишүүд Оюутолгой болон Рио Тинтогийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгоход чухал үүрэг роль гүйцэтгэнэ.
Тэрнээс биш аль нэг газар гадаадад офшор данс эзэмших гэж томоохон уул уурхайн компаниудтай харьцах ёсгүй юм . УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд олж авсан мэдээллээ олон нийтэд ил болгож улмаар Оюутолгой болон Рио Тинтог хүртээмжтэй, ил тод болохыг шахаж шаардах мөн уул уурхайн салбарт өөрийн нарийн судалгааг хийх зэрэг олон арга замаар монголын нийгэмд оруулах хувь нэмэр ихтэй юм.
Монголчууд бид үүнийг хэрэгжүүлж байгаа цөөн хэдэн гишүүдээ дэмжих ёстой. Хүний эрхийн комисс маш чухал үүрэг рольтой ч өнөөдөр төдийлэн сайн ажиллаж чадахгүй бана. Хэдийгээр Оюутолгой дээр хүний эрх зөрчигдөж байна гэж тайландаа тусгасан ч түүнийг нь ойшоож байгаа төр засаг байна уу.
Түүнийгээ бусад холбогдох яам, агентлагтай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ авав уу. Энэ бүгдийг ард иргэд хараад сууж байгаа гэдгийг энэ дашрамд дуулгах нь зүйтэй байх. Оюутолгой дээр хүний эрх зөрчигдөхөөс гадна хичнээн хүн алтан амиа алдав.
Энэ бүх хэрэг яагаад шүүхээр шийдвэрлэгдэхгүйгээр чимээгүй болоод байна. Хэрэв шүүхээр шийдвэрлэгдсэн бол ард түмэн бидэнд хариуг нь ил болгож өгнө үү. Бид амьдрал ахуйгаа сайжруулах гэж Оюутолгойг зориод алтан амиа алдсан олон сайхан Монгол залуусынхаа амийг нэхэх ёстой.
Дэлхийн түвшний уул уурхайн компани гэж сурталчилах болохоороо том том самбараар рекпамддаг байж яахаараа хүний алтан амь ярихаар тагчиг болдог энэ Оюутолгой. Үүнийг Хүний эрхийн комисс эрх биш анхааралдаа авах бизээ.
Иргэний нийгмийн байгууллагууд туршлагатай байдгаас гадна орон нутгийн иргэдтэй илүү тулж ажилладаг юм. Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудад шүүхэд хандахад хангалттай мэдээлэл, баримт, гэрч байдаг ба монголчууд бид өнөөдөр Оюутолгойн асуудлаар ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагуудыг олж авсан мэдээлэл дээр тулгуурлаж ард иргэддээ нээлттэй мэдээлэл хийж, шаардлагатай бол шүүхэд хандахыг уриалж байна.
Олон талын оролцоон дээр тулгуурласан хяналтын хувьд төгс ертөнцөд дээрх бүх талууд хамтран ажлын хэсэг байгуулж хамтран хяналтаа тавих асуудал юм. Энэ монголд хэзээ хэрэгжих бол.
С.Гантуяагийн тэмцэл
Эх сурвалж: Нийгмийн толь