2013-04-28Уулын цас шиг ариухан, талын цэцэгс шиг хээнцэр гэгээхэн насруугаа эргээд нэг очоодохооч, хүмүүс
минь. Зөөлөн бороонд хамтдаа алхаж, гэгээн мөрөөдлөөр амьдралаа зурж, асаж агсаж явсан хорин хэдхэн нас... Анхны цас шиг цав цагаан хүсэлдээ нисч явсан үе...
Уншигч таны дотор одоо ямархан симфони эгшиглэж, ямархан романс хөвөрч байгааг таашгүй нь... Харин... Монгол цус судсанд нь буцалж, Монголоо гэсэн ээнэгшил сэтгэлийг нь эзэмдэн таны, бас миний хүүтэй адил хэнд ч буруугүй нэгэн залуу нуурандаа хүрэлгүй жигүүрээ буудуулсан ангир мэт хүний нутагт ганганан байна. Гэхдээ бидний Монголын зөв бодол, зөв сэтгэлээр дутаж байна...
Одоогоос хоёр сарын өмнө Монголын чөлөөт сайтуудын нэг www.cekc.mn хуудаснаас нэгэн ил захидал олж уншаад захидлын мөрөөр удаан хайсны эцэст энэ хүүтэй ярилцах болсон юм.
"Үхэл эсвэл амьдрал" гарчигтай тэрхүү ил захидалд хүү өөрийн хүсэл мөрөөдөл, өвчин шаналалаа бичиж сэтгэлийн дэм хайн, ганцаардсан сэтгэлээ бичсэн байсан боловч дээрх холбоос дээр үлдээсэн монголчуудын сэтгэгдлийг уншаад "яана даа" гэдэг бодол төрснөө нуух юун.
Өвчиндөө шаналсан хүүд биш сэтгэлийн хоосролоо эрээ цээргүй харуулсан хүмүүсийн "өвчлөлд" хүү хэчнээн шаналсныг хараад ийн харууссан билээ. Аавын ээжийн сайн хүү байж хичээл номоо хичээнгүйлэн сурч ирсэн энэ хүү "хээрийн галуу нисэн үл хүрэх газар луу" дунд сургуульд байхдаа явжээ.
Найзуудынхаа хувьд эелдэг тусч энэ хүү бусдаас илүүг ухаарч мэдрээд ихийг хийх хүсэл мөрөөдлөөр эх нутгаа орхисон байна. "Таван хэмжээст ертөнц" булангийнхаа зочноор урьж ярилцлага авах тухайгаа эхлээд хэлэхэд "Эгч ээ би танаас нэг юм асууя. Монголд гэгээлэг зүйл хэр их байдаг вэ?" гэж асуув.
Хариулж амжаагүй байхад минь тэр "Дотроосоо гэрэлтэх хүн хэр олон бэ?" гэж дахин асуусан юм. Өвчиндөө биш тэс өөр зүйлд сэтгэл нь зовж байгаа хэрэг шүү. Монголчуудын дотроосоо гэрэлтэхэд л илүүтэй санаа нь зовнисан энэ ухаалаг хүү хэн бэ?
Багаасаа элэгний вирус тээж улмаар элэгний хорт хавдраар өвдөж, Хятад улсад осолд орсноосоо болж анхны тусламж авахдаа бохир тариураас ДОХ-ын вирус авч цэл залуухан насандаа аймшигт өвчнөөр эд эс бүхнээ дотроосоо идүүлж байгаа хорин гуравхан настай залуу.
Долоо хоногт гурван удаа цусаа сэлбэж, жилдээ 9000 ам.долларыг эмчилгээндээ зарцуулж, өвчин намдаагч эм тариагаар өдөржин бөмбөгдүүлж, хүндэрсэн үедээ хиймэл амьсгалаар хүчээр амьсгалж байгаа хэдий ч Монголдоо очиж хүссэнээ хийхсэн, Монголчууд намайг зөв ойлгох болов уу, яадаг бол гэдэгт л илүүтэй зовниж байгаа нь ярилцах явцад мэдрэгдэж байлаа.
ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл Монголд л илүүтэй байдаг гэнэ. Яаж яваад энэ өвчнийг олсон ч бай жаахан уужуу бодоход зайрмаг идээд хоолойгоо өвтгөж, даарч яваад ханиад хүрэхтэй л адил хэлж ирдэггүй өвчин юмсанж уг нь.
Монголынхоо хөдөө очиж нэг хонохсон
"Би дэлхий дээрх ДОХ-той бас хавдартай хамгийн сүүлийн хүн баймаар байна" гэсэн энэ залуутай ярихад өрөвдөхөөсөө илүүтэй ухааныг нь биширч байсан юм. "Монголд очоод хийх дөрвөн ажил байгаа.
1.3алуусын боловсролыг дэмжих холбоо байгуулах,
2. Гэр хорооллын иргэдэд туслах олон улсын төсөл хэрэгжүүлэх,
3. Монголын их сургуулиудад очиж илтгэл тавих,
4. Монголын хөдөө очиж сайхан хонох / хамгийи хүсч байгаа зүйл/" хэмээн чаталж, удахгүй сонинд маань ярилцлага өгөхөөр тохиролцсон хүн 14 хоног цахим ертөнцөд тааралгүй таг болов. Тэгсний эцэст намайг байхгүйд цахим ертөнцөд ороод англиар " Эгч ээ, сонингийн нийтлэлийн тухайд уучлаарай.
Одоо надад ямар ч хүсэл мөрөөдөл алга аа. Хөл дээрээ босч чадах эсэхээ мэдэхгүй байна. Надад бүх юм хоосон утгагүй санагдаж байна. Амьсгалын аппараттай олон хоног байсан болохоор танд бичиж чадсангүй. Би одоо сэхээний орон дээр байна. Өвчин намдаагч тариагаа хийлгээд танд үүнийг бичиж байна.
Уучлаарай эгч ээ. Монголд тань шиг эмэгтэй олон байгаасай" хэмээн бичиж үлдээсэн байв. Маргааш нь өдрийн цагаар бид цахим ертөнцөд таараад хэдхэн үг сольсон байх. Гэтэл нэлээд удсаны эцэст би ийм нийтлэл бичлээ гээд кириллээр бичиж өгснийг нь нэг үг ч нэмэлгүй шууд хуулан уншигч танд толилуулъя.
Тиймээ би тэмцэж байна
"Би 20 хэдэн настай боловч элэгний хавдраар шаналж байгаа нэгэн. Гэхдээ миний хувьд энэ бол огтхон ч асуудал биш. Би аль хэдийнээ үхсэн хүн. Надад энэ хорвоод сонирхолтой зүйл гэж байхгүй. Би зүгээр л үхдэл болсон. Надад мөрөөдөл ч байхгүй. Энэ хэсгийг уншаад хүмүүс намайг Өрөвдөлтэй сул дорой хог гэж бодно байх.
Хэрвээ ингэж бодож байгаа бол андуурч байна хөгшөөн. Надад мөрөөдөл байхгүй, мөрөөдөх эрх байхгүй боловч зорилго бий. Мөрөөдөлгүй зорилго гэж байдаг билүү гээд бодож байна уу? Хавдрын хүчтэй өвдөлт өгч байхад миний нүдний өмнө аав, ээж, ах эгч болон намайг хайрладаг бүх хүмүүс харагддаг.
Тэд надад мөрөөдөлгүй зорилго өгсөн юм. Битгий үхээч гээд сэхээний орны хажууд шөнөжингөө уйлж суусан хайрт найз, миний төлөө намайг төрүүлж ихийг хийсэн аав ээж минь, намайг хайрлаж өрөвдөн нулимсаа нуудаг ах эгч гээд бүх хүмүүс надад зорилго өгсөн.
Тиймээ нэгэн хүн надад Мөрөөдөлгүй зорилготой хүн бол ЗОМБИ гэж хэлж байсныг санаж байна. Би бол ЗОМБИ мөнөөсөө мөн. ЗОМБИ нарт ганцхан л зорилго бий тэр бол Хэн нэгэн эрүүл хүний цусыг нь уух ч юмуу алах. Тэд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй. Би бас мөн адил.
Хайртай хүмүүсийнхээ төлөө хэдхэн юм хийж дараа нь хорвоог орхих зорилготой. Гэхдээ тэр ЗОМБИ нараас ялгаатай нь би зүрх сэтгэлтэй. Миний бие эрүүл биш боловч миний сэтгэл эрүүл хэвээрээ. Миний бие маш их хүчтэй өвдөлтийг мэдэрч байгаа хэдий ч миний сэтгэл зүрх хайртай хүмүүсийнхээ төлөө цохилж байна.
Ааваа ээжээ хүүгээ уучлаарай. Хүү нь жирийн нэгэн айлын хүү шиг та нарт гэрлэж, хүүхэдтэй болох зэрэг сайн зүйлсээ харуулж чадаагүй. Магадгүй дараагийн амьдралд би дахин та хоёрын хүү болж төрөх аз олдох юм бол БИ хавдар тусахгүй сайн хүү байх болно. Мөн тэр үед би сургуулиа төгсөөд, гэрлэж хүүхэдтэй болох болно.
Тэгээд жирийн хүн шиг ажил хийж мөнгө олж та нарыгаа амраах болно. Хавдар болон ДОХ намайг дотроос минь алж байна. Хэрэв эмчилгээ байсан бол би тэсэх л байсан. Энэ бол их аймшигтай өвчин. Ямар их аймшигтай гэдгийг би яс махаараа мэдэрч байна.
Хамгийн сүүлчийн уушигны хатгаа авч хүндрээгүй бол би хэдэн cap эсвэл жил амьдрах тавилантай байх ч юмуу. Амьдрал минь ийнхүү дуусч байгаад харамсаад ч барахгүй байна. Зүгээр л сэхээний оронд амьд үхдэл болсон намайгаа уучлаарай.
Чадвал алс хол байгаа дүүгээ нэг үнэрлэх юмсан, чадвал таван жил уулзаагүй найзтайгаа нэг уулзах юмсан, чадвал эх орондоо очиж хөрсөнд нь наалдаж хэвтэх юмсан.
Би амьдралд хайртай . The End
Хорвоогийн "хатуу тоглоомд" арай л гомдмоор өртсөн энэ хүү уншигч таны хоёрхон минут гүйлгээд харчих энэ хэдэн өгүүлбэрийг ямар тэнхээгээр бичсэнийг төсөөлөөд үздээ. Үлдэж хоцрох хүмүүсээ гэсэн сэтгэлийн тэнхээгээрээ дэмнүүлж, гарынхаа тэнхээг баран байж сэхээний орон дээр бичсэн энэ нийтлэлээсээ хүү дахин буцав.
"Эгчээ ерөөсөө болилоо. Би маргааш тариагаа хийлгэж байгаад дахиж нетэд ороод өөр нийтлэл бичье. Тэр нийтлэлээ "Би ДОХ-той ч гэсэн..." гэж нэрлэе. Учир нь хүмүүс ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна. Би Нигерт очоод буцаж ирсэн Монгол эмэгтэйн талаарх нийтлэлийг олж уншлаа.
Монголчууд бие биенээ ямар муухайгаар хэлснийг харлаа. Тийм хүмүүст хандаж өөр нийтлэл бичнэ" гэж хэлээд цахим ертөнцөөс гарсан юм. Гэтэл бас хэд хоног таг болов. Биеийн байдал нь маш хүнд байгаа болохоор нетэд орж яахан чадах билээ. Харин тав хоногийн өмнө мөн дахин таарлаа.
Тэгэхдээ надаас насаа, бас одоо байгаа улсаа нууцлахыг гуйв. Эм тариа эмчилгээг нь хийж байгаа тэр улсын нэрийг, мөн Монголд байгаа ах дүү хамаатан саднаа бодсон гэнэ. Надаас болж миний аав ээж ах дүү нар адлагдах ёсгүй гэж тайлбарлаж байх юм. Сүүлдээ бүр: "Эгчээ би Монголчууддаа хэлэх зөндөө юм байгаа.
Даанч тэдний, буруу бодож муухайгаар хэлэхээс айгаад байна. Ярилцлагаа бүр больё” гэж дахин санаагаа өөрчлөв. Юу ч гэхэв дээ Монголчууд минь. Хүний нутагт үхлүүт байж элэг нэгтэндээ эцсийн үгээ хэлэхээс айж суугаа энэ хүүг хэн ийм болгочихов оо.
Өвдөж зовохыг нь бид мэдээж ингээгүй. Харин харийн нутагт нутгийнхаа ардаас халширч үгээ залгиж суух ёстой хүүгийн хэлснээр "дотроосоо гэрэлтэх" зүйлгүй сэтгэлийн хоосролд автсан хүмүүс бид биш гэж үү?
Хавдар өөрөө ДОХ тусч үхээсэй...
" Эгч ээ, би Монголд очвол заавал тантай уулзана аа. Энэ уушигны хатгаа аваагүй байсан бол дөрвөн сардаа Монгол орох байсан юм. Энгийн хүмүүсийн вирус эсэргүүцэх чадвар/СD4/ 800-1500 байдаг. Харин минийх 110 байгаа юм. Тэгэхээр босч чадна гэж найдах хэцүү байна.
Хавдар өөрөө ДОХ тусч үхээсэй... Энэ удаа босчих юм бол биеэ гамнаж байгаад Монголдоо очоод найзуудтайгаа уулзаад бүгдэд нь хайртай байсан гэдгээ хэлнэ. Уржигдар Монголоос ааруул ирсэн. Хуруу шиг цагаан ааруул. Идэхэд маш исгэлэн ч их гоё байсаан. Эгч ээ би Монголоо үнэхээр санаж байна аа.
Сонинд нийтлэл тавих эсэхээ шийдэж чаддаггүй ээ. Яахыгаа та өөрөө мэдээрэй. Энэ удаад бие сайн болвол намайг хайрласан тэр охиныг заавал баярлуулна. Тэр миний амьдралын нэг хэсэг байсаар ирсэн. Бас хойд насандаа түүний хайрыг хариулна гэж хэлнэ...
Баярлалаа эгч ээ бие гайгүй болохоор тантай дахиж жаахан ярина аа..." Ингэж бичээд хэд хоног өнгөрлөө. Баяртай гэж хэлээгүй төгссөн бидний яриа дахиж өрнөх эсэхийг би үл мэднэ. Мөн хүлээж бас төвдөхгүй нь ээ. Тиймээс залуугийн хүсэл сэтгэл шингэсэн ярианы нэгээхэн хэсгийг уншигч танаа хүргэлээ.
10 гаруй жил Монголдоо ирээгүй энэ залуу хэн болох, одоо бие нь ямар байгаа эсэхийг"уншигч та надаас битгий асуугаарай. Уг нь " Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд Будант газар ясаа тавьдаггүй гэсэн" сайхан шүлэг бий сэн дээ.
Нутгийн тэнгэр ивээж эх орондоо ирж гэмээнэ Монголчууд минь үл гадуурхаг. Монгол шороондоо ирж сунайж гэмээнэ ямархан мөрөөдлөөр анхны хайрын болзоонд зогсч, ямархан шүхрээр анхны бороог угтах юм бол доо. Хариултаа та харин одоо өөртөө үлдээгээрэй.
Ч.Өлзийням
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин