2013-04-11Монгол бөхийн түүхэнд улсдаа анх барилдаж үзүүрт хүрсэн бөх ганцхан бий. Энэ бөх бол Архангай аймгийн Хашаат
сумын харьяат улсын заан Цэндийн Гомбодорж юм.
Гомбодорж гуайн тэртээ 1999 онд өгсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа хүргье. Бөхчүүд дундаа “Аранзан” хэмээн алдаршсан энгүүн зааны анхны.бөгөөд сүүлийн ярилцлага нь энэ юм билээ.
-Та багадаа хэр зэрэг дүрсгүй хүүхэд байсан бэ?
-Би бусад хүүхдүүдийн л адил байсан. Голын эрэг дээр дээл хувцсаа уран ноцолдож, адуу мал уургалан шургуулж томоогүйтэж л явлаа. Харин барилдахаасаа илүү адуу малтай ноцолдож өссөн.
-Хэдэн наснаасаа барилдаж эхэлсэн бэ?
-Цэрэгт байхдаа ч тэр нэг их барилдаж байсангүй. Хамгийн анх 1959 онд Архангай аймгийнхаа наадмаар барилдаж улсын арслан Мижиддоржтой /тэр үед заан байсан/ үзүүр түрүүнд хүрч дотуур дэгээ орооход нь суйлаад гуд татчихсан юм.
-Аймгийн арслан болчихоод дараа жил нь улсад үзэхсэн гэж яарч байв уу?
-Үгүй ээ. Би өөрийгөө бөх болчихлоо гэж тоогоогүй. Харин хот орж жолооны сургуульд оръё гэж бодож байсан. Манай Мижиддорж арслан надад ойчсон тэр жилээ намайг: За, Гомбодорж минь одоо хотод очиж барилдана аа хө гэж ятгасаар 1960 оны зун дагуулж ирсэн юм.
Ингээд наадмаар барилдан дөрөв давчихлаа. Дорнод аймгийн Гантөмөр гэдэг аймгийн арслантай тунаж дотуур дэгээ ороон тав давж улсын начин боллоо.
Зургаагийн даваанд Жамц арсланг давж, долоод Цэрэн аваргыг, наймд Хөвсгөлийн Дамдиндоржтой тунаж ухрахад нь харваж дайраад унагасан. Дамдин аварга Санжааг даваад, бид хоёр түрүү булаалдаж би унаж үзүүрлэсэн дээ.
-Та тэр жил шаггүй сайн бөхчүүдийг унагажээ. Дамдин аваргатай хэр удаан золгов доо?
-Дамдин аварга бол их хурдан барилдаантай, ерөөсөө гарлаа, давлаа гээд л гүйцээ. Цээж хүзүүний бяр сайтай хүн шүү дээ. Тэр жил тав дахиа түрүүлж байсан юм. Өрж амжаагүй шахуу байхад л намайг түрж хөөн гар ачин хаясан даа.
-Үзэгчид таныг шинэ сайн бөх гарч ирлээ гээд бөөн шуугиан болсон байх даа?
-Тэр үеийн хүмүүс их даруухан, томоотой байлаа. Шүгэлдэх, алга таших энэ тэрээ юм байхгүй. Харин бөх үзэж суусан эгчийн маань хажуугийн хүмүүс намайг Дамдиндоржийг унагахад “Энэ залуу заан ч дараа жил дийлдэхгүй нь дээ” гэж ярилцаж байсан гэнэ лээ.
-Үзүүрт хүрээд ямар шагнал авсан бэ?
-“Улам нэмэх заан” гэж бичсэн улаан диплом, 1500 төгрөгийн шагнал авсан. Бөх найз нар баяр хүргэж Дамдиндорж, у.а Сосорбарам бид гурав манайд очсон./Би тэр үед эгчийндээ байсан/.
Эгч маань намайг үнсээд “Миний дүү үзүүрт хүрлээ гэж хамаагүй сагсуурч болохгүй шүү. Улам сайн барилдаарай” гээд авдраа уудлан атга зөөлөн чихрээр мялааж билээ. Тэр үед одооных шиг найр наадам, архи дарс гэж сүр бадруулахгүй амар байж дээ.
-Танай эгчийн “гарамгай Цэрмаа” гэдэг байсан гэлүү?
-Тийм ээ. Эгч маань Солонгосын дайнд зориулж ганцаараа 120 эсгий гутал хийн, гарамгай Цэрмаа гэдэг нэрийг хүртэж байсан хүн. Би ч гэсэн энэ үйлдвэрт 60 оныг дуустал ажиллаж 250-350 кг-ийн бааданд боосон ноос үүрэн ачигч хийж явлаа.
-Дараагийн наадамдаа та аль хэр бэлтгэл хийв?
-Наадам дуусаад л ажилд орсон. Дараа жилийн 6-р сарын дундаас заан, арслан, аварга цолтонгуудтай cap гаран Тэрэлжид бэлтгэл хийсэн. Бэлтгэл ч гэж юу байхав. Хоорондоо л үзээд байна.
-Танд бөхийн багш гэж байдаг уу?
-Надад тийм бөхийн багш дасгалжуулагч гэж байхгүй. Ямар ч бөхтэй барилдсан хурдан барилдъя гэж чармайж явсан. Хүний хийсэн мэхийг хариулахдаа гайгүй байсан болов уу. Бас өмсөх, хавирах мэхийг голлож хийдэг байв.
-1961 оны наадмаар та хэрхэн барилдав?
-Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор би дөрөв давж тавын даваанд Хэнтийн Барамсайг авчихлаа. Харсан чинь гуривгардуу хөх царайтай хархүү байна. дайраад ороод ирэнгүүт далбааных нь араас барин гуд татаж унагалаа.
Тэгтэл бөхийн комиссынхон миний баруун гарын тохойг эхэлж газарт хүрсэн гээд Барамсайг давсан болгосон. Бөхийн комиссоос “буур” Жамъян аварга дахин барилдуулъя гэж гуйхад би дотроо дуртай л байлаа.
Гэтэл тэр үеийн бөхийн комиссын дарга дээд шүүхийн орлогч сайд байсан Лувсаншарав Барамсайг дэмжээд тэр саналыг хүлээж аваагүй. Зургаагийн даваанд Сосорбарам бас Барамсайг авч маргаантай унаад Барамсай заан цол авсан юм. Миний саяны ярьсныг мэдэх хүмүүс олон бий гээд тэрээр санаа алдав.
-Яагаад бөхийн комиссынхон Барамсай гуайг дэмжсэн юм бол, та дахин түүнтэй барилдсан уу?
-Бөхийн комиссын Лувсаншарав даргын тэргийг Барамсай барьдаг байсан юм билээ. Улсын наадамд ойчсон бөхөө дараа жил нь авахаар улс амьтан муу хэлнэ гэж бодоод аваагүй. Жижиг заалны барилдаанд Барамсайг оноо таарч бишгүй л хаяж байлаа.
-Тэр барилдаанд та жаахан харамсаж явдаг юм аа даа?
-Үүнээс болоод бөхөө нэг хэсэг хаясан. Намайг заан болсон жил Хөдөлмөр нийгэмлэгийн дарга Нямсүрэн жолооны курст оруулан 22-р баазад жолооч болгож өгсөн юм. Тэр наадмаас хойш таван жил гаруй улсад барилдалгүй хээр хөдөө тэрэгтэй явахдаа сумын наадам, ургацын баяраар бишгүй л түрүүлж явлаа.
-Дахиж улсад барилдсан биз дээ?
-Бөхчүүдийн дунд Гомбодорж дааганд шунаад жижиг наадмын бөх болжээ гэсэн яриа гарсныг сонсоод 1966 онд улсад барилдан тав давж зургаад Сэрээтэр начинд ойчсон. Урьд цагаа бодвол багагүй харьсан байсан.
-Улсын арслан Бадамсэрээжид гуай таныг “Гомбодорж заан хүнд юм өгөхөөрөө авахаа мэддэггүй, хүнээс юм авахаараа өгөхөө мэддэггүй” гэж дурсамжиндаа бичсэн байсан?
-1982 оны зун 22-р баазаас надад шинэ ачааны машин өгсөн юм. Түүнийг нь бариад Хархоринд ачааг хүргэж өгчихөөд Цайдамын хөшөөний ойролцоо айлын гадаа машинаа орхичихоод Өгийнуур суманд очиж cap гаруй даалуу тавьж байгаад буцаад иртэл баазаас хүн ирээд машиныг минь аваад хотруу явчихсан байсан.
Араас нь очтол баазын дарга “Гомбодорж минь чи даанч хэнэггүй хүн юм аа” гээд баахан зэмлэж билээ. Үүнийг бөхчүүд ярьж инээлддэг юм гэсэн.
-Тэр үеийн барилдаанд хөгтэй явдап их тохиолдох уу?
-Социалист орны нэг удирдагч ирсэн юм. Нэрийг нь мартчихаж. Спортын төв ордонд 28 бөх барилдаж Бээжин аварга, Мижиддорж арсланг давж, Мижиддорж намайг давж, бид гурав ингэж гурван удаа тойрч барилдаад түрүү бөхийнхөө шагналыг хувааж авч байлаа.
-Уучлаарай, таныг нэг хэсэг шоронд орж байсан гэдэг юм билээ. Юунаас болоод орчихсон юм бэ?
-1956 онд нутагтаа даалуу тавьж байгаад хамт тоглож байсан залуу булхайцахаар нь алгадчихсан чинь эрүү нь хугараад гурван жил аавын хоол идэж, хүнд хүчир ажил хийж суулаа. Тэр хүнд хүчир ажил нэг ёсондоо бөхийн бэлтгэл сургууль болсон юм уу даа. Гэхдээ хамгийн бяртай байсан жилээ шоронд өнгөрөөсөн гэж боддог юм.
-Үеийнхээ бөхчүүдээс хэнтэй нь илүү ойр дотно үерхэж нөхөрөлөж байв, бас одооны бөхчүүдээс хэн хэнийг үнэлдэг вэ?
-Улсын заан “хулгар” Дамдиндорж, Сосорбарам арслан хоёртой илүү дотно байсан. Одооны залуучуудаас заан Г.Өсөхбаяр /аварга/-ыг чацтай, гайгүй бөх болмоор юм
уу даа гэж хардаг. Гэм нь жаахан доогуураа алдчихаад байх юм. хөл мэх сайтай бол удахгүй арслан, аварга болох бөх дөө.
-Сум орон нутаг, бөхийн холбооноос таныг харж үздэг үү?
-Манайх Өгийнуур суманд нүүж ирээд 20 гаруй жил болж байна. Энэ сумынхан намайг бараг мэдэхгүй шүү. Улсын заан гэхээсээ илүү Аранзаан, хөгшөөн л гэнэ. Сумын бөхчүүдийн хүндэт самбарт аймгийн зааны зураг өлгөөтэй байна уу гэхээс биш мань мэтийнх байхгүй ээ.
Бусад суманд улсын арслан, зааныхаа нэрэмжит барилдаан их зохиодог гэсэн. Хэдэн жилийн өмнө хотод Өвгөнхүү начин /харцага/-тай таарсан чинь "За Арнай минь чамайг бөхийн холбоо одооноос л мэддэг болж байна шүү дээ гээд инээж байсан. Бөхийн өргөөний нээлтээр урилга ирсэн боловч би очиж чадаагүй.
-Хүүхдүүдээс тань бөх барилдах нь уу?
-Талийгаач хань бид хоёр долоон хүүхэдтэй. Бөх болчихмоор хүүхэд гарсангүй. Ихэнх нь тусдаа гарсан. Харин саяхан том хүү Энхбат маань боксын спортын мастер болсон.
Тонж манлай засуул Д.Цогзол
Эх сурвалж: “Бөх”