2013-04-22Салбарын сайдынх нь хэлснээр “Чалко”-гийн тал Монгол Улсад ирчихсэн үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцээр
хийж байгаа гэнэ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Олон улсын шүүх дээр уулзахаар тов тогтоогоод байсан Хятадын талд Монгол Улсын Засгийн газар нааштай хариу өгөв үү гэх асуулт урган гарна.
Оны дараахан “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ Хятадын зах зээлд гаргахаа больж, “Чалко”-д төлөх дутуу 180 сая ам.доллараа төлчихөөд 2011 оны ашиггүй гэрээг цуцалж, шинэ гэрээ байгуулах санал тавьсан билээ.
Гэвч тэдний тал үүнээс татгалзаж, олон улсын шүүхэд өгөхөөр болсон тухай мэдээлэл цацагдсан. Тэр ч бүү хэл, хэрэв гэрээг цуцалбал нууц заалтуудыг сануулна хэмээн энэ оны нэгдүгээр сард Бээжинд мэдэгдэл хийж байсан юм. Тэрхүү нууц заалт нь юу байв гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй.
Тонн нүүрсийг 70 ам.доллараар өгнө гэж Хятадын “Чалко” компаниас “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэр дээр 250 сая ам.доллар зээлж авсан байдаг. Тэрхүү мөнгөө иргэддээ Эх орны хишиг хувь болгоод тараачихсан.
Өнөөдүүл нь бирж дээр гарах нь байтугай жолооч нарынхаа хөлсийг өгч чадахгүй янцаглаж байгаа тухай Х.Баттулга сайд өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Гэхдээ тэрхүү мөнгийг МАН-ынхан сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэх яриа ч чих дэлсэх нь бий.
Гэвч гэрээг сонгуулийн өмнө үзэглэсэнтэй холбоотойгоос үүдэн гарсан худал мэдээлэл хэмээн ах намынхан учирладаг. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах саналын үеэр ч дээрх гэрээ хөндөгдөж, “Тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож, 70 ам.доллараар нүүрс нийлүүлэхээр болсон” хэмээн Н.Алтанхуяг сайд ам алдсан.
Өөрөөр хэлбэл, аль нэг Засгийн газрыг буруутгаагүй. Энэ бол аж ахуй нэгжийн хооронд байгуулсан гэрээ төдий гэж тэрбээр тодотгосон. Гэвч Тавантолгойгоос тасдаад “Энержи Ресурс”-т өгчихсөн Ухаахудаг нүүрсээ 90 ам.доллараар худалдах гэрээ хийсэн байхад “Эрдэнэс Тавантолгой” яагаад “Чалко”-той 70 ам.доллараар гэрээ хийв гэдэг хардлага төрүүлдэг.
“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн захирал асан Б.Энэбишийн хэлснээр “Хүний хөгжил” санд мөнгө төвлөрүүлэх үүргийн дагуу “Чалко”-той гэрээ байгуулсан аж. Үүнтэй холбоотой өнгөрсөн явдлыг эргэн дурсья.
Хамтарсан Засгийн газар 2008 онд байгуулагдаж байхад дэвшүүлсэн хамгийн том зорилтуудын нэг бол Эх орны хишиг, Эрдэнийн хувийг Монгол Улсын иргэн бүрт хүргэж хүртээх явдал байлаа. Иймд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ заалтыг тусгасан.
Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг МАН, АН-аас сонгогдсон гишүүд хамтран санаачилж, аль аль нам нь дэмжиж батлав. Үүнтэй холбогдуулан иргэн бүрт эхний ээлжинд 500 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр олгох бодлого гарч хамтарсан Засгийн газрын тэргүүн, Тэргүүн Шадар сайд нар тохой нийлүүлэн сууж, олон нийтэд мэдээлсэн юм.
Бодлогын тооцоо судалгаа нь Сангийн яамнаас хийгдэж, Засгийн газраар нэг бус удаа хэлэлцэгдэж, УИХ-аас дэмжигдсэн байдаг. УИХ-аас 2011 оны төсвийг батлахдаа 2012 оны эхний зургаан сардаа багтаан 500 мянган төгрөгийг олгож дуусахаар тооцож, эхний хэсгийг 2011 оны төсөвт суулгажээ.
Үүний дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх үүргийг Сангийн яамнаас холбогдох байгууллагуудад өгч, томоохон аж ахуйн нэгж тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” компани ачааны хүндийг үүрсэн нь энэ.
Хүний хөгжил сангийн мөнгийг иргэддээ олгохыг шаардаж, шаламдуулсан үйлдэл УИХ, Засгийн газарт тухайн үед ид өрнөж байлаа. Улмаар МАН, АН-ын гишүүд энэ бодлогоо хэрхэн яаж хэрэгжүүлж байгаагаа ард иргэддээ гоё сайхан үгээр тайлагнаж, нэг ёсны сурталчилгаа хийсэн ч гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, аль нэг хүн эсвэл компани дураараа ийм гэрээ хийгээгүй. Харин УИХ, Засгийн газраас Монгол Улсын иргэн бүрт эрдэс баялгаасаа тэгш хувь хишиг хүртээх бодлогын хэрэгжилт байлаа. Хэрэв бодлого нь буруу гэвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан УИХ өөрөө буруутах учиртай аж.
Түүнчлэн ийм их төсөв мөнгийг эх үүсвэргүй байхад УИХ-аар батлуулсан бол тухайн үеийн Сангийн яам, Төсвийн байнгын хороо, УИХ ч хариуцлагаас мултрах аргагүй.
Ард иргэддээ хувь хишиг хүртээж эхэлсэн 2011 он, үргэлжлүүлэн энэ бодлогоо хэрэгжүүлсэн 2012 онд эдийн засаг хурдацтай өссөн байдаг.
2012 онд сүүлийн 20 жилд байгаагүйгээр өсөлт бий болсон тухай эдийн засагчид ч тодотгох нь бий. Харин 2013 онд эдийн засгийн өсөлт буурчээ. Энэ тухай Төрийн тэргүүн ч хаврын чуулганы нээлтийн үеэр онцолсон юм.
Улс орны хөгжлийн хамгийн чухал асуудлаа олж харж шийдэх чадвар өнөөдрийн засагт дутагдаж буй гэнэ. 2012 онд урд хөршийн эдийн засаг хурдтай өсч, нүүрсний хэрэглээ нэмэгдэж байхад үнэ өндөр, компаниуд ч ашиг орлоготой ажиллаж байлаа.
Гэтэл үнэ буурмагц Монголын нүүрсний өртөг зардал өндөр байгаа тул экспорт зогсохдоо тулжээ. Энэ асуудлыг ярьж хэлэлцэж шийдэх үүргийг сайд нартаа өгөхийн оронд аль 2011 онд байгуулж хэрэгжүүлсэн гэрээгээр 2013 оны эдийн засгийн байдлыг тайлбарлаж байгаа нь ажлаа хийж чадахгүй ойлгохгүй байгаагийн тод жишээ гэж ард түмэн дүгнэлтээ боловсруулж сууна.
Хэн нэгэн “Чалко”-гийн гэрээг байгуулсанд бурууг тохох гэсэн өнөөгийн Засгийн газрын хандлагыг шүүмжилж буй юм. Гэтэл аливаа нэг аж ахуйн нэгжийн гэрээ байгуулах үйл явцад Засгийн газрын гишүүд оролцдог юм уу.
Өнөөдөр “Эрдэнэт”, “Монголросцветмент”, “Эрдэнэс Тавантолгой”-н гэрээний үнийг Д.Ганхуяг сайд мэдэж, тодорхойлж байна уу. Мэдээж, “Үгүй”. Харин Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хариуцаж байсан ажлын хэсгийн ахлагч хаа явна.
Орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хариуцаж байсан ажлын хэсгийн анхаарлаас гадуур энэ гэрээ өнгөрөх ёсгүй. Хэрэв энэ ажлын хэсгийг ахалж байсан Тэргүүн Шадар сайд гэрээний нарийн ширийн асуудалд орох ёсгүй байсан юм бол Засгийн газрын гишүүдэд бүр ч “пад”-гүй мэт.
Товчхондоо, эл гэрээний учир шалтгааныг тухайн үеийн Тэргүүн Шадар сайд, өнөөдрийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг л арван хуруу шигээ мэдэж буй гэхэд хилсдэхгүй гэнэ.
Засгийн газарт нүүрс худалдах урт хугацааны гэрээ байгуулах асуудлыг оруулж, компаниудаас ирсэн саналуудыг кабинатын гишүүдэд танилцуулсан байдаг.
Тэр үед л одоогийнх шигээ зөв, буруугаа шүүн хэлэлцэх байж. Гэвч тухайн үед ам нээсэн гишүүн бараг байдаггүй. Ийн атал ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр эрх баригчид асуудалд хандаж буй юм.
Л.Нинж
Эх сурвалж: